Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 134/ШШ2016/00146

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбайд байрлах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК /РД: 2074192, улсын бүртгэлийн дугаар: 9011622081, утас: 0135273501, 70353002/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь суманд байрлах, “Шивээ-Овоо” ХК /РД: 2004879, улсын бүртгэлийн дугаар: 3212010001,  утас: 70546464/-д холбогдох

Түрээсийн төлбөр, алданги нийт 81 191 160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төгсбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одбаяр, А.Энхгэрэл, нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Шивээ-Овоо” ХК-иас “яаралтай туслана уу” гэсэн утга бүхий албан бичиг ирсний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 7 хоногийн дотор өрмийн бригад гарч,  ажлын гүйцэтгэл явж байх үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Шивээ-Овоо” ХК-тай 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5/061-16 дугаартай гэрээ байгуулсан. Дээрх гэрээний 3.3-т зааснаар “Түрээсийн төлбөрийг гэрээ дүгнэсэн акт үйлдсэний дараа 30 хоногт багтаан барагдуулна”, мөн гэрээний 4.6-д зааснаар ”Техникийг ашигласны дараа гэрээний үнийг саадгүй төлнө” гэх үүргээ хариуцагч өнөөг хүртэл биелүүлээгүй байна. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ДД-57-12/542 дугаар албан бичгээр төлбөр барагдуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Хариуцагч талаас өрмийн машиныг 22 хоног ажиллуулсан тул энэ хугацаагаар төлбөрийг тооцож төлнө гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Түрээсийн гэрээний 2.2.1-д “1 сарын хугацаанд хэрэгжинэ” гэсэн байх ба гэрээний нөхцөлд ажил гүйцэтгэсэн хугацаагаар төлбөрийг тооцох талаар тусгаагүй. Мөн хоол, байрны зардлыг гэрээгээр тохироогүй бөгөөд Түрээсийн гэрээний 3.2-т “Түрээсийн төлбөрт тээврийн зардал, өрмийн бригадын цалин шингэсэн болно” гэж заасан тул үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах боломжгүй.

Иймд Sandvik-D45ks маркийн өрмийн машины түрээсийн төлбөр 75 177 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 5/061-16 дугаартай гэрээний 8.2 дахь заалтын дагуу 6 014 160 төгрөгийн алданги, нийт 81 191 160 төгрөгийг хариуцагч “Шивээ-Овоо” ХК-иас гаргуулж өгнө үү. Алдангийг тооцохдоо гэрээний 8.2-т зааснаар алдангийн нийт дүн нь нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 8 хувиас хэтрэхгүй гэж заасныг үндэслэн тооцсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөг төлсөн байсан. Мөн хариуцагчаас гаргаж өгсөн төлбөрийн баримтаар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин 20 000 000 төгрөг төлсөн байна. Үүнтэй маргаан байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. 

 

Хариуцагч “Шивээ-Овоо” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одбаяр, А.Энхгэрэл нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Sandvik-D45ks маркийн өрмийн машиныг түрээслэн 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 22 хоног ажиллуулсан. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг байгуулсан. Тус гэрээнд бид “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас өрмийн машиныг 1 сарын хугацаатай 79 800 964 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Түрээсийн төлбөрт тээврийн зардал, өрмийн бригадын цалин байна гэж дурдсан. Өрмийн машин нь манай компанийн уулын ажлын мэдээгээр 22 хоног ажилласан ба Иргэний хуулийн 73 дугаар зүйлд зааснаар хугацааг тооцож, тус хоногт ногдох төлбөр буюу 55 520 707 төгрөг төлөх ёстой. Үүнээс өрмийн машиныг тээвэрлэн авчрах зардал 4 623 750 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлсөн, мөн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр түрээсийн төлбөрөөс 20 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөгийг тус тус төлсөн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас гаргасан төлбөрийн задаргааг харахад манай компани нэг талын тээврийн зардал 4 623 000 төгрөгийг төлсөн байтал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс 13 000 000 төгрөг төлсөн нь харьцангуй харагдаж байна.  

Ажилчдын хоол, байрны төлбөрийг манай компани хариуцах ёсгүй. Бригадын ажилчид манай охин компаниар үйлчлүүлж, хоол, байрны зардалд 3 730 130 төгрөг гарсныг манай компани охин компанидаа төлж барагдуулсан. Иймд энэ төлбөрийг хасаж тооцох нь зүйтэй.

Мөн манай компанийн санхүүгийн байдлыг харгалзан үзэж алданги төлөхөөс чөлөөлж өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь хариуцагч “Шивээ-Овоо” ХК-д  холбогдуулан өрмийн машины түрээсийн төлбөр, алдангид нийт 81 191 160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь түрээсэлж авсан өрмийн машиныг 22 хоног ажиллуулсан тул 55 520 707 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх ёстой ба өрмийн машиныг тээвэрлэх зардал 4 623 750 төгрөг, ажилчдын хоол байрны зардал 3 730 130 төгрөгийг төлсөн тул эдгээр төлбөрийг хасаж тооцоно гэж маргаж байна. 

Зохигчийн хооронд байгуулагдсан 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 5/061-16 дугаартай түрээсийн гэрээгээр “Шивээ-Овоо” ХК нь тэсэлгээний цооногийн өрөмдлөгийн ажилд Sandvik-D45ks маркийн өрмийн машиныг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсанаас хойш нэг сарын хугацаанд түрээслэх, түрээсийн төлбөрт 79 800 964 төгрөгийг түрээслүүлэгч буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-5-6/

Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр эсэх болон гэрээнд хүсэл зоригоо илэрхийлсэн байдал, гэрээ байгуулсан талаар маргаагүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талуудын чөлөөт байдалд нийцсэн гэж үзэхээр байна.

  1. Түрээсийн төлбөрийн тухайд:

Хариуцагч талаас ажилчдын хоол байрны зардал 3 730 130 төгрөгийг төлсөн гэж хоол, байрны төлбөр төлсөн тооцооны хуудсыг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан боловч /хх 29-34/ 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 5/061-16 дугаартай түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “Түрээсийн төлбөрт тээврийн зардал, өрмийн баригадын цалин шингэсэн болно” гэж зааснаас үзэхэд ажилчдын хоол, байрны төлбөр нь түрээсийн төлбөрт орохоор заагаагүй байна. Иймд хоол, байрны зардал 3 730 130 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох боломжгүй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр өрмийн машиныг ажиллуулсан хоногоор тооцож, төлбөрийг төлөх талаар дурдаагүй ба гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-д “Гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсанаас хойш нэг сарын хугацаанд хэрэгжинэ” гэж заасан, мөн өрмийн машиныг тээвэрлэх зардал болох 4 632 750 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Геологи хайгуулын ангийн “Шивээ-Овоо” ХК-д өрөмдсөн тэсэлгээний цооногийн тооцоо 2016 он гэсэн баримт /хх-14/ зэргээр тогтоогдож байх тул түрээсийн зүйлийг 22 хоног ажиллуулсан тул тэр хэмжээгээр төлбөрийг төлнө, тээврийн зардлыг хасаж тооцуулна гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Шивээ-Овоо” ХК-ийн зүгээс 40 000 000 төгрөг төлсөн болох нь Төрийн банкны 2016 оны 09 дүгээр сарын 20, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн мемориалын баримтаар нотлогдож байгаа ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлбөр төлсөн талаар маргаангүй гэж тайлбарлаж байна.  

Иймд түрээсийн төлбөр 75 177 000 төгрөгөөс 40 000 000 төгрөгийг хасаж, үлдэх 35 177 000 төгрөгийг хариуцагч “Шивээ-Овоо” ХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д олгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  1. Алдангийн тухайд:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд талууд гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувь байхаар, алдангийн нийт дүн 8 хувиас хэтрэхгүй байхаар тохирсон байна.

Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “Түрээсийн төлбөрийг гэрээ дүгнэн акт үйлдсэний дараа 30 хоногт багтаан барагдуулна” гэсэн байх ба 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ дүгнэсэн акт /хх-12/ үйлдсэн байх тул үүнээс хойш хариуцагч түрээсийн төлбөрийг 30 хоногт багтаан төлөх үүрэг бий болсон гэж үзэж, үүргээ гүйцэтгээгүй тул алданги тооцож эхэлсэн гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх ба алдангид нэхэмжилсэн 6 014 160 төгрөг нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 8 хувиас хэтрээгүй байна.

Харин компанийн санхүүгийн байдлыг харгалзан алданги төлөхөөс чөлөөлүүлэх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь нотлох баримтаар нотлогдоогүй, тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн алдангийн талаар талууд нэгэнт гэрээгээр тохирсон байх тул хариуцагчийг алдангиас чөлөөлөхгүйгээс гадна шүүхэд нэхэмжлэл ирсэнээс хойш хариуцагчаас төлбөр төлсөн нь алдангийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй юм.

Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь алдангийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй байх тул алданги 6 014 160 төгрөг, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 35 177 000 төгрөг, нийт 41 191 160 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.    

Нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563 906 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 563 906 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Шивээ-Овоо” ХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл, алдангид нийт 41 191 160 /дөчин нэгэн сая нэг зуун ерэн нэгэн мянга нэг зуун жар/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563 905 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Шивээ-Овоо” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 563 905 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.НАРАНЧИМЭГ