Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2020/0519

 

Э.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Э.Н, нэхэмжлэгчий өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 343 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Э.Н-ийн гаргасан гомдлын дагуу, Э.Н-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 343 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Н-ийн “ ... Баянзүрх , Сүхбаатар , Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/116 дугаар тушаал, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/160 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Э.Н-г Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож , ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч Э.Н гомдолдоо:“... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/116 дугаар тушаалаар шүүхийн Тамгын газрын мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн намайг нийт ажлын 41 хоног ажил тасалсан гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Миний бие уг тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс гомдлыг хянан шалгаад Бүгд Найрамдах Солонго улсад хэвтэн эмчлүүлсэн нь баримтаар тогтоогдсон болохыг дүгнэж сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохироогүй болохыг дурдаж тушаалаа дахин хянаж хуульд нийцүүлэх талаар албан бичиг хүргүүлсэн. Гэтэл шүүхийн Тамгын газрын зүгээс дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг хуульд нийцүүлэн биелүүлээгүй төдийгүй мэдсэнээс хойш 32 хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дахин хууль зөрчиж тушаал гаргасан.

 Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргаан шийдвэр гаргахаас өмнө хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийхээр заасан. Гэтэл шүүхийн Тамгын газрын зүгээс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/160 дугаар тушаал гарахаас өмнө сонсох ажиллагаа огт хийгээгүй бөгөөд энэ талаар огт мэдэгдээгүй. Сонсох ажиллагаа хийгээгүй болох нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/160 дугаар тушаалын 2-т зааснаас харагдаж байна.  

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна” гэж, 2.3-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 14 хоног байна. Зайлшгүй нэмэлт шалгалт хийх, баримт цуглуулах шаардлагатай гэж үзвэл шалгах хугацааг байгууллагын удирдлага 14 хоногоор сунгаж болно” гэж заасан.

Гэтэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын зүгээс зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоогоогүй төдийгүй энэ талаар надад бичгээр огт мэдэгдээгүй.

Миний бие 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс ээлжийн амралтаа эдлээд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орох байсан боловч биеийн эрүүл мэндийн байдлын улмаас Бүгд Найрамдах Солонгос улсад эмчилгээ хийлгэх болсон тул чөлөө хүссэн хүсэлтээ тус шүүхийн тамгын газарт 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн боловч 2019  оны 09 дүгээр сарын 10-ны өдөр сонсох ажиллагаа хийлгүйгээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Шүүхийн Тамгын газрын зүгээс надад хариу мэдэгдээгүй учраас миний хүсэлтийг хүлээн авсан гэж ойлгосон. Ингээд 09 дүгээр сарын 13-ны өдөр ажилдаа ороод 09 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасныг мэдсэн.

Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь 3 өдрөөс дээш чөлөөг Тамгын газрын даргад урьдчилан мэдэгдэж байж авах ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь миний бие ажилдаа орохоос өмнө 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр урьдчилан чөлөө авах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн. Харин холбогдох эмчилгээ хийлгэж байгаа тухай баримтаа тухайн үед хүргүүлэх боломжгүй байсан тул эх хувийг ажилд орохдоо гаргаж өгөх талаар мэдэгдээд хуулбарыг хүргүүлсэн.

Мөн нэхэмжлэгч миний үр дүнгийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1354 тоот хариу албан бичигт шүүхийн Тамгын газрын зүгээс сахилгын зөрчлийг шалган тогтоосон дүгнэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр буюу амралтын өдөр ням гарагт гаргасныг зөвтгөх талаар дурдсан боловч шүүхийн Тамгын газрын зүгээс сахилгын зөрчлийг шалган тогтоож, зөвтгөөгүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19 - ний өдрийн 128/ШШ2020/0343 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар гомдлын хүрээнд хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээлээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Н-ээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/116 дугаар тушаал, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/160 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Э.Н-г Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгон” шийдвэрлэсэн байна.

Маргаан бүхий актууд болох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/116 дугаар тушаал, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/160 дугаар тушаалаар “Э.Н-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо “... сонсох ажиллагаа явуулаагүй, зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоогоогүй, миний хүсэлтийг хүлээн авсан эсэх талаар хариу мэдэгдээгүй тул хүлээн авсан гэж ойлгосон” гэх үндэслэлээр маргажээ.  

Хэрэгт авагдсан баримт болох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдлээр[1] “Э.Н-д 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажлын 15 өдөр, нэмэгдэл 3, нийт 18 өдөр ээлжийн амралт” олгосон байна. 

Нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр огноолсон “... Япон улсад эмчлүүлж байгаа боловч эмчилгээ 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл үргэлжлэх тул 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл чөлөө олгоно уу”[2], мөн өдөр “... Эмчилгээ 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх тул 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл чөлөө олгож өгнө үү”[3] гэх хүсэлтүүдийг хариуцагчид гаргажээ.

Мөн нэхэмжлэгч нь Солонгос улсад өдрийн эмчилгээ хийлгэсэн талаарх 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн төлбөр төлсөн баримт[4], 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 6 өдрийн баримт[5], цаг товлосон баримтуудыг[6] шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “Шүүхийн тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.З-д “Төрийн албанаас халах”, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.2.5-д “Чөлөө авахад захиргаанд биеэр болон утас, цахилгаан, факсаар урьдчилан заавал мэдэгдэж, чөлөөний хугацааг нарийн тохиролцоно...”, 8.2.7-д “Шүүгч, ажилтан томилолт, чөлөөний хуудас, эмнэлгийн магадлагаагүйгээр болон 8.2.5-д зааснаар захиргаанд мэдэгдэлгүйгээр ажилд ирээгүй, бүртгүүлээгүй бол ажил тасалсанд тооцно”, 8.2.8-д “Шүүгч ажилтан, ээлжийн амралтаа батлагдсан хуваарийн дагуу хуулиар тогтоосон хоногоор эдэлж, хугацаандаа ажилдаа орно. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийн амралтын хугацааг хэтрүүлсэн тохиолдолд энэ журамд заасны дагуу ажлын цагийг бүртгэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ.

Дээрх заалтуудаас үзвэл ажилтан чөлөө авахад захиргаанд урьдчилан заавал мэдэгдэж, чөлөөний хугацааг нарийн тохиролцох ёстой бөгөөд томилолт, чөлөөний хуудас, эмнэлгийн магадлагаагүйгээр болон захиргаанд мэдэгдэлгүйгээр ажилд ирээгүй, бүртгүүлээгүй бол ажил тасалсанд тооцно. Хэрвээ ажилтан, ээлжийн амралтаа батлагдсан хуваарийн дагуу хуулиар тогтоосон хоногоор эдэлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийн амралтын хугацааг хэтрүүлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр байна.

Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч Э.Н нь ажилдаа орохоосоо өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр чөлөө авах хүсэлт гаргасан байх боловч Тамгын газрын даргатайгаа зөвшилцөн чөлөөний хугацааг нарийн тохиролцоогүй, мөн 1 өдөр гаргасан хүсэлтүүдэд эмчилгээ хийлгэх хугацаа болон чөлөө авах хугацааг зөрүүтэй бичжээ.

Мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн төлбөрийн болон эмчилгээний цаг авсан баримтууд нь Солонгос улсад эмчилгээ хийлгэж байсныг илтгэж байх боловч хүсэлтдээ Япон улсад эмчилгээ хийлгэсэн гэх хүсэлт, түүнчлэн 2019 оны 07 дугаар сарын 22, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 6 өдрийн эмчилгээний төлбөр төлсөн баримт байх боловч бусад өдөр нь эмчилгээ хийлгэж байсан эсэх буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ээлжийн амралтын хугацаа дууссанаас хойш эмчилгээ хийлгэж байсан тухайгаа баримтаар хангалттай нотолж чадахгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... чөлөө авах тухай хүсэлттэй холбоотой баримтуудыг шаардсан боловч гаргаж өгөөгүй” гэж тайлбарлажээ.

Эндээс үзвэл Э.Н нь чөлөө авах хүсэлт гаргахдаа холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгчийн буруу байх бөгөөд хүсэлтэд дурдсан нөхцөл байдлыг тодруулахаар баримт шаардсан, хүсэлт нь баримтаар тогтоогдоогүй учир сахилгын арга хэмжээ авсан хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл Э.Н-г мэдэгдэлд дурдсан ээлжийн амралтын хугацаа дууссаны дараа ажилдаа ирээгүй учир 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б/116 дугаар тушаалаар[7] ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан нь  үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч Э.Н-ээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлыг хянаад, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1354 дүгээр албан бичгээр[8] “... 2019 оны Б/116 дугаар тушаалыг дахин хянан үзэж хууль, журамд нийцүүлэхийг зөвлөж байна” гэсэн хариу өгчээ.

Хариуцагч нь Төрийн албаны зөвлөл буюу дээд шатны захиргааны байгууллагын дээрх шийдвэрийн дагуу Б/116 дугаар шийдвэрийг дахин хянаж үзээд, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/160 дугаар шийдвэрийг[9] гаргасан бөгөөд уг тушаалаар Б/116 дугаар тушаалыг хүчингүй болгожээ.  

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан.

Хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн Б/116 дугаар тушаалыг хуульд нийцүүлэн дахин хянахаар сонсох ажиллагаа хийх тухай[10] нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

Гэвч нэхэмжлэгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан тайлбар гаргаагүй бөгөөд өмнөх нөхцөл байдал хэвээр байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны акт буюу Б/160 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Н-г ажлаас нь халсан нь үндэслэлтэй болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь сонсох ажиллагаа хийгээгүй гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар сонсох ажиллагаа хийхээр нэхэмжлэгчтэй утсаар ярьсан тухай баримт байх бөгөөд энэ баримттай нэхэмжлэгч маргаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Н-ийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                           А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                            Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 

 


[1] Хавтаст хэргийн 51 хуудас

[2] Хавтаст хэргийн 54 хуудас

[3] Хавтаст хэргийн 55 хуудас

[4] Хавтаст хэргийн 130 хуудас

[5] Хавтаст хэргийн 129 хуудас

[6] Хавтаст хэргийн 115 хуудас

[7] Хавтаст хэргийн 6 хуудас

[8] Хавтаст хэргийн 12 хуудас

[9] Хавтаст хэргийн 23 хуудас

[10] Хавтаст хэргийн 124 хуудас