Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 565

 

                                                                                                                                                                                                                                                                                               

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Ц.Алтанхуягт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Отгонтөгс,

Ялтан Ц.Алтанхуяг,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Алтанхуягийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Алтанхуягт холбогдох эрүүгийн 201726010692 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сүрэн овогт Цэдэнсодномын Алтанхуяг, 1982 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Содон хороололд барилгын арматурчны бэлдэц бэлтгэдэг ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Цахирын 7 дугаар багийн 7-3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9-В27 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ВЭ82040377/.   

Ц.Алтанхуяг нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буян” ХХК-ийн хашаа руу “гэрээ нүүлгэж явлаа” гэж 66-12 УНЛ улсын дугаартай портер машинтай орж, гэрээ ачилгүй машин дээр 330.000 төгрөгийн 10 ширхэг тулаас төмрийг (сапуд) ачиж, хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Ц.Алтанхуягт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сүрэн овогт Цэдэнсодномын Алтанхуягийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг удирдлага болгон 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтанхуягт эд хөрөнгө хураагүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтанхуягт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, 66-12 УНЛ улсын дугаартай “Хьюндай Портер” загварын ачааны автомашиныг хууль ёсны эзэмшигч Г.Ундрамд буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтанхуягийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 7.200.000 төгрөгийг хураан авч, төрийн өмчлөлд шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Алтанхуяг нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баярмаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтанхуягт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд ялтан захиргааны шийтгэл хүлээбэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүх түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж болох хуультайг шүүгдэгч Ц.Алтанхуягт анхааруулж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Алтанхуягт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, ...шүүгдэгч Ц.Алтанхуягт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Ялтан Ц.Алтанхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цэдэнсодном овогтой Алтанхуяг миний бие ...эхнэр, хүүхдүүдээ тэжээж ажил хийж байгаад цалин мөнгөний асуудалтай болсон. Гэмт хэргийг үйлдэхэд цалин мөнгөний асуудал нөлөөлсөн. Ц.Алтанхуяг миний бие бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсон. 66-12 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж чадаагүй. Уг тээврийн хэрэгсэл нь Ц.Алтанхуяг миний нэр дээр байгаагүй. Гэмт хэрэгт ашиглаж чадаагүй дээрх “Хьюндэй Портер” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 7.200.000 төгрөгийг гаргуулах шийдвэрийг бүхэлд нь хянаад хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан. Прокурорын зүгээс хулгайн гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг хэрэглэсэн” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Ц.Алтанхуяг нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буян” ХХК-ийн хашаа руу “гэрээ нүүлгэж явлаа” гэж 66-12 УНЛ улсын дугаартай “Хьюндэй Портер” загварын автомашинтай орж, 330.000 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг тулаас төмрийг ачиж гарах гэж байгаад тус объектын дарга М.Баярмаа болон хамгаалагч нарт баригдаж, саатуулагдсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баярмаагийн “...Би “Буян” ХХК-д объектын дарга ажилтай. 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 40 минутын үед манай барилгын гэрээт ажилчнаар ажиллаж байсан Алтанхуяг “гэрээ нүүлгэнэ” гээд цэнхэр өнгийн портер машин оруулж ирээд, гэрээ ачсан юмгүй, төдөлгүй гарч явах гэж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод, зогсоож байгаад, харуул Доржсүрэнтэй хамт шалгахад, ачаан дээрээ 10 ширхэг барилгын тулаас төмөр буюу сапуд ачсан байсан. Алтанхуяг 10 ширхэг сапуд төмөр хулгайлж байгаад газар дээрээ баригдаад тэнд нь буцааж буулгасан байгаа. Сапуд төмрөө авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-11/,

Гэрч Ц.Ариунбилэгийн “...Би 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Сэлбэ-116” чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Өдөр 13 цаг 47 минутад “Сэлбэ 10”-аас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Буян” ХХК-ийн хашаанд хулгай хийсэн хүн баригдсан байна гэсэн дуудлага авсан. Дуудлагын дагуу очиж шалгахад 66-12 УНЛ улсын дугаартай цэнхэр өнгийн “Портер” машиныг “Буян” ХХК-ийн хашааны гадна тавьсан байсан. Хулгай хийсэн гэх 10 ширхэг сапуд төмрийг нь хашаан дотор буулгасан байсан. Объектын дарга Баярмаа гэх эмэгтэй “гомдолтой, өргөдөл гаргана. Манайд ажиллаж байсан Алтанхуяг гэдэг залуу хулгай хийж байгаад баригдлаа” гэж байсан. Алтанхуяг өөрөө “10 ширхэг сапуд төмөр хулгай хийж байгаад баригдсан, намайг уучлаарай” гэж байсан. Тэрээр “Портер машиныг гэрээ нүүлгэнэ гэж хөлсөлж авч явсан” гэсэн. Харин Ундрам гэх жолооч “хашаанд орж ирээд эхлээд энэ хэдэн төмрийг ачаад буулгая, дараа нь гэрээ ачна” гэж хэлээд төмөр ачсан гэж ярьж байсан...” /хх-12/,

Гэрч Г.Ундрамын “...Би 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Дэвшил” дээр “Портер” загварын машинтайгаа зогсож байхад 14 цагийн үед нэг залуу ирээд “хэдэн төмөр ачаадахъя” гэсэн. Тэгээд би тэр залуутай хамт “Буян” компанийн хашаа руу ороод, 10 ширхэг төмөр ачсан. Төмрөө ачаад боллоо гэхээр нь би тэр залуутай хамт гарах гэтэл үүдэнд жижүүр зогсоож, шалгаад “төмөр ачсан байна” гээд буцаагаад буулгасан. Би тэр үед хулгай хийж байна гэж мэдээгүй. Тэр залуу орохдоо үүдний манаачтай уулзаад орсон. Би тэр залууг танихгүй. Тэрээр надад “гэр ачиж, буулгана” гэж хэлээгүй...” /хх-13/,

Ц.Алтанхуягийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би “Буян” компанид анх 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр гэрээт ажилтнаар ажилд орсон. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр би өөрөө ажлаасаа гарлаа гэдгээ хэлсэн. Би 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс үндсэн ажилчин болж, “Майти” загварын машин унаж байтал хэл ам хийгээд байхаар нь ажлаасаа гарсан юм. Намайг “Буян” ХХК-ийн ажилчдын байранд амьдарч байтал “байрнаасаа гар” гэсэн. Надад мөнгө байхгүй байсан, цалингаа авъя гэтэл объектын дарга Баярмаа 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс цалин хаасан өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь дургүй хүрээд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “гэрээ нүүлгэнэ” гэж худлаа хэлээд, хашаа руу ороод, “Портер” загварын машин дээр гэрээ ачилгүй 10 ширхэг тулаас төмөр хулгайлж ачсан чинь Баярмаа даргад баригдсан. Би “Портер” машины жолоочид “төмөр хулгайлж байгаа” гэж хэлээгүй...” /хх-20-22/ гэх мэдүүлгүүд болон эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-32-34/, эд зүйлийн үнэлгээ /хх-35/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын тогтоол /хх-42/, “Буян” ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалууд /хх-30-31/, тээврийн хэрэгслийн болон эд хөрөнгийн лавлагаа /хх-24, 26/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Ц.Алтанхуягийн үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зөв зүйлчилсэн байх ба хуульд заасан хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Алтанхуягт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцсэн байх ба Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд түүний үйлдсэн дээрх гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул түүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчимд нийцүүлэн шийтгэх тогтоолын шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн талаарх хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан ойлголт нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус шинээр хуульчилсан байх тул 66-12 УНЛ улсын дугаартай “Хьюндэй Портер” загварын автомашин нь шүүгдэгч Ц.Алтанхуягийн өмчлөлийн биш, нөгөөтэйгүүр энэхүү гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлөгдсөн байх тул Ц.Алтанхуягаас тээврийн хэрэгслийн үнэ болох 7.200.000 төгрөгийг гаргуулах шаардлагагүй гэж үзэж, энэ талаар гаргасан ялтан Ц.Алтанхуягийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтанхуягийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 7.200.000 (долоон сая хоёр зуун мянга) төгрөгийг хураан авч, төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.” Гэсэн 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ