| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 185/2017/0234/Э |
| Дугаар | 566 |
| Огноо | 2017-08-01 |
| Зүйл хэсэг | 243.2., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 566
Э.Галт, Ц.Отгонбаяр нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Ялтан Э.Галт,
Ялтан Ц.Отгонбаярын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Галтын өмгөөлөгч Б.Зулбаяр гаргасан давж заалдах гомдлоор Э.Галт, Ц.Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн 201725020213 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Бэсүд овогт Энхтуяагийн Галт, 1988 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42-49 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЧК88021774/,
Тайж овогт Цэдэнхүүгийн Отгонбаяр, 1970 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт, Өмнөговь аймгийн Номгон сум, 2 дугаар багт оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: КЖ70030817/,
Э.Галт нь 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 1-17 тоотод картаар цэнэглэж тоглодог 10 ширхэг автомат тоглоомын тоног төхөөрөмжийг буюу хуулиар хориглосон мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан,
Ц.Отгонбаяр нь 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 1-17 тоотод яллагдагч Э.Галтын ажиллуулж байсан картаар цэнэглэж тоглодог 10 ширхэг автомат тоглоомын тоног төхөөрөмжийг буюу хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Э.Галт, Ц.Отгонбаяр нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Бэсүд овгийн Энхтуяагийн Галтыг хуулиар хориглосон мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Тайж овгийн Цэдэнхүүгийн Отгонбаярыг хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Энхтуяагийн Галт, Цэдэнхүүгийн Отгонбаяр нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Э.Галт, Ц.Отгонбаяр нар нь торгох ялаас зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 34 хуудастай дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 ширхэг автомат тоглоомыг улсын орлого болгож, эрүүгийн 201625020751 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, ...шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Галт, Ц.Отгонбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Ялтан Э.Галтын өмгөөлөгч Б.Зулбаяр шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би өмгөөлөгч Б.Зулбаяр нь 201725020213 дугаартай Э.Галт нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд гаргасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа бүрэн гүйцэд биш явуулж хэргийг шийдвэрлэж ял оногдуулсанд гомдолтой. Тодруулбал; Улсын Дээд шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15 дугаар тогтоолд “хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино)” гэдэгт ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл (токенс) хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна” гэсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар уг тоглоомын ажиллах зарчим, шагнал урамшуулал авах тохиолдол зэргийг тогтоосон баримтууд байхгүй, шүүгдэгч Э.Галт нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх нотлох баримтууд хангалтгүй эргэлзээ бүхий байхад ял шийтгэл оногдуулсныг зөвшөөрөхгүй байна. Харин уг хэрэгт шүүгдэгчээр оролцсон Ц.Отгонбаяр нь тухайн хэрэг гарсан гэх өдрөөс өөр өдөр “загас буудаж оноо цуглуулдаг” гэх тоглоомоор 4 удаа тоглож цуглуулсан оноогоор 20.000 төгрөгийн шагнал авсан байдаг. Эндээс уг тоглоом нь харааны хурд самбаа тодорхой хэмжээнд шаарддаг болох нь харагддаг. Ийм нөхцөл байдлууд тогтоогдсон байхад шүүхээс зайлшгүй хийвэл зохих шинжилгээ тухайлбал уг тоглоом нь тоглож буй хүнээс хурд, хараа зэрэг сэтгэхүйн үйл ажиллагаа шаарддаг эсэхийг тодруулах шаардлагатай байсан. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.
Ялтан Э.Галт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би уг тоглоомыг хуулиар хориглосон тоглоом гэдгийг мэдээгүй. Харахад хүүхдийн тоглоом шиг бөгөөд оноо цуглуулан тоглодог тоглоом. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна” гэв.
Ялтан Ц.Отгонбаярын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр сууринаас оролцсон. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “мөрийтэй тоглоом тоглосон” гэсэн заалт байхгүй. Мөн Зөрчлийн тухай хуульд уг заалт байгаагүй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэрэгт тооцохооргүй заасан учраас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэж заасан. Иймд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэмт хэрэг 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр болсон гэдэг. Мөн яллах дүгнэлтэд мөн энэ хугацааг заасан. Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр миний үйлчлүүлэгч тоглоогүй. Хөдөөнөөс ирээд уг автомат тоглоомын газар дулаацахаар орсон. Уг өдрөөс 3 хоногийн өмнө хөдөөнөөс хагалгаанд орох гэж хотод ирсэн. Очих газаргүй учраас автомат тоглоомын газар хүмүүс тоглож байхыг хараад сонирхон тоглож үзсэн. Харин гэмт хэрэг гарсан гэх 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр тоглоогүй. Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, субъектив тал, гэм буруугийн хэлбэр зэрэг нь тогтоогдохгүй байна. 20.000 төгрөг өгч тоглож үзсэн гэдгээ өөрөө мэдүүлдэг. Хөдөөний хүн учраас гэмт хэрэгт оролцож байна гэж мэдээгүй, тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон гэж үзэхээр байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэсэн байр сууринаас оролцож байна” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Э.Галт нь 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 1-17 тоотод картаар цэнэглэж тоглодог 10 ширхэг автомат тоглоомын тоног төхөөрөмжийг буюу хуулиар хориглосон мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан,
Ц.Отгонбаяр нь 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 1-17 тоотод яллагдагч Э.Галтын ажиллуулж байсан картаар цэнэглэж тоглодог 10 ширхэг автомат тоглоомын тоног төхөөрөмжийг буюу хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон зэрэг гэмт үйлдэл хийсэн, эдгээр үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдсон, түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Галт, Ц.Отгонбаяр нарын гэм буруутай үйлдэлд хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, тэдгээрт оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.
Шүүгдэгч Э.Галт, Ц.Отгонбаяр нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь хэсэгт заасан “хөнгөн” ангиллын гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй хэдий боловч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Иймд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Э.Галт, Ц.Отгонбаяр нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар дээрх үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн шүүгдэгч Э.Галтын дээрх үйлдэл нь Шинэчлэн найруулсан Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй эсэхийг анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Э.Галт, Ц.Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн 201725020213 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан тус дүүргийн Прокурорын газарт хүргүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Д.МЯГМАРЖАВ