Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 838

 

 

 

 

 

 

   2019           10            04                                      2019/ШЦТ/838

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Б.Батсайхан,

Шүүгдэгч: Ц.Б-, Г.М-нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б-, Г.М-нарт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905034550976 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Б-, 1995 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, Ачит мухар эмнэлэгт бариач ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт .... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.М-, 1995 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Монгол ардын намд жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Б-, Г.М-нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стандарт” дэлгүүрийн орчим иргэн Д.М-ыг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт,  баруун зовхи, алимны салст, баруун ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Г.Д.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Д.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...босоод явах гэтэл араас нэг хүн толгой руу цохиод газар унатал дээрээс 2 хүн нүүр толгой руу гараа цохиод хөлөөрөө дэвсэж байгаад яваад өгсөн. Хар өнгийн Соната 7 маркийн машинтай хоёр залуу намайг зодож гэмтэл учруулсан. Намайг зодсон Д.М-, Б- нар нь надаас уучлалт гуйж миний эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Гэрч Ө.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...М- ахын нүүр ам нь цус болчихсон газар хэвтэж байхаар нь босгоод байж байтал цагдаа ирээд тэмдэглэж аваад гэмтлийн эмнэлэгт яаралтай очиж үзүүлээд маргааш нь цагдаа дээр өргөдлөө өгсөн. ...Намайг жолоочийн хажуу талд сууж байсан залуу нь миний нүүр рүү нэг удаа гараараа цохихоор нь би зугтаж гүйгээд машин тавьсан газарт нь очиж машиных нь дугаарыг авсан. Замын цаана утсаараа яриад хүн дуудаад байх шиг байсан. Тэр хоёр залуу дээр өөр хүн нэмж ирсэн эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22/,

Шинжээчийн 10389 тоот дүгнэлтэд: “Д.М-ын биед баруун ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зовхи, алимны салст, баруун хацарт цус хуралт, дух, хамар, дээд уруулын дээр, хуйх, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 57-58/,

Яллагдагчаар Г.Д.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... би машинаас буугаад бүдүүн залууг нь цохитол Б- бууж ирээд туранхай залууг нь нэг цохитол туранхай залуу нь гүйгээд зугтчихсан. Б- бид хоёр бүдүүн залууг нь зодож байгаад эргээд хартал туранхай залуу нь миний машины зургийг авчихаар нь би араас нь хөөтөл далангийн эсрэг талд гараад хойшоо гүйгээд баригдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/,

Яллагдагч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Д.М- бид хоёр махлаг залуугийн нүүр рүү нь хоёулаа гараараа хэд хэдэн удаа цохьсон болохоор хэн нь аль гэмтлийг учруулсаныг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-3/, шүүгдэгч Г.Д.М-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 32-38/, шүүгдэгч Ц.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-44/, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-н 64-66/, хохирогчийн хүсэлт /хх-н 64/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хохирогч, шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Б-, Г.М-нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стандарт” дэлгүүрийн орчим иргэн Д.М-ыг таксинд суухаар гар өргөхөд нь согтуу байна, үйлчлэхгүй гэснээс хоорондоо маргалдан гар, хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт,  баруун зовхи, алимны салст, баруун ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.М-ын: “...босоод явах гэтэл араас нэг хүн толгой руу цохиод газар унатал дээрээс 2 хүн нүүр, толгой руу гараараа цохиод хөлөөрөө дэвсэж байгаад яваад өгсөн. Хар өнгийн Соната 7 маркийн машинтай хоёр залуу намайг зодож гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/, Гэрч Ө.Э-ын: “...М- ахын нүүр ам нь цус болчихсон газар хэвтэж байхаар нь босгоод байж байтал цагдаа ирээд тэмдэглэж аваад гэмтлийн эмнэлэгт яаралтай очиж үзүүлээд маргааш нь цагдаа дээр өргөдлөө өгсөн. ...Намайг жолоочийн хажуу талд сууж байсан залуу нь миний нүүр рүү нэг удаа гараараа цохихоор нь би зугтаж гүйгээд машин тавьсан газарт нь очиж машиных нь дугаарыг авсан. Замын цаана утсаараа яриад хүн дуудаад байх шиг байсан. Тэр хоёр залуу дээр өөр хүн нэмж ирсэн эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22/, шинжээчийн 10389 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Б-, Г.М-нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б-, Г.М-нар нь бүлэглэн хохирогч Д.М-тай  таксинд суухаар гар өргөхөд нь согтуу байна, үйлчлэхгүй гэснээс хоорондоо маргалдан түүнийг гар, хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 64/ гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ц.Б-, Г.Мөнхуяг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Б-, Г.М-нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Г.М-нарыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нар нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-, Г.М-нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ОТГОНБАЯР