Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/308

 

 

 

 

 

 

 

 

  2019          10            28                                        2019/ШЦТ/308

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С Д-н Эт холбогдох эрүүгийн 1934005900396 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С Д-н Э, 1972 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Төв аймгийн Сэргэлэн сум Баянбүрд 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 72021061 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нэгдсэн эмнэлгийн байрны коридорт иргэн А.Мөнх-Учралын орхиж, гээгдүүлсэн Хуавэй П20 Huawai P20/ маркийн гар утсыг авч завшсан буюу “Гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Д.Э-ын өгсөн: ...Би 2019 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирээд үзүүлсэн. Тэгээд 13 цагийн үед коридорт явж байхад газарт шалан дээр нэг утас байсныг олсон. Хар өнгийн нимгэн утас байсан. Ямар загварын утас гэдгийг би сайн мэдэхгүй. Тэгээд гэртээ аваачаад тавьчихсан. Тухайн утсыг асааж мэдэхгүй байсан болохоор ашиглаагүй. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр манай хүү 2 сим карт ордог утас байсныг мэдсэн. Тэгээд би нөхрийнхөө 80565222 гэх сим картыг тухайн утсанд хийж ашигласан. Би хохирогчид гар утсыг бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч А.Мөнх-Учралын өгсөн: ...2019 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн байранд “Чих хамар хоолойн тасаг”-т  би өөрийн бага охин Эгшиглэнг үзүүлэхээр 11 цагийн үед очсон. Тэгээд эмнэлгийн коридорт манай том охин Мөнхмөрөн миний Хуавэй П20 маркийн гар утсыг аваад үлдсэн. Би бага охиноо аваад эмчийн өрөөнд орж эмчилгээ хийлгэж  байхад манай том охин араас ороод ирсэн. Би тэр үед бага охиныхоо эмчилгээнд анхаараад охиноо утас барьсан байгаа эсэхийг сайн анзаараагүй. Тэгээд охиныхоо эмчилгээг дуусчихаад 10 гаран минутын дараа коридорт гарч ирээд утсаараа хүнтэй ярьж машин дуудах гэхэд миний утас байгаагүй. Тэгээд охиноосоо асуутал би гартаа барьж явсан торондоо хийсэн гэж хэлсэн. Барьж явсан тороо шалгаж үзэхэд утас байгаагүй. Энэ үед хажууд явж байсан эмнэлгийн үйлчлэгчийг гуйж утсаар нь өөрийн 89582850 дугаар руу залгаж үзэхэд дуудаж байсан гурав дахь удаагаа залгахад миний утсыг унтраачихсан.Тухайн үед миний гар утас цэнэгтэй байсан. Би гээсэн гар утсаа 2019 оны 1 дүгээр сард Төв аймаг дахь Юнителийн салбараас 980 000 төгрөгөөр авсан. Үнэлгээ хийлгэхэд 760 320 төгрөгөөр үнэлэгдсэн. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 8-10/,

 

             Насанд хүрээгүй гэрч Г.Мөнхмөрөнгийн өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 19-ны өдөр ээж, дүү хоёрын хамт Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт очсон. Эмнэлэг дээр байж байгаад ээж дүүг үзүүлэхээр эмч рүү орохдоо надад дүүгийн бичиг баримт, ээжийн түрүүвч, гар утастай уутыг үлдээсэн. Би уутнаас ээжийн гар утсаар юм үзэх гээд гаргаж ирээд дүүгийн тоглоомыг оруулж өгөхөөр ээжийн гар утсыг сандал дээр орхиод ээжийн араас ороод гараад иртэл ээжийн гар утас нь байхгүй болчихсон байсан. Ээжийн гар утас кодгүй, хавтгай хар утас байсан гэх мэдүүлэг /хх 14/,

 

             “Эй жэй жэй эм” ХХК-ны 2019 оны 7 дугаар сарын 23-ний өдрийн №07/264 дугаартай үнэлгээний тайланд: А.Мөнх-Учралын эзэмшлийн Huawai P20 маркийн гар утасны зах зээлийн үнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 7-р сарын 23-ний байдлаар 760 320 /долоон зуун жаран мянга гурван зуун хорь/ төгрөг болно.” гэжээ /хх 17-23/,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 4-5/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 39/, шүүгдэгч, хохирогч нар эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 47-48/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол зэрэг болно.  

 

         Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

         Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Д.Э нь хууль зүйн хувьд шунахай сэдэлтээр, санаатай үйлдлээр, бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бусдад 760 320 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Э нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг Аймгийн Нэгдсэн эмнэлгийн "Чих хамар хоолой"-н тасгийн коридорт насанд хүрээгүй Г.Мөнхмөрөнгийн гээгдүүлсэн хохирогч А.Мөнх-Учралын эзэшлийн Хуавэй П20 /Huawai P20/ маркийн 760 320 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хууль бусаар авсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ. 

 

         Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

         Иймд шүүгдэгч Д.Э-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

         Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

         Хохирогч А.Мөнх-Учралын "Иргэн Д.Э нь миний гар утсыг бүрэн бүрэн хүлээлгэж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэн Д.Э-тай сайн дурын үндсэн дээр эвлэрч баталгаа гаргаж байна. Иймд Д.Э-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх 48/-ээр шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Э, хохирогч А.Мөнх-Учрал нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Д.Э-т оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Д.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1934005900396 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С Д-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Э-т оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга / төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Э-нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 1934005900396 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ