Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1015

 

 

 

 

 

 

 

 

 

 2019        12        05                                   2019/ШЦТ/1015

                                        

                                        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбааатар  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Г.Цогтгэрэл, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч С.Оюундэлгэр, хохирогч Ч.Билгүүн, гэрч О.Бадрал, Б.Тэмүүлэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гал овогт Болдын Хосбаярт холбогдох эрүүгийн “1909023220915” дугаартай, 185/2019/0987/э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Маредо ХХК-нд туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны 12-123 тоотод оршин суух бүртгэлтэй,

- урьд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1180 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэж байсан. Б.Х /РД:УУ97050454/,    

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Б.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 10-наас 2019 оны 06 дугаар сарын 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Лакс баарны орчимд иргэн Ч.Билгүүнийг автомашины арын суудалд сууж байхад нь буулгах гэж оролдон баруун хацар хэсэгт нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Б.Х нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..6 дугаар сарын 10-ны өдөр Мэндсайхан, Анар, Бадрах гээд 3 найзтайгаа “Лакс” бааранд ороод 05:30 минутад такси барих гээд зам руу алхаж байгаад Тэмүүлэнтэй таарсан мэндлээд байж байхад Төгөлдөр ирээд миний мөрөн

дээр дараад байсан тэгээд би чи яагаад байгаа юм бэ гэхэд би эрүүгийн цагдаагийн байгууллагад ажилдаг 2-лаа учраа олъё “би чамайг ингэнэ, тэгнэ гэж хэлсэн. Би машинаас Билгүүнийг татаж буулгасан. Тэгэхдээ гараараа нэг удаа шанаа-нүүрэн тус газарт нь цохисон. Хохирол төлбөрт 1.586.000 төгрөг бэлнээр өгсөн гэв.

1.2.Хохирогч Ч.Билгүүн нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Миний нүүрэнд өшиглөсөн. Надад Хосбаяртай муудах шалтгаан байгаагүй. Би уугаагүй эрүүл байсан, найзуудаа авах гэж л очсон.Би Тэмүүлэнд би явъя гэж хэлээд тонгойход миний нүүрэнд цохиод татаж гаргаж ирсэн.Өшиглөсөн л гэж бодож байна машин дотор.Гомдолгүй, эмчилгээний зардлаа авсан, Цаашид гарах зардалаа нэхэмжилнэ гэв.

1.3.Гэрч Б.Тэмүүлэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн үед маргалдсан зүйл байхгүй, Хосоо Билгүүн лүү дайраад уурлаад байсан.Замын хажууд-шалтгааныг нь бол мэдэхгүй.Гадаа бол тийм юм болоогүй.Би согтолттой байсан, цохихыг хараагүй, үйл хөдлөлөөр нь цохтсон байх гэж бодож байна.Огцом хөдөлшийшдээ.Билгүүнийг машинд байхад л цохисон байх, тодорхой сайн хараагүй гэв.

1.4.Гэрч О.Бадрах шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:..Шөний 5-6 цагийн үед байхаа, пиво уусан, машины зүүн талд нь зогсож байсан.Би бол цохисон асуудлыг хараагүй, Хосбаяртай багын найз гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

           2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед Ч.Билгүүний:..Би 2016 оны 06 дугаар сарын 10-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс баарны урд талын зам дээр такси бариад Төгөлдөр бид хоёр суугаад байж байтал манай Тэмүүлэнгийн таньдаг залуу Тэмүүлэнтэй юм яриад зогсоод байсан. Тэмүүлэнг явья гэсэн чинь Хосбаяр гэх залуу чи яах гээд байгаа юм бэ? гэж хэлсэн. Би найзыгаа аваад явах гэж байна гэж хэлсэн чинь над руу дайраад миний баруун хацар хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд тэгээд миний цамцнаас зуурж машинаас гаргасан. Хосбаяр, Төгөлдөрийг машинаас гаргах гээд байсан. Төгөлдөр машинд суучих гэж хэлээд тэр хоёр цуг машинд суугаад номын сангийн чиг явсан гэх мэдүүлэг. /хх-н 6/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Тэмүүлэнгийн:.. Тухайн өдөр Билгүүн, Төгөлдөр бид гурав Лакс баарны гадаа уулзаад тэр баар луу орж үйлчлүүлээд 06 цагт гараад явж байхад Хосбаяр ганцаараа сандал дээр сууж байсан. Бид гурав урдуур нь гарсан чинь Тэмүүлэн гэж намайг дуудахаар нь би очоод мэндэлсэн. Тэр үед Билгүүн, Төгөлдөр 2 такси бариад машинд суусан байсан. Би Хосоотой юм яриад зогсож байхад Билгүүн ирээд явах уу Тэмүүлэн гэсэн чинь Хосбаяр, Билгүүн лүү чи хэн бэ гээд хэрүүл өдсөн Хосбаяр согтуу байсан. Хосбаяр Билгүүн лүү дайраад байхаар нь би боль гэж хэлтэл Хосоо Билгүүний баруун хацар орчим нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид гурав салаад явсан. Тухайн үед Билгүүн эрүүл байсан. Тэмүүлэн бид хоёр бага зэргийн согтуу байсан гэх мэдүүлэг. /хх-н 9/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Хын:..Тэгэхэд Тэмүүлэнгийн найз гэх залуу ирээд чи хэн бэ гээд мөрөн дээр дараад байхаар нь чи зүгээр бай гэж хэлээд тэр залуутай маргалдсан. Маргалдаж байгаад салаад тэр залуу таксинд суусан. Би Тэмүүлэнтэй үлдээд сууж байхад машин дотроос намайг хүрээд ирээ учраа ольё гээд дуудаад байсан. Тэгэхээр нь би очоод машины хаалгыг нь онгойлгосон чинь өөдөөс зодуулсан гээд байгаа залуу гарч ирсэн. Тэр залуу согтуу байсан.

Тэгэхээр нь би тэр залуугийн мөрнөөс нь татаад хажуу тийш нь болгосон гэх мэдүүлэг. /хх-н 12/,

2.4.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Төгөлдөрийн:..Тухайн өдөр найз Тэмүүлэн, Билгүүн нарын хамт Лакс бааранд ороод ойролцоогоор 06 цагийн үед гараад явах гэж байхад замд Тэмүүлэнгийн найз Хосоо гэх залуутай таараад юм яриад байхаар нь Билгүүн бид 2 Тэмүүлэнг явья гэсэн чинь /тэр үед бид хоёр такси бариад зогсож байсан/ Хосоо гэх залуу та хоёр юун хүмүүс юм бэ гээд хэрүүл өдөөд байсан. Билгүүн бид хоёр таксинд суугаад Тэмүүлэнг хүлээж байхад Хосоо найз гээд 3 залуу ирсэн. Тэгээд хоёр залуу нь ирээд бид хоёрыг буугаад ир гээд хэрүүл өдөх өнгө аясаар яриад байсан. Тэгснээ тэр хоёр машины араар тойрч ирээд хаалга онгойлгоод миний толгой руу цохихоор нь би болиоч гэж хэлээд хаалгаа хаасан чинь тэр хоёр яваад өгсөн тэгээд эргээд харсан чинь Хосоо гэх залуу нь Билгүүний талын хаалган дээр ирсэн. Билгүүнийг буулгах гээд хувцаснаас нь татаад байсан. Хажуунаас нь Тэмүүлэн боль гээд хориглоод байсан. Тэгсэн чинь Билгүүн буухгүй гэсэн чинь Хосоо гэх залуу нүүр лүү нь нэг удаа өшиглөөд хувцаснаас нь татаад машинаас буулгасан. Тэгснээ намайг буулгах гээд гарнаас татахаар нь би буухгүй чи өөрөө суу гэсэн чинь тэгье гээд суусан. Билгүүн, Тэмүүлэн хоёр Хосоогийн найзууд нь тэнд үлдсэн. Тэгээд би жолоочид ахаа хороолол орьё гэсэн чинь машин хөдлөөд явсан чинь Хосоо гэх залуу буцаад эргэчих, манай найзууд дээр очъё гэсэн чинь жаахан явж байгаад нөгөө жолооч та хоёр буу гээд уурлаад талбайн зүүн талд буулгасан буугаад тэр залуу манай найзууд дээр очьё, чи яагаад байгаа юм гээд хэрүүл өдөөд цүнхнээс зуураад байхаар нь чи боль, би одоо ажилтай, чи яагаад агсраад байгаа юм гээд байж байтал тэр залуугийн утас нь дугараад утсаа аваад ярингуут нь /анхаарал нь сарнингуут нь/ би цүнхээ аваад яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх-н 15/,

2.5.Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн №7250 тоот актын:

1.Ч.Билгүүний биед баруун хацрын нумын цөмөрсөн хугарал, баруун хоншоорын урд болон ар хана, баруун нүдний ухархайн доод хана, ар ханын нийлмэл хугарал, баруун хацарт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3.Шүүх эмнэлэгийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт. /хх-н 17/, 

 Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.хохирогч Ч.Билгүүний мэдүүлэг, гэрч Б.Хрсбаяр, Б.Тэмүүлэн, М.Төгөлдөр нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 7250 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.Хын мэдүүлэг, шинжээч эмчийн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол зэрэг болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Б.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 10-наас 2019 оны 06 дугаар сарын 11-нд шилжих шөнө

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Лакс баарны орчимд иргэн Ч.Билгүүнийг автомашины арын суудалд сууж байхад нь буулгах гэж оролдон баруун хацар хэсэгт нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан хохирогч Ч.Билгүүн, гэрч Б.Тэмүүлэн, М.Төгөлдөр, Б.Х нарынм мэдүүлэг, Шүүх ийн ш шинжилгээний үндэсний хүрээлэнгийн № 7250 дугаар дүгнэлт, шүүгдэгч болон  хохирогч Ч.Билгүүн нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Хыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, дүгнэлтэндээ:...шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэс буруутайд тооцуулж, 1300 нэгж буюу 1 300 000 төгрөгөөр торгох дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд цагаатгах байр сууринааас оролцож санал, дүгнэлт гаргасан болно.

 

Яг цохихыг нь харсан гэрч байхгүй, хөлөөрөө юм уу гараараа цохисон юм уу гэрч Тэмүүлэн гараараа л цохисон гэдэг, хөлөөрөө гэдгийг хараагүй гэдэг, хохирогч Билгүүн хэлэхдээ толгойгоо гаргахад хөлөөрөө цохисон гэдэг гэж хэлдэг, ямар ч шаардлагагүй байсан.Татахдаа нүүрэнд нь 1 удаа гараараа цохисон гэж мэдүүлдэг боловч хүчтэй цохиж нүүрний яс хугартал цохиогүй гэдэг.Хосбаярыг шууд хүндэвтэр гэмтэл учруулахад цохиогүй гэдэг нь харагдаж байна.Салж явсныхаа дараа өөр хүмүүст цохиулсан байж болзошгүй тул цагаатгаж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэг, камерийн бичлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогч Ч.Билгүүний мэдүүлэг зэргээр эргэлзээгүй тогтоогдож байх тул,  

шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 1000

нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч  Б.Х нь хохирогч Ч.Билгүүнд 1 586 000 төгрөг хохирол, төлбөрт төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар хохирогч Ч.Билгүүн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Б.Хаас нэхэмжлэх эрхтэйг болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13,  37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Гал овогт Б.Х-т хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Хыг  1000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Хыг оногдуулсан торгох ялыг  4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалахыг  тус тус дурдсугай.

6.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар Ч.Билгүүн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Б.Хаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                       Д.РЕНЧЕНХОРОЛ