Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1867

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ганбаяр, 

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Т-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07092 2319 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Н.Т, 1960 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 6,  Дорнод аймаг Хэрлэн сум 10 дугаар баг, ялалт гудамжны 3-13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2006 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн №02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 хоног хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №06 дугаартай магадлалаар өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 03 жил 01 хоногийн хорих ялаар ял шийтгүүлсэн, /РД: ЖЯ60112310/,

Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2-26 дугаар нийтийн байрны 05 тоотод буюу хүн байнга амьдрах, зориулалттай иргэн Б.Ууганчимэгийн хөлслөн амьдарч буй өрөөнд нэвтэрч Ай фоун эс6 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 294.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлнө, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Ууганчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хөлсөлдөг нийтийн байр болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 2-26 дугаар байрны жижүүрийн өрөөнд ороод хэсэг байж байгаад буцаад өөрийн өрөө болох 5 тоотод ороход миний ай фоне-6эс маркийн гар утас алдагдсан байсан. Тухайн байрны хяналтын камерыг шүүж үзэхэд 7 номерт өрөө хөлсөлдөг өвөө шагааж хараад миний утсыг аваад гарсан бичлэг хадгалагдаж үлдсэн байсан. Миний утсыг авч гарсан хүний охинийх нь хийсэн гэрээ байсан охинийх нь 88580252 дугаарын утас руу залгахад хохирлыг барагдуулж өгнө гээд жижүүр эгчид хэлсэн гэж байсан. Т гэдэг хүн байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Яллагдагч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд нийтийн байр түрээслэн амьдардаг байхдаа тус байрны нэг айлын хаалгыг түлхэж үзэхэд хаалга нь онгорхой байсан бөгөөд үүд хэсэгт нь байсан ширээн дээр утас харагдсан, тэгэхээр нь тус утсыг аваад гарсан. Авсан гар утсаа тус байрны ойролцоо нэг хүнд 8000 төгрөгөөр зарж мөнгөөрөө хоол авч идсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 76/,

2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №Б32-18-1596 дугаартай Дамно ХХк-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/ зэргийг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2-26 дугаар нийтийн байрны 05 тоотод буюу хүн байнга амьдрах, зориулалттай иргэн Б.Ууганчимэгийн хөлслөн амьдарч буй өрөөнд нэвтэрч Ай фоун эс6 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 294.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч Б.Ууганчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хөлсөлдөг нийтийн байр болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 2-26 дугаар байрны жижүүрийн өрөөнд ороод хэсэг байж байгаад буцаад өөрийн өрөө болох 5 тоотод ороход миний ай фоне-6эс маркийн гар утас алдагдсан байсан. Тухайн байрны хяналтын камерыг шүүж үзэхэд 7 номерт өрөө хөлсөлдөг өвөө шагааж хараад миний утсыг аваад гарсан бичлэг хадгалагдаж үлдсэн байсан. Миний утсыг авч гарсан хүний охинийх нь хийсэн гэрээ байсан охинийх нь 88580252 дугаарын утас руу залгахад хохирлыг барагдуулж өгнө гээд жижүүр эгчид хэлсэн гэж байсан. Т гэдэг хүн байсан” гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл  журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Т нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүнээс үнэлгээгээр тогтоогдсон нийт 294.000 төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Б.Ууганчимэгт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Т-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Н.Т-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Н.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Т-ийн урьд цагдан хоригдсон нийт 42 / дөчин хоёр / хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Т-гээс нийт 294.000 /хоёр зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ууганчимэгт олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Т-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР