Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 891

 

 

                                                           

 

 

 

 

 

   

    2019        11          19                                2019/ШЦТ/891

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Н.Булганчимэг,

хохирогч Ц.Мягмар,

Хохирогч Д.Алимаагийн хууль ёсны төлөөлөгч М.Баттулга,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оворгод овогтой М Б холбогдох эрүүгийн “1911015200739” дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 58 дугаар байрны 114 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Оровгод овогтой М Б, /РД: /,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 58 дугаар байрны 114 тоотод 76 настай төрсөн эцэг Ц.Мягмар, 77 настай төрсөн эх Д.Алимаа нарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж зодож, Ц.Мягмарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Алимаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэх зүйлгүй ...” гэх

Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 12 цаг өнгөрч байхад төрсөн эгч болох Батхуягынд очиж эгч, хүргэн ах хоёртой гэрт нь 3 шил 0,5 литрийн “Улаанбаатар” нэртай архи хоёр шилийн мөн 0,5 литрийн “Экс” нэртэй архи хоёр шилийг тус бүр хувааж уугаад орой 23 цаг өнгөрч байхад үед байхаа гэртээ очиход манай ээж Алимаа, аав Мягмар мөн манай хоёр хүүхэд байсан бөгөөд тухайн үед манай ээж миний бага хүү болох Бэрхэдэйг алдагдсан санагдаж байна. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд байсан. Өөр санаж байгаа зүйл байхгүй...” гэх /хх-ийн 38х/,

Хохирогч Ц.Мягмар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид анхнаасаа мөрдөгчид манай хөгшины хэлж байсан зүйлийг хэлсэн байдаг. М.Б бол гартаа ямар нэгэн зүйл барьж ээжийнхээ биед халдаагүй. Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Энэ хэргийг хүнлэг энэрэнгүй талаас нь шийдвэрлэж өгнө үү. Миний хүү хоёр хүүхэдтэй. Аав ээжийгээ асарч халамжилж байна ...” гэх

Хохирогч Ц.Мягмар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай хүү Батболд нь хоёр хүүхдээ дагуулаад гэрээс 14 цагийн үед гарсан. Тэгээд орой 18 цагийн үед намайг хоолоо хийх гээд махаа гаргаад гал тогооны өрөөнд зогсож байхад Батболд гаднаас хоёр хүүхдээ дагуулаад нилээн согтуу орж ирээд эхлээд том өрөө рүү орчихоод буцаж миний байсан гал тогооны өрөө рүү орж ирээд “ална шүү” гэж хэлээд миний толгойн хэсэг рүү 3-4 удаа цохиод намайг шалан дээр унагаад, унасан хойно мөн миний нуруу болон өгзөг хэсгээр 7-8 удаа дэвсэлсэн. Тэгсэн манай хөгшин Алимаа боль “аавыгаа яаж байгаан гэхэд” мөн эхнэрийг барьж аваад толгойгоор нь гал тогооны өрөөний угаагуурын дотор талруу 5-6 удаа мөргүүлээд тэгснээ өөрийнхөө өөдөөс харуулж байгаад баруун гараараа нүүрэн хэсэгт нь 4-5 удаа цохиод авсан тэгэхээр нь би хажуугаас нь барьж аваад болиулах гэтэл намайг түлхээд өөрөөсөө холдуулаад миний толгой хэсэг рүү цохиод байсан. Ийм маягаар 15-20 минут орчим үргэлжилэхэд гаднаас цагдаа нар орж ирээд Батболдыг аваад явсан...” гэх /хх-ийн 17-19х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Би тухайн үед байгаагаагүй учраас мэдэхгүй. Надад санал гомдол, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй ...” гэх

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ээж тухайн хэрэг болохоос өмнө ямар нэгэн гэмтэл шархгүй байсан. Манай дүү Батболд гэмтлүүдийг үүсгэсэн байх би хажууд нь байж хараагүй болохоор мэдэхгүй байна...” гэх /хх-ийн 22х/,

Насанд хүрээгүй гэрч Б.Бэлгүтэй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...би аавд орыг нь засаж өгөөд хэвтүүлсэн. Тэгээд бие засах өрөөнд орсон хойгуур аав босож ирээд өвөө, эмээ хоёрыг зодсон юм шиг байсан. Эмээгийн дух хавдсан харагдсан. Мөн өвөөг түлхэж унагасан өвөө унахдаа нуруугаараа паар мөргөж унасан. Тэгсэн эмээ аавыгаа болиулаач гээд аавын гарнаас татахад аав гараа булааж аваад эмээгийн бие рүү савсан. Тэгснээ эмээгийн толгойноос барьж байгаад гал тогооны өрөөний угаалтуур луу толгойг нь тонгойлгож дараад байгаад байсан. Тэгснээ цамцнаас нь татаад хажуу тал руу унагаасан. Тэгээд өвөө рүү дайраад өшиглөсөн, тэр үед эмээ газар суучихсан байсан бөгөөд аавын хөлнөөс гараараа бариад авсан чинь аав, эмээгийн нүүр лүү өшигөлсөн, эмээгийн нүүр хавдсан. Тэр үед бас нэг удаа нэмж өшиглөсөн. Тэгэхээр нь би нөгөө өрөө рүү ороод цагдаа дуудсан...” гэх /хх-ийн 25-27х/,

Гэрч Ш.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Чингэлтэй 5, 9-р хорооны нутаг дэвсгэрт “Хайрхан 113” чиглэлд цагдаа жолооч дэд ахлагч Мөнхбаатарын хамт 24 цагаар авто эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ хугацаанд 17-18 цагийн орчим байх Чингэлтэй дүүргийн 6-р хороо 58-114 тоотод “манай аав, өвөө, эмээг зодоод байна" гэх дуудлагын дагуу очиж шалгахад Батболд гэгч нь согтуугаар өөрийн төрсөн ээж, аав болох Мягмар, Алимаа нарыг зодсон гэх ба Алимаа нь гал тогооныхоо өрөөнд толгойноос нь цус гарсан нүүр ам нь хавдаж хөхөрсөн байдалтай, нүд юм харахгүй байна гээд сууж байсан харин Мягмар гэгчийн толгой хавиас бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Тэнд ороод “Мягмараас юу болсон талаар асуухад манай хүү Батболд нь бид хоёрыг зодсон гэх бөгөөд Алимаа гуайн толгойноос яагаад цус гараад байгаа юм цохисон юм уу гэж асуухад Мягмар нь гал тогооны өрөөний паарыг мөргөж унасан гэсэн мөн тухайн өрөөний шалаар цус болсон байдалтай байсан” тэгэхээр нь бид хоёр 103 дуудаад ирэх хооронд нь Батболд гэгчийг аваад цагдаагийн хэлтэс дээр авчирч “Хайрхан 121” чиглэлд эрүүлжүүлэхээр хүлээлгэн өгсөн...” гэх /хх-ийн 28х/,

Гэрч М.Батхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай ээж Д.Алимаа нь зөнөх гэх өвчтэй мартаж санадаг өвчтэй болоод 2 жил гаран болж байна. Ер нь барьсан тавьснаа мэдэхгүй болчихсон байгаа юм...” гэх /хх-ийн 33-35х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7- 10х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6638

Ц.Мягмарын биед баруун нүдний дээд зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, уруулын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сархиулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх /хх-ийн 42х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6639

Д.Алимаагийн биед хоншоор ясны зүүн урд хана, баруун шуу ясны доод       1/3-н хугарал, зүүн ухархайн гадна, дээд, дотор, доод ханын хугарал, хамар яс, хамрын таславчийн хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн дух, зулай хатуу хальсан доорхи цус хуралт, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, зулайн оройн хуйхан доорхи цус хуралт, нүүр, хүзүү, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...гэх /хх-ийн 46х/,    

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 132х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт-1189 /хх-ийн 182х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч М.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 58 дугаар байрны 114 тоотод 76 настай төрсөн эцэг Ц.Мягмар, 77 настай төрсөн эх Д.Алимаа нарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зодож, Ц.Мягмарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Алимаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдав.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                                      

                                                                                                           ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Орд овогтой М Б/РД: /-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Бын 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял дээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 30 хоног хорих ялыг нэмж нэгтгэн 6 сар 30 хоног хугацаагаар биечлэн эдлэх ялыг тогтоосугай. 

4. Шүүгдэгч М.Бод оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

         7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.АРИУНБОЛД