Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 813

 

 

 

 

 

 

     2019          09         30                                      2019/ШЦТ/813

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: А.Баясгалан,

Шүүгдэгч: Г.Э-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Э-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905037100994 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Э-, 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эх, дүү нарын хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Э-нь 2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 4 дүгээр байрны гадна авто зогсоолд иргэн Б.У-ыг маргааны улмаас нүүрэн тус газар нь цохиж, газар унаган өшиглөж биед нь зүүн зовхинд цус хуралт, зүүн тохой, сарвуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...У-ын гэрээс гараад машины зогсоол руу явж байтал дуудлагын жолооч дуудаад байж байтал эхнэр машинаа бариад явна гээд байхаар нь би хэрэггүй гэж хэлсэн. Эхнэр Т- өөдөөс хэрэлдээд байхаар нь эхнэрээ түлхсэн чинь гэнэт үл таних эрэгтэй гарч ирээд “чи эмэгтэй хүнийг яах гээд байгаа юм” гээд маргалдсан. 170 см өндөртэй, бор царайтай, богино халимаг үстэй, хар бараан өнгийн хувцас өмссөн 25-30 орчим насны эрэгтэй хүрч ирээд зүүн нүд рүү гараараа 2-3 удаа цохьсон. Ингээд зууралдах үедээ газар унасан. Газар унах үед бие рүү 5-6 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Гэрч Э.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ингээд гадаа гараад би машинаа барьж явна гэж нөхөртөө хэлсэн байсан, үүнийгээ би санахгүй байгаа. Нэг мэдсэн 3-н эрэгтэй хүн нөхөр Ууганбаяртай маргалдаад байсан. Би хоёр хүүхдээ машинд суулгаад ирээд нөхрийгөө аваад явъя гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 27/,

Гэрч Ц.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э-тамхи авах гээд машинаас буусан, ингээд тамхи аваад ирэх үед нь нэг эрэгтэй эхнэртэйгээ маргалдаж эхнэртээ гар хүрч цохьсон. Энэ үед Э- бид хоёр машинаас буугаад юу болсон талаар асуухад гэр бүлийн асуудал гэж хэлэн маргалдаж Э-ын нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Энэ үед Э- болиоч гэж хэлэн маргалдаад зодолдсон. Хэдэн удаа яаж зодолдсон талаар санахгүй байна, ингээд Э-ийг салгаад машиндаа суугаад гэр гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

Шинжээчийн 11140 тоот дүгнэлтэд: “...Б.У-ын биед зүүн зовхинд цус хуралт, зүүн тохой, сарвуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 32/,

Яллагдагчаар Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э-нэг эрэгтэй хүнтэй зууралдсан зогсож байсан. Ингээд салгах гээд машинаас буусан. ...салгах үед Ууганбаатар өөдөөс дайрч эхэлсэн би арагшаа түлхсэн чинь өөдөөс дайрсан энэ үед гараараа нүүрэн тус газарт нь 2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 64/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37-48, 51/, хохирогчийн хүсэлт /хх-н 72/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Э-нь 2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 4 дүгээр байрны гадна авто зогсоолд иргэн Б.У-ыг маргааны улмаас нүүрэн тус газар нь цохиж, газар унаган өшиглөж биед нь зүүн зовхинд цус хуралт, зүүн тохой, сарвуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.У-ын: “...эхнэрээ түлхсэн чинь гэнэт үл таних эрэгтэй гар чирээд “чи эмэгтэй хүнийг яах гээд байгаа юм” гээд маргалдсан. 170 см өндөртэй, бор царайтай, богино халимаг үстэй, хар бараан өнгийн хувцас өмссөн 25-30 орчим насны эрэгтэй хүрч ирээд зүүн нүд рүү гараараа 2-3 удаа цохьсон. Ингээд зууралдах үедээ газар унасан. Газар унах үед бие рүү 5-6 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 24/, гэрч Э.Т-гийн: “...Нэг мэдсэн 3-н эрэгтэй хүн нөхөр Ууганбаяртай маргалдаад байсан би хоёр хүүхдээ машинд суулгаад ирээд нөхрийгөө аваад явъя гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 27/, Гэрч Ц.Б-гийн: “...Э-ын нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Энэ үед Э- болиоч ээ гэж хэлэн маргалдаад зодолдсон, хэдэн удаа яаж зодолдсон талаар санахгүй байна, ингээд Э-ийг салгаад машиндаа суугаад гэр гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29/, шинжээчийн 10814 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Э-нь хохирогчийг эхнэрээ цохилоо гэх шалтгаанаар маргалдаж, түүнтэй зодолдон өшиглөх, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 72/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Г.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Э-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР