Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 181/2017/02167/И |
Дугаар | 001/ХТ2018/00373 |
Огноо | 2018-03-06 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2018/00373
Б.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02294 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2369 дугаар магадлалтай,
Б.А-гийн нэхэмжлэлтэй,
О Т-ХХК-д холбогдох,
О Т-ХХК-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай НR-2798/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ын гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Б.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: О Т-ХХК-ийн Үйл ажиллагаа, Хөрөнгө материалын менежментийн хэлтэст 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг дуустал гагнуурчнаар ажиллаж байсан. 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр О Т-уурхайн талбар дахь Говь засварын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хамтран ажиллаж байсан бэлдэц гагнуурын суралцагч Р.Д-тэй маргалдан дээрэлхэн улмаар түрэмгий загнаж зодолдсон тул хөдөлмөрийн гэрээг гүйцэтгэх захирлын 2017 оны 5 сарын 02-ны өдрийн тушаалаар цуцалсан. Кэмпийн дотоод журам ба ёс зүйн дүрмийн 2.2-д ёс зүйн хориглох хэм хэмжээнд дараах зөрчлийг гаргасан тохиолдолд даруй сахилгын шийтгэл оногдуулах бөгөөд энэ нь О Т-ХХК-ийн ажилтнуудыг хөдөлмөрийн гэрээг цуцлах бусад хүмүүсийн хувьд уурхайн талбараас албадан гаргах хүртэл арга хэмжээ авах болно гэж заасан. 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Р.Д гагнуур хийж түүнийг ахалж ажиллаж байсан учраас ажлаа цаг хугацаандаа хийх шаардлага тавьсан. Гэтэл Р.Д-нь шаардлагыг хүлээн авахгүй эсэргүүцэж, хэл амаар доромжилж шанаа тус газарт цохиход нь түүнийг өөрөөсөө холдуулах гэж түлхэхэд хойш унасан. Ахалж буй ажилтны хувьд шаардлага тавьсан. Шаардлагыг хүлээж аваагүй ажилтны буруутай үйлдлээс болж ажлаас халагдсанд гомдолтой байна. Хөдөлмөрийн гэрээний 10-т бусад гэдэг заалт ерөнхий заалт бөгөөд тус бүрд нь нэрлэж заагаагүй, нэрлэж заасан бол ноцтой зөрчил гэж үзэх боломж байдаг. Байгууллагын дүрэм журамд ноцтой зөрчил гэж заасан бүхнийг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчил гэж үзэх нь буруу. Б.А-гийн үйлдэл нь түрэмгий загнасан, зодолдсон, дээрэлхсэн гэх зөрчлүүдийн алинд нь хамаарч байгааг тогтоогоогүй. Иймд О Т-ХХК-ийн гүйцэтгэх захирлын №НК 2798/17 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч О Т-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Б.А- нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр О Т-уурхайн талбар дахь Говь засварын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хамтран ажиллаж байсан Р.Дорждэрэмтэй маргалдан, улмаар түрэмгий загнаж зодолдсон тул хөдөлмөрийн гэрээ болон компанийн холбогдох дүрэм журам, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үндэслэлээр 2017 оны 5 сарын 02-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Харилцан бие биенээ зодохгүй байх хэм хэмжээг дүрэм журамд тусгасан. Б.А- нь хөдөлмөрийн гэрээний 10.2.1-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан. 10.2.1. и.-д компанид мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг нэрлэн тухайн дүрэм, журамд "ноцтой зөрчил" гэж тооцсон зөрчлийг тусгасан. О Т-ХХК нь Б.А-г зодолдсон, түрэмгий зан авир гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. О Т-ХХК-ийг зодооны талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулах ёстой байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. О Т-ХХК-ийн хувьд хөдөлмөрийн харилцааны дотор гарсан асуудлыг өөрийн дүрэм журамд заасны дагуу л шийдвэрлэх эрхтэй. Түүнээс биш аливаа нэг хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжгүй юм. О Т-ХХК-ийн хувьд ажилтнууд бие биенээ зодох, дарамтлах, хүчирхийлэх нөхцөл байдал үүсгэхийг хатуу хориглодог. Тухайн нөхцөл байдал үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгосон. Иймд нэхэмжлэгч Б.А-гийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/022 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.А-гийн О Т-ХХК-д холбогдуулан гаргасан О Т-ХХК-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" НК-2798/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А-г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2369 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02294 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: О Т-ХХК нь Б.А-тай 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг нэрлэн заагаагүй бөгөөд тус гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-ийн И дэх заалтанд “...Компанийн аливаа бодлого, дүрэм, журам (Үүнд: компанийн дотоод журам, кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, мансууруулах бодис ба согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах стандарт, ажлын гүйцэтгэлийн менежмент болон хариуцлагын журам, бидний ажлын арга барил, залилан мэхлэхийн стандарт болон зааварчилгааны тэмдэглэл, мэдээллийн нууцлалын стандарт, бизнесийн үйл ажиллагаа ба ёс зүйн журам, компанийн үнэт цаасны арилжааны бодлого, цахим хэрэгслийн зөвшөөрөгдөх хэрэглээний стандарт, мэдээллийн аюулгүй байдлын стандарт) гэх мэтийг ноцтой зөрчил гэж тооцон ажлаас халах арга хэмжээ авахаар, эсхүл зөрчил гаргасан даруй талбай, төслийн талбар болон тэдгээрт хамаарах нутаг дэвсгэрээс явуулахаар заасан. Өөрөөр хэлбэл, тус гэрээний дээрх заалт нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд үйлдэл тухай бүрийг тухайлан нэрлэн заагаагүй болно. О Т-ХХК хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа юуг ноцтой зөрчилд тооцох талаар танилцуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн танилцуулах шаардлагагүй гэсэн тайлбараар нотлогддог. Мөн хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-ийн И.-д заасан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэл байхад шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцлийн хэлбэрийг агуулсан эсэх талаар дүгнээгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй” гэж заасан бөгөөд тус гэрээний 10.2.1-ийн И.-д заасан ноцтой зөрчил хуулиар олгосон хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчлийг талууд харилцан тохиролцох эрхийг хязгаарласан, давуу байдал тогтоосон гэж үзэж байна. Учир нь О Т-ХХК нь аливаа дүрэм журамд дангаар өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд хэзээ ямар байдлаар дээрх дүрэм журмуудад өөрчлөлт орсон талаар мэдэгдээгүй тул Хөдөлмөрийн хуульд заасан давуу байдал тогтоосон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх О Т-ХХК-д холбогдох тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай НR-2798/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахыг хүссэн Б.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Б.А- О Т-ХХК-ийн Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст гагнуурчнаар ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай НR-2798/17 тоот тушаалаар ажлаас халагдсан ба тушаалд ажилтанг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл заасан байна.
Ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр нэрлэн тохирсон ноцтойд тооцогдох зөрчлийг ажилтан гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан байна.
Ажилтан тухайн ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон, зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа хэтрээгүй бол ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болно.
Тушаалд тодорхойлсон Б.А- 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хамтран ажиллаж байсан гагнуурын суралцагч Р.Дорждэрэмтэй маргалдан, дээрэлхэж, улмаар түрэмгий загнаж зодолдсон үйлдэл гаргасан нь хэргийн баримтаар тогтоогджээ.
Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлд ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах ноцтойд тооцогдох зөрчлүүдийг нэрлэсний дотор компанийн Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэмд ноцтой зөрчил гэж тооцсон зөрчлүүдийг хамааруулсан байна.
Кемпийн дотоод журмын 2.2, Ёс зүйн дүрмийн 2.2.2-т “...түрэмгий зан авир гаргах, бусдыг айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх...” үйлдлийг ноцтой гэж үзсэн ба уг үйлдэлд ажилтан Б.А-гийн Р.Дорждэрэмтэй маргалдан, ...зодолдсон нь хамаарна. Энэ талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “ажилтан сахилгын зөрчлийг гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг О Т-ХХК зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг цуцлах зөрчлүүдийг нэрлэн заахыг Хөдөлмөрийн тухай хууль шаардана.
Ажил олгогч болон ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь тэдний хүсэл зоригийн илэрхийлэл, харилцан тохиролцсон нөхцөл болох бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг талууд гэрээнд нэрлэн заахдаа тусгай журмаар ноцтойд тооцогдох зөрчлийг хамааруулахаар тодорхойлсон нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн гэрээний 8-ийн б, в, г-д компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх, компанийн бодлого, журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн зан төлөвийн талаархи стандартыг ханган ажиллах, холбогдох бусад баримт бичгүүдтэй өөрөө танилцахыг ажилтанд үүрэгжүүлжээ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хөдөлмөрийн гэрээнд ...түрэмгий зан авир гаргах, бусдыг айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх...” үйлдлийг ноцтойд тооцохыг тусгайлан нэрлэн заагаагүй, журмыг танилцуулаагүй..., ажлаас халах шийдвэр хууль зөрчсөн...” гэх агуулгатай гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02294 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2369 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ