| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/1172/Э |
| Дугаар | 1204 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ууганзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 1204
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
Улсын яллагч Д.Туяана,
Хохирогч С...., Я....,
Шүүгдэгч Д.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анчин овогт ...ын ...т холбогдох 1908013271436 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, эмэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эмэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн-Алтан өлгийн ...тоотод оршин суух, урьд
2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/1263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Анчин овогт ...ын ... /РД: .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.
Яллагдагч Д.... нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1-16 тоотод оршин сууж байх иргэн С.... руу утсаар “найз ... чинь байна, мөнгөний хэрэг болоод байна” гэж ярин хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 135.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 140.000 төгрөг буюу нийт 275.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,
Мөн иргэн Я....ыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “найзаа мөнгө хэрэг болоод, маргааш өглөө банк ороод аваад өгнө” гэж 80000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “найзаа чамд дахиж зээлэх мөнгө байна уу? нийлүүлээд өгье” гэж 70.000 төгрөг, “Хандгайт руу явж байна манай ээж мөнгө шилжүүл гэсэн би мартсан байна чи манай ээжийн ... дугаарын данс руу хийчих” гэж 100.000 төгрөг, “200.000 төгрөг хэрэг болоод байна” гэж 200.000 төгрөг, “хөрөөний ир авах гэсэн мөнгө байхгүй байна” гэж 35.000 төгрөг зэрэг нийт 485000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч С....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ажил дээр байж байтал миний ... гэсэн дугаар луу ... гэсэн дугаараас залгаж “мэнд ус асууж байгаад өөрийгөө найз ... нь байна гэсэн. Тэгээд найз нь машинаа мөргөлдүүлчихлээ мөнгөний хэрэг байна найздаа 60,000 төгрөг байвал өгөөч гэхээр нь надад мөнгө байхгүй байгаа байхаа, байгаа 50,000 төгрөгөө явуулчихья гэж хэлээд данс асуутал ... гэсэн дансны дугаарыг өгөхөөр өөрийнхөө ухаалаг банкаар явуулах гэтэл явуулсан дансны эзэмшигч болон дансны дугаар хоёр нь зөрж байна гээд алдаа заагаад байсан. Тэгээд байж байтал удахгүй дахин залгаад яасан бэ гэхээр нь би хариуд нь данс эзэмшигчийн нэр, дансны дугаар хоёр нь зөрөөд байна гэсэн чинь өөр данс өгье гээд ... дугаарын данс өгөхөөр нь тухайн дансны эзэмшигчийнх нь нэрийг асуутал утасны цаанаас өөр хүн ... гэж хэлсэн. Тэгээд би тухайн данс руу 55,000 төгрөг өөрийн Капитрон банкны ... гэсэн дугаарын данснаас шилжүүлсэн юм. Тэгээд удаагүй байж байтал дахин залгаж орж ирээд найз нь жоохон айраг уучихсан байсан чинь үлээлгээд найзад нь 80,000 төгрөгний хэрэг болчихлоо гээд мөнгө байвал өгөөч гэхээр би найзад нь мөнгө байхгүй гэсэн чинь таньдаг хүмүүсээсээ асуугаад олооч гэхээр нь би жоохон хүлээж байгаарай гэж хэлчихээд Завхан аймгийн Ургамал сум руу Хоролмоо гэх дүү рүүгээ залгаад мөнгө яаралтай зээлээч гэсэн чинь хүнээс 80,000 төгрөг олж өгөхөөр нь би өөрийнхөө Хаан банкны ... гэсэн дугаарын данс руу хийлгэж аваад тухайн ...ын данс руу 80,000 төгрөг шилжүүлчихсэн юм. Тухайн ...ын данс руу 135,000 төгрөг шилжүүлчихсэн юм. ..Тэгээд нэг дэх өдөр өөрийнхөө шилжүүлсэн мөнгөө авах гээд тухайн дугаар луу залгатал өөдөөс маань одоохон өгөх гэж байна найз нь банкин дээр байна гэсэн. Тэгтэл залгаж орж ирээд баларсан юм найзынх нь банкны зээл татаад авчихсан байна. Одоо машинаа ломбарданд тавихаас, тавихдаа 100,000 төгрөг авдаг юм байна. Би машинаа тавьчихаад гараад буцаагаад өгчихнө гэхээр нь менежерээсээ 100,000 төгрөг зээлээд хаан банкны ... гэсэн дугаарын данс руу хийчихсэн юм. Тухайн дансны эзэмшигч нь ... гэж гарч ирсэн юм. Тэгээд дахин 40,000 төгрөг өгөх хэрэгтэй байна дутчихлаа гэхээр нь менежерээсээ 40,000 төгрөг зээлээд тухайн ... гэх хүний данс руу шилжүүлсэн юм. Нийтдээ 275,000 төгрөг хийсэн юм. Тэгээд найз ... рүү залгаж мөнгөө авах гэтэл ямар мөнгө гээд ямар учиртайг асуутал хүнд залилуулсан байна гэдгээ мэдсэн юм. ... хохирлоо гаргуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг /хх 12 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
2.Хохирогч Я....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би орой 21 цагийн үед ... над руу залгаад намайг Хандгайтад хүрээд ир гэхээр нь би ажилтай байна очиж амжихгүй гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгээд удаагүй байж байсан чинь ... дахиж залгаад найзаа мөнгө хэрэг болоод 80.000 төгрөг өгөөч маргааш өглөө банк ороод аваад өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би 80.000 төгрөгийг ... дугаарын данс руу шилжүүлсэн юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед ... над руу залгаад найз нь өчигдөр авсан мөнгөө удахгүй өгнө гэж хэлээд найзаа чамд дахиж зээлэх мөнгө байна уу? нийлүүлээд өгье 70.000 төгрөг байна уу гэж хэлэхээр нь би ... хаан банкны данс руу шилжүүлсэн юм. Тэгээд над руу дахиж залгаад найз Хандгайт руу явж байна манай ээж мөнгө шилжүүл гэсэн би мартсан байна чи манай ээжийн ... дугаарын данс руу 100.000 төгрөг хийчих гэхээр нь би за гэж хэлээд 100.000 төгрөгийг нь хийсэн юм. Тэгээд өдрийн 12 цагийн үед ажил дээрээ байж байсан чинь дахиж ... залгаад 200.000 төгрөг хэрэг болоод байна гэхээр нь 200.000 төгрөгийг ... данс руу хийсэн. Тэгээд өдрийн 14 цагийн үед ажил дээрээ байж байсан дахиад над руу залгаад хөрөөний ир авах гэсэн мөнгө байхгүй байна гэхээр нь надад одоо 35.000 төгрөг байна би чамд байсан бүх мөнгөө өгсөн гэсэн чинь 35.000 төгрөгөө ... данс руу хийчих би буцаагаад чамаас авсан бүх мөнгөө өгнө гэж хэлэхээр нь би итгээд 35.000 төгрөгөө шилжүүлсэн юм. Тэгээд ... руу залгахаар утсаа авахгүй алга болоод одоо болтол мөнгөө авч чадахгүй байна. Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд өөрийгөө ... гэж танилцуулсан эмэгтэй надаас мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би 485.000 төгрөгөө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо өөрийн ажил дээрээсээ өөрийн интернэт банкаар шилжүүлж өгөөд залилуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 81 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шүүгдэгч Д....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн найзууд болох ...нартай 1-р хорооллын ард байдаг рэд рок гэдэг нэртэй зочид буудалд өрөө авч байрласан. Тэгээд би ... гэх 10 жилийнхээ ангийн хүүхэд рүү залгаад ...гийн дугаарыг асуухад надад 99-тэй нэг дугаар /одоо санахгүй байна гэх/ залгаад ... байнаа таньж байна уу, ангийн чинь хүүхэд ... байна гээд буу халж юм ярьж байгаад “найз нь машинаа мөргүүлчихлээ мөнгө зээлэх гээд” гэхээр нь 55,000 төгрөг авсан. Удалгүй дахин залгаад найз нь архи уучихсан чинь цагдаа үлээлгээд 80,000 төгрөг хэрэг болоод байна гээд нийлээд 135,000 төгрөгийг буудлын ресепшний дансаар авсан. Үүнээс 2 хоногийн дараа дахин ... руу залгаад Баянзүрхийн товчоогоор гарал үүслийн бичиггүй явуулахгүй байна 100,000 төгрөг байна уу гэхэд байхгүй гэсэн. Тэгээд байж байтал ... над руу залгаад мөнгөө авъя гэхээр нь найз нь одоо машинаа ломбарданд тавих гэж байна. барьцаанд тавихад 100,000 төгрөг хэрэг болоод байна. найз нь нийлүүлээд шилжүүлье гээд хамт явж байсан ... гэх хүний дансруу 100,000 төгрөг шилжүүлж аваад хэсэг байж байгаад дахиад дутчихлаа гэж хэлээд 40,000 төгрөг мөн дансаар шилжүүлэн авсан. Үүнээс хойш холбоогүй сураггүй болсон. ......ыг миний танидаг нэг залуу надад танилцуулж байсан юм. 2019.04.15-ны өдөр би халамцуу согтуу байж байгаад ...ын тухайн үед барьж байсан дугаар руу нь залгаад найзад нь мөнгө хэрэгтэй байна. мөнгө байвал зээлээч гэхэд надад байгаа нь 80,000 төгрөг байна гэсэн. Би өөрийнхөө хаан банкны дансыг өгөхөд удалгүй 80,000 төгрөг дансанд орж ирсэн. Энэ мөнгөөр нь буудалд хоноод архи авч уугаад дууссан. Үүний дараа 2019.04.16-ны өдөр би бас согтуу байж байгаад архи уух гээд 70,000 төгрөг авсан. Бас тэр өдрөө гэж санаж байна. ээж надруу залгахаар нь хандгайт явж байна гэж хэлчихээд ... руу ярьж ээжийнхээ дансны дугаарыг өгч 100,000 төгрөг зээлсэн. Дахиад би согтуу байхдаа ...аас архи уусан буудалд хэрэглэх гээд 200,000 төгрөг авсан. Мөн маргааш нь байхаа хөрөөний ир авах гэсэн юм гэж худлаа хэлж 35,000 төгрөг авсан. Тэгээд ...тай дахиж холбоо бариагүй. ... би өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирлыг төлж барагдуулна, надад хөнгөн ял оноож өгнө үү? ” гэх мэдүүлэг /хх 65-67, 107-109 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4.Гэрч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... ... гэсэн дугаарыг мэднэ. Манай эхнэр ... өөрийн төрсөн дүү 6-р ангийн ...д худалдан авч өгсөн юм. Тэгсэн аваад удаагүй байхад ...ын ... утсаар ярьчихаад өгье гэж хэлээд аваад явсан гэсэн. Тэрнээс хойш буцааж өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х/,
5.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би С.... гэх хүнийг таньж мэднэ. Харин Д.... гэх хүнийг бол таньж мэдэхгүй харж ч байгаагүй. С.... нь манай 10 жилийн ангийн хүүхэд бөгөөд бид нар 1980-1988 оны хооронд Завхан аймгийн Ургамал суманд суралцаж төгссөн хүүхдүүд юм. Би сургуулиа төгссөнөөс хойш ер нь бараг холбоогүй байсан, сүүлийн 10 гаран жил огт уулзаагүй байсан. Ингээд байж байтал 2019 оны 02 дугаар сарын дундуур билүү сүүлд билүү санахгүй байна. ... гэнэт над руу залгаад чи ямар балиар хүүхэн бэ хүнээс мөнгө төгрөг авчихаад өгөөч гээд мэндийн зөрүүгүй уурлаад байхаар нь би гайхаад чи чинь юу яриад байгаа юм бэ алив уулзья гээд би одоо өдөр хоногийг тодорхой сайн санахгүй байна, нэг өдөр ажлыг нь заалгаж байгаад очиж уулзсан. Хүүе ээ чиний хоолой энэ тэр биш байна ш дээ гээд тэгээд бид 2 залилуулсан байна гээд цагдаа дээр ирж өргөдөл гаргаж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 48-49 х/,
6.Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2019 оны 02 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд өөрийн ажилладаг “Ред рок” нэртэй буудалд ээлжтэй байсан. Тэгээд ээлжээ хүлээж авахдаа өмнөх өдрийнхөө өрөөний мөнгөө өгөөгүй 101 тоот өрөөнд хүмүүс байгаа гэхээр нь тухайн хүмүүсийн өрөө рүү ороод мөнгө нэхсэн чинь одоохон хүн шилжүүлнэ гэсэн. ..Удахгүй гараад мөнгө өг гэсэн чинь нэг шар царайтай эмэгтэй нь “манай найз мөнгө хийчихнэ, чи дансаа өгчих” гэхээр нь ... гэсэн дансаа цаасан дээр бичиж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х/,
7.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн гүйлгээний талаар мэдэхгүй байна. Хэдний өдөр гэдгийг яг сайн санахгүй байна. ... гэдэг шар царайтай, махлагдуу, 45-50 орчим настай эмэгтэй хүнээс мөнгө авах гэсэн юм чиний виза картыг хэрэглэчихээд өгье гээд миний хаан банкны ... дугаар болон нууц кодыг аваад явсан. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад 2019 оны 03 сарын сүүлээр ажил дээр ирээд визагаа авъя гэсэн чинь нууц кодыг чинь буруу хийгээд залигуулчихсан гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 37 х/,
8.Гэрч Ц....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цагийн үед манай найз ... над руу залгаад чиний найз надаас мөнгө авсан миний мөнгийг өгөхгүй байна гэхээр нь би ...ын ...дугаарын утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь найз ...тай Содон хорооллын автобусны буудал дээр уулзаад ...ын дугаар луу залгасан чинь утсаа авахгүй байсан чинь манай найз ... энэ эмэгтэйг цагдаагаар шалгуулж мөнгөө авмаар байна гэж хэлээд бид хоёр цагдаад өргөдөл өгсөн юм. Би ...ыг ...аас мөнгө авах гэж байсныг мэдээгүй. Манай найз ... мөнгөө ...д өгсний дараа мэдсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 85 х/,
9.Гэрч Л....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... ХААН банкны ... тоот дугаарын данс бол миний эзэмшлийн энгийн гүйлгээний данс байгаа юм. 2019 оны 04 дүгээр сарын дундуур шиг санаж байна. Миний төрсөн охин болох ... над руу залгаад ээжээ би барилгын ажил хийж байна. Манай байгууллагын дарга надад 100,000 төгрөг өгье гэж хэлэхээр нь би таны данс руу хийчих гээд хэлчихлээ. Цайз юм уу 16 дээр хүрээд ир гэж хэлсэн... уулзаад АТМ-ээс төрсөн охин ... 100,000 төгрөг авч өгсөн. ... ганцаараа явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 88-89 х/,
10.Гэрч П....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019.02.23-ны өдөр найз ... маань найзаасаа мөнгө авна гээд миний дансны дугаарыг ашигласан. Би хаанаас хэдэн төгрөг шилжүүлж авсан талаар мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 24 х/
11.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 114 х/
12.Шийтгэх тогтоолын хуулбар /хх 154-157 х/
13.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 178 х/
14.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 110 х/
15.Ялтан Д....ийн ялын тооцооны тодорхойлолт /хх 177 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Д.... нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1-16 тоотод оршин суух иргэн С.... руу утсаар “найз ... чинь байна, мөнгөний хэрэг болоод байна” гэж хүний нэр барин худлаа ярьж 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 135,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 140,000 төгрөг нийт 275,000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан болох нь:
Хохирогч С....гийн “.. 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ажил дээр байж байтал миний ... гэсэн дугаар луу ... гэсэн дугаараас залгаж “мэнд ус асууж байгаад өөрийгөө найз ... нь байна гэсэн. Тэгээд найз нь машинаа мөргөлдүүлчихлээ мөнгөний хэрэг байна., ... найздаа 60,000 төгрөг байвал өгөөч гэхээр нь надад мөнгө байхгүй байгаа байхаа, байгаа 50,000 төгрөгөө явуулчихья гэж хэлээд данс асуутал ... гэсэн дансны дугаарыг өгөхөөр өөрийнхөө ухаалаг банкаар явуулах гэтэл явуулсан дансны эзэмшигч болон дансны дугаар хоёр нь зөрж байна гээд алдаа заагаад байсан. Тэгээд байж байтал удахгүй дахин залгаад яасан бэ гэхээр нь би хариуд нь данс эзэмшигчийн нэр, дансны дугаар хоёр нь зөрөөд байна гэсэн чинь өөр данс өгье гээд ... дугаарын данс өгөхөөр нь тухайн дансны эзэмшигчийнх нь нэрийг асуутал утасны цаанаас өөр хүн ... гэж хэлсэн. Тэгээд би тухайн данс руу 55,000 төгрөг өөрийн Капитрон банкны ... гэсэн дугаарын данснаас шилжүүлсэн юм. Тэгээд удаагүй байж байтал дахин залгаж орж ирээд найз нь жоохон айраг уучихсан байсан чинь үлээлгээд найзад нь 80,000 төгрөгний хэрэг болчихлоо гээд мөнгө байвал өгөөч гэхээр би найзад нь мөнгө байхгүй гэсэн чинь таньдаг хүмүүсээсээ асуугаад олооч гэхээр нь би жаахан хүлээж байгаарай гэж хэлчихээд Завхан аймгийн Ургамал сум руу Хоролмоо гэх дүү рүүгээ залгаад мөнгө яаралтай зээлээч гэсэн чинь хүнээс 80,000 төгрөг олж өгөхөөр нь би өөрийнхөө Хаан банкны ... гэсэн дугаарын данс руу хийлгэж аваад тухайн ...ын данс руу 80,000 төгрөг шилжүүлчихсэн юм. Тухайн ...ын данс руу 135,000 төгрөг шилжүүлчихсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/,
Шүүгдэгч Д....ийн “... би ... гэх хүний нэрээр ... руу ярьж “найз нь машинаа мөргүүлчихлээ мөнгө зээлэх гээд 55,000 төгрөг авсан. Удалгүй дахин залгаад найз нь архи уучихсан чинь цагдаа үлээлгээд 80,000 төгрөг хэрэг болоод байна гээд нийлээд 135,000 төгрөгийг буудлын ресепшний дансаар авсан”. Үүнээс 2 хоногийн дараа дахин ... руу залгаад Баянзүрхийн товчоогоор гарал үүслийн бичиггүй явуулахгүй байна 100,000 төгрөг байна уу гэхэд байхгүй гэсэн. Тэгээд байж байтал ... над руу залгаад мөнгөө авъя гэхээр нь найз нь одоо машинаа ломбарданд тавих гэж байна. барьцаанд тавихад 100,000 төгрөг хэрэг болоод байна. найз нь нийлүүлээд шилжүүлье гээд хамт явж байсан ... гэх хүний данс руу 100,000 төгрөг шилжүүлж аваад хэсэг байж байгаад дахиад дутчихлаа гэж хэлээд 40,000 төгрөг мөн дансаар шилжүүлэн авсан. ...” гэх мэдүүлэг /хх 65-67, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Г....ын “...... гэсэн дугаарыг мэднэ. Манай эхнэр ... өөрийн төрсөн дүү 6-р ангийн ...д худалдан авч өгсөн юм. Тэгсэн аваад удаагүй байхад ...ын ... утсаар ярьчихаад өгье гэж хэлээд аваад явсан гэсэн. Тэрнээс хойш буцааж өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х/,
Гэрч Б....ын “...тухайн хүмүүсийн өрөө рүү ороод мөнгө нэхсэн чинь одоохон хүн шилжүүлнэ гэсэн. ..Удахгүй гараад мөнгө өг гэсэн чинь нэг шар царайтай эмэгтэй нь “манай найз мөнгө хийчихнэ, чи дансаа өгчих” гэхээр нь ... гэсэн дансаа цаасан дээр бичиж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х/,
Гэрч Б....ийн “...... гэдэг шар царайтай, махлагдуу, 45-50 орчим настай эмэгтэй хүнээс мөнгө авах гэсэн юм чиний виза картыг хэрэглэчихээд өгье гээд миний хаан банкны ... дугаар болон нууц кодыг аваад явсан. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад 2019 оны 03 сарын сүүлээр ажил дээр ирээд визагаа авъя гэсэн чинь нууц кодыг чинь буруу хийгээд залигуулчихсан гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 37 х/ зэргээр,
Шүүгдэгч Д.... нь Я....д өөрийгөө ... хэмээн танилцуулж улмаар 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “найзаа мөнгө хэрэг болоод, маргааш өглөө банк ороод аваад өгнө” гэж 80,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “найзаа чамд дахиж зээлэх мөнгө байна уу? нийлүүлээд өгье” гэж 70,000 төгрөг, “Хандгайт руу явж байна манай ээж мөнгө шилжүүл гэсэн би мартсан байна чи манай ээжийн ... дугаарын данс руу хийчих” гэж 100,000 төгрөг, мөн 200,000 төгрөг, “хөрөөний ир авах гэсэн мөнгө байхгүй байна” гэж 35,000 төгрөг зэрэг нийт 485,000 төгрөгийг худлаа хэлж бусдын дансаар шилжүүлэн авсан болох нь:
Хохирогч Я....ын “... ... /шүүгдэгч Д....ийн Я....д өөрийгөө танилцуулж хэлсэн нэр/ дахиж залгаад найзаа мөнгө хэрэг болоод 80.000 төгрөг өгөөч маргааш өглөө банк ороод аваад өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би 80.000 төгрөгийг ... дугаарын данс руу шилжүүлсэн юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед ... над руу залгаад найз нь өчигдөр авсан мөнгөө удахгүй өгнө гэж хэлээд найзаа чамд дахиж зээлэх мөнгө байна уу? нийлүүлээд өгье 70.000 төгрөг байна уу гэж хэлэхээр нь би ... хаан банкны данс руу шилжүүлсэн юм. Тэгээд над руу дахиж залгаад найз Хандгайт руу явж байна манай ээж мөнгө шилжүүл гэсэн би мартсан байна чи манай ээжийн ... дугаарын данс руу 100.000 төгрөг хийчих гэхээр нь би за гэж хэлээд 100.000 төгрөгийг нь хийсэн юм. Тэгээд өдрийн 12 цагийн үед ажил дээрээ байж байсан чинь дахиж ... залгаад 200.000 төгрөг хэрэг болоод байна гэхээр нь 200.000 төгрөгийг ... данс руу хийсэн. Тэгээд өдрийн 14 цагийн үед ажил дээрээ байж байсан дахиад над руу залгаад хөрөөний ир авах гэсэн мөнгө байхгүй байна гэхээр нь надад одоо 35.000 төгрөг байна би чамд байсан бүх мөнгөө өгсөн гэсэн чинь 35.000 төгрөгөө ... данс руу хийчих би буцаагаад чамаас авсан бүх мөнгөө өгнө гэж хэлэхээр нь би итгээд 35.000 төгрөгөө шилжүүлсэн юм. Тэгээд ... руу залгахаар утсаа авахгүй алга болоод одоо болтол мөнгөө авч чадахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 81 х/,
Шүүгдэгч Д....ийн “...мөнгө байвал зээлээч гэхэд надад байгаа нь 80,000 төгрөг байна гэсэн. Би өөрийнхөө хаан банкны дансыг өгөхөд удалгүй 80,000 төгрөг дансанд орж ирсэн. Энэ мөнгөөр нь буудалд хоноод архи авч уугаад дууссан. Үүний дараа 2019.04.16-ны өдөр би бас согтуу байж байгаад архи уух гээд 70,000 төгрөг авсан. Бас тэр өдрөө гэж санаж байна. ээж надруу залгахаар нь Хандгайт явж байна гэж хэлчихээд ... руу ярьж ээжийнхээ дансны дугаарыг өгч 100,000 төгрөг зээлсэн. Дахиад би согтуу байхдаа ...аас архи уусан буудалд хэрэглэх гээд 200,000 төгрөг авсан. Мөн маргааш нь байхаа хөрөөний ир авах гэсэн юм гэж худлаа хэлж 35,000 төгрөг авсан. Тэгээд ...тай дахиж холбоо бариагүй. ... ” гэх мэдүүлэг /хх 107-109 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Ц....ийн “...2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цагийн үед манай найз ... над руу залгаад чиний найз надаас мөнгө авсан миний мөнгийг өгөхгүй байна гэхээр нь би ...ын ...дугаарын утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь найз ...тай Содон хорооллын автобусны буудал дээр уулзаад ... /Д..../-ын дугаар луу залгасан чинь утсаа авахгүй байсан чинь манай найз ... энэ эмэгтэйг цагдаагаар шалгуулж мөнгөө авмаар байна гэж хэлээд бид хоёр цагдаад өргөдөл өгсөн юм. Би ...ыг ...аас мөнгө авах гэж байсныг мэдээгүй. Манай найз ... мөнгөө ...д өгсний дараа мэдсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 85 х/
Гэрч Л....ын “...Миний төрсөн охин болох Д.... над руу залгаад ээжээ би барилгын ажил хийж байна. Манай байгууллагын дарга надад 100,000 төгрөг өгье гэж хэлэхээр нь би таны данс руу хийчих гээд хэлчихлээ. Цайз юм уу 16 дээр хүрээд ир гэж хэлсэн... уулзаад АТМ-ээс төрсөн охин ... 100,000 төгрөг авч өгсөн. ... ганцаараа явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 88-89 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Д.... нь бусдын мөнгийг авахдаа “найзынх нь нэрийг ашиглан утсаар ярьж итгүүлэх, мөн өөрийн нэрийг буруу хэлж танилцаад худал ярих” зэргээр хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлүүд нь Залилах гэмт хэргийн шинжийг хангасан.
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хохирол хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хохиролд зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол шүүгдэгч Д....ийн бусдад худлаа ярьж итгүүлсэн үйлдлийн улмаас иргэн С....д 275,000 төгрөг, Я....д 485,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.
Шүүгдэгч Д.... хохирогч нарт удаа дараа худлаа ярьж итгүүлэн мөнгийг нь шилжүүлж авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, дээрх хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч С....д 275,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болох нь түүнд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх 167 х/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг, хохирогч Я....ын 485,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болох нь түүнд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх 168 х/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул шүүгдэгчээс дээрх хохирлыг гаргуулж хохирогч нарт олгох үндэслэлтэй.
Шүүгдэгч Д....ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд 1 удаа шүүхээр хорих ял шийтгүүлж ялаа эдэлж байгаа нь хуульд зааснаар түүний ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд 06 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Д....т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, ял сонсгож ирүүлсэн бөгөөд өмнө шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл энэ гэмт хэргийн зүйлчлэлтэй адил бөгөөд уг хоёр хэргийг нэгтгэхэд хэргийн зүйлчлэл хөнгөрөх, хүндрэх үндэслэл тогтоогдохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарахгүй тул энэ хэргийг тусад нь шийдвэрлэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй.
Д.... нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1263 дугаар шийтгэх тогтоолоор 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс ял эдэлж байгаа, түүний ялын тооцоог 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тасалбар болгон тооцоход 03 сар 01 хоногийн хорих ял үлдсэнийг энэ тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ял дээр нэмж нэгтгэх.
Харин Д.... нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 21 хоног уг хэрэгт хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Анчин овогт ...ын ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д....ийг 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д....т энэ тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 12-ны өдрийн 1263 тоот шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 03 сар 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 09 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д....ийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Д....ийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 21 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д....ээс 275,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 1-16 тоот хаягт оршин суух ИП72032060 регистрийн дугаартай С....д, 485,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчины 23-26 тоот хаягт оршин суух ИЦ83102505 регистрийн дугаартай Я....д тус тус олгосугай.
7.Д....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д....т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ