Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 791

 

 

 

 

 

 

    2019          09         18                                      2019/ШЦТ/791

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: А.Дүүрэнбилэг /томилолтоор/,

Хохирогч: У.Б-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

           Шүүгдэгч: Д.Л-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал, Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4,  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Д.Л-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805038130993 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Л-, 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторьч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... ..... тоот регистртэй,

   Шүүгдэгч Д.Л- нь 2018 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны ард талд байрлалтай автомашины 1 дугаартай гараашид хууль бусаар нэвтэрч, хохирогч У.Б-, Б.З- нарын эд хөрөнгө болох 4.2 тонн “Дэрвэгэр Жиргэрүү” нэртэй ургамлыг иргэн А.Ш-ын эзэмшлийн ...улсын дугаартай “Хьюндай” маркийн автомашин, иргэн Э.Ц-ын эзэмшлийн ...улсын дугаартай “Митцубиши” маркийн автомашинуудад өөрийн ачаагаа зөөж байна гэж хэлэн хөлслөн авч ачиж, машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 212.440.2000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн,

- мөн яллагдагч Д.Л- нь 2018 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө ... “Миссон” гэх цэнгээний газарт иргэн Н.М-ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч Д.Л-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 онд З- гэх хүнтэй гэмт хэрэгт оролцож байсан. З-тай хамт торгуульж байсан. З-тай хамт хорих байгууллагад танилцаж гарч ирээд тэрнээс хойш намайг ажилд авна гээд хамт байсан. 8 тонн дэрвэгэр жиргэрүү ургамал түүхдээ бэлтгэх зөвшөөрлийн дагуу явж байсан. Тэр хугацаанд мөнгө олоод хамт урагшаа явж байсан. Мөн Өвөр Монгол иргэдэд ургамлыг үзүүлж байсан. Тэгэж явж байгаад 05 дугаар сарын 19-ний өдөр З-тай хамт яваад Б-тэй танилцаж байсан. Урд ургамал хураалгасан гээд яриад Б- ургамлыг буцааж авахаар хөөцөлдөж явж байгаа гэж хэлж байсан. Дараа нь 7 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байхад З- намайг дуудаад ...таньдаг цагдаа байна уу Б-ийн ургамалыг цагдаад хураалгаад мөнгө олъё гэж хэлсэн. 7 дугаар сарын 09-нд З- Өвөрхангай явах гэж байна гэж хэлээд Сонсголонд уулзаад намайг ...чи очоод ургамлыг авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Гараашийн цоожийг хүчтэй татахад онгойно гэж хэлээд явсан. Тухайн үед яриаг нь бичиж чадаагүй болохоор нотолж чадахгүй байна. Тухайн ургамлыг хүмүүс авахгүй норсон байна гэж хэлээд үнээ буулгаад байсан. Тухайн ургамлыг зараад нийт 126.000.000 төгрөг болсон. Намайг цагдаагаас дуудахад ургамалын үлдэгдэл байсан. З-тай уулзаад 40.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг өгнө гэж хэлсэн. Тухайн үед намайг З- мөнгө завшсан гэж бодоод уурлаж байсан. Ургамал чийг цохисоныг хэлсэн. Дараа нь надтай уулзаад одоо яах уу гэж хэлээд мөнгөө яах гэж байна гэж хэлсэн. Тухайн үед одоо яахав дээ ургамал чийгтэй байсан юм чинь гэж хэлсэн. Анх намайг З- гэмт хэрэгт оролцуулж байсан. Намайг 2 дахь удаагаа ингэж байгаад гайхаж байна. Намайг ажилд оруулж байна гэж бодоод явж байсан. Тухайн үед мөнгөө авахгүй уурлаад байсан. Намайг мөнгө авчихлаа гэж хэлсэн. Тэгээд би сэтгэл санаагаар унаад явж байхад цагдаа нар ирээд аваад явсан. Тухайн үед цагдаа нарт хүний өмнөөс энэ хэрэгт орчихлоо гэж хэлсэн. З-ын хэлснээр уг эд зүйлийг авч, зарж борлуулсан нь үнэн. Би эд зүйлийг хулгайлж зарсан үйлдлийг ганцаараа хийсэн. Хүмүүс хөлсөлж ачуулж, ялгуулж байсан. Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь миний буруу. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна” гэв.

Хохирогч У.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрөө тусгай зөвшөөрөлтэй компанитай энэ чиглэлээр ажил эрхэлж байгаа. 2017 оны Байгаль орчины яамны шийдвэрээр манай компанид 1 тонн ургамал түүх зөвшөөрөл олгосон. Харин “Ноён ширхэнцэг” ХХК-д 8 тонн ургамал түүх зөвшөөрөл олгогдсон гэдгийг мэдээд З-тай хамтарч гэрээ байгуулаад ургамал түүж бэлдсэн. Түүж бэлтгэсэн ургамлаа хилээр гаргах гэсэн боловч гаалийн ерөнхий газраас уг ургамлыг гаргахгүй гэх шалтгаанаар шүүхээр хэлэлцэж байгаад 2019 оны 5 дугаар сарын 30-нд хилээр гаргаж болно гэсэн шийдвэр гарсан. Энэ хугацаанд түүж бэлтгэсэн ургамлаа хулгайд алдсан. Би өдөр болгон эсхүл 2-3 хоног болоод ургамал байна уу гэж шалгадаг. Тухайн үед 2018 оны 7 дугаар сард 2-3 хоног ургамлаа шалгаагүй байж байгаад бараагаа шалгах гэж очсон боловч бараа байхгүй байхыг хараад З-д хэлээд цагдаа нар ирээд шинжилгээ хийсэн. Нийт 212 сая төгрөгийн ургамал байсан. Одоо энэ хэмжээний хохиролтой байгаа. Эд мөрийн баримтаар хураагдсан ургамлыг чөлөөлж өгнө үү. Уг эд мөрийн баримтаар хураагдсан ургамлаа аваад надад өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэв. 

Хохирогч У.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед би гараашийг шалгахаар очсон. Би ер нь өдөр бүр, ажилтай бол 2-3 өдөрт нэг удаа гэх мэтээр шалгадаг байсан. Тухайн үед наадмын үе таарсан учир 4-5 хоног шалгаагүй байж байгаад 7 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг өнгөрч байхад очиж шалгахад цоож нь эвдэрхий, төмөр гагнаасаар нь салгаад авчихсан, бараа хадгалж байсан гарааш онгорхой байсан. Тэгэхээр нь би З- руу залгаж дуудаад тухайн болсон байдлыг хэлж ярьсан байгаа ...Дэрэвгэр, Жиргэрүү ургамлаа хурдан шуурхай авмаар байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарч гаалийн хилээр экспортонд гаргаж болно гэж шийдвэрлэсэн. Шийдвэрлэхдээ Байгаль орчин аялал жуулчлалын газраас хугацаа заагаад Монгол Улсын хилээр гаргах болсон энэ хугацаанд амжиж хилээр гаргамаар байна. Хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 95/,

Хохирогч .Б.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д- гээд миний төрсөн дүүгийн нэр дээр байдаг аж ахуйн нэгж, би уг нь үүсгэн байгуулсан юм. Би бол “Ноён Ширхэнцэг” аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Газар тариалан тоног төхөөрөмжийн худалдаа, эмийн ургамал, Рабс худалдан борлуулдаг аж ахуйн нэгж ...яагаад надтай хамт хулгай хийсэн гэж худлаа яриад байгаа талаар огт мэдэхгүй байна. Л-ын хулгайлсан “Дэрэвгэр Жиргэрүү” ургамал миний ургамал гэсэн үг юм. Хүн өөрийнхөө ургамлыг хулгайлна гэж юу байхав дээ. Л-намайг хөдөө яваад ирсэн чинь би танай гараашаас “Дэрвэгэр Жиргэрүү” ургамлыг хулгайлсан байгаа чи Б-т битгий хэлээч, энэ чиний хувь гээд хар ууттай мөнгө өгөхөөр нь би аваагүй юм. Тэгээд намайг хамт хулгай хийсэн гэж хэлээд байгаа байх ...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 103-104/,

Гэрч Л.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хувиараа “Мицубиши Фусо” маркийн ачааны автомашинаар халтуур хийдэг юм. 7 дугаар сарын 09-ний өдөр 44-р зогсоол дээр номер явдаггүй өдөр байсан учир зогсож байгаад орой 18-19 цагийн үед ачаа ачиж гурвалжингийн гүүр давж буулгачихаад эргээд 44-р зогсоол дээр машинаа тавьчихаад гэртээ харихаар алхаж явтал миний утас руу ... дугаарын утаснаас 23 цаг 59 минутанд залгаад ачаа ачих гэсэн юм. 10-р хорооллоос ачаад Баянхошуу руу ачих юм, 5 тн багцаатай бордоо байгаа, багтана гэж хэлсэн. Тэгээд намайг эргээд 44-р зогсоол дээр очиход манай жолооч Ш- /.../ мөн ачаа ачих гээд зогсож байсан. Ингээд 44-р зогсоолоос Ш- бид хоёр машинаа аваад 10-р хорооллын Хаан банкны баруун талаар хойшоо эргэж чигээрээ яваад ороход үргэлжилсэн гарааш байсан. Тэр үргэлжилсэн гараашийг миний машин дотор суугаад явсан нэг залуу зааж өгсөн. Гарааш нь дөнгөж шороон замруу гарахад эхэн хавьцаа байсан. Очиход гараашны гадна нэг залуу зогсож байсан ба ачааг ачихад 7-8 хүн ачсан. Тэр хүмүүсийг би танихгүй. Ачаагаа нэг их удалгүй ачиж дуусаад Баянхошуу руу телевизээр явж тойроод ханын материалын харалдаа баруун талд нэг айлын хашаанд гараашт аваачиж буулгасан. Тэгээд ажлын хөлсөнд Ш- бид хоёр 150,000 төгрөг тус тус авсан. Мөнгийг нь махлагдуу, хар куртиктэй байлуу даа нэг залуу өгсөн. Харвал тэр залууг таньчих байх. Тэгээд буулгачихаад гэртээ харьсан. Гэртээ хариад 02-03 цаг болж байсан ... 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед санагдаж байна. Ш- над руу залгаад нөгөө өчигдөр шөнө буулгасан бордоог чинь ачина гэж байна, хүрээд ир гэж байна нэг машин аваад оч гэхээр нь би за за гэж хэлчихээд байж байтал над руу ... дугаарын утаснаас 12 цаг 49 минутанд залгаж ачаа ачих 5 хүн 2 машинтай хүрээд ир гэхээр нь би хүн хайтал олдохгүй байсан ба 44-р зогсоол дээрээс ачаа ачдаг 4 хүн олж аваад нөгөө буулгасан газраа яваад очсон. Дагуулж очсон 4 хүнээ харвал би танина, хааяа 44-р зогсоол дээр ирж ачаа буулгадаг хүмүүс байгаа юм. Очоод миний дагуулж очсон 4 хүн миний машинд тухайн бордоог ачаад дараа нь нөгөө жолооч Б-ын /.../ машинд ачсан байгаа юм. Ачсан ачаагаа шинэ 22-н товчоо руу явж байхад байх шинэ автомашины зогсоол руу эргэж ороод явж байхад Тоёота гэсэн хашаа руу оруулж буулгасан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 34/,

Гэрч Ц.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2 удаа нийлээд 3550 килограмм “Дэрвэгэр Жиргэрүү” худалдаж авсан. Уг ургамлыг худалдаж байхад бохир жингээр буюу хогтой, шороотойгоор авсан байгаа. Уг ургамлыг Л-оос худалдаж авахдаа түүх, бэлтгэх тусгай зөвшөөрлийг би олж хараагүй. Надад өгөхдөө ямар нэг асуудал байхгүй, миний өөрийн бэлдсэн юм байгаа гэж хэлж байсан ... Би хууль бус гэж бодоогүй. Уг Ван гэх хүн нь зохих зөвшөөрөлтэй гэж л надад хэлж байсан учир би юмыг нь бэлдэж өгч байгаа юм ...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 41/,

Хохирогч Н.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө би найз Г-, Б- нарын хамт найз Г-ын ажиллуулдаг Миссон нэртэй караокед ажил хэрэг ярихаар очоод караокений үүдэнд дөрвүүлээ юм яриад зогсож байсан. ...23-аас 24 цагийн орчим караокений нэг өрөөнөөс дээгүүрээ нүцгэн 30 орчим насны залуу 2-уулаа гараад ирсэн. ... цээж нүцгэн залуу миний хажуугаар гарахдаа “гэдэс гүзээгээ татаач пизда минь” гэхээр нь “бацаан минь идэж ууснаа шингээгээд цаашаа яв” гэж хэлсэн чинь инээмсэглэж байгаад хоёулаа гарсан. Удалгүй 5-10 минутын дараа цээж нүцгэн залуу гаднаас ороод ирсэн. Тэгтэл гэнэт аль гартаа барьсан байсныг санахгүй байна, гартаа шар эрээн иштэй ахуйн хэрэглээний хутга барьчихсан над руу дайрсан. Л-нь огт юм дуугараагүй, би Л-ын хутгатай гарыг бугуй хэсэгтэй нь хавсран барьсан. Гэтэл Л-нь хутгаа миний гар руу дараад миний баруун гарын долоовор хурууг зүссэн. Миний хуруу хэсгээс цус гараад ирэхээр нь би гараа тавьсан. Тэгтэл Л-одоо чамайг ална гээд миний зүүн мөрөн тус газар 1 удаа хутгалахаар нь би найз нар руугаа наадахаа бариад аваарай би хутгалуулчихлаа гэж хашхирсан. Зугтаах зорилгоор эргэсэн чинь дахин миний зүүн мөрөн тус газар руу нэг удаа хутгалсан. ...Би эмчилгээний зардал болох 900.000 төгрөгийг хүлээн авсан. Хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 154, 202-203/,

Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...караокений нэг өрөөнөөс дугаарыг нь мэдэхгүй байна цээж нүцгэн, тачир үстэй залуу гарч ирснээ М-тай юунаас болсныг мэдэхгүй маргалдсан. Тухайн залуу караокеноос гарч явсан. Харин М- текний урд зогсож байсан. 10 минутын дараа нөгөө цээж нүцгэн Л-/сүүлд цагдаагийн байгууллага дээр ирээд нэрийг нь мэдсэн/ орж ирээд М- руу чи юу гээд байна гэж хэлснээ өмднийхөө халааснаас богино хутга яг ямар, бариул ажлын хэсэгтэй байсныг мэдэхгүй гаргаж ирээд М- руу дайрсан чинь өөдөөс нь биеэ хамгаалах зорилгоор эсэргүүцсэн чинь бид нар маш их сандран салгах гэж оролдсон. Тэгтэл М-ын эгэм, дал хэсэг рүү хутгалсан. Л- бид хоёр Л-ын араас татсан чинь эргээд бид 2 руу хутга бариад дайрахаар нь бид хоёр караокеноос гараад зугтсан. Зугтаж байгаад эргээд харсан чинь байхгүй болохоор нь буцаж караоке очиход 2 цагдаа ирчихсэн байсан. Нэг мэдсэн чинь Л-гэх залуу М-ыг юуг нь харсан юм наад гэдсээ татаач гэх мэтээр загнаж байгаад гадагш гараад 10 минутын дараа буцаж орж ирэн өмднийхөө халааснаас хутга гарган М-ыг хутгалсан. Хэрэв Б- бид хоёр зугтаагүй бол хутгалуулах байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 156/,

Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М- руу чи юу гээд байна гэж хэлснээ өмднийхөө халааснаас богино хутга яг ямар бариул ажлын хэсэгтэй байсныг мэдэхгүй гаргаж ирээд дайрсан чинь өөдөөс нь биеэ хамгаалах зорилгоор эсэргүүцсэн. Л-нь М- руу дайрах явцдаа эгэм, зүүн дал руу нийт 2 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 159/,

      Гэрч Э.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гаднаас цээж нүцгэн биедээ шивээстэй, 30 гаран насны эрэгтэй орж ирэн хиам зүсээд өгье хутга байвал өгөөч машиндаа хиам зүсэх гэсэн юм гэж хэлээд 2 ширхэг гар утас барьцаанд тавиад удахгүй авчирч өгье гэж хэлэн шар бор иштэй ахуйн хэрэглээний хутгыг аваад гарсан. Удалгүй караокений гадаа хүмүүс шуугиад явчихаар нь гараад харсан чинь Миссон караокед хүн хутгалсан гэхээр нь би тухайн караокег ажиллуулдаг Б- гэх залууд манайхаас хутга авсан ш дээ 2 гар утсаа барьцаанд тавьсан гээд тухайн утаснуудыг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 164-165/,

   Шинжээчийн 11020 тоот дүгнэлтэд: “...Н.М-ын биед зүүн мөр, зүүн дал, баруун долоовор хуруу, зүүн ядам хуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн дөрвөн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 1-н 168/,

Яллагдагчаар Д.Л-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож буй зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. ...Би айсандаа мөн М-ыг айлгах зорилгоор хутга далайх явцдаа хутгалсан...” /хх 1-н 112-114, 198-199/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 3, 134/, Хохирогчийн өргөдөл /хх 1-н 135/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 5-9/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /хх 1-н 12/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 1-н 14-17/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-н 18-22/, шинжээчийн 7760 тоот дүгнэлт /хх 1-н 50-51/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 115-131, 178-181, 214-229/, Эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /хх 1-н 132, 2-н 205/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 209-213/, хохирогч Н.М-ын өвчний түүх /хх 1-н 232-238/, хохирогч Н.М-ад эмчилгээний төлбөр төлсөн баримт /хх 1-н 242/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 2-н 55-56/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-н 59-61/, Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх 2-н 118/, Эд зүйлийн үнэлгээ /хх 3-н 94-95/, эд мөрийн баримтыг шийдвэрлэсэн тухай шүүгчийн захирамж /хх 3-н 149-150/, эд мөрийн баримтыг шилжүүлэн байршуулсан тухай тэмдэглэл /хх 3-н 151-154/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Л- нь 2018 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны ард талд байрлалтай автомашины 1 дугаартай грашид хууль бусаар нэвтэрч, хохирогч У.Б-, Б.З- нарын эд хөрөнгө болох 4.2 тонн “Дэрвэгэр Жиргэрүү” нэртэй ургамлыг иргэн А.Ш-ын эзэмшлийн ...улсын дугаартай “Хьюндай” маркийн автомашин, иргэн Э.Ц-ын эзэмшлийн ...улсын дугаартай “Митцубиши” маркийн автомашинуудад өөрийн ачаагаа зөөж байна гэж хэлэн хөлслөн авч ачиж, машин механизм ашиглан хулгайлж, бусдад нийт 212.440.2000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн,

- мөн шүүгдэгч Д.Л- нь 2018 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 үгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Миссон” гэх цэнгээний газарт иргэн Н.М-ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч У.Б-ийн “...2018 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед би гражийг шалгахаар очсон. Би ер нь өдөр бүр, ажилтай бол 2-3 өдөрт нэг удаа гэх мэтээр шалгадаг байсан. Тухайн үед наадмын үе таарсан учир 4-5 хоног шалгаагүй байж байгаад 7 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг өнгөрч байхад очиж шалгахад цоож нь эвдэрхий, цоожгүй, цоожийг ухаж авсан, төмөр гагнаасаар нь салгаад авчихсан, бараа хадгалж байсан граж онгорхой байсан. Тэгэхээр нь би З- руу залгаж дуудаад тухайн болсон байдлыг хэлж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 95/, хохирогч .Б.З-ын: “...Л-ын хулгайлсан “Дэрэвгэр Жиргэрүү” ургамал миний ургамал гэсэн үг юм. Хүн өөрийнхөө ургамлыг хулгайлна гэж юу байхав дээ. Л-намайг хөдөө яваад ирсэн чинь би танай гражнаас “Дэрвэгэр Жиргэрүү” ургамлыг хулгайлсан байгаа чи Б-т битгий хэлээч, энэ чиний хувь гээд хар ууттай мөнгө өгөхөөр нь би аваагүй юм. Тэгээд намайг хамт хулгай хийсэн гэж хэлээд байгаа байх ...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 103-104/,

гэрч Л.Б-ы: “...Би хувиараа “Мицубиши Фусо” маркийн ачааны автомашинаар халтуур хийдэг юм. 7 дугаар сарын 09-ний өдөр ...миний утас руу ... дугаарын утаснаас 23 цаг 59 минутанд залгаад ачаа ачих гэсэн юм. 10-р хорооллоос ачаад Баянхошуу руу ачих юм, 5 тн багцаатай бордоо байгаа, багтана гэж хэлсэн. Тэгээд намайг эргээд 44-р зогсоол дээр очиход манай жолооч Ш- /.../ мөн ачаа ачих гээд зогсож байсан. Ингээд 44-р зогсоолоос Ш- бид хоёр машинаа аваад 10-р хорооллын Хаан банкны баруун талаар хойшоо эргэж чигээрээ яваад ороход үргэлжилсэн граж байсан. Тэр үргэлжилсэн гражийг миний машин дотор суугаад явсан нэг залуу зааж өгсөн. Граж нь дөнгөж шороон замруу гарахад эхэн хавьцаа байсан. Очиход гражны гадна нэг залуу зогсож байсан ба ачааг ачихад 7-8 хүн ачсан. Тэр хүмүүсийг би танихгүй. Ачаагаа нэг их удалгүй ачиж дуусаад Баянхошуу руу телевизээр явж тойроод ханын материалын харалдаа баруун талд нэг айлын хашаанд гражт аваачиж буулгасан. Тэгээд ажлын хөлсөнд Ш- бид хоёр 150,000 төгрөг тус тус авсан. Мөнгийг нь махлагдуу, хар куртиктэй байлуу даа нэг залуу өгсөн. Харвал тэр залууг таньчих байх. ... 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед санагдаж байна. Ш- над руу залгаад нөгөө өчигдөр шөнө буулгасан бордоог чинь ачина гэж байна, хүрээд ир гэж байна нэг машин аваад оч гэхээр нь би за за гэж хэлчихээд байж байтал над руу ... дугаарын утаснаас 12 цаг 49 минутанд залгаж ачаа ачих 5 хүн 2 машинтай хүрээд ир гэхээр нь би хүн хайтал олдохгүй байсан ба 44-р зогсоол дээрээс ачаа ачдаг 4 хүн олж аваад нөгөө буулгасан газраа яваад очсон. ...миний дагуулж очсон 4 хүн миний машинд тухайн бордоог ачаад дараа нь нөгөө жолооч Б-ын /.../ машинд ачсан байгаа юм. Ачсан ачаагаа шинэ 22-н товчоо руу явж байхад байх шинэ автомашины зогсоол руу эргэж ороод явж байхад Тоёота гэсэн хашаа руу оруулж буулгасан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 34/, гэрч Ц.Э-ийн: “...Би 2 удаа нийлээд 3550 килограмм “Дэрвэгэр Жиргэрүү” худалдаж авсан. Уг ургамлыг худалдаж байхад бохир жингээр буюу хогтой, шороотойгоор авсан байгаа. Уг ургамлыг Л-оос худалдаж авахдаа түүх, бэлтгэх тусгай зөвшөөрлийг би олж хараагүй. Надад өгөхдөө ямар нэг асуудал байхгүй, миний өөрийн бэлдсэн юм байгаа гэж хэлж байсан ... Би хууль бус гэж бодоогүй. Уг Ван гэх хүн нь зохих зөвшөөрөлтэй гэж л надад хэлж байсан учир би юмыг нь бэлдэж өгч байгаа юм ...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 41/, хохирогч Н.М-ын: “...23-аас 24 цагийн орчим караокений нэг өрөөнөөс дээгүүрээ нүцгэн 30 орчим насны залуу хоёулаа гараад ирсэн. ...цээж нүцгэн залуу миний хажуугаар гарахдаа “гэдэс гүзээгээ татаач пизда минь” гэхээр нь “бацаан минь идэж ууснаа шингээгээд цаашаа яв” гэж хэлсэн чинь инээмсэглэж байгаад хоёулаа гарсан. Удалгүй 5-10 минутын дараа цээж нүцгэн залуу гаднаас ороод ирсэн. Тэгтэл гэнэт аль гартаа барьсан байсныг санахгүй байна, гартаа шар эрээн иштэй ахуйн хэрэглээний хутга барьчихсан над руу дайрсан. Л-нь огт юм дуугараагүй, би Л-ын хутгатай гарын бугуй хэсэгтэй нь хавсран барьсан. Гэтэл Л-нь хутгаа миний гар руу дараад миний баруун гарын долоовор хурууг зүссэн. Миний хуруу хэсгээс цус гараад ирэхээр нь би гараа тавьсан. Тэгтэл Л-одоо чамайг ална гээд миний зүүн мөрөн тус газар 1 удаа хутгалахаар нь би найз нар руугаа наадахаа бариад аваарай би хутгалуулчихлаа гэж хашхирсан зугтаах зорилгоор  эргэсэн чинь дахин миний зүүн мөрөн тус газар руу нэг удаа хутгалсан....” гэсэн мэдүүлэг /хх 1-н 154, 202-203/, гэрч Б.Г-ийн: “...10 минутын дараа нөгөө цээж нүцгэн Л-/сүүлд цагдаагийн байгууллага дээр ирээд нэрийг нь мэдсэн/ орж ирээд М- руу чи юу гээд байна гэж хэлснээ өмднийхөө халааснаас богино хутга яг ямар бариул ажлын хэсэгтэй байсныг мэдэхгүй гаргаж ирээд М- руу дайрсан чинь өөдөөс нь биеэ хамгаалах зорилгоор эсэргүүцсэн чинь бид нар маш их сандран салгах гэж оролдсон. Тэгтэл М-ын эгэм, дал хэсэг рүү хутгалсан. Л- бид хоёр Л-ын араас татсан чинь эргээд бид 2 руу хутга бариад дайрахаар нь бид хоёр караокеноос гараад зугтсан....” гэсэн мэдүүлэг /хх 1-н 156/, гэрч Д.Б-ийн: “...М- руу чи юу гээд байна гэж хэлснээ өмднийхөө халааснаас богино хутга яг ямар бариул ажлын хэсэгтэй байсныг мэдэхгүй гаргаж ирээд дайрсан чинь өөдөөс нь биеэ хамгаалах зорилгоор эсэргүүцсэн. Л-нь М- руу дайрах явцдаа эгэм, зүүн дал руу нийт 2 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 159/, гэрч Э.Б-гийн: “...Гаднаас цээж нүцгэн биедээ шивээстэй, 30 гаран насны эрэгтэй орж ирэн хиам зүсээд өгье хутга байвал өгөөч машиндаа хиам зүсэх гэсэн юм гэж хэлээд 2 ширхэг гар утас барьцаанд тавиад удахгүй авчирч өгье гэж хэлэн шар бор иштэй ахуйн хэрэглээний хутгыг аваад гарсан. Удалгүй караокений гадаа хүмүүс шуугиад явчихаар нь гараад харсан чинь Миссон караокед хүн хутгалсан гэхээр нь би тухайн караокег ажиллуулдаг Б- гэх залууд манайхаас хутга авсан шдээ 2 гар утсаа барьцаанд тавьсан гээд тухайн утаснуудыг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 164-165/, шинжээчийн 11020 тоот дүгнэлт  болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч Б.З-тай хамтарч үйлдсэн гэж мэдүүлж байх боловч 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугаар прокурорын тогтоолоор Б.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар процессын алдаа байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Л-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, машин механизм ашиглаж” үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Л- нь хохирогч нарын агуулахад хадгалж байсан “Дэрвэгэр Жиргэрүү” ургамлыг хулгайлж хохирол учруулсан, мөн хохирогч Н.М-ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.М-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч У.Б-, Б.З- /.../-д нар нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгчийн захирамжаар “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дэргэдэх Орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн” 3 тонн, 556 кг “Дэрэвгэр Жиргэрүү” ургамлыг буцааж авбал гомдол саналгүй гэж мэдүүлсэн,

Мөн хохирогч Н.М- нь шүүгдэгчээс 900.000 төгрөг авсан гомдол саналгүй гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Л-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 4 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хулгайн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар доод ялын хоёрны нэгээс доошгүй ялаас хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах гэсэн зохицуулалтын дагуу ял оногдуулж  өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос шүүгдэгч Д.Л-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид....зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Д.Л-ын нарын 2018 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө үйлдсэн Н.М-ын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 01 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Д.Л-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар доод ялын хоёрны нэгээс доошгүй ялаас хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...” гэж хуульчилжээ.

Хохирогч нар нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан “Дэрвэгэр Жиргэрүү” ургамлыг буцааж авбал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн ба шүүгдэгч нь ямар нэг байдлаар хохирол төлөөгүй тул, шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул хуулийн дээрх заалтыг шүүх хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Л-т оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-ын урьд баривчлагдсан 02 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгчийн захирамжаар “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дэргэдэх Орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн” 3 тонн, 556 кг “Дэрэвгэр Жиргэрүү” ургамлыг хохирогч У.Б-, Б.З- /.../-д тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулана” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “....Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Л- нь ...4-5 тон маркийн тээврийн хэрэгслүүдийг хөлсөлж хохирогч нарын эзэмшлийн “Дэрэвгэр Жиргэрүү” ургамлыг хулгайлсан бөгөөд  тухайн тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэх боломжгүй юм.

Шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ...4-5 тон маркийн тээврийн хэрэгсэл  нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөнд хамаарч байгаа бөгөөд тухайн тээврийн хэрэгслүүд нь шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгө биш бөгөөд эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон ...45.000.000 төгрөг, Hyundai 4-5 тон 13.000.000 төгрөг, нийт 58.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 1905000000397, 1805046220918 тоот хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болно.

Уг хэрэгт шүүгдэгчийн хулгайлсан эд зүйлийг 126.000.000 төгрөгөөр худалдан авахдаа ...ХХК 40.000.000 төрөг төлсөн, 86.169. 000 төгрөг төлсөн Ван Яаминг нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийн улмаас хохирол учирсан байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх ба уг торгуулийн ялыг биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Л-ыг “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, машин механизм ашиглаж” үйлдсэн гэм буруутайд,

- “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Д.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 02 жил хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Л-т оногдуулсан 02 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Д.Л-ын урьд баривчлагдсан 02 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгчийн захирамжаар “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дэргэдэх Орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн” 3 тонн, 556 кг “Дэрэвгэр Жиргэрүү” ургамлыг хохирогч У.Б-, Б.З- /.../-д тус тус буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-оос 58.000.000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

8. “Эм Ди глобал трейдинг” ХХК, Ван Яаминг нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР