Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1292

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Ж.Отгончимэг,

Хохирогч Г....,

Шүүгдэгч Д.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанрайсаг овогт ...гийн ...ад холбогдох 1908043221676 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт СХД-ийн 21-р хороо Хүйн гол ...тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо Дэнжийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Жанрайсаг овогт ...гийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Д.... нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дэнжийн ...тоотод байрлах гэртээ 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн үед иргэн Г....тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дэнжийн ...тоотод ... согтчихоод чиний бөх, багш гэж хаана байдаг юм гээд агсраад байсан. Тэгэхээр нь би мэдэх хүмүүс нь мэдэх байлгүй гэсэн чинь ... над руу дайраад багалзуурдаад түлхээд газарт унагаасан. Энэ үед ... бид хоёрыг салгасан. Гэтэл ... дахиад над руу дайраад байхаар нь би тэвэрч аваад орон дээр дараад авсан. ... дахиад салгасан ба би гэрээс гараад хашааны хаалга дээр иртэл ... явуулахгүй гээд байсан. Тэгээд ... намайг заамдаж гараараа нүүр ам руу олон удаа цохьсон би газарт унасан. Тэгээд би шүд уначихлаа гэсэн чинь ... болиод газарт суусан. ...” гэх мэдүүлэг /хх 37-38 х/,

2.Хохирогч Г....гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн өдөр ...тай мал тушаах гэж хөдөөнөөс Улаанбаатар хотод орж ирсэн байсан. ... ...тай ярихад “машиных нь хроп нь эвдэрчихсэн, цуг янзлалцаад өгөөч” гэж байна гэж надад хэлсэн. Би тухайн өдөр зах гарч машиндаа юм авах гэж байсан боловч миний машиныг янзалж байсан хүн болохоор ...тай хамт явсан. ...ын машиныг янзалж байгаад орой ...ын гэрт очиж хонохоор болсон. ... “усанд явъя” гээд гараад буцаад ороод ирэхдээ архи аваад орж ирсэн. Би айлд ирж хоносных гэж бодоод дахин нэг шил архи авсан. Гадаа архиа ууж сууж байгаад гэрт орж сууцгаасан. Тэр өдөр төмөр замчдын бөхийн барилдаан болж байхаар нь би утсаараа үзээд сууж байсан. Гэтэл ... “хамт бөх үзье” гээд хажууд суусан. Би тэр үед “манай шавь аймгийн заан цол авлаа, би баяртай байна” гэж хэлтэл “чиний бөх, чиний багш гэж юу байдаг юм” гэж хэлээд над руу дайрсан. Би тухайн үед хөл муутай байсан. Хүнтэй зодолдох тэнхэл надад байгаагүй доголон байсан. Жижиг өрөөндөө над руу дайраад багалзуурдаад авахаар нь ... салгасан. Тэр хооронд нь би цүнхээ үүрээд явлаа гэтэл дахиад над руу дайрсан. Би тэр үед шүүгдэгчийг тэврээд орон дээр хэвтээд өгсөн. ... ирж салгахаар нь би цүнхээ аваад явлаа гээд гараад гүйтэл ... хашааны үүдэн дээр ирж зогсоод намайг хориод явуулахгүй байсан. Миний хөл зүгээр байсан бол би хашаан дээгүүр даваад яваад өгөх байсан. Би “чамайг яагаад уурлуулчихав, би ямар гэм хийчихвээ, намайг уучлаарай” гээд би бараг хөлд нь сөгдөж гуйсан. Би татаж түлхэж холдуулах гэж зөндөө хийчээсэн боловч хашаанаас холдохгүй байсан. Тэгтэл миний нүүр рүү гэнэт цохиод дарж хэвтүүлээд цээжин дээр сууж байгаад 2 удаа цохисон. Би “миний шүд уначихлаа” гэж хэлтэл ... “өө би ингэдэг юм, өмнө нь хүний шүд цохиж байсан гээд” цаашаа хараад суусан. Би хашаанаас гараад зам руу очоод цагдаа дуудахад цагдаа ирэхгүй байсан. Гэтэл ардаас ... ирчихээд намайг явуулахгүй “хамт явж эмнэлэгт үзүүлье” гэж хэлсэн. ... манайд оръё гэж хэлэхэд нь би орохгүй гэж хэлсэн. ... миний утсыг аваад гэртээ орчихоод гарч ирэхгүй болохоор нь би цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгсөн. Дараа нь ... надтай уулзаад “хоёулаа тохиролцоод шүдийг чинь хийлгэж өгье” гэж хэлсэн. Би ...ыг хүлээж 4-5 хоног буудалд байсан. Нүүр хавдчихсан, шүдгүй болчихсон болохоор би хамаатныдаа очиж чадахгүй байсан. Нэг өдөр ярьсан чинь “миний хуруу гэмтсэн, ... та хоёр намайг зодчихоод ирсэнгүй, би гэмтэлд хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өргөдөл бичиж өгөхгүй бол болохгүй юм байна гэж бодоод цагдаагийн газар өргөдөл гаргасан. Би хиймэл шүд хийлгэсэн. Би авагддаггүй шүд хийлгэхийг хүсэж байна. Миний доод шүд бүгд хөдөлсөн. Дээд 3 шүд хөдөлсөн.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3.Шүүгдэгч Д....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний уур хүрээд ...гийн эрүүнийх нь доод хэсэг рүү гараараа нэг удаа цохиход ... газар унасан. ... архи ууж байхдаа хөл муу байгаа гэж ярьж байсан болохоор гэмтчих болов уу гэж бодоод хаяаад гэртээ орсон, ... миний үйлдлээс уг гэмтлүүд учирсан тул маргахгүй, би өөрөө тогтсон ажилгүй, машины зээлтэй учраас ойрын хугацаанд хохирлыг төлөх боломжгүй, хохирогчтой ярилцаж байгаад болох байх ...” гэх мэдүүлэг /хх 50-51 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

4.Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эрднэбатын гэрт хүн байхгүй байсан. ..., ... бид нар 2 шил архи уугаад сууж байхад тэр хоёр яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй хоорондоо маргалдаад заамдалцаад авахад би дундуур нь ороод тэр хоёрыг салгаад хоёулаа гараад яваад өгөхөөр нь би арын унтлагын өрөөнд ороод унтаад өгсөн. Тэгээд өглөө унтаж байхад ... цагдаатай хамт орж ирээд ... намайг зодоод шүд хугалчихлаа гэж хэлээд ... амаа ангайлгаж шүдээ харуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 44 х /,

5.Шинжээчийн 9611 тоот дүгнэлт

1.Г....гийн биед тархи доргилт, 11,21,22-р шүдний булгарал, буйланд цус хуралт, 31, 41-р шүдний ганхалт, хамарт хугарал, хамар, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.3-р шүдний булгарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна.

5.Дээрх гэмтэл нь 2019.08.04-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. гэх дүгнэлт /хх 46 х/,

6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 63 х/

7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 64 х/

8.Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа “Д....ын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө бүртгэгдээгүй” /хх 65 х/

 9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 66 х/

10.Хохирлын мөнгө 200,000 төгрөг хүлээн авсан баримт /хх 85 х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Шүүгдэгч Д.... нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дэнжийн ...тоотод байрлах гэртээ 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн үед иргэн Г....тэй хамт архидан согтуурч улмаар хохирогчийг “чиний бөх, багш гэж хаана байдаг юм” хэмээн түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, 11, 21, 22-р шүдний булгарал, буйланд цус хуралт, 31, 41-р шүдний ганхалт, хамарт хугарал, хамар, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г....гийн “...... над руу дайраад багалзуурдаад түлхээд газарт унагаасан. Энэ үед ... бид хоёрыг салгасан. Би гэрээс гараад хашааны хаалган дээр иртэл ... явуулахгүй гээд байсан. Тэгээд ... намайг заамдаж гараараа нүүр ам руу олон удаа цохисон би газарт унасан. Тэгээд би шүд уначихлаа гэсэн чинь ... болиод газарт суусан. ...” гэх мэдүүлэг /хх 37-38 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 Гэрч Б....ын “...тэр хоёр яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй хоорондоо маргалдаад заамдалцаад авахаар би дундуур нь ороод тэр хоёрыг салгаад хоёулаа гараад яваад өгөхөөр нь би арын унтлагын өрөөнд ороод унтаад өгсөн. Тэгээд өглөө унтаж байхад ... цагдаатай хамт орж ирээд ... намайг зодоод шүд хугалчихлаа гэж хэлээд ... амаа ангайлгаж шүдээ харуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 44 х /,

Шинжээчийн 9611 тоот дүгнэлт

1.Г....гийн биед тархи доргилт, 11, 21, 22-р шүдний булгарал, буйланд цус хуралт, 31, 41-р шүдний ганхалт, хамарт хугарал, хамар, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан гарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.3-р шүдний булгарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна.

5.Дээрх гэмтэл нь 2019.08.04-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. гэх дүгнэлт /хх 46 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Д.... нь хохирогч Г....гийн биед тархи доргилт, шүдний булгарал, буйланд цус хуралт, шүдний ганхалт, хамарт хугарал, хамар, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан гарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Д.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч Г.... авагддаг хиймэл шүдний төлбөр 200,000 төгрөгийг авсан болох нь хохирогчийн бичгээр гаргасан баримт /хх 85 х/-аар нотлогдон тогтоогдсон, харин хохирогч цаашид хийлгэх авагддаггүй хиймэл шүдний үнэ 7,5 сая төгрөг нэхэмжилж байгаа боловч уг шүдээ хийлгээгүй, энэ талаарх нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй, шүүх хуралдаан дээр гаргаж өгөөгүй учраас эрүүгийн хэрэгтэй хамт уг хохирлын асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй учраас хохирогч нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.

Улсын яллагч: Д....ын гар гэмтэлтэй учраас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасан.

Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, торгуулийн ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү? гэсэн.

Д....ын үйлдсэн гэмт хэрэгт түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлоггүй, өмчлөлдөө бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг арилаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан Нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүй байх нөхцлүүд тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд нь тохирно гэж шүүх шийдвэрлэсэн.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Жанрайсаг овогт ...гийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д....ыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д....ад мэдэгдсүгэй.

4.Д....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 200,000 төгрөг төлөгдсөн, хохирогч цаашид хийлгэх хиймэл шүдний зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д....ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ