Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 842

 

 

 

 

 

 

    2019          10            07                                      2019/ШЦТ/842

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Шүүгдэгч: Г.А-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.А-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905032940918 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.А-, 1986 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.А-нь 2019 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан иргэн Б.Г-ийг шанаа, толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиж биед нь тархи доргилт, хамрын ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт, 2 завьжны язрал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө БГД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 25-р эмийн сангийн урд автобусны буудал дээр машинтайгаа зогсож байсан чинь 4 залуу ирээд хоёр ахыгаа хүргэж өгөөд би бууна гэсэн. Тэгээд машиндаа суулгахад миний хажууд урд сууж байсан бор царайтай дунд зэргийн нуруутай залуу хоёр ахыгаа буулгачихаад чамтай учирнаа гээд явсан, яасан гээд замын хажуу руу зогсох гэхэд намайг хажуугаас зүүн талын шанаа, толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. ...хамт байсан найзууд нь хараад сууж байсан нэг нь ч боль гэж хэлэхгүй байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн, цагдаа нар ирэхийн хооронд толгой руу цохиод байсан. Тэгээд энэ хүнийг намайг танихгүй байж зодож нулимаад, ална гээд цохиод байсан намайг дээрэмдэх гэж байна уу, аль эсвэл алах гэж байна гэж ойлгож маш их айсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/,

Гэрч Н.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 13-нд А-, М-, Э-бид нар БГД-ийн 25-р эмийн сангийн хажууд нэрийг нь мэдэхгүй караокед ороод нэлээн хэдэн пиво, архи авч хувааж уусан. Тэгээд гараад тойроод хүргээд өгье гээд такси бариад хөдлөхөд А- урд нь суучихсан байсан. Таксины жолооч хоёр хоорондоо мөнгөтэй, мөнгөгүй гээд маргасан, уг таксины жолооч А-г цохьчих гээд байсан. Тэгэхэд нь А- уг жолоочийн нүүр, толгой хэсэг рүү нь цаашаа бай гээд түлхээд байсан. Тэгээд таксины жолооч буу гэсэн. М-, Э-бид 3 ард нь суусан байсан машинаас буугаад А-г буугаад ир явъя гэхэд таксины жолооч А-г барьчихсан байсан. Тэгээд А- бид нарыг яв гээд М-, Э-бид гурав явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Гэрч Н.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...жолооч хөдлөөд жаахан явж байгаад мөнгөтэй юм уу гээд жолооч ер нь та нарт үйлчлэхгүй бууцгаа гэсэн. Э-н, А-бид гурав машинаас буусан. А- уг жолоочтой яагаад бид нарт үйлчилдэггүй юм гээд хэрэлдээд байсан. Тэгээд А-г явъя гэхэд та нар яв гэсэн. Тэгээд Э-А-бид гурав өөр такси бариад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Гэрч С.Э-нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А- уг жолоочтой яагаад бид нарт үйлчилдэггүй юм гээд хэрэлдээд байсан. А-г явъя гэхэд та нар өглөө ажилтай юм чинь яв гэсэн. Тэгээд М-, А-бид гурав өөр такси бариад явсан. А- таксины жолоочтой маргалдаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Шинжээчийн 9845 тоот дүгнэлтэд: “Б.Г-ийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт, 2 завьжны язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-н 8-9/,

Яллагдагчаар Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...таксины жолооч мөнгө байгаа юм уу гэж асуусан, тэгэхээр нь би мөнгөгүй хүн таксинд суудаг юм уу гэхэд жолооч нь энд буу гээд зогссон. Тэгэхээр нь би буухгүй хамт явж байгаа хүмүүсээ буулгачихаад учраа олъё гэсэн. Тэгэхэд уг жолооч чи надтай хоёулханаа үлдэж дарамтлах гэлээ, айлгах гэлээ гэсэн. Тэгэхээр нь надтай явсан 3 найз машинаас буугаад намайг явъя гээд би машинаас буухгүй байсан чинь намайг орхиод явчихсан. Таксины жолооч хүн зодоод байна гээд цагдаа руу ярьсан, тэр үед би уг жолооч залууг зодоогүй, уг жолооч залуу намайг цохь, зод гээд дайраад байхаар нь би хол бай гээд нүүр лүү нь түлхсэн ...би буруугаа ухаарч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28, 39/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-57/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.А-нь 2019 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан иргэн Б.Г-ийг шанаа, толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж биед нь тархи доргилт, хамрын ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт, 2 завьжны язрал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Г-ийн: “...урд сууж байсан бор царайтай дунд зэргийн нуруутай залуу хоёр ахыгаа буулгачихаад чамтай учирнаа гээд явсан, яасан гээд замын хажуу руу зогсох гэхэд намайг хажуугаас зүүн талын шанаа, толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. ...хамт байсан найзууд нь хараад сууж байсан нэг нь ч боль гэж хэлэхгүй байсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн, цагдаа нар ирэхийн хооронд толгой руу цохиод байсан. Тэгээд энэ хүнийг намайг танихгүй байж зодож нулимаад, ална гээд цохиод байсан намайг дээрэмдэх гэж байна уу, аль эсвэл алах гэж байна гэж ойлгож маш их айсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/, Гэрч Н.А-ийн: “...А- урд нь суучихсан байсан таксины жолооч хоёр хоорондоо мөнгөтэй, мөнгөгүй гээд маргасан, уг таксины жолооч А-г цохьчих гээд байсан. Тэгэхэд нь А- уг жолоочийн нүүр, толгой хэсэг рүү цаашаа бай гээд түлхээд байсан. Тэгээд таксины жолооч буу гэсэн М-, Э-бид 3 ард нь суусан байсан машинаас буугаад А-г буугаад ир явъя гэхэд таксины жолооч А-г барьчихсан байсан. Тэгээд А- бид нарыг яв гээд М-, Э-бид гурав явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/, Гэрч Н.А-ийн: “...жолооч хөдлөөд жаахан явж байгаад мөнгөтэй юм уу гээд жолооч ер нь та нарт үйлчлэхгүй бууцгаа гэсэн. Э-н, А-бид гурав машинаас буусан. А- уг жолоочтой яагаад бид нарт үйлчилдэггүй юм гээд хэрэлдээд байсан. Тэгээд А-г явъя гэхэд та нар яв гэсэн. Тэгээд Э-А-бид гурав өөр такси бариад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-22/, гэрч С.Э-нгийн: “...А- уг жолоочтой яагаад бид нарт үйлчилдэггүй юм гээд хэрэлдээд байсан. А-г явъя гэхэд та нар өглөө ажилтай юм чинь яв гэсэн. Тэгээд М-, А-бид гурав өөр такси бариад явсан. А- таксины жолоочтой маргалдаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, шинжээчийн 9845 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.А-нь хохирогч Б.Г-тэй маргалдаж түүнийг цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь хавтаст хэрэгт ямар нэгэн хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.Г- нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.А-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.А-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Г.А-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, бага насны хүүхэд, эхнэрээ тэжээн тэтгэдэг тул торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

 

 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Б.Г- нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР