| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/1262/Э |
| Дугаар | 1285 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 1285
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч Б.Энхбат,
Шүүгдэгч Х.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт ...гийн ...эд холбогдох 1908051111665 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-д хаягын түгээгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ...тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчний ...тоотод түр оршин суух, урьд
2014 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1 дүгээр зүйлийн 55.1.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Олхонууд овогт ...гийн ... .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Х.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жавхлант” төвд иргэн Д....ын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь “эрүүний хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл, шүдний булгарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жавхлант” төвийн бааранд 23 цагийн үед ганцаараа ороод 0,5 литрийн хэмжээтэй пиво хоёрыг захиалж уугаад сууж байхад намхан залуу сүүлд нэрийг нь мэдсэн ... ирээд гараад уулзаадахъя гэсэн би босоод үүд рүү түрүүлж алхаад коридорт гарч яасан бэ гээд эргээд харахад ... миний нүүр рүү гараараа цохиод би газар уначихсан. Би газар унаад байж байхад аман дотор шүд уначихаар нь унасан шүдээ гаргаж гар дээрээ бариад шүд хугалчихлаа ш дээ гэж хэлэхэд өндөр залуу буюу сүүлд нэрийг нь мэдсэн ... намайг баашлаад бай гээд хөлөөрөө толгой руу жийсэн. Удалгүй тэнд байсан хүмүүс ирээд бид нарыг салгаад гадаа гаргасан, гадаа байж байхад цагдаа нар ирээд бид нарыг ..., ... нарыг аваад явсан. ...Миний биед учирсан гэмтлийг сүүлд нэрийг нь мэдсэн ... гэдэг залуу гараараа нэг удаа нүүрэнд цохиж учруулсан гэмтэл байгаа юм. Сүүлд нэрийг нь мэдсэн ... миний толгой руу хөлөөрөө нэг удаа жийсэн, ...ын жийснээс болж миний биед гэмтэл учраагүй. ...Намайг анх ... дуудаад эргэж харахад нэг удаа цохиж газар унагаасан. ...” гэх мэдүүлэг /хх 28 х/,
2.Шүүгдэгч Х....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр үед хажууд бүжиглэж байсан сүүлд нэрийг нь мэдсэн ... гэдэг залуутай шүргэлцээд маргалдсан. Тухайн үед би их хэмжээний согтолттой байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна, нэг мэдэхэд баарны хаалгаар гарч байхдаа урд байсан ...ыг араас нь дуудаад гараараа нэг удаа нүүр рүү нь цохичихсон юм. Тэгээд ... газар суугаад шүд уначихлаа ш дээ гэж хэлсэн. ... миний хувьд гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохиролд 1,397,860 төгрөг төлсөн, торгуулийн ял оногдуулж өгнө үү? ...” гэх мэдүүлэг /хх 89-90 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Х....н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жавхлант” төвийн бааранд хамгаалагчаар ажилладаг. 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өсөхбаярын хамт хамгаалагчийн ажлаа хийж байхад шөнө 02 цагийн үед 00 дотор хоёр хүн маргалдаад байхаар нь би салгаад гаргахад амнаас нь цус гарсан согтуу залуу юм ярилгүй гараад явсан. Нөгөө залууг нэг өндөр залуу ирж аваад баар руу орсон. Удалгүй цагдаа нар шалгалтаар орж ирэхэд амнаас нь цус гараад гарсан согтуу залуу эрүү хугарчихлаа гээд байсан. Тэгээд бааранд сууж байсан өндөр, нам хоёр залууг цагдаа нар аваад явсан. ...Хохирогч Д.... нь 00-ын үүдэнд ...тэй маргалдсан байдалтай байсан. Би дундуур нь орж салгаад гаргаж явуулсан. Тэрнээс хойш Д.... хүнтэй маргалдаагүй. ...ын биед учирсан гэмтлийг ... учруулсан байх, өөр хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 14 х/,
4.Гэрч Ч....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ...ын хамт тамхи татахаар баарны үүдэнд явж байхад ард чимээ гарсан, би эргээд харахад ... нэг танихгүй залууг цохиод газар унагаасан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,
5.Гэрч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ...ын хамт баарны үүдээр гарч байхад ард ... нэг хүнтэй маргалдаж газар унагаачихсан байсан. Тэр үед баарны хамгаалагч цуг ирж салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 18 х/,
6.Шинжээчийн 11871 тоот дүгнэлт
1.Д....ын биед эрүүний хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт хх 20 х/,
7.Шинжээчийн 1449 тоот дүгнэлт
1.Д....ын биед эрүүний хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл, шүдний булгарал тогтоогдпоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулна.
6.Эрүүний хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 108-109 х/,
8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48 х/
9.Х....ийн ажлын газрын тодорхойлолт /хх 58 х/
10. “Хохиролд 1,397,860 төгрөг авсан, яллагдагчтай сайн дураар эвлэрсэн, ямар нэгэн гомдол, саналгүй” гэх хохирогчийн бичгээр гаргасан баримт /хх 113 х/
11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59 х/
12.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 71 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Х.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жавхлант” төвд иргэн Д....тай муудалцан улмаар нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь “эрүүний хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл, шүдний булгарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д....ын “... эргээд харахад ... миний нүүр рүү гараараа цохиод би газар уначихсан. ... Намайг анх ... дуудаад эргэж харахад нэг удаа цохиж газар унгагаасан. ...” гэх мэдүүлэг /хх 28 х/,
Шүүгдэгч Х....ийн “... ...ыг араас нь дуудаад гараараа нэг удаа нүүр рүү нь цохичихсон юм. Тэгээд ... газар суугаад шүд уначихлаа ш дээ гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 89-90 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Х....н “...00 дотор хоёр хүн маргалдаад байхаар нь би салгаад гаргахад амнаас нь цус гарсан согтуу залуу юм ярилгүй гараад явсан. ... Удалгүй цагдаа нар шалгалтаар орж ирэхэд амнаас нь цус гарсан согтуу залуу эрүү хугарчихлаа гээд байсан. ...Хохирогч Д.... нь 00-ын үүдэнд ...тэй маргалдсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх 14 х/,
Гэрч Ч....ын “...Би ...ын хамт тамхи татахаар баарны үүдэнд явж байхад ард чимээ гарсан, би эргээд харахад ... нэг танихгүй залууг цохиод газар унагаасан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,
Гэрч С....ын “...Би ...ын хамт баарны үүдээр гарч байхад ард ... нэг хүнтэй маргалдаж газар унагаачихсан байсан. Тэр үед баарны хамгаалагч цуг ирж салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 18 х/,
Шинжээчийн 1449 тоот дүгнэлт
1.Д....ын биед эрүүний хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл, шүдний булгарал тогтоогдпоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.
6.Эрүүний хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт /хх 108-109 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Д....ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг шүүгдэгч Х.... нүүрэн тус газар цохиж учруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогтдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой, уг гэмтлийг бусдын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх 20, 108-109 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Х.... хүний нүүрэн тус газарт цохисон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Х....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Д....ын эмчилгээний зардлын баримтгүйгээр нэхэмжилсэн 1,397,860 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн ямар нэгэн гомдол саналгүй тухай бичгээр гаргасан хүсэлт /хх 113 х/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Шүүгдэгч Х....эд 2,500 нэгжтэй тэнцэх төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Улсын яллагчийн гаргасан ялын саналыг зөвшөөрч байна гэсэн.
Шүүгдэгч Х.... гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,397,860 төгрөгийг өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд 1 удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан нь түүнд оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдалд хамаарахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогч гомдол, саналгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 2,500 нэгжтэй тэнцэх 2,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Олхонууд овогт ...гийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х....ийг 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Х....эд үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х....эд мэдэгдсүгэй.
5.Х....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1,397,860 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х....эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ