Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2020/0512

 

“Д Б  Ө” ЗГБХН-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Т.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 415 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Д Б Ө” ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 415 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11 дүгээр зүйлийн 11.1.21-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 5 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэн” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 251 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 441 дүгээр магадлалтай захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн 73,69 га талбайгаар Засгийн газрын 2011 оны 174, 2012  оны 194 дүгээр тогтоолын дагуу ямар хэмжээтэй талбай хасагдсаныг хянаж, уг талбайг буцаан олгохыг даалгаж шийдвэрлэсэн болно.

Иймд шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй гэж заасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг зөрчиж байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ “... нэхэмжлэгчийн хасагдсан талбайгаас 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайн хэмжээг солбицлоор нь тодорхой болгосны үндсэн дээр “Х Х” ХХК-ийн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна.

Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн заагийг координатаар нь тогтоож, улсын бүртгэлд бүртгэж, мэдээллийн санг хөтлөх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм.

Ийм ч учраас хариуцагч өөрийн мэдээллийн санд “Х Х” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас ямар хил заагаар хасагдаж, ямар хил заагаар буцаан олгосон нь уг мэдээллийн санд бүртгэгдэж байхын хамтаар “Х Х” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн хавсралтад координат нь бичигдсэн байхад, мөн дээр дурдсан шүүхүүдийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд уг координатыг бичсэн байхад солбицолыг тодорхой болго гэж илтэд үндэслэлгүй дүгнэлт гаргасан нь хууль бус байна.

Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 7/4968 дугаар албан бичгээр “Д Б  Ө” ЗГБХН-д бичил уурхайн зориулалтаар олгосон талбайн дүгнэлтээ хүчингүй болгосон болохоо мэдэгдсэн.

Гуравдагч этгээд болон хариуцагчаас шүүх хуралдаан дээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь ийнхүү албан бичгээр гаргасан шийдвэрээ буцаад адилхан албан бичгээр хүчингүй болгосон гэж тайлбарлаад байхад дүгнэлт гаргаж шийдвэрлээгүй гэж илт хууль бус дүгнэлт хийсэн байна.

Гуравдагч этгээдийн маргасан нэхэмжлэгч “Д Б Ө” ЗГБХН-д бичил уурхайн  зориулалтаар сумын иргэдийн хурлын газрыг тусгай хэрэгцээнд авсан шийдвэрийг үйлчлэл дуусгавар болсон тул бичил уурхай эрхлэх эрхгүй гэсэнд шүүх илт үндэслэлгүйгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хүчинтэй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 6.1.2-т бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгчдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймгийн Засаг даргад уламжлах, 7.1.2-т “Аймаг, нийслэлийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэх” нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг байхаар, сумын Засаг дарга 7.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан шийдвэрийг хүлээн авсанаас хойш 10 хоногт багтаан бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах олборлох гэрээг байгуулахаар” тус тус журамласан байна.

Дээрх Засгийн газрын тогтоол гарснаар, журмын дагуу Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах эрх хэмжээ нь дуусгавар болж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эрх нь шилжсэн тул Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/09-01 дугаар тогтоолоор бичил уурхайн зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх бөгөөд уг тогтоолоор тусгай хэрэгцээнд авагдсан газарт нэхэмжлэгч “Х Х” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр эзэмших талбайг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хамаарахгүй болгосон.

Гэтэл анхан шатны шүүх Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтоол хүчинтэй гэж илтэд эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Гуравдагч этгээдээс ашигт малтмалын хайгуул хийж, нөөцийг тогтоосон талбайд бичил уурхайн зориулалтаар газар олгох нь Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн хууль ёсны шаардах эрх үүсээгүй гэж маргасанд дүгнэлт өгөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс гадна нэхэмжлэгч “Д Б Ө” ЗГБХН нь шүүхэд илтэд үндэслэлгүй тайлбарыг удаа дараа гаргаж, үүнийг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, энэ хугацаанд манай хуулийн дагуу эзэмших эрхтэй талбайд олборлолт явуулж байгааг шүүх анхаарсангүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх “Д Б Ө” ЗГБХН-иас, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр “Х Х” ХХК-д MV-000267 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулан олгохдоо Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан “Д Б Ө” ЗГБХН-д олгосон талбайтай давхцуулан олгосныг хууль бус болохыг тогтоож, давхцалтай хэсгээр хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 5 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр шийдвэр[1], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр магадлалаар[2] “Х Х” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан хэсгээс Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулахыг даалгаж” шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг үндэслэсэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр[3] “Х Х” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-000267 тоот тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулсан” байна.   

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэж заасны дагуу хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 2016 онд гуравдагч этгээд “Х Х” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулжээ.

Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолын хавсралтаар[4] тус сумын “Туулын цагаан тохой” нэртэй газарт 2,43 га газрыг бичил уурхайн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авчээ.

Түүнчлэн нэхэмжлэгч “Д Б Ө” ЗГБХН нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргатай 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын цагаан тохой” нэртэй газарт орших улсын тусгай хэрэгцээний газраас 1,0 га-д алт олборлох үйл ажиллагаа явуулахаар” ашигт малтмал олборлох гэрээ байгуулж[5], бичил уурхайн зориулалтаар газар хүлээлцсэн тухай акт үйлдсэн байна[6].    

Эндээс үзвэл Булган аймгийн Бүрэнхангай сумын Засаг дарга “Х Х” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн газартай давхцуулан 2018 онд “Д Б Ө” ЗГБХН-д бичил уурхайн зориулалтаар газар олгосон байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, нөгөө талаас хамгаалагдах эрх ашиг гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан цаг хугацааны хувьд дараа нь 2018 онд нэхэмжлэгчид бичил уурхай зориулалтаар газар олгосон байх тул гуравдагч этгээдийн “... нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэх гомдол үндэслэлтэй байна.  

Түүнчлэн анхан шатны шүүхээс 2016 оны шүүхийн шийдвэр, магадлал бодитой биелэгдээгүй гэх боловч нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар давхцалтай талаар хэргийн оролцогч нар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд энэ талаар тайлбарласан, мөн Ашигт малтмал, газрын тосны газраас давхцалыг харуулсан зургийг[7] ирүүлсэн.

Эндээс үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрын давхцал бодит байдал дээр болон холбогдох байгууллагаас ирүүлсэн зурагт тодорхой байхад дахин нөхцөл байдлыг тогтоолгохоор түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална”, Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан хавсралтын 2.5-д “Энэхүү журмын 9.1.1-д заасан дүгнэлтээр бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжгүй нь тогтоогдвол тухайн сум, дүүргийн Засаг дарга бичил уурхай эрхлэгч этгээдэд мэдэгдэж, өргөдлийг буцаана”, 9.1.1-д “Энэхүү журмын 8.1.3-т заасан хүсэлтийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-д заасан дүгнэлтийг ажлын 10 хоногт багтаан гаргаж, уг дүгнэлтэд холбогдох мэдээллийг хавсарган аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх”, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-д “Энэ хуулийн 12.1.5-д заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ” 11.1.21-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг хянан шийдвэрлэх” гэж тус тус заасан.

Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газар нь бичил уурхайн зориулалтаар сонгогдсон газар хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, энэ талаар аймгийн Засаг даргад хүргүүлэх бөгөөд сумын Засаг дарга газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжгүй талаар өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэхээр байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6/4596 дугаар албан бичгээр[8] “Туулын цагаан тохой” нэртэй газарт 2,43 га газрыг бичил уурхайн зориулалтаар ашиг боломжтой”, тус газрын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7/4957 дугаар албан бичгээр[9] “... “Х Х” ХХК-ийн MV-000267 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг буцаан олгосон байх тул уг тусгай зөвшөөрөлтэй давхцалтай олгогдсон бичил уурхайн зориулалтаар олгогдсон талбайн дүгнэлтийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллана уу” гэж Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргад мэдэгдсэн байна.

Үүнээс үзвэл Ашиг малтмал, газрын тосны газраас Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргад “Х Х” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайг буцаан олгосон тул шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахыг анхааруулсан боловч 2018 онд нэхэмжлэгч “Д Б Ө” ЗГБХН-д бичил уурхайн зориулалтаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.  

Мөн анхан шатны шүүхээс бичил уурхайн зориулалтаар олгосон талбайд дүгнэлт гараагүй гэж дүгнэсэн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Дүгнэлтийг албан бичгээр гаргасан, албан бичгийг мөн албан бичгээр хүчингүй болгосон” гэж тайлбарлаж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 415 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.21-д заасныг тус тус баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 5 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэснийг “Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 11 дүгээр зүйлийн 11.1.21, 11.1.23-д заасныг тус тус баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр “Х Х” ХХК-д MV-000267 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулан олгохдоо Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан “Дэлгэрэх баян өгөө” ЗГБХН-д олгосон талбайтай давхцуулан олгосныг хууль бус болохыг тогтоож, давхцалтай хэсгээр хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.   

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд “Х Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.  

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                            С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] 2 хавтас 148-159 хуудас

[2] 2 хавтас 162-168 хуудас

[3] 1 хавтас 14 хуудас

[4] 2 хавтас 69-73 хуудас

[5] 1 хавтас 50-52 хуудас

[6] 1 хавтас 46 хуудас

[7] 4хавтас 90-91 хуудас

[8] 2 хавтас 195 хуудас

[9] 2 хавтас 105 хуудас