Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 1299

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч М.Амарзаяа,

Шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж овогт ...ын ...т холбогдох 1908056511751  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, техникийн засварчин мэргэжилтэй, “...” ХХК-д сантехникийн засварчин, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт ...ын ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Б.... нь 2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын Хаан банкны АТМ орчимд ...улсын дугаартай тоёото приус 20 загварын машинаар үйлчлүүлээд буухдаа гээгдүүлсэн Н....ын Самсунг А-50 маркийн гар утсыг завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1. Хохирогч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Гандангийн автобусны буудлаас такси барихаар гараа өргөсөн чинь цагаан өнгийн приус 20 машин ирж зогсохоор нь суугаад Содон хороолол орно гэж хэлээд хөдөлсөн. Тэгээд Содон хороолол дээр ирээд таксины мөнгө 8.000 төгрөг гарсан байсан. Надад бэлэн мөнгө байхгүй байхаар нь АТМ орчихоод ирье гэж хэлээд Хаан банкны АТМ ороод ирсэн чинь миний сууж явсан такси байхгүй байсан. Тэгээд гар утсаа хайсан чинь миний гар утас байхгүй байсан. Сууж явсан таксиндаа орхисноо мэдээд гар утас руугаа залгасан чинь миний гар утас эхлээд дуудаж байгаад таслахаар нь дахиад залгахад холбогдох боломжгүй болсон. Ингээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний сууж явсан таксины улсын дугаар нь ...гэсэн дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн машин байсан. Самсунг А-50 маркийн хөх өнгийн гар утас байсан. Би гар утсаа танидаг хүнээсээ 785.000 төгрөгөөр авч байсан. ... гар утасаа буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх 20-21 х/,

2.Шүүгдэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...өөрийн приус 20 маркийн ...машинаар таксинд явж байгаад Гандангийн зам дээрээс 2 хүн аваад Өргөөгийн ар талын замын уулзвар дээр нэгийг нь буулгаад цаашаа яваад нөгөө залууг нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын автобусны буудлын орчим хүргэж өгөөд нөгөө залуу “надад бэлэн мөнгө байхгүй, АТМ ороод мөнгө аваад өгье” гээд тэр залуу буугаад Содон хорооллын Хаан банкны АТМ руу орсон. Энэ үед ээж утасдаад “аавын бие муу байна” гэхээр нь би шууд явчихсан. Арын суудал дээр гар утас дуугарахаар нь аваад хартал Самсунг А50 маркийн бор гэртэй хар өнгийн мэдэрдэг утас байхаар нь авсан. Дуугараад байхаар нь гар утсыг нь унтраагаад гэртээ харьсан. Би тэр гар утасыг форматлуулаад өөрөө баръя гэж бодоод гэртээ тавьсан байсан. ... би гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын надад сонсгосон ялыг зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх 60 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.Гэрч П....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Самсунг А-50 маркийн гар утсыг форматласан гэдгээ бол санаж байна. Нэг эрэгтэй хүн байсан, царайг нь бол сайн санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 34 х/,

4.Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Манай нөхөр ... бие нь их муу байсан ба 2019 оны 10

дугаар сарын 25-ны үүрээр 04 цагын үед шиг санаж байна бие нь гэнэт муудхаар нь сандраад хүү болох ... луу залгаж дуудсан юм. Манай хүү
... нь таксинд явж байгаад ирье гэж хэлээд гарсан байсан юм. Тэгээд
... нь төд удалгүй ирээд түргэн дуудсан юм. Тэгээд манай нөхрийн
бие гайгүй болохоор нь бид хэд амарцгаасан юм. Тэгсэн манай нөхөр ... нь
ны 10 дугаар сарын 25-26-ны шилжих шөнө нас барсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 30 х/,

5.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Манай ах ... нь шулуун шударга зантай, хэрэг түвэгт орж байгаагүй, томоотой их гэрсэг хүн, гэр зуураа л байдаг. Архи дарс хэрэглээд байдаггүй. ...” гэх мэдүүлэг /хх 38 х/,

6.“Мастер үнэлгээ” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самсунг фирм А 50 загварын гар утас, нийт 400.000 төгрөг” /хх 40 х/

7.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 9 х/

8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54 х/

9.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 55 х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Шүүгдэгч Б.... нь 2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын Хаан банкны АТМ орчимд ...улсын дугаартай Тоёото приус 20 загварын машинаар үйлчлүүлээд буухдаа уг автомашинд гээгдүүлсэн Н....ын Самсунг А-50 маркийн гар утсыг завшиж 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

Хохирогч Н....ын “... Сууж явсан таксиндаа гар утасаа орхисноо мэдээд залгасан чинь миний гар утас эхлээд дуудаж байгаад таслахаар нь дахиад залгахад холбогдох боломжгүй болсон. ... Миний сууж явсан таксины улсын дугаар нь ...гэсэн дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн машин байсан. Самсунг А-50 маркийн хөх өнгийн гар утас байсан. ...” гэх мэдүүлэг /хх 20-21 х/,

Шүүгдэгч Б....ын “... Арын суудал дээр гар утас дуугарахаар нь аваад хартал Самсунг А50 маркийн бор гэртэй хар өнгийн мэдэрдэг утас байхаар нь авсан. Дуугараад байхаар нь гар утсыг нь унтраагаад гэртээ харьсан. Би тэр гар утсыг форматлуулаад өөрөө баръя гэж бодоод гэртээ тавьсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 60 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч П....ийн “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Самсунг А-50 маркийн гар утсыг форматласан гэдгээ бол санаж байна. Нэг эрэгтэй хүн байсан, царайг нь бол сайн санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 34 х/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самсунг фирм А 50 загварын гар утас, нийт 400,000 төгрөг” /хх 40 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Б.... нь Н....ын Самсунг А-50 маркийн гар утсыг өөрийн нь машинд гээгдүүлснийг мэдсээр байж өөртөө авсан, уг утасны үнэлгээ 400,000 төгрөг нь Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.5 дугаар зүйлд заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан

Шүүгдэгч Б.... хохирогчийн гээгдүүлсэн Самсунг А-50 маркийн гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж өөртөө авч форматлуулсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.   

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох гар утасыг шүүгдэгч буцаан өгсөн болох нь хавтаст хэргийн 9 дүгээр хуудсан дахь эд зүйл хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдсон.

Хохирогч Н.... нь эд зүйлээ буцаан авсан гомдол саналгүй болох түүний эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх 9 х/-ээр нотлогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Улсын яллагч: Б....т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг гаргасан.

Шүүгдэгч: Прокурорын гаргасан ялын саналыг зөвшөөрч байна гэсэн.

Б.... нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирогчийн Самсунг А-50 маркийн гар утсыг буцаан өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байгаа, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдөд төлөх төлбөргүй, гэм буруу, хэргийн зүйчлэл дээр маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд улсын яллагчийн санал болгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тайж овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гээгдүүлсэн гар утасыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б....т үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б....т мэдэгдсүгэй.

5.Б....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ