Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 821

 

 

 

 

 

 

  2019          10         01                                      2019/ШЦТ/821

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

улсын яллагч: А.Дүүрэнбилэг /томилолтоор/,

Хохирогч: Б.Б-, түүний өмгөөлөгч С.Ууганбаяр,

Шүүгдэгч: Б.У-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.У-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905002200771 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.У-, 1982 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт .... тоот регистртэй, 

Шүүгдэгч Б.У-нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хороонд иргэн Б.Б-г “ажилд оруулж өгнө, ээжийн бие муу, эм тариа авах гэсэн юм, хүүхдийн сургалтын төлбөр хэрэгтэй байна, сургуульд оруулж өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан Б.Б-д 17.430.682 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед би хэрэгт шалгагдаж байсан болохоор ажил хийх боломжгүй байсан. Зээлийг авах үедээ авдаг байсан. Буцаагаад бага багаар өгдөг байсан. Би ажилд оруулж өгнө гээд 17 сая төгрөг аваагүй. Ажилд зүгээр оруулж өгнө гэж бол хэлдэг байсан. Гэхдээ би зээлээ өгнө гэдгээ илэрхийлж байсан. Хэрэг шүүх рүү шилжсэн гэж мэдээд би хохирогчтой уулзаад мөнгийг чинь бага багаар өгнө би найзаараа цалингийн зээл авахуулах гэж байгаа гэж хэлж байсан. Тэгэхэд хохирогч зүгээрээ нэг мөсөн бөөнөөр нь өгчих гэж хэлсэн. Би Б-гаас хүүхдийн бие муу байна, ээжийн бие муу байна гэж худлаа хэлж мөнгө аваагүй. Би хүнсний зүйл гээд бага сага зүйл зээлээд л буцаагаад өгч байсан. Б- миний эрх зүйн байдлыг ингэж дордуулж болохгүй. Би хэзээ У- гэдэг хүн дээр очоод эгчийг чинь ажилд оруулж өгнө гээд зээл авчих гэж хэлээгүй. Миний хүүхдийн бие муудаад хагалгаанд орсон. Ээжийн бие бас муу байсан хохирогчоос мөнгө авдаг байсан энэ үнэн. Үүнээс гадна манай охиноос өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Насанд хүрээгүй хүүхдийг асран хамгаалагчгүй байхад нь мэдүүлэг авч болохгүй, мэдүүлэг авахдаа танай эмээ чинь хагалгаанд орсон юм уу гэж асуусан байсан. Би өөрийн буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ажилд оруулж өгнө гэж итгүүлсэн биш энэ хүнийг ажилд оруулж өгнө гэж хэлж байж мөнгө авахгүй бол намайг мөнгө өгөхгүй гэдгийг мэдсэн учир ажилд оруулж өгнө гэж хэлж байж мөнгө авсан. Намайг шоронд явах гэж байгаа, шалгагдаж байгааг мэдэж байсан гэж хэлж байна. Би мэдэж байсан. Тухайн үед өөрийнх нь хэлж байсан бүх юм над руу бичиж байсан фэйсбүүк чатанд байгаа. Өөрөө өөрийнхөө үйлдлийг нотолж байгаа юм. У-агаас мөнгө зээлсэн гэж яриагүй, У-ас цалинжуулж ажиллуулсан гэж л хэлсэн байдаг. Энкантод ажил дээр очиж уулзсан, миний нэр хүндэд халдсан байна гэж үзэж байна. Би үнэхээр итгэсэн нэг нь ч гэсэн сайн яваг гээд 4-6 сарын хугацаанд өөртөө байгаа бүх боломжоороо сургалтын төлбөр хоол хүнсээр тэжээсэн. Гэтэл У- намайг зээлээ төлөх гээд мөнгөө цуглуулан барин байж зээлээ бүрдүүлдэг байсан гэж хэлж байсан. Энэ хүн миний амьдралд санаатайгаар орж ирсэн. Миний амьдрал сүйрэх дээрээ тулсан байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр намайг загинаж байсан. Шүүгдэгч нь гэмээ ухаарсан зүйл байхгүй байна. 14.930.682 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Б.Б-гийн  мөрдөн байцаалтад өгсөн: “...Би БГД-ийн 9 дүгээр хороо 2-2-74 тоотод 8-н нэрийн “Оюун Баяр” нэртэй дэлгүүр түрээслэн ажиллуулж байсан. У- нь хамгийн анх 2018 оны 4 дүгээр сарын 20-нд надаас “Хаан” банкны Мобайл байгаа эсэхийг асуухад байгаа гэхэд У- нь “дансаа өгөөч манай нөхөр 200.000 төгрөг хийнэ” гэж хэлээд дэлгүүрээс хүнсний зүйл зээлж авсан. 5 хоногийн дараа дэлгүүрт орж ирээд “Би Засгийн газрын ордоны үйлчлэгч нарын хүүхдэд нь бэлэг өгөх гэсэн юм” гэж хэлээд 10.000 төгрөгний бэлэг 35 ширхэгийг боолгож аваад мөнгийг нь өгөөгүй..., “Манай нөхөр нэг бөө хүүхэнтэй явалдаад байгаа тэр нь надад хараал хийгээд байна, би ламаар аргалуулах гэсэн юм надад 1 сая төгрөг хэрэгтэй байна” гэж хэлээд авсан... Маргааш нь “лам өчигдөр ирээгүй өнөөдөр ирнэ жоохон юм бэлдэх хэрэгтэй байна” гэж хэлээд 60 гаруй мянган төгрөгний юм авсан. ...У-гийн дэлгүүрээс удахгүй өгнө гэж хэлээд авдаг байсан зүйлүүд нь 444.740 төгрөг болсон... 6 дугаар сарын 11-нд У- утсаар залгаад “ажилд оруулах хүнд чинь гар цайлгах мөнгө өгөх гэсэн юм, чи өгчихөж болох уу” гэж асуусан тэгээд би У-гийн данс руу 120.000 төгрөг шилжүүлсэн, 9 хоногийн дараа У- “манай ээжийн бие муу байна” гэж хэлээд 87.000 төгрөг өөрийн данс руу хийлгэсэн... 6 дугаар сарын 21-нд У- “ажлын үнэмлэх гаргаж өгнө ” гэж хэлээд 200.000 төгрөг өөрийн данс руу хийлгэсэн... 6 дугаар сарын 28-нд 100.000 төгрөг, 7 дугаар сарын 01-нд 100.000 төгрөг, Ээжийн дүү нь өнгөрсөн гээд 50.000 төгрөг, Төрийн албан хаагч болоход хэрэг болох сертификат гаргаж өгнө гэж хэлээд 150,000 төгрөг авсан. 6 дугаар сарын 26-нд эм авна гээд 100.000 төгрөг,  7 сарын 05-нд том охин Э- Лондон хот руу сургуульд явна гэж 80,000 төгрөг, 7 сарын 12-нд У- нь өөртөө эм авна гээд 80,000 төгрөг, 7 сарын 15-нд хүүхдэдээ эм авна гэж 35,000 төгрөг, 7 сарын 15-нд байрны мөнгө хураагдсан байна, тог таслана гээд байна гээд 75.000 төгрөг, Ээж зүрхний хагалгаанд орно гээд 100.000 төгрөг, 7 сарын 17-нд 400.000 төгрөг, 7 сарын 19-нд ламаар бурхан хийлгэнэ гээд 1 сая 500 мянган төгрөг авсан, 7 сарын 20-нд ахиад нөгөө ламдаа ойр зуурын юм өгөх гэсэн юм гээд 100,000 төгрөг, 8 сарын 6-нд Д-д мөнгө хэрэгтэй байна гээд 100,000 төгрөг авсан, 8 сарын 14-нд бэлэн мөнгө хэрэг болоод байна гээд 50.000 төгрөг авсан, 8 сарын 11-нд нөхөр маань АТГ-д өгсөн байна, мөнгө олж аргалах хэрэгтэй байна гээд 300,000 төгрөг, 8 сарын 18-нд уурхай явах хэрэгтэй байна гээд 300,000 төгрөг, 8 сарын 19-нд намайг Хүмүүнлэгийн ухааны сургуульд оруулж өгнө гэж хэлээд 500,000 төгрөг авсан, 8 сарын 20-нд 20,000 төгрөг авсан, 8 сарын 23-нд эмнэлэгт хэвтэх дөхөж байгаа учраас бэлтгэл хангана гэж хэлээд 400,000 төгрөг, 8 сарын 24-нд Д-ын хүүхдийн сургалтын төлбөр хэрэгтэй байна гэж 1 сая 200 мянган төгрөг, 8 дугаар сарын 24-нд оройхон өөрийн хүүхэд Э-гийн сургалтын төлбөр гэж 700.000 төгрөг авсан, 9 сарын 5-нд 200,000 төгрөг надаа буцааж өгсөн, 9 сарын 14-нд төрөөд мөнгө хэрэгтэй байна, нялх маань тариа хийлгэхгүй бол уушиг нь тэлэхгүй байна гэхээр нь 600,000 төгрөг данс руу нь хийсэн, 9 сарын 14-нд У- нь миний монетон ээмэг нэг хос, бөгж 1 ширхэг, хүзүүний гинж тус тус “Начин заан” ломбарданд нийт 260,000 төгрөгөнд тавиулж авсан..., 9 сарын 21-нд ахиад хүүхдийнхээ уушгинд тариа хийлгэх гэсэн юм гэж 20,000 төгрөг, 9 сарын 26-нд ахиад эм тарианд хэрэглэнэ гэж 50,000 төгрөг, 9 сарын 30-нд бага хүүхдийнхээ эмийг авна гэж 19,000 төгрөг, 10 сарын 19-нд байраа тавих гэсэн юм даатгал хэрэгтэй гэж хэлээд 40,000 төгрөг, 10 сарын 15-нд Э-д ном авах гэсэн юм гэж 18,000 төгрөг, тэгээд гадуур явах болгондоо үнэтэй зүйл идэж уудаг байсан. Тэр бүгдийн тооцоог би хийдэг байсан баримтууд нь байгаа бүгд нийлээд миний тооцоогоор 17,123,400 төгрөгний хохирол учруулсан. Тэрнээс надад 2 сая 360 мянган төгрөгийг 10 сарын 09-нд буцааж өгсөн. Энэ мөнгийг хасаад одоо би У-гаас 14 сая 763,400 төгрөг нэхэмжилж байна. ...Нийгмийн даатгалын дэвтрийг нь У- ажлаас гарсан гэж бичүүлээд авхуулсаны улмаас миний нийгмийн даатгалын төлөлт тасарсан... Би У-д залилуулаад Баянгол дүүргийн цагдаад 2019 оны 01 дүгээр сарын 07-нд өргөдөл өгөөд шалгуулж байхад У- нь надтай учраа олно гэж гуйж шалаад өөрийнхөө надаас авсан мөнгийг төлнө өгнө гэж гэрээ хийсэн юм. ...У- 6 сарын турш намайг ажилд оруулж өгнө гэж итгэлийг олж, нийгмийн даатгалыг минь тасалдуулж ажилгүй болгож өөрийгөө 6 сар тэжээлгэсэн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-16, 23-25 /,

Гэрч Д.П-ын мөрдөн байцаалтад өгсөн:  “Би У-тай хамтран амьдарч байсан. Би ямар нэг байдлаар алтны уурхай хөдөө гадааны ямар нэгэн бизнес огт эрхэлдэггүй, урьд нь эрхэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 31/,

Гэрч Д.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...У-г би сайн танихгүй. Манай эхнэр Б-г Засгийн газрын нийтлэг үйлчилгээний албанд няраваар ажилд оруулж өгнө гэж байсан. ...би ажлаа тараад ирэхээр манай эхнэр “У- залгаж байна, нөгөө дарга нь дуудаж байна уулзана” гэж хэлээд гараад явчихдаг байсан. Би гайхаад У-г орж ирэхээр “та нар юу болоод байна” гэж асуусан. Тэгтэл У- нь “танай эхнэр Б-г Засгийн газрын нийтлэг үйлчилгээний албанд ажилд оруулж өгөх гэж байгаа, төрийн албанд орох гэж байгаа хүн барьцаа хөрөнгөтэй байх ёстой миний амьдарч байгаа СОТ-2/1-8 тоот байрыг танай нэр дээр шилжүүлж өгнө” гэж байсан. Тэгэхээр нь би “манай хашаа байшин байгаа юм чинь яах гэж байгаа юм бэ? гэхэд У- нь “хашаа байшин нь хамаагүй, илүү найдвартай хөрөнгө шүү дээ” гэж байсан. Тэрнээс хойш би сүрхий харьцаж байгаагүй....2018 оны 07 сард У- манай эхнэрийг дуудахаар нь би ажил амарсан завтай байсан учир У-г эхнэрийн хамт очих газар нь хүргэж өгөхөөр болсон тэгтэл У- нь  “дарга дуудаад байна гээд манай эхнэрийг хар юбка, цагаан цамц өмс” гэсэн тэгээд би эхнэр У- хоёрыг Засгийн газрын баруун хойд талын хаалган дээр хүргэж өгсөн. Тэгтэл У- буугаад явсан. Би эхнэрийн хамт хүлээж байсан. 30 минутын дараа У- ирээд “өнөөдөр даргатай уулзаж чадахгүй нь” гээд буцаад бид хэд гэр рүүгээ явсан. Замдаа би У-гаас “чи ямар хүнтэй уулзах гээд байгаа юм” гэхэд У- нь “Занданшатар даргатай уулзах гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Занданшатар дарга чинь яасан их хүлээлгэдэг юм” гэхэд У- “харин танай эхнэрийн ажил хурдан бүтэж байгаа. Зарим хүмүүс нэг, хоёр жил хүлээдэг” гэсэн. ...манай эхнэр Б-г энэ мэтчилэн 6 сар орчим дагуулж явсан. Би ч эхнэрээ төрийн албанд орчих байх гэж бодоод итгээд тоогоогүй юм. Би тухайн үед У-г “бичиг баримтаа үзүүлчих” гэхэд У- “би тусгай албаных тэгэж хамаагүй хүнд үзүүлдэггүй” гэж байсан. У- миний машинд сууж явахдаа гэнэт утсаа аван “би дуудлагыг авлаа” гээд тухайн үеийн цагаа хэлдэг байсан. Их тэнгэрийн амнаас дуудаж байна, шуурхай албанаас дуудаж байна, дуудсан үед нь очихгүй бол болохгүй гэдэг байсан. ...У- нь манай дэлгүүрээс хүнсний зүйл зээлж авдаг байсан. Харин хэр их мөнгөний бараа авдаг байсан талаар эхнэр сайн мэдэж байгаа. ...эхнэр бид хоёрын ажиллуулж байсан дэлгүүрийг дампууруулсан. Манай хүүхдийн нэр дээр байсан хадгаламжийг нь хүртэл эхнэр Б- нь шавхаж аваад У-д өгсөн байсан. Манай эхнэрийн нийгмийн даатгалын дэвтрийг хүртэл ажилд оруулах гэж байгаа гэж хэлж хуучин жирэмсний амралтаа аван төлж байсан нийгмийн даатгалын төлөлтийг тасалдуулж ажлаас гаргаж бичүүлж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-36/,

Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 09 сард У-гаар дамжуулж Б- гэх хүүхнээс 700,000 төгрөгийг хүүтэй зээлж авч байсан. ...би 1 сар болоогүй тэр мөнгийг 700,000 төгрөгийг У-д буцааж өгч Б-д өгөөрэй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б- “миний найз У- нь төрсөн, хүүхэд нь маш муу байна. Маш үнэтэй тариа хийлгэх гээд байна мөнгө их хэрэгтэй байна, 2 сая төгрөг байна уу? гэж асуухаар нь би “надад тийм их мөнгө байхгүй 600,000 төгрөг л байна ” гэж хэлсэн... Б- “хамаагүй надад зээлчих ” гэхээр нь “за тэгье” гээд өглөөний 09 цагт хорооллын Хаан банк орж У- гэх хүний данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/

Яллагдагчаар Б.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би урьд өгсөн мэдүүлгүүдээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа өөр нэмж ярих зүйл байхгүй, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирол төлбөрөө хурдан хугацаанд төлж барагдуулна ” гэсэн мэдүүлэг /хх 1-н 190-195, 2хх-н 5-6/,

Хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 4/, Хохирогчийн өргөдөл /хх 1-н 5-6/, Хохирлын тооцоо /хх 1-ийн 17-21, 230-239/,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 44-47, 50, 55-68, 71-74, 76-93/, Хохирогчийн депозит дансны хуулга /хх 1-ийн 110-129, 197-223/, Нэхэмжлэх /хх 1-ийн 131-135/, Зээлийн гэрээний хуулбар /хх 1-ийн 147/, хохирогч, шүүгдэгч нарын хороондоо харьцсан гэх чат /хх 1-н 148-183/, шүүгдэгч Б.У-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-н 197-223/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.У- нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 04 дугаар сарын 20ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд иргэн Б.Б-г “ажилд оруулж өгнө, ээжийн бие муу, эм тариа авах гэсэн юм, хүүхдийн сургалтын төлбөр хэрэгтэй байна, сургуульд оруулж өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан Б.Б-д 17,430,682 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б-гийн  : “...Би БГД-ийн 9 дүгээр хороо 2-2-74 тоотод 8-н нэрийн “Оюун Баяр” нэртэй дэлгүүр түрээслэн ажиллуулж байсан. У- нь хамгийн анх 2018 оны 4 дүгээр сарын 20-нд надаас “Хаан” банкны Мобайл байгаа эсэхийг асуухад байгаа гэхэд нь У- нь “дансаа өгөөч манай нөхөр 200.000 төгрөг хийнэ” гэж хэлээд дэлгүүрээс нь хүнсний зүйл зээлж авсан. 5 хоногийн дараа дэлгүүрт орж ирээд “Би Засгийн газрын ордоны үйлчлэгч нарын хүүхдэд нь бэлэг өгөх гэсэн юм” гэж хэлээд 10.000 төгрөгний бэлэг 35 ширхэгийг боолгож аваад мөнгийг нь өгөөгүй..., “Манай нөхөр нэг бөө хүүхэнтэй явалдаад байгаа тэр нь надад хараал хийгээд байна би ламаар аргалуулах гэсэн юм надад 1 сая төгрөг хэрэгтэй байна” гэж хэлээд авсан... Маргааш нь “лам өчигдөр ирээгүй өнөөдөр ирнэ жоохон бэлдэх хэрэгтэй байна” гэж хэлээд 60 гаруй мянган төгрөгний юм авсан. ...У-гийн дэлгүүрээс удахгүй өгнө гэж хэлээд авдаг байсан зүйлүүд нь 444.740 төгрөг болсон... 6 дугаар сарын 11-нд У- утсаар залгаад “ажилд оруулах хүнд чинь гар цайлгах мөнгө өгөх гэсэн юм чи өгчихөж болох уу” гэж асуусан тэгээд би У-гийн дансруу 120.000 төгрөг шилжүүлсэн, 9 хоногийн дараа У- “манай ээжийн бие муу байна” гэж хэлээд 87.000 төгрөг өөрийн данс руу хийлгэсэн... 6 дугаар сарын 21-нд У- “ажлын үнэмлэх гаргаж өгнө ” гэж хэлээд 200.000 төгрөг өөрийн данс руу хийлгэсэн... 6 дугаар сарын 28-нд 100.000 төгрөг, 7 дугаар сарын 01-нд 100.000 төгрөг, Ээжийн дүү нь өнгөрсөн гээд 50.000 төгрөг, Төрийн албан хаагч болоход хэрэг болох сертификат гаргаж өгнө гэж хэлээд 150,000 төгрөг авсан. 6 дугаар сарын 26-нд эм авна гээд 100.000 төгрөг,  7 сарын 05-нд том охин Э- Лондон хот руу сургуульд явна гэж  80,000 төгрөг, 7 сарын 12-нд У- нь өөртөө эм авна гээд 80,000 төгрөг, 7 сарын 15-нд хүүхдэдээ эм авна гэж 35,000 төгрөг, 7 сарын 15-нд байрны мөнгө хураагдсан байна тог таслана гээд байна гээд 75.000 төгрөг, Ээж зүрхний хагалгаанд орно гээд 100.000 төгрөг, 7 сарын 17-нд 400.000 төгрөг, 7 сарын 19-нд ламаар бурхан хийлгэнэ гээд 1 сая 500 мянган төгрөг авсан, 7 сарын 20-нд ахиад нөгөө ламдаа ойр зуурын юм гэсэн юм гээд 100,000 төгрөг, 8 сарын 6-нд Д-д мөнгө хэрэгтэй байна гээд 100,000 төгрөг авсан, 8 сарын 14-нд бэлэн мөнгө хэрэг болоод байна гээд 50.000 төгрөг авсан, 8 сарын 11-нд нөхөр маань АТГ-д өгсөн байна мөнгө олж аргалах хэрэгтэй байна гээд 300,000 төгрөг, 8 сарын 18-нд уурхай явах хэрэгтэй байна гээд 300,000 төгрөг, 8 сарын 19-нд намайг Хүмүүнлэгийн ухааны сургуульд оруулж өгнө гэж хэлээд 500,000 төгрөг авсан, 8 сарын 20-нд 20,000 төгрөг авсан, 8 сарын 23-нд эмнэлэгт хэвтэх дөхөж байгаа учраас бэлтгэл хангана гэж хэлээд 400,000 төгрөг, 8 сарын 24-нд Д-ын хүүхдийн сургалтын төлбөр хэрэгтэй байна гэж 1 сая 200 мянган төгрөг, 8 дугаар сарын 24-нд оройхон өөрийн хүүхэд Э-гийн сургалтын төлбөр гэж 700.000 төгрөг авсан, 9 сарын 5-нд 200,000 надаа буцааж өгсөн, 9 сарын 14-нд төрөөд мөнгө хэрэгтэй байна нялх маань тариа хийлгэхгүй бол уушиг нь тэлэхгүй байна гэхээр нь 600,000 төгрөг данс руу нь хийсэн, 9 сарын 14-нд У- нь миний монетон ээмэг нэг хос бөгж 1 ширхэг, хүзүүний гинж тус тус “Начин заан” ломбарданд нийт 260,000 төгрөгөнд тавиулж авсан..., 9 сарын 21-нд ахиад хүүхдийнхээ уушгинд тариа хийлгэх гэсэн юм гэж 20,000 төгрөг, 9 сарын 26-нд ахиад эм тарианд хэрэглэнэ гэж 50,000 төгрөг, 9 сарын 30-нд бага хүүхдийнхээ эмийг авна гэж 19,000 төгрөг, 10 сарын 19-нд байраа тавих гэсэн юм даатгал хэрэгтэй гэж хэлээд 40,000 төгрөг, 10 сарын 15-нд Э-д ном авах гэсэн юм гэж 18,000 төгрөг, тэгээд гадуур явах болгондоо үнэтэй зүйл идэж уудаг байсан тэр бүгдийн тооцоог би хийдэг байсан баримтууд нь байгаа бүгд нийлээд миний тооцоогоор 17,123,400 төгрөгний хохирол учруулсан тэрнээс надад 2 сая 360 мянган төгрөгийг 10 сарын 09-нд буцааж өгсөн энэ мөнгийг хасаад Одоо би У-гаас 14.763.400 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-16, 23-25 /, гэрч Д.Г-ийн: “...У-г би сайн танихгүй. Манай эхнэр Б-г Засгийн газрын нийтлэг үйлчилгээний албанд няраваар ажилд оруулж өгнө гэж байсан. ...би ажлаа тараад ирэхээр манай эхнэр “У- залгаж байна, нөгөө дарга нь дуудаж байна уулзана” гэж хэлээд гараад явчихдаг байсан. Би гайхаад У-г орж ирэхээр “та нар юу болоод байна” гэж асуусан Тэгтэл У- нь “танай эхнэр Б-г Засгийн газрын нийтлэг үйлчилгээний албанд ажилд оруулж өгөх гэж байгаа, төрийн албанд орох гэж байгаа хүн барьцаа хөрөнгөтэй байх ёстой миний амьдарч байгаа СОТ-2/1-8 тоот байрыг танай нэр дээр шилжүүлж өгнө” гэж байсан. Тэгэхээр нь би “манай хашаа байшин байгаа юм чинь яах гэж байгаа юм бэ? гэхэд У- нь “хашаа байшин нь хамаагүй, илүү найдвартай хөрөнгө шүү дээ” гэж байсан. Тэрнээс хойш би сүрхий харьцаж байгаагүй. ...2018 оны 07 сард У- манай эхнэрийг дуудахаар нь би ажил амарсан завтай байсан учир У-г эхнэрийн хамт очих газар нь хүргэж өгөхөөр болсон тэгтэл У- нь  “дарга дуудаад байна гээд манай эхнэрийг хар юбка, цагаан цамц өмс” гэсэн тэгээд би эхнэр У- хоёрыг Засгийн газрын баруун хойд талын хаалган дээр хүргэж өгсөн. Тэгтэл У- буугаад явсан. Би эхнэрийн хамт хүлээж байсан. 30 минутын дараа У- ирээд “өнөөдөр даргатай уулзаж чадахгүй нь” гээд буцаад бид хэд гэр рүүгээ явсан. Замдаа би У-гаас “чи ямар хүнтэй уулзах гээд байгаа юм” гэхэд У- нь “Занданшатар даргатай уулзах гэж байгаа юм” гэж хэлсэн. ...манай эхнэр Б-г энэ мэтчилэн 6 сар орчим дагуулж явсан. Би ч эхнэрээ төрийн албанд орчих байх гэж бодоод итгээд тоогоогүй юм. Би тухайн үед У-г “бичиг баримтаа үзүүлчих” гэхэд У- “би тусгай албаных тэгэж хамаагүй хүнд үзүүлдэггүй” гэж байсан. ...У- нь манай дэлгүүрээс хүнсний зүйл зээлж авдаг байсан. Харин хэр их мөнгөний бараа авдаг байсан талаар эхнэр сайн мэдэж байгаа. ...эхнэр бид хоёрын ажиллуулж байсан дэлгүүрийг дампууруулсан. Манай хүүхдийн нэр дээр байсан хадгаламжийг нь хүртэл эхнэр Б- нь шавхаж аваад У-д өгсөн байсан. Манай эхнэрийн нийгмийн даатгалын дэвтрийг хүртэл ажилд оруулах гэж байгаа гэж хэлж хуучин жирэмсний декретээ аван төлж байсан нийгмийн даатгалын төлөлтийг тасалдуулж ажлаас гаргаж бичүүлж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-36/, гэрч Б.Д-ын: “...2018 оны 09 сард У-гаар дамжуулж Б- гэх хүүхнээс 700,000 төгрөгийг хүүтэй зээлж авч байсан. ...би 1 сар болоогүй тэр мөнгийг 700,000 төгрөгийг У-д буцааж өгч Б-д өгөөрэй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/, гэрч М.Б-ийн: “...Б- “миний найз У- нь төрсөн хүүхэд нь маш муу байна. Маш үнэтэй тариа хийлгэх гээд байна мөнгө их хэрэгтэй байна 2 сая төгрөг байна уу? гэж асуухаар нь би “надад тийм их мөнгө байхгүй 600,000 төгрөг л байна ” гэж хэлсэн... Б- “хамаагүй надад зээлчих ” гэхээр нь “за тэгье” гээд өглөөний 09 цагт хорооллын Хаан банк орж У- гэх хүний данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирлын тооцоо болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.У-нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б-г ажилд оруулж өгнө гэж хэлж мөнгө аваагүй гэх боловч хохирогч Б.Б-, гэрч Д.Г- нараас хууль сануулж авсан мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан баримтууд зэргээр шүүгдэгч нь хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Б.У-нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

Түүнчлэн, шүүгдэгч Б.У-нь өмгөөлүүлэх эрхээр хангуулах талаар гаргасан түүний хүсэлтийг шүүх удаа дараа хүлээн авч эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Б.У-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.У-нь хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Харин хэрэгт авагдсан гэрч У.Э-гийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж үзсэн болно. /хх-н 40/,

Тухайн гэрчээр мэдүүлэг өгөх үед У.Э- нь насанд хүрээгүй байсан ба түүнээс мэдүүлэг авахад өмгөөлөгч, сурган хүмүүжүүлэгчийг байлцуулахгүйгээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ шүүгдэгчээс 14.930.682 төгрөг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн бөгөөд тухайн хохирол учирсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд, хохирогчийн мэдүүлэг, дипозит дансны хуулга, хохирлын тооцоо зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч  Б.У-гаас 14.930.682 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь уг хохирлын талаар маргаагүй бөгөөд нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авсан ч хохирол төлөгдөөгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.У-г гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил хорих ял оногдуулж, урьд Улсын дээд шүүхийн тогтоолоор оногдуулсан 02 жил хорих ялыг нэмж нэгтгэн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.У-д түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.У-нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 848 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар тогтоолоор хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж 4 дэх хэсэгт “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-гийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 848 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жилийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон хоногийг хорих ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгэгдсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Б.У-гийн насанд хүрээгүй хүүхдүүдэд болох 2005 оны 01 дүгээр сарын 18-нд төрсөн У.Э-, 2017 оны 1 дүгээр сарын 18-нд төрсөн П.Э-, 2018 оны 9 дүгээр сарын 01-нд төрсөн У.Хантүмэн нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.У-г “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г 02 хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, 02 жилийн хугацаагаар хойшлуулсан 02 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 жил хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.У-д оногдуулсан 04 жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Б.У-гийн урьд цагдан хоригдсон 06 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-гаас 14.930.682 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.
  7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шүүгдэгч Б.У-гийн насанд хүрээгүй хүүхдүүд болох 2005 оны 01 дүгээр сарын 18-нд төрсөн У.Э-, 2017 оны 1 дүгээр сарын 18-нд төрсөн П.Э-, 2018 оны 9 дүгээр сарын 01-нд төрсөн У.Хантүмэн нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн засаг даргад даалгасугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР