Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар ХШТ/2025/111

 

                                         Ц.У-д холбогдох                                              

эрүүгийн хэргийн тухай

 

 

          Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, хохирогч Н.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч О.Санчирбал, Б.Отгонбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, Б.Мэргэн, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 863 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 741 дүгээр магадлалтай, Ц.У-д холбогдох эрүүгийн … дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, Б.Мэргэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, Япон хэлний орчуулагч, эдийн засагч мэргэжилтэй, “…” ХХК-ийн захирал ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, … овогт … У;

 

            Шүүгдэгч Ц.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Ц.У-ыг залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.У-ыг 06 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-аас 2,286,225,638 (хоёр тэрбум хоёр зуун наян зургаан сая хоёр зуун хорин таван мянга зургаан зуун гучин найм) төгрөг гаргуулж хохирогч Н.Б-т олгуулах,

          …” ХХК-ийн … дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл болон шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласан техникүүдийг худалдан борлуулж хохирол нөхөн төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч Г.Баяржаргал, Б.Мэргэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.У-ын цагдан хоригдсон 76 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

 

            Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/863 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ДШМ/741 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч ЭХХШТХ-ийн 40.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3 дахь заалтуудыг баримтлан гомдол гаргаж байна.

 

            Нэг. Иргэний эрх зүйн харилцааг залилан мэхлэх гэмт хэргийн шинж гэж үзэн Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн талаар

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 17-18 дугаар талд “... Монгол Улсын Иргэний эрх зүйн зохицуулалтаар иргэд, хуулийн этгээдийн хооронд байгуулагдах гэрээний харилцаа нь бодит, биелэгдэх боломжтой нөхцөл байдал буюу гэрээний зуйлд үндэслэгдсэн, гэрээний талуудын хүсэл сонирхлыг тэгш илэрхийлсэн харилцан зөвшөөрсөн байх ёстой бөгөөд хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогч Н.Б нь хөрөнгө оруулагч эсхүл зээлдэгчийн хувьд тодорхой хэмжээний ашиг хүртэх зорилгоор, шүүгдэгч Ц.У нь өөрийн “…” ХХК-ийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор дээрх гэрээг байгуулсан байх үндэслэлтэй. Гэтэл, шүүгдэгч Ц.У нь “… аймгийн … суманд алтны лиценз, зөвшөөрөлтэй, энэ компани маань энэ жил мөнгөгүй болоод ажлаа хийж чадаагүй учраас 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөг өгөөч, тэгвэл хамтарч ажиллаж болно. Таны мөнгийг ашиг хэлбэрээр 2 сарын хугацаанд буцааж өгөөд түүнээс цааш олборлосон металлынхаа 10 хувийг 5 жилийн хугацаатай өгнө” гэж 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгийг шилжүүлэн авсныхаа дараа дээрх мөнгөн дүнг өөрийн компанийн өмнөх төлбөр болон ажилчдын цалин, хамгаалалтын албаны төлбөр, түрээсийн төлбөр зэрэгт шилжүүлсэн, гэрээнд заасан хугацаанд 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгийг буцаан төлөөгүй, цаашилбал 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоос 500,000,000 /таван зуун сая/ төгрөг дахин зээлж авсан мөнгөний барьцаанд өөрийн өмчлөлийнх бус гэдгийг мэдсээр байж 3 ширхэг үл хөдлөх хөрөнгө 8 ширхэг тусгай зориулалтын автомашиныг барьцаанд өгнө гэж /1хх-137 тал/ хохирогчийг хуурч мөнгийг авсан, улмаар дээрх эд хөрөнгүүдийг ажлаа үргэлжлүүлэхийн тулд барьцаанд тавьсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, 500,000,000 /таван зуун сая/ төгрөг шилжүүлж авсан өдрөө зээлийн хүү гэж 56,000,000 төгрөг буцаан шилжүүлж хохирогчид итгэл төрүүлсэн, 2022 оны 1 сараас зээлж байгаа 1 жилийн хугацаатай 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгийн зээлийн барьцаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаална гэж ашиглалтын эрх олгосон эрх бүхий байгууллагаас олгодог барьцаалах хуулийн зохицуулалтгүй тусгай зөвшөөрлийг барьцаалах агуулгаар албан бичгийг хохирогчид илгээж хуурсан /1 хх-138-139 тал/, гэрээний 9.2-т заасан хяналт тавих ажиллагааг зөрчиж хохирогч Н.Б-ын төлөөлөгчийг уурхайн талбайд оруулаагүй, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар иргэний нэхэмжлэл шүүхэд хүргүүлсэн гэх үйл баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч нь хамтран ажиллах гэрээгээр халхавчлан хохирогчийг төөрөгдөлд оруулан түүнд итгэсэн итгэл, ашиг олох хүсэл дээр дөрөөлөн хуурч түүний эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан, нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэв...” гэж дурдсан нь залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж болох “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж хуульчилсныг илтэд зөрчиж, хэт нэг талыг барьж хуулийг төсөөтэй хэрэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх зарчмыг бүдүүлгээр зөрчсөн.

            Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “...Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй...” гэж хуульчилсныг анхан шатны шүүхийн шүүгч илтэд гуйвуулан тайлбарлаж шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

            Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцээгүй, Эрүүгийн хууль, ЭХХШТ хуулийг ноцтой зөрчсөн байхад 2025/ДШМ/741 дугаартай магадлалдаа “...Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хурапдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.У-ыг залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ” гэсэн ерөнхий дүгнэлт хийж өмгөөлөгч нарын гаргасан гомдолд хууль зүйн няцаалт хийгээгүй нь давж заалдах шатны магадлал ЭХХШТ хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.

            Тодруулбал, Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар зохиомол байдлыг зориудаар бий болгосон нэг ч үйлдлийг нотолсон бичгийн нотлох баримт хэргийн материалд байхгүй.

            1.1. Ц.У нь “…” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд ашигт малтмалын ашиглалтын … дугаар тусгай зөвшөөрөл нь одоог хүртэл хүчин төгөлдөр … аймгийн … сумын … нэртэй газарт орших ашигт малтмалын ил уурхайг эзэмшдэг.

            1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн прокурорын газраас “…” ХХК, түүний захирал Ц.У нь хохирогч гэх Н.Б-аас авсан мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласан эсэхийг маш нарийн шалгаж хянасан. Хянаад зөвхөн уурхайн үйл ажиллагаанд зориулж байсныг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотолж, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэг хэргийг хэрэгсэхгүй болгох 06 дугаар тогтоол үйлдсэн байдаг. /5хх 57 тал/

            Анхан шатны шүүхийн шүүгч “...600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгийг шилжүүлэн авсныхаа дараа дээрх мөнгөн дүнг өөрийн компанийн өмнөх төлбөр болон ажилчдын цалин, хамгаалалтын албаны төлбөр, түрээсийн төлбөр зэрэгт шилжүүлсэн гэрээнд заасан хугацаанд 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгийг буцаан төлөөгүй…” гэж дүгнээд энэ дүгнэлтээрээ залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг тодорхойлсныг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм. Гэтэл хамтран ажиллах гэрээний дагуу 5 сарын дотор хавтаст хэргийн материалд Ц.У өмгөөлөгчийн хамт гарган өгсөн нотлох баримтаар 2021 оны 11 дүгээр сарыг буюу “…” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа зогстол Н.Б-т нийт 2,299,74 кг алт хүлээлгэн өгсөн, Н.Б нь тухайн алтыг хүлээн авсан, надад хадгалагдаж байгаа гэж мэдүүлсэн. Мөн “…” ХХК-иас 6 удаагийн эргэн төлөлтөөр нийт 322,019,200 /гурван зуун хорин хоёр сая арван есөн мянга хоёр зуу/ төгрөгийг эргүүлэн шилжүүлсэн бичгийн нотлох баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэж шийдвэр гаргасан.

            Улсын дээд шүүхийн 51 дүгээр тогтоолын 7 дахь заалтад “Гэрээний харилцаа нь иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй”, 8 дахь заалтад “Байгалийн давагдашгүй хүч, нийгэм, эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлт, гэнэтийн осол, өвчин эмгэг, хорио цээр зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүйг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй...” гэж хууль тайлбарлагч тайлбарласнаас өөрөөр анхан шатны шүүх дүгнэж ял халдаасан байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн.

            Анхан шатны шүүхийн шүүгч хэт нэг талыг барьж хууль зөрчиж Ц.У компанийн ажилчдын цалингийн үлдэгдэл өр, хамгаалалтын албаны төлбөр, уурхайн тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг хамтран ажиллах гэрээний эхний төлбөрөөс төлснийг зориулалтын бусаар мөнгөн хөрөнгийг ашигласан гэж дүгнээд байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэгийн үзэж байгаагаар дүгнэх юм бол Ц.У хамтран ажиллах гэрээний дагуу авсан 600 сая төгрөгийг компанид ирээдүйд гарах зардалд төлөх ёстой байсан, үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд уурхайн ажилчдын цалингийн өр, уурхайн тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр, харуул хамгаалалтын ажилчдын цалин төлсөн нь гэрээний мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэж ойлгогдоход хүрч байна.

            2019 оны 12 дугаар сараас COVID эрчимтэй тархалт, БНХАУ-ын хилийн хязгаарлалтын нөлөөллөөс шалтгаалан “…” ХХК нь 2021 оны 12 сард “…” ХХК-тай гэрээ хийж захиалсан хүнд даацын Tonly маркийн автомашин Зш, Ковш 1ш зэрэг техникүүдийг гэрээт хугацаанаас 2 сарын хоцрогдолтой, Hyunday 520 маркийн экскаваторыг гэрээт хугацаанаас 3 сарын хоцрогдолтойгоор тус тус хүлээн авсан. Түүнчлэн ОХУ-ын хийж буй цэргийн тусгай ажиллагаатай холбоотойгоор уул уурхайн салбарын тасалдалгүй үйл ажиллагааг хангах гол түүхий эд дизель түлшний үнэ 2021 оны 10 сард 1990 төгрөг, 2022 оны 03 сард 2500 төгрөг, 2022 оны 07 сард 3920 төгрөг болж өссөн нь өмнөх оноос даруй 2 дахин нэмэгдсэн. Цаашид ОХУ, Украйны асуудлаас үүдэж газрын тосны эрэлт нийлүүлэлт хойшид ч хэлбэлзэхээр байгаа таамаглалыг Дэлхийн банкнаас гаргасан. Хил гаалийн бараа нэвтрэлтийн саатал, удаашрал зэрэг давагдашгүй хүчин зүйлүүдээс хамааран машин механизм, тоног төхөөрөмжүүдийн сэлбэг, хэрэгслүүдийн хомсдол үүссэнээс шалтгаалан үнэ 15-45 хувиар өсөж “…” ХХК хэвийн үйл ажиллагаагаа 2022 оны 07 сарын 14-нөөс эхлэн бүрэн зогсоож гомдол гаргагч Н.Б-аас гэрээ, зээл, түлшинд зарцуулахаар авсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн төлөх боломжгүй болсон.

            Иймд “…” ХХК-иас шалтгаалахгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж үзсэний улмаас эрх бүхий байгууллагад хандаж “Гэнэтийн буюу давагдашгуй хүчин зүйлийн 02/425 дугаартай гэрчилгээ” авсан байдаг. /2хх 21 тал/ Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн 02/425 дугаартай гэрчилгээ” дээр ямар ч дүгнэлт өгөөгүй.

 

            Хоёр. Иргэний хэргийн шүүхэд мэдүүлэх, нэхэмжлэх эрхийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг нь залилан мэхлэх гэмт хэргийн шинж гэж дүгнэж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар

            Шийтгэх тогтоолын 18 дугаар талд “...Хавтаст хэрэгт авагдсан баримт болох хохирогчийн эхнэрийн дансаар шилжиж ирсэн хамгийн сүүлчийн гүйлгээ болох 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 50,000,000 төгрөгийн шилжүүлгийн дараагаар шүүгдэгч нь 2022 оны 1 сараас зээлж байгаа 1 жилийн хугацаатай 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгийн зээлийн барьцаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаална гэх агуулга бүхий албан тоотыг шүүгдэгчид хүргүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт “гэрчилгээг эх хувиар нь хадгалуулах гэсэн юм” гэх шүүгдэгчийн тайлбар нь биелэгдэх боломжгүй хүчин төгөлдөр бус саналыг хохирогч Н.Б-т тавьж төөрөгдөлд оруулсан, хохирогчоос авсан мөнгийг буцаан өгөхгүй байхын тулд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэсэн зэрэг хохирогчоос авсан мөнгийг буцаан өгөхгүй байх гэмт аргыг хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Шүүгдэгч Ц У-н хувьд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах маргаан үүсгэх эрхтэй хэдий ч тухайн цаг хугацаанд шүүгдэгч нь хохирогчтой байгуулсан гэрээнээс түүний эрх ашиг хэрхэн зөрчигдөж, тэрээр санхүүгийн болон бусад эрсдэлд орж талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өөрийн эрх ашгийг хамгаалах нөхцөл байдал үүссэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтыг судлахад тогтоогдохгүй, шүүгдэгчийн дээрх ажиллагаа түүний гэмт санаатай шууд холбоотой байна гэж шүүх дүгнэлээ...” гэж дурдсан нь Монгол улсын шүүхийн практикт байхгүй дүгнэлт болсноос гадна Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй” гэж хүний эрхийг тунхагласныг зөрчиж дүгнэлт гаргасан нь ашиг сонирхлын зөрчилтэй, хэт нэг талыг барж ял халдаасан дүгнэлт гэж үзэж байна.

 

            Гурав. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 05 сарын 31-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-г үндэслэлгүй дүгнэж ял халдаасан, оролцогчийн эрхийг хязгаарласан талаар

            Шийтгэх тогтоолын 15, 19 дүгээр талд “...Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно... Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ түүний эрх ашгийн эсрэг байгуулагдсан гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв ... Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.У “…” ХХК-ийн 60 хувийг шилжүүлэн авах гэсэн саналыг хохирогч надад хэлснээр маргаан үүссэн гэж тайлбарлах хэдий ч энэ талаар гэрээ хэлцэл талуудын хооронд бий болоогүй, хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байх тул шүүгдэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Нөгөөтэйгөөр, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “бидний хооронд ямар нэг маргаан үүсээгүй, Ц.У миний мөнгийг өгөхгүй байсан, би өгсөн мөнгөө авах гэж өнөөдрийг хүрлээ” гэх мэдүүлгээр шүүгдэгч Ц.У-ын тайлбар няцаагдсан болохыг дурдаж байна. Шүүх, талуудын хооронд иргэний эрх зүйн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй байх ба шүүгдэгч, хохирогч нарын хооронд гэрээний хэрэгжилтийн явцад ямар нэгэн маргаан үүсээгүй, харин анхнаасаа бодит биш биелэгдэх боломжгүй хэлцлийг шүүгдэгч Ц.У нь хохирогч Н.Б-ыг хуурч байгуулсан гэж дүгнэв...” гэж тодорхойлсон нь хэт нэг талыг барьсан дүгнэлт гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны бүх шатанд, урьдчилсан хуралдааны хүсэлт, шүүхийн хэлэлцүүлгийн үед өмгөөлөгчийн зүгээс хэргийг прокурорт буцааж хэргийн бодит байдлыг тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналтын шатанд дутуу ажиллагаа хийсэн байхад хэргийг шүүхэд шилжүүлж улмаар ял шийтгэл халдаасанд гомдолтой байна.

            Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд удаа дараа Ц.У зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуусан эсэхийг тогтоолгохын тулд 2021 оны 05 сарын 31-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний эхийг хэн зохиосныг тогтоох зорилгоор “…” ХХК-ийн захирал руу явуулсан Н.Б-ын …, Б-ын өмгөөлөгч гэх Б.Б-ийн … болон “…” ХХК-ийн захирал Ц.У-ын …, “…” ХХК-ийн нягтлан бодогч байсан М-ийн …, “…” ХХК-ийн гэрээт хуулийн фирмийн … гэх цахим хаягуудад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. /хамтран ажиллах гэрээ, зээлийн гэрээг нэгтгэн, шинэчлэн хийх талаар “…” ХХК-ийн гэрээт хуулийн зөвлөх, өмгөөлөгч Г.Баяржаргал миний албан өрөөнд буюу …, … дугаар хороо, …, … тоотод Н.Б, эхнэр Б-ийн хамт ирсэн, эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө уулзалт ярилцлага хийж байсан/

            Үзлэг хийсэн тохиолдолд 2021 оны 05 сарын 31-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний эх хувийг хэн зохиосон, Н.Б-т миний үйлчлүүлэгч Ц.У-д зээлүүлсэн мөнгөн хөрөнгөөрөө далимдуулж “…” ХХК-ийн 60 хувийг үнэгүйдүүлж өөрийн эзэмшилдээ авахаар улайрсан, Ц.У-ыг гүтгэсэн нөхцөл байдал тогтоогдох байсан. /5хх 128-130тал/ Үүнээс гадна гомдол гаргагч Н.Б нь хамтран ажиллах гэрээг өөрийн санаачилгаар зохиож Ц.У-аар гарын үсэг зуруулсан гэдэг нь түүний эхнэрийн миний үйлчлүүлэгчид явуулсан цахим зурвасаар батлагддаг. /2хх 78тал/

            Мөрдөгч, хяналтын прокурор, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээр тогтоогоод байгаа Ц.У-ын залилсан гэх үйлдэл нь Н.Б-ын “…” ХХК-ийн 60 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэсэн шунахайн сэдэлтээс үүдэлтэй. 2022 оны хаврын ажил эхлэхээс өмнө иргэн Н.Б-ын зүгээс “…” ХХК-ны 60 хувийн хувьцааг өөрийн нэр дээрээ шилжүүлж улсын бүртгэлийн албанд бүртгүүлж, баталгаажуулан авна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бусдад шилжүүлсний татвар болох 450,810,000 сая төгрөгийг Ц.У-ыг төл гэсэн шаардлага тавьж гэрээний саналуудыг иргэн Н.Б өмгөөлөгчөөр дамжуулан Ц.У-д танилцуулсан байдаг. “…” ХХК-ийн цахим хаягаар шинээр ирсэн гэрээний төсөл дээр “…” ХХК-ийн олборлосон алтны 30 хувийг иргэн Н.Б үйл ажиллагааны зардал хасахгүйгээр шууд авна гэсэн илт шударга бус заалтуудыг бичсэн /1хх 158 талаас 2хх 23 тал хүртэл/ байсан. Энэ талаар хэлэлцээрийн үед маргаан гарч өмгөөлөгч Б нь Ц.У-ыг удаа дараа доромжилсон учраас гэрээ байгуулах үе шат зогссон.

            Дээр дурдсан цахим шуудангийн хаягуудад үзлэг хийсэн бол ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэрийг шууд тогтоох боломжтой байсан боловч удаа дараа гаргасан хүсэлтийг хүлээж авалгүйгээр оролцогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарласан.

            Шийтгэх тогтоолын 19 дүгээр талд “...Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.У “…” ХХК-ийн 60 хувийг шилжүүлэн авах гэсэн саналыг хохирогч надад хэлснээр маргаан үүссэн гэж тайлбарлах хэдий ч энэ талаар гэрээ хэлцэл талуудын хооронд бий болоогүй, хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байх тул шүүгдэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. Нөгөөтэйгөөр, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “бидний хооронд ямар нэг маргаан үүсээгүй, Ц.У миний мөнгийг өгөхгүй байсан, би өгсөн мөнгөө авах гэж өнөөдрийг хүрлээ” гэх мэдүүлгээр шүүгдэгч Ц.У-ын тайлбар няцаагдсан болохыг дурдаж байна...” гэж хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхийн шүүгч 1хх-158 талаас 2хх-23 тал хүртэл авагдсан бичгийн нотлох баримтуудыг хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна гэж нэг талыг барьж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

            Анх Н.Б-ын зүгээс шинэчлэн байгуулах гэсэн шударга бус гэрээг хэрхэн хуульд зохицуулан байгуулах талаар өмгөөлөгч Г.Баяржаргал миний бие оролцож эхэлсэн болно. Хамгийн анх өмгөөлөгч Г.Баяржаргал миний … дүүрэг, … дугаар хороо, … гудамж, …, …, … тоот албан өрөөнд иргэн Н.Б, түүний эхнэр О.Б, Ц.У нар уулзаж Н.Б-аас шинээр ирүүлсэн Алтны 30 хувийг үйл ажиллагааны зардал тооцохгүйгээр авах, мөн компанийн 60 хувийг Н.Б-ын нэр дээр шилжүүлэх Хамтран ажиллах гэрээг хэрхэн сайжруулж 2 талд харилцан ашигтай байхаар тохиролцох, мөн 2021 онд надад зээлүүлсэн 1 тэрбум төгрөг, иргэн Н.Б-аас түлш авахад зарцуулсан мөнгөнүүдийг нэгтгэн зээлийн гэрээ байгуулах тал дээр харилцан ярилцсан. Ярилцлагад иргэн Н.Б, түүний эхнэр О.Б нар өөрсдийн өмгөөлөгч Б-ийг дагуулж ирээгүй тул ...бид нар бодож байж хариу өгье, өмгөөлөгч Б-тэй ярилцъя, ер нь амаар ярилцсан зүйлсийн зарим нь хаягдаж мартагдаад байдаг, цаашид албан ёсоор бичгээр харилцаж байя... гэж ярилцан тохироод салсан.

            Ингээд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр анх иргэн Н.Б, түүний өмгөөлөгч Б нарын албан ёсны цахим хаяг руу Ц.У “...Манай хуульчийн зүгээс тантай байгуулсан 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 01/2021 тоот “Хамтран ажиллах тухай гэрээ” нь Монгол Улсын холбогдох Иргэний хууль, Монгол улсын Засгийн газрын тогтоол, Монгол банкнаас гаргасан дагаж мөрдөх журмыг зөрчиж байгаа тул үргэлжлүүлэх боломжгүй. Миний зүгээс гэрээг хуульд нийцүүлэн байгуулах нь зүйтэй гэсэн өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Танаас одоогийн байдлаар 23 удаагийн үйлдлээр 2,109,144,838 /хоёр тэрбум нэг зуун есөн сая нэг зуун дөчин дөрвөн мянга найман зуун гучин найм/ төгрөг зээлж авсан, 6 удаагийн үйлдлээр 322,919,200 төгрөг эргүүлж төлсөн байна. Үүнээс гадна танд бэлнээр 2,299,74 гр алт биет байдлаар нь хүлээлгэн өгсөн болно. Мөн 2021 оны 12 сарын 15-ны өдөр 500,000,000 төгрөгийг зээлийн гэрээг нөхөн байгуулахаар тохиролцож 2,8 хувийн хүүтэй зээлсэн. Энэ зээлийн 2022 оны 04 сарын 15 хүртэлх хугацааны хүү болох 56,000,000 /тавин зургаан сая/ төгрөгийг урьдчилан төлсөн болно. Дээр дурдсан тооцоонд танд бэлнээр өгсөн 2,299,74 гр алтны үнэ ороогүй болно. 2021 онд 1гр алтны дундаж үнэ 155,000 төгрөг байсан гэж тооцоход 2299,74 гр алтны нийт үнэ 356,459,700 төгрөг болж байна. Иймд миний зүгээс танаас зээлсэн мөнгийг таны тавьсан саналын дагуу нэгтгэн, зээлийн гэрээг хуульд нийцсэн байдлаар байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Зээлийн гэрээний талаарх бүхий л ажиллагааг миний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Г.Баяржаргалтай харилцан тохиролцож, гүйцэтгэж болохыг энэхүү захидлаар уламжилж байна. Миний зүгээс танд үргэлж талархаж явдгаа дахин илэрхийлж, зээлийн гэрээгээ хуульд нийцүүлэн байгуулах саналтай байгаа ба уг зээлийг 2022 оны 10 дугаар сард багтаан төлөх зорилго тавин ажиллаж байна...” гэсэн шууданг явуулсан.

            Үүний дараа 2022 оны 03 дугаар сарын 30-нд дахин “...Иргэн У би тантай байгуулсан 2021 оны 05 сарын 31-ний өдрийн гэрээг таны бидэнд 2021 онд харамгүй сэтгэлээр тусалж байсныг чинь хүндэтгэж, хуульд нийцсэн байдлаар засаж сайжруулан цаашид үргэлжлүүлэхийг эрмэлзэж дараах саналыг хүргүүлж байна. Тус гэрээ нь иргэний эрх зүйн харилцааны үндсэн зарчим болох шударга ёсны зарчим болон бусад холбогдох заалтуудыг зөрчиж байгаа тул: 1. Гэрээний хураамжийн зардал болгон танаас гарсан 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгийг талууд харилцан тохиролцож нэмэгдүүлэх, 2. Гэрээний хураамжид танай талаас гаргасан мөнгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр тохирч, гэрээг дахин 4 жил үргэлжлүүлэх, 3. Үйл ажиллагааны зардлыг сар, улирлаар хамтран тооцож ногдол ашигт хэрхэн уялдуулах талаар тохиролцох, 2021 онд танаас зээлээр авсан мөнгөн хөрөнгө дээр яаравчлан гэрээ байгуулж, хүү алдангийг тохирох гэсэн саналыг хүргүүлж байна. Таны зүгээс гаргасан компанийн 60 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлж авах саналаас болж гэрээг дахин харах шаардлагатай болсон. Дээр дурдсан саналуудын талаар тохиролцоонд хүрсэн тохиолдолд гэрээг шинэчлэн цаашид үргэлжлүүлэхэд бэлэн байна. Таны сэтгэлийг зовоож байгаадаа дахин хүлцэл өчиж байна...” гэсэн цахим шууданг явуулсан боловч ямар ч хариу Ц.У болон өмгөөлөгч Г.Баяржаргал надад өгөөгүй. Дээрх байдлыг үнэн эсэхийг өмгөөлөгч миний ажлын компьютер, Н.Б-ын өмгөөлөгч Б-ийн Ц.У луу компанийн 60 хувийг авна, олборлосон алтны 30 хувийг ямар ч нэмэлт зардал гаргалгүйгээр авна гэж гэрээний загвар явуулсан компьютерын цахим хаяг дээр үзлэг хийхэд тогтоогдоно.

 

            Дөрөв. ЭХХШТХуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан хохирол, хор уршгийн тооцоог хавтаст хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримт, яллах дүгнэлтэд дурдсанаас өөрөөр дүгнэсэн талаар.

            Шийтгэх тогтоолын 21 дүгээр талд “...Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудад болон хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн тул гэмт хэргийн хохирлыг шүүгдэгч Ц.У-ын зүгээс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн тооцоо нийлсэн актыг /2хх-17 тал/ баримтлан шийдвэрлэх нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж...” дүгнээд Ц.У-аас 2,286,225,638 төгрөг гаргуулж Н.Б-т олгож шийдвэрлэсэн.

            Энэ нотлох баримт нь анхан шатны шүүхийн шүүгч шийтгэх тогтоолын 19 дүгээр талд “...Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.У “…” ХХК-ийн 60 хувийг шилжүүлэн авах гэсэн саналыг хохирогч надад хэлснээр маргаан үүссэн гэж тайлбарлах хэдий ч энэ талаар гэрээ хэлцэл талуудын хооронд бий болоогүй, хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байх тул шүүгдэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна...” гэж дурдсан хэрэгт авагдсан материал дотор буюу Ц.У-ын зүгээс гаргах өгсөн 1хх-158 талаас 2хх-23 тал хүртэл авагдсан бичгийн нотлох баримтын дотор байсаар байтал илтэд эсрэг дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шүүгч хохирогчийн талд дүгнэлт хийх тохиолдолд хавтаст хэрэгт энэ талаар дүгнэх бичгийн нотлох баримт авагдаагүй байна гэж дүгнэдэг. Харин шүүгдэгчийг яллахдаа хэрэгт байхгүй гэж үзсэн бичгийн нотлох баримт дундаас хуудсыг нь цохож ял шийтгэл оногдуулдаг, сонгон авсан хохирлын тооцооны нотлох баримтаа ч буруу тайлбарлаж хохирлын нийт дүнг тооцсоныг өмгөөлөгчийн зүгээс хэт яллах талыг барьж хохирогчид илтэд ашигтай дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

            4.1. Прокурорын Ц.У-д 2025 оны 01 сарын 28-ны өдөр гардуулсан 2024 оны 06 сарын 24-ний өдрийн огноотой 411 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтын 3-т “Хохирогч Н.Б-т 2,286,225,638 төгрөгийн хохирол учирснаас 311,037,623 /алт/ төгрөг төлөгдөж, 1,975,188 төгрөг төлөгдөөгүй байна” гэж бичигдсэн.

            4.2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б “...Алтны үнэ өссөнтэй холбоотой надад 700 сая төгрөгийн алт өгсөн гэж байна. Мөрдөгчид байцаалт өгөхдөө тухайн үеийн ханшаар 355 сая төгрөгийн алт өгсөн гэж хэлсэн. Бодит байдалд У бид хоёр 277 сая төгрөгийн алт өгсөн гэдгээ тохиролцсон байсан. У-ын хэлснийг зөвшөөрч, түүний өгсөн мөнгийг авч салахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актад 2,283,000,000 төгрөг гэсэн байгаа. Үүнээс хамтран ажиллах гэрээгээр өгсөн мөнгөө хасна гэхээр нь алтны мөнгөө хас л гэсэн. Хамтран ажиллах гэрээгээр өгсөн мөнгийг хэдэн төгрөгөөр тооцож хасах нь тодорхойгүй байна. Миний хувьд У-аас 1,975,188,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж мэдүүлдэг /ШТ 5 тал/

            4.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б мэдүүлэхдээ “...Миний хувьд бол хохирол болох 2,286,225,638 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгөн дүнд Ц.У-аас авсан алтны мөнгөн дүн ороогүй, учир нь Ц.У-ын надад өгсөн алт нь байгалиараа байсан юм. Тухайн алтыг нь хайлуулахаар хорогдол гардаг, мөн цэвэр алт руу шилжүүлсэн дүнгээр тооцож хоёр талаас тохирсны дараа үндсэн үнийн дүнгээс хасаж тооцно... гэж мэдүүлдэг. /2хх 181 тал/

            4.4. Анхан шатны шүүх хэрэгт хяналт тавьж буй прокурор түүний үйлдсэн яллах дүгнэлт, хохирогчийн мэдүүлгээс зөрсөн мөнгөн дүнг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг илтэд зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

            4.5. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо 2хх-17 талд авагдсан тооцоо нийлсэн актыг үндэслэл болгож шийдвэр гаргасан. Шийдвэр гаргасан баримтаа ч өөрөө ойлгохгүй дүгнэлт хийсэн. Шүүхийн үндэслэл болгосон баримт дээр нийт төлөх мөнгөн дүн 2,109,144,838 төгрөг, төлсөн мөнгөн дүн 322,919,200 төгрөгийг хасаад 1,786,255,638 төгрөг гэж бичигдсэнийг орхигдуулан шийдвэр гаргасан. Тухайн хүснэгтийн төлсөн хэсэгт 2021 оны 12 сарын 15-ны өдөр 500 сая төгрөг зээлсэн мөнгөний хүү болох 56 сая төгрөг ороогүй, мөн нэмэлтээр улсын яллагч, яллах дүгнэлтэд дурдсан, хохирогчийн мэдүүлснээр алтны үнэ ороогүй гэсээр байтал нийт яллах дүгнэлтэд дурдсан мөнгөн хөрөнгийг хэвээр нь Ц.У-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

            4.6. Үүнээс гадна шүүхийн үндэслэл болгосон нотлох баримт дээр талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байхад үнэн зөв бичгийн нотлох баримт гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

            4.7. Өмгөөлөгч Г.Баяржаргал миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхнээс нь оролцсон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар иргэн Н.Б-т төлсөн нийт мөнгөн дүнг тооцоход ... “…” ХХК болон иргэн Ц.У-ын зүгээс 2021 оны 07 сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 08 сарын 14-ний өдөр 45,833,000 төгрөг, 2021 оны 08 сарын 30-ны өдөр 17,500,000 төгрөг, 2021 оны 09 сарын 10-ны өдөр 82,000,000 төгрөг, 2021 оны 09 сарын 27-ны өдөр 87,586,200 төгрөг, 2021 оны 10 сарын 13-ны өдөр 80,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 15-ны өдөр 56,000,000 төгрөг, 2022 оны 06 сарын 15-ны өдөр 2,066,500 төгрөг нийт 380,985,700 төгрөг эргүүлэн төлсөн байтал яллах дүгнэлт болон түүний хавсралтад дээрх дүнг оруулж тооцолгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүгч дээр бичгийн нотлох баримтад ямар ч дүгнэлт хийгээгүй. Дээрх 380,985,700 төгрөгийг шүүхийн яллах дүгнэлтэд дурдсан, шүүхийн шийдвэрлэсэн 2,286,225,638 төгрөгөөс хасахад нийт 1,905,239,938 төгрөг болж байгаа.

            4.8. Шийтгэх тогтоолын 22 дугаар талд “Шүүгдэгч нь хохирогч Н.Б-т 2,299,74 грамм алт өгсөн гэж, хохирогч Н.Б нь хүлээн авсан алт нь байгалиараа байсан тул дээрх хэмжээнд хүрэхгүй гэж тайлбарлах хэдий ч хохирогчийн хүлээн авсан алтны жинг түүнд хүлээлгэн өгсөн 2,299,74 граммаар, ханшийг шүүгдэгчийн тооцоо нийлсэн актад дурдсан 155,000 төгрөгөөр тооцох нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч Б.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хүлээн авсан алтны үнийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Банкны ханшийн лавлагаанд дурдсан 337,886,98 төгрөг гэж тооцуулах санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. Учир нь шүүгдэгч Ц.У нь 2,299,74 грамм алтыг 2021 онд хохирогчид хүлээлгэн өгсөн, энэ талаар өөрийн тооцоо нийлсэн актдаа тухайн үеийн алтны ханшийг 155,000 төгрөгөөр тооцсон байх тул 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Банкны ханшийн лавлагаагаар тооцож хасах нь хэргийн бодит байдалд нийцэхгүй гэж шүүх дүгнэсэн болно...” гэж шүүгч дүгнэсэн.

            Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын шатанд удаа дараа өмгөөлөгч миний бие үйлчлүүлэгч Ц.У-аас иргэн Н.Б-т хамтран ажиллах гэрээний дагуу өгсөн 2,299,74 кг алтанд үзлэг хийлгэж, эрх бүхий этгээдээр үнэлгээ хийлгэж ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан хохирлын хэр хэмжээнээс үнийн дүнг хасуулах хүсэлт удаа дараа гаргасан боловч прокурорын байгууллагын бүх шатанд хүлээн авахаас татгалзаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх алтны үнэлгээнд дүгнэлт хийхдээ 2хх-17 талд авагдсан гарын үсэггүй нотлох баримтыг үндэслэл болгосон. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч шинжээч томилж алтны үнэлгээг тогтоолгохын оронд өмгөөлөгчийн гаргасан олон удаагийн хүсэлтүүдийг хангасан мэт дүр үзүүлж Монгол банкны цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл үйлдсэн. /4хх 174-175 тал/

            Анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг ядаж мөрдөгчийн Монгол банкны цахим санд үзлэг хийсэн тэмдэглэлээр Н.Б-т өгсөн алтны үнийг тогтоосон тохиолдолд өмгөөлөгчийн зүгээс хуульд дөхсөн шийдвэр гаргасан гэж үзэж болох байсан. Гэхдээ мөрдөгч үзлэг хийхдээ ЭХХШТХ-ийн 23.1 дүгээр зүйлийн 5-д заасныг зөрчиж хөндлөнгийн гэрчийг байлцуулалгүйгээр үзлэг хийснийг дурдах нь зүйтэй.

            Шүүгч 1 грамм алтыг 155,000 төгрөг гэж дүгнэсэн мөнгөн дүнгээ ч хохирлын тооцооноос хасаагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо 2хх-17 талд авагдсан тооцоо нийлсэн актыг үндэслэл болгож шийдвэр гаргасан. Тухайн акт дээр нэмэлт гэж дурдсаны дараа ...2021 оны 06 сарын 12-ны өдрөөс 2021 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 2,299,74 грамм алт дундаж 155,000 төгрөгөөр тооцоход 356,459,700 төгрөг болж байна... гэж бичигдсэнийг шүүх шийдвэр гаргахдаа өглөгийн тооцооноос хасалгүй ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан. Шүүгчийн тооцсоны дагуу алтны үнэ болох 356,459,700 төгрөгийг Н.Б-т төлсөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон 1,905,239,938 төгрөгөөс хасаж тооцвол 1,548,780,238 төгрөг болж байна.

            Иймд анхан шатны шүүх ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг илтэд зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, Давж заалдах шатны шүүх ЭХХШТХ-ийн 39.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу ... шийдвэрийг хэргийг бүхэлд нь хянасан гэх боловч хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний талаар ямар ч дүгнэлт хийгээгүй нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.

 

            Тав. Яллах дүгнэлт илтэд хууль зөрчиж үйлдэгдсэн, албан ёсоор гардуулаагүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгг хүсэлт гаргагч талыг оролцуулалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар

            Яллах дүгнэлтийг 2025 оны 01 сарын 28-ны өдөр Ц.У нь өмгөөлөгч Б.Б-ы хамт гарын үсэг зуран хүлээн авсан байдаг. Дээрх 411 дугаар яллах дүгнэлтийн эхэнд “...Хан-Уул дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Анхцэцэг би, 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Б.Д-д холбогдох эрүүгийн … дугаартай хэрэгт Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхбат мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гарган, хяналтад ирүүлснийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад...” гэж 2 өөр хүний нэртэй, хэргийн дугаар ондоо бичигдсэн байгаа нь ЭХХШТХ-ийн 32.10 дугаар зүйлийн 3.1, 5.3, 6 дахь заалтуудыг зөрчсөн байх тул Ц.У-д албан ёсоор яллах дүгнэлт гардуулаагүй талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтэд бичиж шүүхэд хүргүүлсэн боловч шүүгч энэ тал дээр ямар ч дүгнэлт хийгээгүйгээс гадна шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргагч талыг оролцуулалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн.

            Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 03 сарын 21-ний өдрийн 13 цаг 30 минутаас зарласан байдаг. Шүүгдэгч 2 өмгөөлөгчийн хамтаар хуралдаан зарласан цагт шүүх дээр очиж шүүх хуралдааны танхимд орж 16 цаг 30 минут хүртэл шүүгчийг болон улсын яллагчийг хүлээсэн. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга эхлээд шүүгчийн эхний хуралдаан дуусаагүй байгаа тул хүлээх шаардлагатай байна гэж мэдэгдсэн. Үүний дараа шүүх хуралдааны нарийн бичиг Ц.Эрдэнэчимэг шүүгчийн өмнөх хурал тарсан, удахгүй урьдчилсан хуралдаан эхлэх талаар мэдэгдсэн. Ингээд 16 цаг өнгөрч байхад хурал яагаад эхлэхгүй байгаа талаар лавлахад шүүгчийн туслах 14 цаг 30 минутад улсын яллагч өөр хуралдаанд манай шүүх дээр орсон, одоо дөнгөж нотлох баримт судалж байна гэж мэдэгдсэн. Дээрх хугацаанд шүүгч Ц.Эрдэнэчимэг нэг ч удаа шүүх хуралдааны танхимд орж ирээгүй. Өмгөөлөгч миний бие Б.Баатарсайхан өмгөөлөгчийн хамт урьдчилсан хуралдаан цагтаа эхлээгүй, шүүгч шүүх хуралдааны танхимд орж ирэн шүүх хуралдааныг албан ёсоор цаг товлон богино болон урт хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргахгүй байсан тул урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулах хүсэлт бичиж өгөөд шүүхийн байрнаас явсан. Тухайн өдөр өмгөөлөгч Г.Баяржаргал миний бие өвчний улмаас магадалгаа авч цагийн тариа хийлгэж байсан тул урьдчилсан шүүх хуралдааныг албан ёсоор хойшлуулах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байсан. Шүүгчийн туслах шүүх хуралдаан цагтаа эхэлнэ, та боломжтой бол биечлэн оролцоно уу гэж шаардсаны дагуу миний бие тухайн өдөр шүүхийн байранд биечлэн очсон, өрхийн эмнэлэг хаахаас өмнө цагийн тариагаа хийлгэхээр урьдчилсан хуралдааныг хойшлуулах хүсэлтээ шүүхэд гаргасан боловч биднийг байхгүйд шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан, шийдвэр гаргахдаа ядаж ЭХХШТХ-ийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-т заасан яллах дүгнэлтэд бичигдсэн алдааг засалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн алдаатай бичиж гардуулсан яллах дүгнэлтийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч миний зүгээс гаргаж өгөх гэсэн боловч шүүгч нотлох баримт гаргаж өгөх үе шат дууссан гэдэг үндэслэлээр хүлээж аваагүй нь ЭХХШТХ-ийг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.

            Иймд ЭХХШТХ-ийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Ц.У-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мэргэн гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/863 дугаартай шийтгэл тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 сарын 12-ны өдрийн 2025/ДШМ/741 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

 

            Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухай

            Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.” гэжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ” гээд 1.6-д шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана” гээд 2.3 “... шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж тодорхой заасан.

            2025 оны 03 сарын 28-ны өдрийн 863 дугаартай Шүүх хуралдааны тэмдэглэлээс харвал Ц.У-ын өмгөөлөгчид нь саналаа хангалттай илэрхийлсэн боловч Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт өмгөөлөгчийн хэлсэн үг, саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байсан. Анхан шатны шүүхээс үнэлээгүй тул давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан дараах баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг давж заалдах шатны шүүх мөн л магадлалдаа дүгнээгүй байна. Үүнд:

 

          1.Ц.У нь анхнаасаа залилах зорилготой байсан гэж дүгнэхдээ мөнгө зээлэх зорилгоо үнэнээр нь хэлж аваад түүндээ зарцуулсан, гэрээний үүргээ биелүүлэхийн тулд үйл ажиллагаагаа одоо ч явуулсаар байгаа, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байсан зэрэг нотлох баримтыг ямар үндэслэлээр няцаан үгүйсгэсэн;

            2.Ц.У нь гэрээгээр халхавчлан залилан хийсэн гэж дүгнэхдээ Н.Б нь “Хамтран ажиллах тухай гэрээ”-г өөрөө боловсруулсан баримтыг, 500,000,000 төгрөг зээлэхдээ барьцаална гэж тохирсон машин механизм, техникийг банкинд тавьж залилсан гэж дүгнэхдээ Н.Б нь “…” ХХК-ийн 60 хувийн хувьцааг барьцаанд авах шаардлага тавьсан учир барьцааны зүйл өөрчлөгдсөн гэх баримтыг, эцэст нь Н.Б компанийн 60 хувийн хувьцааг өөртөө бүрмөсөн авах санал гаргасан учир “Хамтран ажиллах тухай гэрээ”-г цаашид хэрэгжүүлэх эсэх асуудал гарсан, улмаар шүүхийн маргаан болсныг нотлох баримтуудыг ямар үндэслэлээр няцаан үгүйсгэсэн;

            3.Хавтаст хэргийн материалд байгаа баримтаас харвал хохирогч, мөрдөгч, прокурор, хохирогчийн эхнэр, шүүгдэгч, түүний өмгөөлөгч гээд бүгд өөр дүнгээр хохирлын хэмжээг тогтоосон. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчийн баримтаар гаргаж өгсөн гэх, мөн өөр дүн бүхий актаар хохирлын хэмжээг тогтоосон. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “... хохирлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхийн хууль зүйн дүгнэлт хийж, ...” гэжээ. Мөн “Монголбанкны вэб сайтад үзлэг хийсэн тэмдэглэл”-ийг нотлох баримтаар үнэлсэн байна. Ингэхдээ, Монголбанкны вэб сайтад үзлэг хийсэн тэмдэглэлийн дүнгээр тооцож Н.Б-т өгсөн алтны үнэлгээг гаргаагүй, Ц.У-аас Н.Б-т 300,000,000 төгрөгөөр тооцож өгсөн оффисын талаар дүгнээгүй, тэдгээр дүнг хохирлоос хасаагүй, хохирлын хэмжээг тооцох болон уурхайг, техник, төхөөрөмжүүдийн хамт худалдаж, хохирлыг төлөхөөр шийдвэрлэхийн тулд тэдгээрийн үнэлгээг гаргах зорилгоор тусгай мэргэжил бүхий шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан зэрэг өмгөөлөгчийн гаргасан баримтуудыг ямар үндэслэлээр няцаан үгүйсгэсэн;

            4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд бүтнээр дурдсан Г.Баяржаргал өмгөөлөгчийн хамт гаргасан гомдолд бичсэн бусад үндэслэл, баримтыг ямар үндэслэлээр няцаан үгүйсгэсэн. Өмгөөлөгчийн дээр дурдсан баримтууд нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр байсан. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

 

            Хоёр. Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд

            Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Анхан шатны шүүх талуудын хооронд иргэний эрх зүйн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй, анхнаасаа бодит биш биелэгдэх боломжгүй хэлцлийг шүүгдэгч Ц.У нь хохирогч Н.Б-ыг хуурч байгуулсан гэж дүгнэж, шүүгдэгч Ц.У-ыг залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ. Залилах гэмт хэрэг нь ... өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдлээр илрэх ба бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилгоор үйлдлээ хэрэгжүүлж эхэлдэг нийгмийн хор уршиг ихтэй гэмт хэрэг юм. Шүүгдэгч Ц.У нь Н.Б-аас их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан үйл баримттай маргаагүй хэдий ч хохирогч Н.Б түүнд шилжүүлсэн мөнгийг буцаан авах саналыг 2021-2025 онуудад гаргасаар байхад буцаан төлөөгүй нөхцөл байдал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, шүүгдэгч Ц.У нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэрээгээр халхавчилж, бодит нөхцөл байдлыг нуух замаар тодорхой хэмжээний алтыг хохирогчид өгч, итгэлийг олоод дахин түүнээс өгсөн алтнаасаа илүү хэмжээний мөнгө гаргуулж авах байдлаар үйлдлээ хэрэгжүүлж байсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ.

            Улсын дээд шүүхийн 2019 оны 538 дугаар тогтоолд залилах гэмт хэргийг иргэний эрх зүйн маргаанаас ялгах талаар тайлбарлахдаа “Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц, түүгээр шалтаглаж, бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.

            Ц.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн обьектив тал, Улсын дээд шүүхийн тогтоолд заасан нөхцөлтэй тулган шалгавал гэмт хэргийн шинжгүй бөгөөд харин иргэний эрх зүйн маргаан болох нь харагдана.

            Ц.У нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, ажилчдын цалин болон бусад зардлаа шийдчихвэл уурхай ажиллах гээд байна гэсэн тайлбар нь үнэн бодитой байсан нь баримтаар хангалттай нотлогдож байгаа буюу зохиомол байдлыг зориудаар бий болгоогүй. Н.Б-аас зээлсэн бүх мөнгөө уурхайн үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд өөртөө нэг төгрөг ч аваагүй. Ковидын цар тахал болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаагаа төлөвлөгөөний дагуу явуулж чадаагүй нь өөрөөс нь шалтгаалсан, санаатай үйлдэл байгаагүй гэдэг нь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотлогддог (2хх, 20). Зээлийн гэрээгээ байгуулъя, Хамтран ажиллах гэрээндээ өөрчлөлт оруулъя гэж 7 удаа цахимаар санал явуулж, мессеж бичиж, удаа дараа шаардаж байсан болон боломжоороо үйл ажиллагаа явуулж олсон алтаас гэрээнд заасны дагуу олборлосон алтны 10 хувийг Н.Б-ын төлөөлөгчийн хяналтад өгч байсан болохоос итгэл олох гээгүй, зээлээ төлөхөө байнга илэрхийлдэг зэрэг нь анхнаасаа авсан мөнгөө буцааж өгөхгүй гэсэн санаатай байж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өмчлөгчийг төөрөгдүүлээгүй гэдгийг батална.

            Харин иргэний хууль тогтоомжийн дагуу “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, өөрт ашиггүй хэт нэг талд үйлчилсэн гэрээ болохыг мэдмэгц санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тооцоо нийлсэн акт үйлдэж байсан, гэрээний хугацаа одоо ч дуусаагүй, цаашид хэвийн үргэлжилж үүргээ биелүүлэх боломжтой зэрэг нь иргэний эрх зүйн харилцаа болохыг харуулж байна. Дээрх үндэслэлээр хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэж байна.

 

            Гурав. Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухайд

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа алхам тутамдаа хуульд заасны дагуу хийгдэх ёстой. Хууль зөрчиж бэхжүүлсэн нотлох баримтыг нотлох баримтаас хасаж, үнэлэхгүй байх шаардлагатай бөгөөд тэдгээрийг үндэслэж хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй. Тухайлбал, хуульд заасан процессын дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацааг сунгаагүй бол тухайн хугацаанд хийгдсэн ажиллагааг хүчингүй болгох, нотлох баримтаар тооцохгүй байх нь зарчмын хувьд үндэслэлтэй юм. Мөн дээд шатны прокурорын шийдвэрийг биелүүлэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж байгаа процесс ч үүнд хамаарна. Гэтэл практикт иймэрхүү алдааг ялимгүй гэж үзэн шүүхийн шийдвэр гаргахдаа огт анхаарч үзэлгүй орхигдуулсаар байгаа нь Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай нийцэхгүй байна.

            Ц.У-д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хугацаанд дараах зөрчлүүд гарсан.

            1.Мөрдөн байцаалтын 1 дүгээр хугацааг 2022 оны 10 сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 сарын 06-ны өдөр хүртэл сунгасан (2хх, 103-104). Хоёрдугаар хугацааг сунгасан баримт байхгүй. Мөрдөн байцаалтын гуравдугаар хугацааг 2022 оны 12 сарын 23-ны өдрөөс 2023 оны 1 сарын 23-ны өдөр хүртэл сунгасан (2хх, 110-110). Тэгэхээр 2022 оны 11 сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 сарын 23-ны өдөр хууль бусаар мөрдөн байцаах ажиллагаа явуулсан.

            Мөрдөгчөөс мөрдөн байцаалтын 3 дугаар хугацааг 2023 оны 02 сарын 02-ны өдрөөс 2023 оны 03 сарын 02-ны өдөр хүртэл сунгах санал гаргасан (2хх, 161). 4 дүгээр хугацааг сунгах санал болон сунгасан тогтоол байхгүй. Мөрдөн байцаалтын 5 дугаар хугацааг 2023 оны 02 сарын 23-ны өдрөөс 2023 оны 03 сарын 23-ны өдөр хүртэл сунгах прокурорын тогтоол 2023 оны 02 сарын 23-ны өдөр гарсан (2хх, 162-163). Харин мөрдөгчөөс 2023 оны 02 сарын 27-ны өдөр буюу сунгасан прокурорын тогтоол гарснаас хойш 4 хоногийн дараа 2023 оны 03 сарын 06-ны өдрөөс 2023 оны 04 сарын 06-ны өдөр хүртэл 5 дугаар хугацааг сунгах санал гаргасан (2хх, 164). Мөрдөгч 4 өдөр хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа хийсэн. Прокурорын 2023 оны 1 сарын гээд өдөр нь тодорхойгүй тогтоолоор дахиад л мөрдөн байцаалтын 5 дугаар хугацааг 2023 оны 01 сарын 23-ны өдрөөс 2023 оны 02 сарын 23-ны өдөр хүртэл сунгасан тогтоол гарсан (2хх, 165-166). Мөрдөн байцаалтын 6 дугаар хугацааг 2023 оны 05 сарын 19-ний өдрөөс 2023 оны 06 сарын 19-ний өдөр хүртэл сунгах тухай прокурорын тогтоол гарсан (Зхх, 197-198). Мөрдөгч дараагийн хугацааг 2023 оны 06 сарын 22-ны өдрөөс 2023 оны 07 сарын 22-ны өдөр хүртэл сунгах санал гаргасан (Зхх, 200). Мөрдөн байцаалтын 6 дугаар хугацаа 2023 оны 06 сарын 19-нд дууссан гэхээр 3 хоног хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа хийсэн. Мөрдөн байцаалтын хугацааг 2024 оны 01 сарын 13-ны өдрөөс 2024 оны 02 сарын 13-ны өдөр хүртэл сунгах саналыг мөрдөгч 2024 оны 01 сарын 13-ны өдөр гаргасан (5хх, 20). Гэтэл прокурор 2024 оны 01 сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 сарын 10-ны өдөр хүртэл сунгах тогтоолыг 2024 оны 01 сарын 11-ний өдөр буюу мөрдөгчийн саналаас 2 хоногийн өмнө гаргасан байсан.

            Ийнхүү мөрдөн байцаалтын хугацаа сунгах санал гаргахаас хэд хоногийн өмнө прокурорын тогтоол гардаг, зарим хугацаа сунгасан тогтоол байхгүй, эсхүл мөрдөн байцаалтын хугацаа сунгаагүй байхад хэдэн өдөр, сар дараалан ажиллагаа хийдэг зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан байгааг шүүхээс зайлшгүй анхааран үзэх шаардлагатай. Энэ нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох бөгөөд энд хавтаст хэрэг прокурорын хяналтад байсан болон дээд шатны прокурорын зөвшөөрлөөр прокурорын хянах хугацааг сунгасан хоногуудыг оруулж тооцоогүй болно.

            2.Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2023 оны 11 сарын 09-ний өдрийн 1681 дугаартай доод шатны прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгосон тогтоолд “Н.Б нь “…” ХХК-ийн алт олборлох үйл ажиллагааг санхүүжүүлэн, ашиг хүртэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулан 600,000,000 төгрөг шилжүүлснээс гадна гэрээнд тусгагдаагүй “…” ХХК-тай хамаарал бүхий зардалд 1,357,938,182 орчим төгрөг зарцуулсан” гэх үйлдэл, мөн “800,000,000 төгрөг зээлсэн” гэх үйлдэлд Н.Б, Ц.У нарын хооронд хэрхэн ямар нөхцөл болзлоор, хэзээ, яаж хэрхэн төлөх талаар ярилцаж тохиролцсон; “…” ХХК нь 2021-2022 онд ашигтай ажилласан эсэх зэрэг нөхцөл байдлыг тогтоох, Н.Б-т өгсөн гэх 2299,94 гр алтны үнэлгээг гаргуулах, мөн Н.Б нь “…” ХХК-ийн нэр дээр алт тушааж мөнгийг авсан гэх үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд Ц.У нь Н.Б-ыг хэрхэн хуурч, зохиомол байдлыг бий болгосон, төөрөгдөлд оруулсан талаар дүгнээгүй байна.” гэж үзсэн. (4хх, 154-156). Үүнтэй холбоотойгоор хяналтын прокурорын 2024 оны 01 сарын 11-ний өдрийн “Мөрдөн байцаалтын хугацааг сунгах тухай” тогтоолоор даалгавар бичсэн (5хх, 57-61)

            Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Прокурор дээд шатны прокурорын өмнө ажпаа хариуцна. Прокурор дээд шатны прокурорын хууль ёсны шийдвэр, даалгаврыг заавал биелүүлнэ.” гэж заасан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээд шатны прокурор нь доод шатны прокурорын шийдвэрт хяналт тавьж, гаргасан шийдвэрийг нь доод шатны прокурор заавал биелэгдэх зарчим тусгагдсан.

            Гэтэл өмнөхтэй яг адилхан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн байгаа нь Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын даалгавар биелэгдээгүй, ялангуяа Ц.У нь Н.Б-ыг хэрхэн хуурч, зохиомол байдлыг бий болгосон, төөрөгдөлд оруулсан талаар бодитой дүгнээгүй байна. Ийнхүү дээд шатны прокурорын даалгавар биелэгдээгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Дээрх байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлүүд гарсан байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл тогтоогдохгүй байгаа бөгөөд прокурорын ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоор байгаа нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль болон бусад хуульд заасан үндсэн эрхийн зөрчил болсоор байна.

            Улсын дээд шүүх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангадаг институт болохын хувьд шүүхээс хэрэг шийдвэрлэж байгаа дээрх практикийг залруулсан байдлаар эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн тогтоол гаргаснаар хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтойн дээр, хамгийн гол нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахад томоохон алхам болох юм.

            Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/863 дугаартай шийтгэл тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 сарын 12-ны өдрийн 2025/ДШМ/741 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Ц.У-ыг цагаатгаж өгнө үү” гэв.

 

            Хохирогч Н.Б-ын өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа Ц.У-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт бүрэн тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэж, гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийсэн.

            Прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан 3 үндсэн шинжээр залилах үйлдлийн аргыг оруулж ирсэн. Нэгдүгээрт, хуурч, хоёрдугаарт, зохиомол байдлыг зориуд бий болгож, мөн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж гэсэн 3 үндсэн шинжийн үйлдлийн аргыг хэрэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2,286,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гол маргаантай асуудлын хүрээнд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хамтран ажиллах гэрээтэй холбоотой нөхцөл байдлыг дурддаг. Гэтэл яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрүүдийн үндэслэл болгосон үргэлжилсэн үйлдэл гэдгийг тодорхой үгүйсгэж, няцаасан гомдлын үндэслэлээ тайлбарлаж чадаагүй.

            Учир нь, хуурах гэдгийн хууль зүйн нэр томьёо нь үгээр болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар хохирогчийг төөрөгдүүлдэг, 2 талын итгэлцэлд үндэслэгдэж байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах нь итгэлийг урвуулан ашиглах аргын үндсэн шинж. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулаад эхний 600,000,000 төгрөгийг хохирогчоос шилжүүлэн авч, 2 сарын хугацаанд буцаан өгөх нөхцөлтэйгөөр, мөн 5 жилийн хугацаандаа тухайн металлынхаа 10 хувийг өгнө гэсэн асуудал энэ хүрээнд яригдана. Энэ гэрээ нь бодит байдал дээр биелэгдэх боломжтой байсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харьцуулан судлаад үзэхэд тодорхой хэмжээнд металлыг 2021 онд өгсөн. Улмаар 2023 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд өвлийн улирал дуусаж, олборлолт эхлэх гэсэн боловч Н.Б-ын итгэмжлэлээр хариуцаж байсан ажилтныг “энэ хүн тодорхой үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, танхайрч байна” гэж цагдаагийн байгууллагад мэдэгдэж, уурхайд оруулахгүй болгосон.

            Ц.У нь 2022 оны 04 дүгээр сард субьектив санаа зорилгоор иргэний хэргийн шүүхэд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах арга хэрэгслийг сонгож хэрэглэсэн. Энэ нь хуулийн дагуу хэрэглэх гэж байгаа мэт боловч тодорхой хэмжээнд гэрээний үүргээ биелүүлэхгүй байх, өөрийн санаа зорилгыг гүйцэлдүүлэх нөхцөл байдлыг бий болгосон. 2022 оны 08 дугаар сард Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас Гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан. Энэ нь Хаан болон Хас банктай холбоотой зээлээ хойшлуулах үндэслэлээр авсан гэрчилгээ байдаг. Ковидын нөхцөл байдлын улмаас ажиллах боломжгүй байсан уу, гэрээний биелэлт хангагдах боломжгүй байсан уу гээд үзэхэд хэрэгт Ашигт малтмал, газрын тосны газраас албан бичиг ирүүлсэн бөгөөд “2023 онд “...” ХХК нь уулын ажлын төлөвлөгөө батлуулж байсан. 2023 онд 22 кг алт олборлохоор төлөвлөгөө гаргасан, 2024 онд тухайн алтыг олборлосон байх боломжтой. Учир нь, тухайн алтыг олборлоогүй бол хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл эрх зүйн үр дагавар гарах асуудал яригддаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд Ц.У нь ямар нэгэн байдлаар хохирогчид мөнгө төлөх санаа зорилго байгаагүй.

            Хоёрдугаарт, зохиомол байдлыг зориуд бий болгох гэсэн үндсэн шинжид эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэн хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгосон байхыг шаарддаг. Хэрэгт авагдсан баримтаар 8 тусгай зөвшөөрөл бүхий автомашин буюу тусгай техникүүд, мөн 2 үл хөдлөх хөрөнгийг “би танд дээрх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалъя, та надад 800,000,000 төгрөг өгнө үү” гэсэн албан бичиг хохирогч руу явуулсан. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авч, тухайн лавлагаагаар үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслүүд нь “...” ХХК-ийн нэр дээр байсан хэдий ч “Хас лизинг” ББСБ-ийн өмчлөлд байсан учраас шилжих боломжгүй. Мөн 2 үл хөдлөх хөрөнгө нь Ц.У-ын нэр дээрээс шууд бусад руу шилжих боломжгүй буюу улсын бүртгэлд бүртгэлгүй байсан. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тухайн 2 үл хөдлөхийг “манай аав, ээжийн нэр дээр байдаг” гэсэн боловч хэрэгт энэ талаарх баримт байхгүй. Энэ нь зохиомол байдлыг зориуд бий болгосон гэж үзсэн.

            Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд Н.Б-аас Ц.У-д нийт 2,7 тэрбум төгрөг шилжүүлж өгсөн. Энэ 2,7 тэрбум төгрөгөөс зарим мөнгийг нь буцааж өгөөд, заримыг нь тухайн өдрийн хувьд зээлж авсан гэх мэтчилэн санаа зорилгын хувьд Н.Б-т “би мөнгөө буцааж өгдөг” гэсэн сэдэл, зорилгыг төрүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Нийт хохирлын хэмжээ 2,200,000,000 төгрөгөөр тогтоогдсон нь хууль зүйн үндэслэл бүхий болсон. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 51 дугаартай тогтоолд зааснаар “Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг” гэж үздэг. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан журмыг баримталж хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

         

            Хохирогч Н.Б-ын өмгөөлөгч Б.Отгонбат тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа Хууль зүйн фактыг 3 ангилж байгаа. Учир нь, шүүгч ингэж дүгнэлт өгсөн.

 

            Нэгдүгээрт, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 600,000,000 төгрөгийг хамтран ажиллах гэрээгээр авсан. Энэ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг Улсын дээд шүүх 2019 оны 359 дүгээр тогтоолоор дэлгэрүүлэн тайлбарлаж, ямар тохиолдолд ялгах вэ гэдгийг эрүүгийн эрх зүйд тайлбар хийсэн. Энэ агуулга нь “600,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө болгоод үйл ажиллагаа шууд явуулна, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд танд энэ мөнгийг чинь өгье, та 5 жилийн хугацаанд манай үйл ажиллагаанд оролц, хоёулаа хуулийн этгээд байгуулахгүй байя, та жил бүр хяналтаа тавиад, гэрээгээ дүгнээд, гэрээний талаар гомдлын шаардлага гаргая, эсхүл гэрээний эрсдэлээ хамт үүрье” гэж гэрээ хийсэн. Гэтэл Ц.У нь мөнгө аваад бодит байдалд зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг “600,000,000 төгрөгөөс өөр ямар ч өр зээл байхгүй” гэж нуусан. Шууд эргэлтийн хөрөнгө болгоно гэсэн байтал 276,000,000 төгрөгийг нь 2020 оны тогны төлбөрт төлсөн, ... аймагт авсан 2 иргэний нэр бүхий техникийн түрээс гэж 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн хуримтлагдсан татварын өр, нийгмийн даатгал гэж 72,000,000 төгрөгийг 2020 оны төлбөрт төлсөн. Гэтэл тухайн 600,000,000 төгрөгөөр эргэлтийн хөрөнгө хийж, үйл ажиллагаа явуулах байтал 470 сая төгрөг нь өрөнд зарцуулагдсан. Тиймээс хамтран ажиллах гэрээнд заасан мөнгө зориулалтын дагуу ашиглагдаагүй, бодит байдлыг нуугаад зохиомол байдлыг зориуд бий болгосон. Мөн энэ мөнгийг аваад 6 дугаар сараас “түлшний мөнгө байхгүй, ийм мөнгө хийхгүй бол таны 600,000,000 төгрөгийг төлөх боломжгүй, та авч чадахгүй шүү дээ ах аа” гэсэн тул Н.Б нь хөрөнгө оруулсан, уурхайн үйл ажиллагааг нь явуулахын тулд аргагүйн эрхэнд дахин мөнгө өгсөн. Энэ нь 2 дахь үргэлжилсэн үйлдэл юм.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Ц.У энэ мөнгөнөөс өөртөө нэг ч төгрөг аваагүй” гэж худал хэлж байна. 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 6 удаагийн үйлдлээр Ц.У-ын Голомт банкны дансанд 195,125,000 төгрөгийг хувьдаа зарцуулсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. “...” ХХК-ийн нягтлан “Ц.У өөрийнхөө дансаар авсан, би үүний зарцуулалтыг мэдэхгүй” гэж мэдүүлсэн. Тиймээс тухайн хөрөнгө оруулалт зориулалтын дагуу ашиглагдаагүй байна.

 

            Хоёрдугаарт, хоёр шатны шүүх гэрээгээр халхавчилж, хуурч мэхэлсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон. Ц.У нь “Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээ, тухайн 8 тоног төхөөрөмж, 2 үл хөдлөхийг танд 500,000,000 төгрөгөөр барьцаалж байна” гэж бичээд 500,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сард авсан. Энэ үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн “хуурч” гэсэн шинжийг бүрэн хангаж байна.

 

            Гуравдугаарт, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “1,000,000,000 төгрөг зээлээч, энэ зээлийн хариуд ашигт малтмалын лицензийг эх хувиар нь танд өгч барьцаална” гэх хүсэлтийг “...” ХХК-ийн албан бичгээр явуулсан. Энэ үйл баримтаар залилах гэмт хэргийн шинж хангагдсан. Өөрөөр хэлбэл, Хаан банкны барьцаанд тухайн лиценз байдаг бөгөөд эх хувь нь Ц.У-д байхгүй. Хамтран ажиллах гэрээ нь Улсын дээд шүүхийн тайлбарт дурдсан шиг эрсдэл үүссэн нөхцөл байдал бий болоогүй. Н.Б нь 2022 оны 3 сард өөрийнхөө хүнийг хяналтаар тавих гэсэн боловч түүний томилсон хүнийг хөөж гаргаад цагдаагийн байгууллагад өгсөн баримт нь хэрэгт авагдсан. Энэ нь хамтран ажиллах гэрээнд заасны дагуу эрсдэлийг үүрэх, хяналт хэрэгжүүлэх ямар ч боломжгүй нөхцөл байдал бий болгосон. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар татахаас өмнө огт тооцоо нийлсэн акт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, талууд тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийн баталгаагаа гаргаагүй. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа гаргаж, илэрхийлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлшгүй тогтоогдсон.

            Мөн хохирлын дүн зөрүүтэй. Анхан шатны шүүх хуралдаанд Н.Б “шүүх хэдийг өгнө, тэрийг л би авъя, би 1,927,735,000 төгрөг авах ёстой” гэж илэрхийлсэн. Шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хохирлын хэмжээг тогтоосон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан 3 дипотезыг зөв хэрэглэсэн. Мөн Улсын дээд шүүхийн 538 дугаар тайлбарт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан гэж үзэж байгаа учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

   Хохирогч Н.Б тус шүүх хуралдаанд цахимаар оролцож гаргасан саналдаа 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үл таних Ц.У гэх хүн надтай ирж уулзсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан гэж үзэж байна. Би Ц.У-д нийт 2,620,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тооцоо нийлсэн актаар надад өгсөн 380,000,000 төгрөг хасаж, 2,296,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж хохирлоо тогтоосон. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал “2.2 тэрбум төгрөгөөс өмнө хасуулсан 380,000,000 төгрөгийг дахин хасуулах ёстой” гэж будилуулдаг.

Мөн алтны үнэлгээг би Ц.У-ын үнэлсэн үнэлгээгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнийг шүүх тэр дүнгээр нь тогтоосон байх. Зохиомол байдлыг үүсгэсэн гэдэг нь 2 удаагийн албан бичгээр тогтоогдоно. Ц.У “лиценз барьцаална, лиценз аваачаад танд өгнө” гэсэн боловч тухайн лицензийг нэг ч удаа эх хувиар нь харж байгаагүй. Мөн Ц.У нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хувь хүнд лиценз барьцаалж болдоггүй гэдгийг мэддэг” гэж хариулсан нь өөрөө мэддэг байсан байж надад “барьцаална” гэж удаа дараа худлаа ярьсан болж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

            Тус шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх аливаа хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст Эрүүгийн хууль, түүнд тусгагдсан хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэх нь шүүн таслах ажиллагааны гол зорилт байдаг. Гэтэл хоёр шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд прокурорын яллах дүгнэлт болон шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ хязгаараас давж, уг хэргийн хүрээнд шинээр үйлдэл нэмж зүйлчлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн байна.Үүнд:

 

1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хэрэгт хэд хэдэн янзын үйлдлийн тоо болон хохирлын үнийн дүнтэй баримтууд авагджээ. Эхнийх нь 2 дахь хавтаст хэргийн 17 дугаар хуудаст тооцоо нийлсэн актаар 2021-2022 онд үргэлжилсэн 23 удаагийн үйлдлээр 2,286,225,638 төгрөг, 2 дахь хавтаст хэргийн 151-157 дугаар хуудаст дансны гүйлгээний үзлэг хийсэн тэмдэглэлээр 27 удаагийн гүйлгээгээр нийт 2,819,131,009 төгрөг /энэ зөвхөн хохирогч Б-ын данс, эхнэрийн данс ороогүй дүн/, хохирогчийн мэдүүлэгт 11 удаагийн гүйлгээгээр 2,609,144,838 төгрөг, харин прокурорын яллах дүгнэлтээр 11 удаагийн гүйлгээгээр 2,286,225,638 төгрөг гэсэн хохирлын дүн гарсан байдаг.

Прокуророос хохирлын хэмжээг 2,286,225,638 (хоёр тэрбум хоёр зуун наяан зургаан сая хоёр зуун хорин таван мянга зургаан зуун гучин найман) төгрөг гэж тогтоохдоо хохирогчийн мэдүүлэгт үндэслэж, 356,459,700 төгрөгийн алтны үнэлгээг хасч тооцсон бөгөөд шүүх уг дүнг шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Гэвч прокуророос 2021-2022 оны хооронд хохирогчоос хийгдсэн нийт 11 удаагийн гүйлгээний үнийн дүнгийн нийлбэрийг гаргахдаа тооцооллын нарийвчилсан үндэслэл, гүйлгээ бүрийн огноо, мөнгөн дүн зэргийг тодорхой тусгаагүй, шүүх прокурорын тооцооллыг үндэслэлтэй гэж үзэхдээ 2 дахь хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд байгаа баримтыг гол үндэслэл болгон ашигласан боловч тухайн баримтад тусгагдсан үнийн дүнд анхаарал хандуулж, үйлдлийн бодит утгыг орхигдуулсан байна.

Өөрөөр хэлбэл, тус баримтад нийт 23 удаагийн гүйлгээ бүртгэгдсэн байхад прокурорын яллах дүгнэлтэд 11 удаагийн үйлдэл тусгагдсан, харин шүүх шийдвэр гаргахдаа хохирлын дүнд анхаарал хандуулсан болохоос нийт хэдэн удаагийн үйлдэл нь тухайн хохирлыг учруулсанд анхаарал хандуулаагүй, үүнээс үзэхэд нэмж 12 үйлдлийг гэм буруутайд тооцсон гэж үзэхээр байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн шаардлагыг зөрчжээ.

 

2.Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу тухайн хэрэгт нотолбол зохих зүйл, нөхцөл байдлыг бүрэн, бодитоор тогтоосны үндсэн дээр хэргийг шүүхэд шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл уг хэрэгт зөрүүтэй байгаа хохирлын үнийн дүнг нягтлан шалгаагүй, бодитойгоор тогтоогоогүй, хохирогчийг төөрөгдөлд оруулсан гэх шүүгдэгчийн барьцаанд тавихаар тохирсон техник хэрэгсэл, байшин барилга зэрэг хөрөнгийн жинхэнэ эзэмшигч, өмчлөгчийг тогтоож, гэрчийн мэдүүлэг авч шалгаагүй, үнэхээр түүний мэдүүлснээр эцэг эхийн хөрөнгө мөн эсэх, тэдгээрийг барьцаанд тавих эрх зүйн боломж байсан эсэхийг тодруулж тогтоох ажиллагаа хийгдээгүй.

Түүнчлэн прокуророос “залилах гэмт хэргийг хамтран ажиллах гэрээгээр халхавчлан үйлдсэн” гэж дүгнэн нийт хохирлыг тооцсон нь үндэслэлтэй эсэх, гэтэл гэрээгээр 600 сая төгрөг, харин бусад хохирлын хувьд залилах гэмт хэргийн үйлдлийн ямар арга хэлбэрийг ашигласан, ар араасаа үүссэн хохирлын үе шат, түүний тодорхой хамаарлыг тус тусад нь ялгаж, зааглаагүй, шүүгдэгчийн санаа зорилго, хуурч мэхлэх хэлбэр, хохирогчтой үүсгэсэн харилцааны бодит шинжийг бүрэн тогтоож чадаагүй нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсаныг харуулж байна.

 

3.Залилах гэмт хэргийг иргэний эрх зүйн маргаанаас ялгаж шийдвэрлэх шүүхийн практикт нэгэнт тогтсон, Монгол Улсын дээд шүүхээс гаргасан олон тогтоолуудаар тодорхой тайлбарлагдсан байдаг. Нэг талаас хохирогчийн ашиг олох гэсэн шунахай зорилго байсан үүнийгээ гүйцэлдүүлэх зорилгоор 2.2 тэрбум төгрөг шилжүүлсэн, нөгөө талаас шүүгдэгч Ц.У-ын хувьд уг байдлыг ашиглаж, хамтран ажиллах гэрээнээс улбаалан удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлэн авсан, ингэж авах хугацаандаа гэмт хэрэг эхэлсэн цаг хугацаанаас дуусах цаг хугацаа хүртэл дунд нь 6 удаа зээл болгон авсан мөнгийг эргэж хохирогчид төлсөн мэт харагдуулах үйлдэл нь хохирогчийн итгэлийг олж авах зээл мэтээр дүр үзүүлэх зэрэг залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлүүд хийгдсэн байдаг.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэрэгт шүүхээс шийтгэх, эсхүл цагаатгах тогтоолын аль нэг нь гарах журамтай бөгөөд аль ч шийдвэр гаргасан нотлох баримт хангалттай цугларсны дараа шүүх шийдэх хуультай. Одоогийн нөхцөлд нотлох баримтын хүрэлцээ, чанар хангалтгүй байгаагаас шалтгаалан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад хууль зөрчиж гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэсэн прокурорын дүгнэлтийг гаргаж байна” гэв. 

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, Б.Мэргэн нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.У-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Анхцэцэгийн бичсэн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 411 дугаартай яллах дүгнэлтийг судалж үзэхэд шүүгдэгч Ц.У нь “…” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа … аймгийн … сумын нутагт орших ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий уурхайн үйл ажиллагаанд зориулж иргэн Н.Б-аас зээлэх 600,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд буцааж төлөхөөс гадна 5 жилийн хугацаанд олборлосон ашигт малтмалынхаа 10 хувийг тухай бүр нь өгөхөөр хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Н.Б-тай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээгээр халхавчлан 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд мөнгө зээлэх, төлбөр төлүүлэх зэргээр 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2,286,225,638 төгрөгийн хохирол учруулсан   (5 дахь хавтаст хэргийн 102 дахь тал) гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “... Шүүх, талуудын хооронд иргэний эрх зүйн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй байх ба шүүгдэгч, хохирогч нарын хооронд гэрээний хэрэгжилтийн явцад ямар нэгэн маргаан үүсээгүй, харин анхнаасаа бодит биш биелэгдэх боломжгүй хэлцлийг шүүгдэгч Ц.У нь хохирогч Н.Б-ыг хуурч байгуулсан гэж дүгнэв. Шүүгдэгч Ц.У нь хохирогч Н.Б-аас их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан нь тогтоогдсон, энэ үйл баримттай шүүгдэгч маргаагүй хэдий ч хохирогч Н.Б түүнд шилжүүлсэн мөнгийг буцаан авах талаар гомдол саналыг 2021-2025 онуудад гаргасаар байхад яагаад буцаан төлөөгүй талаарх тайлбар хууль зүйн үндэслэл муутай, түүний үйлдэл гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг зөвтгөх боломжгүй байна…” гэж дүгнэн, шүүгдэгч Ц.У-ыг залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, түүнээс 2,286,225,638 төгрөг гаргуулж хохирогч Н.Б-т олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Харин давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч Г.Баяржаргал, Б.Мэргэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд “… шүүгдэгч Ц.У нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэрээгээр халхавчилж, бодит нөхцөл байдлыг нуух замаар тодорхой хэмжээний алтыг хохирогчид өгч, итгэлийг олоод дахин түүнээс өгсөн алтнаасаа илүү хэмжээний мөнгө гаргуулж авах байдлаар үйлдлээ хэрэгжүүлж байсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаар болон хохирлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.У-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг буруутгах, няцаах үндэслэл тогтоогдсонгүй…” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

2.Шүүгдэгч Ц.У-ын өмгөөлөгч Г.Баяржаргал, Б.Мэргэн нар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохдоо “Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэг талыг барьж дутуу явагдсан, хохирлын тооцоог буруу гаргасан, анхан болон давж заалдах шатны шүүх өмгөөлөх талын нотлох баримт, санал дүгнэлт, гомдлыг няцаан үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй, Ц.У нь “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу Н.Б-аас авсан мөнгийг “…” ХХК-ийн уурхайн үйл ажиллагаанд бүрэн зарцуулсан боловч гэнэтийн давагдашгүй хүчин зүйлүүдээс болж гэрээний хэрэгжилтэд эрсдэл үүссэн тул Ц.У-д холбогдох хэргийг залилах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулах” тухай санал, дүгнэлт гаргасан бол хохирогч Н.Б-ын өмгөөлөгч О.Санчирбал, Б.Отгонбат нарын хувьд “Шүүгдэгч Ц.У нь бодит байдлыг нуух замаар биелэгдэх боломжгүй хэлцэл хийж, удаа дараагийн үйлдлээр хуурч мэхлэн их хэмжээтэй хохирол учруулсан нь нотлогдсон тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх” тухай санал, дүгнэлтийг тус тус гаргаж,  өмгөөлөгч нарын хэн аль нь Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 51 дугаартай (Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар) тогтоолыг иш татан мэтгэлцэв.

 

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоолын 7 дахь хэсэгт “Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заасан нь шүүхийн практикт тогтсон хууль хэрэглээний ойлголт болно.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын хүрээнд хийгдэх шүүхийн үйл ажиллагаа нь гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан хэлэлцэж, гэм буруутай нь тогтоогдсон хүнд шударга ёсны зарчимд нийцсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна гэм буруутай болох нь нотлогдоогүй, гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсвэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байхад мөн адил чиглэнэ.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах талаар оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.

 

Шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах, гэм хорын хохирлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.

 

Гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “In dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим нь үндэслэлгүйгээр яллах ба шийтгэх явдлыг гаргуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах агуулгыг илэрхийлдэг бөгөөд энэхүү зарчим нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан болно.

 

4.Шүүгдэгч Ц.У-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг судалж үзэхэд энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэг талыг барьж дутуу явагдсан, хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээт байдал хангагдаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тодорхой мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй нь оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ яллах болон өмгөөлөх талын шинжлэн судалсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь үнэлж, хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар иж бүрэн дүгнэлт хийгээгүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан зарим санал дүгнэлт, гомдлын талаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хууль ёсны ба үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэв.

 

Ийнхүү эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдаж, хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход нотлох баримтын хүрэлцээт байдал хангагдаагүй байх тул хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

Иймд хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 863 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 741 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ц.У-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах талаар өмгөөлөгч Г.Баяржаргал, Б.Мэргэн нарын гаргасан гомдолд хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүгдэгч Ц.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг прокурорт хүргүүлэх хүртэл түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 863 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 741 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Ц.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг прокурорт хүргүүлэх хүртэл түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Ц.ОЧ

           

ШҮҮГЧИД                                           Б.БАТЦЭРЭН

 

                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                  Б.ЦОГТ