Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 835

 


 

 

 

 

      2019          10         03                                      2019/ШЦТ/835

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Б.Батнасан,

Шүүгдэгч: Б.А-, Б.Э-нар нь өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А-, Б.Э-нарт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905027270983 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А-, 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежмент мэргэжилтэй ....., ам бүл 1, ганцаараа Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамж, 7 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ..... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э-, 1978 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер, герман хэлний орчуулагч мэргэжилтэй, “.... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.А-, Б.Э-нар бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гандан виэв” бааранд иргэн М.С-гийн биед халдан зодож, түүний эрүүл мэндэд хамар ясны ил хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нуруунд шарх, хамрын нуруу, хоёр нүдний зовхи, цээж, баруун даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Э-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, нэмж мэдүүлэг өгөх зүйл байхгүй” гэв.

Хохирогч М.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Монголиа чопперс клубын цувааны Э- ах ширээнд сууж байхад ганцаараа очиж мэндэлсэн чинь хамт байсан А- гэх Э- ахын клубын залуу намайг үгийн зөрүү байхгүй хавсраад унагаахад би газар унаад нүүрээ хамгаалсан чинь дээрээс намайг босгохгүй бас нэг нэрийг нь мэдэхгүй зүс харж байсан залуугийн хамтаар зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26/,

Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн “...манай найз М.С- пабын хоёр давхарт хүнтэй юм яриад зогсож байхад хамт байсан залуу нь зодож эхлэхээр нь би салгах гэсэн чинь намайг “Чи салгадаг хэн юм бэ” гэж хэлэн миний нүүр рүү хоёр, гурван удаа цохиод газарт унагаагаад хөлөөрөө дэвссэн ... Дөрвөн залуугийн хоёр залуу нь гол төлөв цохиод өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/,

Гэрч Ц.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Өндөр нам хоёр залуу нэг эмэгтэйн хамт тамхи татаж байгаад түрүүлээд эмэгтэй нь ганцаараа орж ирээд дотор сууж байсан дөрвөн эрэгтэйн ширээнд ирж суухад тухайн дөрвөн эрэгтэй нь хөөгөөд байх шиг байсан. Гэтэл нөгөө гадаа тамхи татаж байсан хоёр эрэгтэй бааран дотор ороод шатаар нэгдүгээр давхрын үүдэн хэсэгт орилоод байхаар нь би очиж шалгахад намхан эрэгтэй бухимдсан шинжтэй хана цохиод хашхираад байхад нь өндөр эрэгтэй “Наад эмэгтэйгээ хая аа” гэж хэлээд байж байхаар нь би очоод “Манайх хаасан байна залуучуудаа, одоо тайвшраад гар” гэхэд надтай юм ярилгүй шууд шатаар дээшээ өгсөөд явсан. Энэ үед өөдөөс нь нэг залуу согтуу эрэгтэй найзыгаа аваад зөрөх үед нөгөө 2 залуугийн намхан нь шууд найз эмэгтэйн сууж байсан ширээнд очоод өмнө байсан сандлыг авч эмэгтэй рүү түлхсэн чинь согтуу найзыгаа гаргах гэж байсан залуу уг намхан залууг хөлөөрөө хавсарч унагааж газар унахаар нь “би чиний хаана цохих юм бэ” гээд газар унасан залуутай мотоциклийн талаар яриад мөн тухайн ширээнд сууж байсан эмэгтэйг хардаад тэнд байсан эрэгтэйчүүд рүү элдвээр хараагаад байхаар нь би очиж “та нар одоо боль, цагдаад дуудлага өглөө” гэхэд “Бид нар мотоциклийн холбооны хүмүүс, өөрсдөө учраа олно” гээд арай гайгүй болоод байж байхад нөгөө газар унасан намхан залуу хэрүүл маргаан хийгээд хавсарч унагасан залуутай барилцаж аваад нэг нэгнийгээ цохихоор нь би болон намхан залуугийн найз эрэгтэй бид хоёр салгах гэхэд шар хантааз өмссөн залуу гараараа саваад уг залуугийн чихний орчимд цохьсон ...Манай баар хаачихсан байсан болохоор манай байгууллагын үйл ажиллагаанд саад болоогүй ба эд зүйл эвдсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-32/,

Гэрч Г.М-мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гадаа хоёр давхарт байж байхад аавын найз ах намайг “Сайн уу миний дүү” гэж хэлээд миний хацар дээр үнссэн. Түүнийг С- харчихаад “Чи настай хүмүүстэй явдаг юм уу, би энэ хүний толгой дээр пиво задалж чадна” гэх зэргээр агсам тавих гээд байхаар нь би холдоод дотор орж зүс мэдэх Э- ахын сууж байсан ширээнд очиж суугаад байж байхад намайг С- найз Ц-ын хамт байж байхдаа дуудаад байхаар нь би ганцаараа очсон чинь намайг авч явах гээд байхаар нь би явахгүй гэж хэлээд буцаад Э- ахын ширээн дэр суусан. С- ирээд хажууд сууж байсан хүмүүсийг “Та нарын мотоцикль унадаг” гэх зэргээр доромжлоод байсан, би С-гийн хэлж байсныг ерөөсөө сонсох хүсэлгүй байсан болохоор яг юу гээд байсныг нь сайн санахгүй байна. Тэгээд С- найз Ц-ын хамтаар буугаад хэсэг байж байгаад ирээд Э- ахын сууж байсан ширээн дээр ирж өмнө нь байсан сандлыг хөлөөрөө өшиглөөд Э- ах руу гараараа далайгаад байхад гараад явах гэж байсан А- /А-/ ах буцаж ирээд С-г хөлөөрөө хавсарч унагаагаад тэгээд газар унахад нь дээрээс нь нэг хоёр удаа цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-83/,

Шинжээчийн 8091 дугаартай дүгнэлтэд: “...М.С-гийн биед хамар ясны ил хугарал, хамрын талсавчийн хугарал, хамрын нуруунд шарх, хамрын нуруу, хоёр нүдний зовхи, цээж, баруун даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 46/,

Яллагдагч Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Мөнгөнсолонго гэх эмэгтэй гаднаас орж ирээд миний сууж байсан ширээнд суусан. Үүний дараа С- гэх эрэгтэй манай ширээнд сууж байсан Мөнгөнсолонго гэх эмэгтэйг хэл амаар доромжлоод байсан, “Гичий минь, миний охин байсан ална аа, эд нар юу юм бэ” гэх мэтээр хараал хэлээд тойроод нэг цаг гаран явсан. Би нэг архи уугаад тасарсан байсан найзыгаа машинд суулгаж өгөх гээд баарнаас гарч байсан, тэгтэл С- миний хажуугаар гадуур хувцсаа Ц-т бариулсан “Ална аа” гээд дээш шатаар гарч байсан. Ингээд дээшээ бидний сууж байсан голын ширээн дээр Э-ын хажууд очоод өмнө нь байсан сандалыг өшиглөөд Э-ын хүзүүн дээр шилдээд хараах шиг болсон. Үүнийг хараад би болохгүй байсан болохоор С-г шилэн хүзүүнээс нь бариад хавсраад унагасан. Газраас С- босч ирээд зүүн чих рүү гараараа нэг удаа цохьсон. Үүний дараа харилцан зодоон болсон, Э- ширээн дээрээс босч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 109-111/,

Яллагдагч Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хохирогчид эмчилгээний зардал 7.800.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-106/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн хуулбар /хх-ийн 5-7/, хохирогчийн өргөдөл /хх-н 9/, эд мөрийн баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-20/, томографын шинжилгээ /хх-ийн 47/, эмнэлэгт үзүүлсэн баримт /хх-ийн 49/, шүүгдэгч Б.А-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 55-64, 114-115, 116-119/, шүүгдэгч Б.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 63-76/, шүүгдэгч нарын хүсэлт /хх-ийн 124-127/, хохирогчийн хүсэлт /хх-н 128/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.А-, Б.Э-нар бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гандан виэв” бааранд иргэн М.С-гийн биед халдан зодож, түүний эрүүл мэндэд хамар ясны ил хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нуруунд шарх, хамрын нуруу, хоёр нүдний зовхи, цээж, баруун даланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.С-гийн: “...Монголиа чопперс клубын цувааны Э- ах ширээнд сууж байхад ганцаараа очиж мэндэлсэн чинь хамт байсан А- гэх Э- ахын клубын залуу намайг үгийн зөрүү байхгүй хавсраад унагаахад би газар унаад нүүрээ хамгаалсан чинь дээрээс намайг босгохгүй бас нэг нэрийг нь мэдэхгүй зүс харж байсан залуугийн хамтаар зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26/, гэрч Б.Ц-ын: “... манай найз М.С- пабын хоёр давхарт хүнтэй юм яриад зогсож байхад хамт байсан залуу нь зодож эхлэхээр нь би салгах гэсэн чинь намайг “Чи салгадаг хэн юм бэ” гэж хэлэн миний нүүр рүү хоёр гурван удаа цохиод газарт унагаагаад хөлөөрөө дэвссэн ... Дөрвөн залуугийн хоёр залуу нь гол төлөв цохиод өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/, гэрч Ц.А-ийн: “...нөгөө 2 залуугийн намхан нь шууд найз эмэгтэйн сууж байсан ширээнд очоод өмнө байсан сандлыг авч эмэгтэй рүү түлхсэн чинь согтуу найзыгаа гаргах гэж байсан залуу уг намхан залууг хөлөөрөө хавсарч унагааж газар унахаар нь “би чиний хаана цохих юм бэ” гээд газар унасан залуу мотоциклийн талаар яриад мөн тухайн ширээнд сууж байсан эмэгтэйг хардаад тэнд байсан эрэгтэйчүүд рүү элдвээр хараагаад байхаар нь би очиж “та нар одоо боль, цагдаад дуудлага өглөө” гэхэд “Бид нар мотоциклийн холбооны хүмүүс, өөрсдөө учраа олно” гээд арай гайгүй болоод байж байхад нөгөө газар унасан намхан залуу хэрүүл маргаан хийгээд хавсарч унагасан залуутай барилцаж аваад нэг нэгнийгээ цохихоор нь би болон намхан залуугийн найз эрэгтэй бид хоёр салгах гэхэд шар хантааз өмссөн залуу гараараа саваад уг залуугийн чихний орчимд цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-32/, гэрч Г.М-: “...С- найз Ц-ын хамтаар буугаад хэсэг байж байгаад ирээд Э- ахын сууж байсан ширээн дээр ирж өмнө нь байсан сандлыг хөлөөрөө өшиглөөд тэгээд Э- ах руу гараараа далайгаад байхад гараад явах гэж байсан А- /А-/ ах буцаж ирээд С-г хөлөөрөө хавсарч унагаагаад тэгээд газар унахад нь дээрээс нь нэг хоёр удаа цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-83/, шинжээчийн 8091 дугаартай дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.А-, Б.Э-нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А-, Б.Э-нар нь согтуурсан үедээ бүлэглэн хохирогч М.С-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 128/ гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

          Энэ хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг бүртгэлийн 190503830 тоот хэргийг тусгаарласан, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.А-, Б.Э- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр,

- Шүүгдэгч Б.Э-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Шүүгдэгч нар нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.
  2. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-, Б.Э-нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР