Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 797

 

 

 

 

 

 

    2019          09         23                                      2019/ШЦТ/797

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,  

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Шүүгдэгч: Б.Т-, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Т-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726021312 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Т-, 2000 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхэд, эмээгийн хамт .....тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Т- нь 2017 оны 5 дугаар сарын 24-нөөс 5 дугаар сарын 25-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арктай шар байрны орчим иргэн Д.Н-тэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Б.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эхнэрийгээ хүргэж өгөх гээд явж байхад хажуугаар Г-, Д.Н- нар зөрж өнгөрөхдөө янз бүрээр хэлээд маргалдаад намайг зодсон. Тэгээд би өөрийгөө хамгаалахын тулд Д.Н-гийн биед гар хүрсэн. Энэ хэргийг хийсэндээ гэмшиж байна. Хохирлын нөхөн төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 25-ны шөнө 00:30 цагийн үед Баянгол дүүрэг 01 дүгээр хороо, Арктай шар байшингийн урд талд явган хүний замаар хойноос урагшаа чиглэлд найз Г-ын араас 10 орчим метрийн зайтай дагаад явж байтал Г- эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй зөрөхдөө эрэгтэй хүнтэй нь мөрөөрөө шүргэлцсэн юм. Тэгээд тэр хоёр юм ярих шиг болоод нөгөө залуу нь Г-ыг гараараа нэг цохиод газар унагаасан. Тэгээд би очоод нөгөө залууг нь бариад авсан чинь шууд намайг хавсараад унагасан. Би унахдаа хувцаснаас нь зууралдаад байж байтал гэнэт хажуугаас өөр хоёр залуу гарч ирээд над руу дайрч үсэрч өшиглөөд гурвуулаа нийлээд тал талаас зодсон. Тухайн үед Г- 2 залууг гүйгээд ирэхэд зугтаагаад явчихсан юм. Тэгээд би босоод вокзалын чигт баруун талаар зугтаахад араас хөөгөөд гүйцэж ирээд хоёр талд зогстол тас гээд миний толгой руу чулуугаар нэг нь цохьсон...Энэ үед Г- зугтсан. Харин миний дээр байсан Т- босохоор нь би газраас босоод ирсэн. Тэгтэл гүйж ирсэн М- нь миний цээж рүү өшиглөх гэхээр нь хөлийг нь хаасан. Дахин өшиглөх гэхээр нь хаасан. Энэ үед Т- миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохихоор нь би шууд зам хөндлөн гэрэлтэй газар руу зугтсан. Миний хойноос гурвуулаа хөөсөн. М- нь намайг гүйцэж ирэн замыг хаагаад нэг өшиглөхөөр нь би хаасан чинь хажуунаас баруун талын дух хэсэг рүү Т- гараа атгаад цохьсоны улмаас миний ухаан балартан газар унасан. Газар унах хооронд Т- миний нүүрэн тус газар руу гуталтай хөлөөрөө өшиглөж байсан. ...Т- нь намайг миний эрх чөлөөнд халдсан гэх шалтгаанаар нүүрэн тус газар руу гараараа нэг удаа цохихоор нь миний ухаан балартан газар унах явцад Т- гуталтай хөлөөрөө нүүрэн тус газар руу нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 23, 148-149-р хуудас/,

Гэрч Ж.М-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Яг Д.Н-, Г- нарын хэн нь яаж зодож байсныг санахгүй байна. Зандан бид хоёр болиоч гэж хашгираад гүйгээд очсон чинь нөгөө 2 хүн нь бид хоёрыг хараад 2 өөр тийшээ зугтсан...Намхан Г- нь андууд тал руу зугтаагаад алга болсон. Харин өндөр Д.Н- нь зам дагаад тэргэний буудал тийш гүйхээр нь би гүйцэж очоод замыг нь хаан зогсож байгаад Д.Н-г өшиглөх гэсэн чинь Д.Н- оногдоогүй....Т- Д.Н-гийн нүүрэн тус газар нь нэг удаа цохих шиг болсон. Яг нүүрний аль хэсэг болохыг мэдэгдэхгүй байна. Тэгтэл Д.Н- унах гээд хагас суусан чинь Т- гуталтай хөлөөрөө нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн....Д.Н- доош харан унахдаа чамайг ална даа гэж хэлэн хашгираад байсан болохоор ухаантай байна гэж бодсон. Би ерөнхийдөө Т-ийг боль гэж хэлэн зодооныг салгасан...  ” гэсэн мэдүүлэг  /хх-н 150-153-р хуудас/,

Гэрч Э.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгтэл цаанаас 2 залуу болиоч гэж хашгираад гүйгээд ирэхээр нь би Д.Н-г татаж босгоод 2 тийшээ зугтсан. Би төв зам буюу Хаан банкны хэсэг рүү харин Д.Н- нь арк орчим руу зугтах шиг болсон...Зөрж өнгөрөхдөө Т-тэй маргалдсанаас болон Т- намайг цохьсон. Т-ийг хэд хэдэн удаа Д.Н-тэй зууралдаад газар уначихсан байхад нь цохьсон. Харин биеийнх нь аль хэсэгт болохыг санахгүй байна. Мөн Д.Н- Т-ийн хаана, хаана цохьсон эсэхийг хараагүй, ямар ч байсан зууралдан газар унасан байсан. Унахдаа хэн нь ямар байдалтай байсан эсэхийг санахгүй байна. ...намайг зугтахаас өмнө тухайн хоёр залуу зодоонд оролцоогүй. Харин сүүлд оролцсон эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ гэмтлийн эмнэлэг дээр намайг очиж юу болсон талаар асуухад чи бид хоёртой маргалдсан залуу намайг зодчихлоо гэж хэлж байсан... ” гэх мэдүүлэг /хх-н 157-159/,

Шинжээчийн 6920  тоот дүгнэлтэд: “...Д.Н-гийн биед гавлын дух яс, баруун чамархайн дээд хана, зүүн ухархайн дотор хананы хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, духны баруун хэсэг, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний зовхи, зүүн бугалганд цус хуралт, дух, хоёр гарын тохой, баруун бугуй, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар  алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-н 68-р хуудас/,

Яллагдагчаар Б.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийнхөө үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшсэний илрэл болгож хохирогч Д.Н-гийн эмчилгээний зардал болох 1 сая төгрөгийг өгсөн. Мөн хохирогч Д.Н-тэй сайн дурын үдсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Газар унасныхаа дараа Д.Н- нь чамайг алнаа гэж хэлэн хөдөлж байсан. Энэ үед М-, Зандан нар намайг боль гэж хорин аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 136-140-р хуудас/,

Хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 18/, Хохирогчийн өргөдөл /хх-н 19/, хохирогчийн өргөдөл /хх-н 26/, хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-н 36,125/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 70-72/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 47-50, 126,162-175,180-182/, хохирогчийн хүсэлт /хх-н 178-179, 187/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Т- нь 2017 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арктай шар байрны орчим иргэн Д.Н-тэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Н-гийн: “...вокзалын чигт баруун талаар зугтаахад араас хөөгөөд гүйцэж ирээд хоёр талд зогстол тас гээд миний толгой руу чулуугаар нэг нь цохисон. ...миний дээр байсан Т- босохоор нь би газраас босоод ирсэн. ...Т- миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохихоор нь би шууд зам хөндлөн гэрэлтэй газар руу зугтсан. ...нэг өшиглөхөөр нь би хаасан чинь хажуунаас баруун талын дух хэсэг рүү Т- гараа атгаад цохьсоны улмаас миний ухаан балартан газар унасан. Газар унах хооронд Т- миний нүүрэн тус газар руу гуталтай хөлөөрөө өшиглөж байсан. ...Т- нь намайг миний эрх чөлөөнд халдсан гэх шалтгаанаар нүүрэн тус газар руу гараараа нэг удаа цохихоор нь миний ухаан балартан газар унах явцад Т- гуталтай хөлөөрөө нүүрэн тус газар руу нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 23, 148-149-р хуудас/, гэрч Ж.М-ы: “...Яг Д.Н- Г- нарын хэн нь яаж зодож байсныг санахгүй байна. ...Т- Д.Н-гийн нүүрэн тус газар нь нэг удаа цохих шиг болсон. Яг нүүрний аль хэсэг болох мэдэгдэхгүй байна. Тэгтэл Д.Н- унах гээд хагас суусан чинь Т- гуталтай хөлөөрөө нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн. ...Д.Н- доош харан унахдаа чамайг ална даа гэж хэлэн хашгираад байсан болохоор ухаантай байна гэж бодсон. Би ерөнхийдөө Т-ийг боль гэж хэлэн зодооныг салгасан...  ” гэсэн мэдүүлэг  /хх-н 150-153-р хуудас/, гэрч Э.Г-ын: “...Тэгтэл цаанаас 2 залуу болиоч гэж хашгираад гүйгээд ирэхээр нь би Д.Н-г татаж босгоод 2 тийшээ зугтсан. Би төв зам буюу Хаан банкны хэсэг рүү харин Д.Н- нь арк орчим руу зугтах шиг болсон ... Т-ийг хэд хэдэн удаа Д.Н-тэй зууралдаад газар уначихсан байхад нь цохьсон. Харин биеийнх нь аль хэсэгт болохыг санахгүй байна. Мөн Д.Н- Т-ийн хаана, хаана цохьсон эсэхийг хараагүй, ямар ч байсан зууралдан газар унасан байсан. Унахдаа хэн нь ямар байдалтай байсан эсэхийг санахгүй байна. ...намайг зугтахаас өмнө тухайн хоёр залуу зодоонд оролцоогүй. Харин сүүлд оролцох эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ гэмтлийн эмнэлэг дээр намайг очиж юу болсон талаар асуухад чи бид хоёртой маргалдсан залуу намайг зодчихлоо гэж хэлж байсан... ” гэх мэдүүлэг /хх-н 157-159/, шинжээчийн 6920  тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т- нь хохирогч Д.Н-тэй маргалдаж түүнтэй харилцан зодолдож нүүр рүү нь цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Н-гийн биед хүнд  хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал 1.000.000 төгрөг авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 178-179, 187/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т-  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болохыг дурдан нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгчид торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Т-ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Т-т шүүхээс оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болтол шүүгдэгч Б.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР