Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 703

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т ” ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0016364 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******, И.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням нар оролцов. 

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: “Т ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани 59,090,909.00 төгрөгөөр худалдан авалт бодитойгоор хийсэн нь үнэн, дээр нь 5,909,090.00 /НӨАТ 10%/ төгрөгийн бэлтгэн нийлүүлэгч талд төлсөн байтал өөр компанийн өмнөөс дахин 10%-ийг нь төлөх ёстой гэж акт тавьсан нь хууль бус гэж үзэж байна. Татварын улсын байцаагчид ТЕГ-ын ХШУАЗГ-т хүргүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №10Д/57238 дугаартай албан тоотыг үндэслэл болгож, “Ц*******” ХХК-иас хий бичилттэй НӨАТ-ын падаан авч татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн бодол тээж шалгалт хийсэн, “Ц*******” ХХК-иас хий бичилттэй НӨАТ-ын падаан авч татвар төлөхөөс зайлсхийсэн...” гэж дүгнэсэн нь тус компаниас худалдан авалт хийсэн байгууллага бүрийг хий бичилттэй НӨАТ-ын падаан авч татвар төлөхөөс зайлсхийсэн гэж буруутгах, улмаар хариуцлага тооцох үндэслэл болохгүй юм. Иймд бидний эдгээр байдлыг харгалзан үзэн эн актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны үйл ажиллагааг эрхлэхээр үүсгэн байгуулагдсан, 1 гишүүнтэй, 1.000,000 төгрөгийн дүрмийн сантай, 5******* тоот регистрийн дугаартай, “Г*******” ХХК-ийн 6 дугаар төвд 1601******* тоот төгрөгийн данстай, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол ******* тоот гэрийн хаягаар байрладаг “Т ” ХХК-ийн 2013 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх 26150400199 тоот томилолт”, “Татварын хяналтын шалгалт хийх ерөнхий удирдамж”, “ЦЕГ-ын ЗБГХТГ-ын 2014 оны 10 дугаар сарын 31-ны 10д/5723, 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 9д/1553”, “Татварын ерөнхий газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 7/653” тоот албан бичгийн дагуу санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, гааль болон хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д*******, И.Х******* нар хэсэгчилсэн шалгалт хийв. 

Татварын хяналт шалгалтаар нийт 59,090,909.00 төгрөгийн зөрчил илэрсэн нь Монгол Улсын хууль тогтоомжийн заалтыг дараахь байдлаар зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд:

2013 оны 05 дугаар сарын 29-ны өдөр “Ц*******” ХХК-иас 013259223 тоот падаанаар 59,090,909.00 төгрөгийн бараа материал худалдан авснаар баримт бүрдүүлэн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулан, албан татвар төлөхөөс зайлсхийсэн нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.13-д “нэгдсэн дугаар бүхий Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо, хэмжээ, тэдгээрийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг”, 14 дүгээр зүйлийн 14.3-д “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй”, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “санхүүгийн тайлан нь үнэн, зөв бараа материал бодит тоо, мэдээнд үндэслэх...”, 7 дугаар зүйлийн 7.7-д “анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно...”, 17 дугаар зүйлийн 17.2-т “аж ахуйн нэгжийн удирдлага нь санхүү, бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан баталж, мөрдөж ажиллана...”, 20 дугаар зүйлийн 20.1-д “нягтлан бодогчийн үйл ажиллагаанд... хориглоно...”, 20.1.4-д “хуурамч баримт бүрдүүлэн гүйлгээг дансанд бичих...” гэж заасныг зөрчсөн тул Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн дээрхи зөрчилд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 260016364 тоот акт үйлдсэн.

“Ц*******” ХХК нь Чингэлтэй дүүрэгтэй харилцдаг. 2013 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 108,609,100.00 төгрөгийн борлуулалтын орлоготой, 358,609,100.00 төгрөгийн худалдан авалттайгаар тайлагнасан, одоогоор татварын программд нэмэгдсэн өртгийн албан татварын 250,000,000 төгрөгийн илүү төлөлттэйгээр харагдаж байна. 2013 оноос хойш татварын тайлангаа тушаагаагүй, эрэн сурвалжлагдаж байгаа компани болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т ” ХХК нь тус шүүхэд “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0016364 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д*******, И.Х нар Татварын хяналт шалгалт хийх томилолт, Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 9д/1828 тоот албан бичгийн дагуу “Т ” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж “Ц*******” ХХК-иас 013259223 тоот падаанаар 59,090,909.00 төгрөгийн хуурамч падаан бүхий худалдан авалтыг “нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан гэж үзэж 5,909,090.9 төгрөгийн нөхөн татвар, 1,778,727.2 төгрөгийн торгууль, 1,084,909.0 төгрөгийн алданги ногдуулжээ.

“Т ” ХХК нь уг актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд тус тус гомдол гаргасныг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг үндэслэн татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 260016364 тоот актаар нийт 8,766,727.10 төгрөгийн төлбөр тогтоосноос 1,772,727.20 төгрөгийн торгууль, 1,084,909.00 төгрөгийн алданги, нийт 2,857,636.20 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 5,909,090.90 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын төлүүлэхээр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл тогтоосон байна. 

Дээрх тогтоолыг Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл хэвээр баталсан байна.  

Нэхэмжлэгч “Т ” ХХК-иас “бодитой худалдан авалт хийсэн нь үнэн, татварын улсын байцаагч нар “Ц*******” ХХК-аас хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч татвар төлөхөөс зайлсхийсэн гэх бодол тээж шалгалт хийсэн” гэж маргасан байна.

Татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч “Т ” ХХК нь нэхэмжлэлдээ “Ц*******” ХХК-иас 59090909,00 төгрөгийн шилэн хорго авсан бодит худалдан авалт хийж тайлан балансдаа тусгасан гэж тайлбарлаж, энэ нь орлогын ордерын тасалбар, кассын зарлагын ордер зэрэг анхан шатны баримтуудад тусгагдсан хэдий ч “Ц*******” ХХК нь 2012 оноос хойш санхүүгийн тайлан гаргаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Оаас ирүүлсэн “...“Ц*******” ХХК 2012 оноос хойш санхүүгийн тайлан гаргаж ирүүлээгүй..” гэх 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 4/1573 дугаар албан бичиг , “Т ” ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, мөн оны 03 дугаар сарын 20-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтад  бэлэн мөнгө олгосон байгууллагын нэр бичигдээгүй зэргээр нотлогдож байх тул бодит байдал дээр “Т ” ХХК болон “Ц*******” ХХК-ийн хооронд бодитой худалдан авалт хийгдээгүй гэж үзэхээр байна. 

Иймд нэхэмжлэгч “Т ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг тус тус баримтлан “Т ” ХХК-ийн “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0016364 тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           О.ОЮУНГЭРЭЛ