Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1751

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 101/ШШ2016/03112 дугаар шийдвэртэй,

                       

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХХ” ХХК, ХХХ нарт холбогдох,

 

Орон сууц худалдах-худалдан авах гэрээ, орон сууц өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөх эрх сэргээлгэх, хариуцагчийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                   ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                                            ХХХХ

Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ

                                                                                                          ХХХХ     

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                              Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

ХХХХХ , ХХХ нарын хооронд байгуулагдсан 2012 оны 6 сарын 26-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, ХХХаас “ХХХХ” ХХК-д орон сууц өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХ дүгээр хороолол, ХХ дүгээр байр, ХХ дугаар орц ХХ тоот, 12 м.кв бүхий орон сууцыг ХХХХХ  өмчлөх эрхийг сэргээлгэх, ХХХ “ХХХХ” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох /орон сууцны/ улсын бүртгэлийн дугаар ХХХХХ ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХ дүгээр хороолол, ХХ дүгээр байр, ХХ дугаар орц ХХ тоот, 12 м.кв,1 өрөө орон сууц нь ХХХХ миний нэр дээр өмчлөх эрх нь бүртгэлтэй байдаг болно. Миний бие энэ байранд 2010 оны 8 дугаар сараас өнөөг хүртэл 14 жил өөрийн ээж ХХХХХ, нөхөр ХХХХХ, охин ХХХХХ, ХХХХХ, ХХХХХ, зээ охин ХХХХХ нарын хамт ам бүл долуулаа амьдарч байна. ХХХ нь энэ хэлцлийг надтай байгуулахдаа дүр үзүүлэн хийсэн бөгөөд гэрээнд 50 000 000 төгрөгөөр худалдан авсан мэтээр заасан боловч нэг ч төгрөг төлөөгүй. Надаас энэ орон сууцыг худалдан авах зорилго байгаагүй, би ч түүнд худалдах хүсэл зорилго байгаагүй болно. ХХХ нь ХХХХХ надтай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг ашиглан өөрийнхөө нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлээд дараа нь “ХХХХ” ХХК-ийн нэр дээр миний орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Цаашид 'ХХХХ" ХХК нь миний орон сууцыг бусдад худалдаж болзошгүй байна. ХХХ, “ХХХХ” ХХК-ийн хооронд 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дүгээр хороолол, ХХХ тоот орон сууцыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, “ХХХХ” ХХК-ийн нэр дээрх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. ХХХХХ , ХХХ нарын хооронд байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 12 метр квадрат орон сууцны ХХХХ-ийн өмчлөх эрхийг сэргээлгэх, ХХХын нэр дээр байгаа улсын бүртгэлийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Энэ нь 1 өрөө байрыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “ХХХХ” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагуудыг нэмж гаргасан. ХХХХХ нь 2000 оны 6 дугаар сараас эхлээд өнөөдрийг хүртэл 16 жил маргаж буй орон сууцанд амьдарч байгаа. Өмчлөх эрх ХХХХХ гын нэр дээр байдаг. Гэр бүлийн гишүүдтэйгээ нийт долуулаа амьдардаг. Нэхэмжлэгч нь ХХХХ-т орон сууцаа худалдах зорилго агуулаагүй. ХХХХ ч орон сууцыг худалдаж авах зорилго агуулаагүй. Гэрээ нь агуулгын хувьд худалдах худалдан авах гэрээ мэт боловч, гэрээний зорилго болзол нь ХХХ ХХХХХ д зээл авч өгөх зорилготой байсан. Гэвч ХХХ зээлээ өгөөгүй учир, гэрээний болзол биелэгдээгүй. Иймээс гэрээ нь Иргэний хуулийн 44.1 дэх хэсэгт зааснаар болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт хэлцлийн тухай маш тодорхой заалт юм. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийснээр иргэний эрх зүйн харилцаа үүсдэг. ХХХ ХХХХХ нарын хооронд байгуулсан гэрээний хүсэл зориг нь зээл авах, зээл авсны дараагаар орон сууцыг буцаан авах хүсэл зоригтой байсан. Уг гэрээний хууль зүйн тодорхой үр дагавар нь зээл авах байсан. Гэвч үр дүн гараагүй буюу зээл авч өгөөгүй. Иймээс Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгүүдэд зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус байгаа юм. ХХХ нь зээл авч өгөөгүй, зээл авч өгөх болзол нь биелэгдээгүй, ХХХХ-ийн зөвшөөрөлгүйгээр өөр этгээдэд орон сууцыг шилжүүлсэн нь нийтээр хүлээсэн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн байгаа юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус байгаа юм. Гэрээний болзол мөн хүчин төгөлдөр бус байгаа юм. Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ХХХтай гэрээ байгуулаад 6 сар өнгөрөхөд зээл авч өгөөгүй, цаашид биелэгдэхээргүй болсон учир 46 дугаар зүйлийн 46.1.3 дэх хэсэгт зааснаар болзол хүчин төгөлдөр бус болж байгаа юм. Иймд орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, орон сууц өмчлөх эрхийг сэргээж, ХХХХын өмчлөх эрхийг хүчингүй болгож өгнө үү гэсэн анхны нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд ХХХХаас “ХХХХ” ХХК-д орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “ХХХХ” ХХК-ийн өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иргэний хуулийн 101.1, 106.1 дах хэсгүүдэд зааснаар ХХХ ХХХХХ д зээлийг нь авч өгөх байсан боловч зээл авч өгөлгүйгээр өөр этгээдэд орон сууцыг шилжүүлсэн. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн эрхийг хязгаарлаж байгаа учраас 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дах хэсгүүдэд зааснаар нэхэмжлэл гаргаж байна. Бэлэглэлийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ийнхүү бүртгүүлэхдээ хууль зөрчиж бүртгүүлсэн учраас бэлэглэлийн гэрээ болон “ХХХХ” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь ХХХХХ ХХХ нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд талуудын хоорондын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн гэрээ юм. Уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах ямар ч үндэслэлгүй юм.

ХХХ, ХХХХХ нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулагдсан. Гэрээ хүчин төгөлдөр явж байгаа. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь нэг талаас орон сууц худалдан авах, нөгөө талаас 50 000 000 төгрөгийг төлөх хүсэл зоригийг илэрхийлж хэлцэл байгуулагдсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд төлбөр төлснөөр гэрээ дуусгавар болно гээд заачихсан байгаа. Төлбөр төлөөд гэрээ дуусгавар болчихсон шүү дээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг огт ойлгохгүй байна. Нэг бол гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж яриад нэг бол гэрээний болзол хүчин төгөлдөр бус гэж яриад байх юм. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой бус байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бэлэглэлийн гэрээ хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. Бэлэглэлийн гэрээг ярихын тулд ХХХ гэж хүний талаар ярих шаардлагатай. ХХХ ХХХХХ нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн дагуу хийгдэж, төлбөрийг авсан байдаг. Бэлэглэлийн гэрээ 2015 онд байгуулагдсан. Бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрх нь зөвхөн бэлэг өгөгчид л байдаг. Бэлэг өгөгч буюу ХХХ нь 1 жилийн дотор хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаагүй. ХХХХХ “ХХХХ” ХХК нарын хооронд ямар ч гэрээ байгуулагдаагүй. Иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Иймээс “ХХХХ” ХХК тус хэрэгт хамааралгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан, хариуцагч “ХХХХ” ХХК болон ХХХ нарт холбогдох ХХХХХ , ХХХ нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, орон сууц өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөх эрх сэргээлгэх, ХХХ болон “ХХХХ” ХХК-ийн хооронд байгуулагдсан, ХХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХ дүгээр хороолол ХХХ тоот орон сууцыг бэлэглэх тухай 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “ХХХХ” ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 824 9445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Анхан шатны шүүх хүндэтгэн үзэх шалтгаан, үндэслэлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 10 cap гаруй хугацаанд зөрчсөн, энэ хугацаанд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлийг шүүхэд гаргаж өгөөгүй татгалзсан үндэслэлээ нотлох ямар ч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг үнэлэхдээ илэрхий алдаа гаргаж, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй зөвхөн хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан худал үндэслэлгүй тайлбарыг тухайлбал, ХХХХ ХХХ нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй бөгөөд гэрээний 3 дугаар зүйлд төлбөр бэлнээр төлж дуусгасан гэж тусгажээ гэсэн хэт нэг талыг барьсан хэрэгт байгаа бусад нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбаруудтай харьцуулж үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд маш их гомдож байна. Дээрх гэрээ нь маргаан бүхий орон сууцыг ХХХт худалдах, ХХХ ч худалдан авах зорилго байгаагүй учраас гэрээний 3 дугаар зүйлд заасан   50 000 000 төгрөг надад төлөөгүй, төлөх ч ёсгүй, төлбөрийг би авах ч ёсгүй. Гэрээний 3 дугаар зүйлд заасан 50 000 000 төгрөгийн төлбөрийг надад төлөөгүй би худалдаагүй гэдэг нь миний бие өнөөдрийг хүртэл энэ орон сууцандаа нөхөр хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаагаар нотлогдоно. Энэ байдлыг хариуцагч нар үгүйсгээгүй, мөн энэ байдлыг нотлох баримтууд хавтаст хэрэгт бий. Мөн анхан шатны шүүхээс хариуцагч ХХХ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр ХХХХ дүүргийн хх-р хороо, ХХ-р хороолол ХХ тоот хаягт байрлах 12 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгч болсон байх бөгөөд үл хөлдөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх захиран зарцуулах эрхтэй гэж үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Мөн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.3-д заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч ХХХХХ миний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ өмгөөлөгч оролцуулах, гэрчээр ХХХХХийг оролцуулах хүсэлтийг бичгээр нэг дор хамт гаргасан. Гэтэл Анхан шатны шүүх гэрч оролцуулах хүсэлтийг хүлээж аваад өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг гомдол гаргах эрхгүйгээр хангаагүй орхиж миний өмгөөлөгч авах эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч ХХХХХ нь хариуцагч “ХХХХ” ХХК болон ХХХ нарт холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээ, орон сууц өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах, үр дагавар болох өөрийн орон сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх, хариуцагчийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргасан байна.

 

            Нэхэмжлэгч 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  “…хариуцагч 50 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж тайлбарлажээ.  

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ХХХХХ нь хариуцагч ХХХтай 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулан ХХХХ дүүргийн ХХ хороо, ХХ хороолол,ХХХ тоот 12 м.кв нэг өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцон байна. /хэргийн 4 дүгээр тал/

 

ХХХ нь  2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ХХХХ дүүргийн ХХ хороо, ХХ хороолол,ХХХ тоот 12 м.кв нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХ дугаар гэрчилгээ авчээ. /хэргийн 113 дугаар тал/

           

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдагч нь худалдан авагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Харин нэхэмжлэгч ХХХХХ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “худалдах-худалдан авах гэрээний дагуу мөнгө шилжүүлэн аваагүй” гэж тайлбарлаж байгаа бөгөөд худалдан авсан эд хөрөнгийн үнэ болох мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэх үүргээ биелүүлсэн эсэх нь тухайн гэрээний гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ХХХХХ “Хариуцагч ХХХ 50 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй” гэж тайлбарлаж байгаа нь тухайн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан үндэслэлээр дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй учир шүүх энэ талаар шийдвэрлэх боломжгүй юм.

 

ХХХ нь “ХХХХ” ХХК-тай 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ” байгуулан уг гэрээгээр өөрийн өмчлөлийн ХХХХ дүүргийн ХХ хороо, ХХ хороолол,ХХХ тоот 12 м.кв нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийг “ХХХХ” ХХК-д шилжүүлсэн байна. Тус компани нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт 2015 оны 2 дугаар сарын 4-ний уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан үйл баримт тогтоогдсон байна. /хэргийн 59, 63 дугаар тал/

 

Хариуцагч ХХХ өөрийн өмчлөлийн зүйлээ захиран зарцуулж, орон сууцаа “ХХХХ” ХХК-нд бэлэглэсэн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Хариуцагч “ХХХХ“ ХХК-ийн хувьд ХХХыг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч биш гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь ХХХ нь 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тухай байрны өмчлөгч болж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байх бөгөөд 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “ХХХХ” ХХК-тай бэлэглэлийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн байраа тус компанид шилжүүлсэн байх тул “ХХХХ” ХХК нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэгдсэн бол эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж үзнэ гэж заасны дагуу ХХХыг өмчлөгч гэж үзэх боломжтой байсан.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцснээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох тул “ХХХХ” ХХК-ийн хувьд ХХХыг улсын бүртгэлийн гэрчилгээг үнэн зөв гэж үзэх юм.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч ХХХХ-ийн худалдах-худалдан авах болон бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах уг хэлцлээс үүссэн үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох заалтыг орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй юм.

 

Иймд нэхэмжлэгч ХХХХ-ийн хариуцагч “ХХХХ” ХХК, ХХХ нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 101/ШШ2016/03112 дугаар шийдвэрийн

1 дэх заалтад “…Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2…” гэсний дараа 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул …” гэж нэмж, өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХХХ-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 916 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                 

 

              ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                Ц.ИЧИНХОРЛОО