Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2016/00150

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1982 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид Нийгмийн түншлэл хариуцсан ажилтан, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байр, 8-117 тоотод оршин суух, Боржигон овогт Дашдэлэгийн Мөнгөнжигүүр /РД: ВЮ82021581, утас: 99077447, 95449966/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид /РД:4611853, улсын бүртгэлийн дугаар: 3270327002, утас: 70543482/ холбогдох  

 

2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1 871 625 төгрөг болон ажилд томилогдон орох хүртэлх хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мөнгөнжигүүр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Намуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Д.Мөнгөнжигүүр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Д.Мөнгөнжигүүр миний бие 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/125 тоот захирлын тушаалаар Говьсүмбэр аймаг дахь МСҮТ-ийн захирлын туслах, бичиг хэргийн эрхлэгч, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/109 тоот тушаалаар Политехник коллежийн хүний нөөцийн ажилтан, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/64 дугаар тушаалаар Политехник коллежийн хүний нөөц, эрх зүй, гадаад харилцааны ажилтан, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/107 дугаар тушаалаар Политехник коллежийн нийгмийн түншлэл хариуцсан ажилтнаар тус тус томилогдон ажиллаж байсан.

Гэтэл Политехник коллежийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ажил үүрэгтэй холбоотой зөрчил гаргасан гэж ажлаас халагдсан.

Үүнийг хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж Говьсүмбэр аймгийн шүүхэд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2016/00073 дугаар шийдвэрээр Нийгмийн түншлэлийн ажилд эгүүлэн тогтоох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 сар 17 хоногоор тооцож 2 210 000 төгрөгийг гаргуулах тухай шийдвэр гарсан. Үүнийг хариуцагч тал хууль эрх зүйн үндэслэлгүй гэж Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2016/МА2016/00003 дугаар шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Хариуцагч тал хуульд заасан хугацаанд хяналтын журмаар гомдол гаргаагүй нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч магадлал хүчин төгөлдөр болсон ч өнөөдрийг хүртэл урьд эрхэлж байсан албан тушаалд томилогдоогүй байна.

Иймд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7а-д заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажлын 69 хоног буюу 3 сар 2 хоногт 1 871 625 төгрөг буюу ажилд томилогдон орох хүртэлх хугацааны цалинг Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежоос гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүргийг даалгах шийдвэр гаргуулахаар нэхэмжилсэн.

Гэхдээ хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 1 700 000 төгрөгийг төлвөл эвлэрэх боломжтой гэв.   

 

  Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

  Д.Мөнгөнжигүүр нь сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцоход 1 өдрийн цалин 27 125 төгрөг, аижлгүй байсан хугацаа болох ажилгүй байсан 69 хоногт 1 871 625 төгрөг буюу ажилд томилогдон орох хүртэл хугацааны цалинг Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежоос гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийх үүргийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэж энэ нэхэмжлэлийг гаргасан байна.

Уул уурхайн жишиг сургууль Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн Нийгмийн түншлэл хариуцсан ажилтан Д.Мөнгөнжигүүр нь цалингаас гадна касснаас бэлэн мөнгө хууль бусаар авсан. Мөн нэг өдрийн дундаж цалинг буруу тооцсон тул Д.Мөнгөнжигүүрийн нэхэмжлэлийн шаардалагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Намуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүлээн зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1 700 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Намуун нэхэмжлэлийн шаардлагаас 1 700 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэнэ. Нэхэмжэлэгч Д.Мөнгөнжигүүр ажилгүй байсан хугацааны олговорт 1 700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ажилд орох хүртэлх хугацааны олговор болох зарим хэсгийн олговроос татгалзана гэжээ.

 

         Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.Мөнгөнжигүүр нь Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1 871 625 төгрөг болон ажилд томилогдон орох хүртэлх хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

          Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.Мөнгөнжүгүүр нь ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговорыг багасгаж, хариуцагчаас 1 700 000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгана гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Намуун хүлээн зөвшөөрч, эвлэрийн гэрээг бичгээр байгуулжээ.

Уг эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн тул хариуцагчаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 700 000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 42 150 төгрөг, нийт 112 350 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Д.Мөнгөнжигүүрийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид холбогдох  2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1 871 625 төгрөг болон ажилд томилогдон орох хүртэлх хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 700 000 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежоос улсын тэмдэгтийн хураамжид 112 350 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

4.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.НАРАНЧИМЭГ