| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2016/00294/И |
| Дугаар | 146/ШШ2016/00288 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 146/ШШ2016/00288
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, 21-б байр 20 тоотод оршин суух Чулуун овогтой Гомбын Отгонбаярын /РД:ЙР66032037/ хүсэлттэй,
А.Лүндээжанцанг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Отгонбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн харъяат А.Лүндээжанцангаас 4 сая төгрөг гаргуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч оршин суух хаяган дээрээ байхгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан. А.Лүндээжанцан нь хаягийн хөдөлгөөн хийлгээгүй Шанх багийн үндсэн харъяат мөн бөгөөд Улаанбаатар хотод нэгэн компанид жолоочоор ажиллаж байгаа. Иймд А.Лүндээжанцанг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Отгонбаяр нь А.Лүндээжанцанг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
А.Лүндээжанцан нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 788 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул Г.Отгонбаярын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийг эрэн сурвалжлах нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргахаар заасан байгаа тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Г.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Мөн хүсэлт гаргагч Г.Отгонбаяр нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар А.Лүндээжанцанг /хаяг Өвөрхангай аймаг, Хархорин сум, Шанх багт оршин суух үндсэн хаягтай, түүний гар утас 80851247/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харъяа Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА