| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0297/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/313 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Нэргүй |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/313
2019 10 30 2019/ШЦТ/313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нэргүй,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Б М д холбогдох эрүүгийн 1934002130338 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б Б М , 1990 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 13 дугаар гудамжны 344 тоотод оршин суух хаягтай, Төв аймгийн Баянчадмань сумын Замт багийн Илтийн ам гэх газар хувиараа мал аж ахуй эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 90030377 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б М өгсөн: 2018 оны 01 дүгээр сард Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн Илтийн ам гэх газарт бэлчиж байсан адуунаас 2 тооны адуу барьж авсан. Өөрийн нагац эгч Намжилмаагийн хашаанд аваачаад Хишигжаргал гэдэг хүнийг гуйгаад адуугаа нядлуулсан. Таксины зогсоолд таксинд явдаг Т.Ганбат ахыг гуйгаад Улаанбаатар хот оруулж Хархорин зах орж махаа 950 000 төгрөгөөр борлуулаад Ганбатад 30 000 төгрөг өгсөн. Сартай хээр морь, сартай хүрэн морь байсан. Хохирогч Д.Ганзоригт 1 600 000 төгрөг төлж барагдуулсан. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.
2018 оны 6 дугаар сард бэр эгчийн дүү Л.Жавхлантөгс рүү утсаар яриад бор үрээгээ надад өгөөч яаралтай мөнгөний хэрэг гараад байна оронд нь унагалах гүү өгье гэж тохиролцсон. Тэгтэл Жавхлантөгс надад манай ах, дүү нарт хэлэлгүй авчихаарай. Манай адуу Илтийн аманд байгаа гэж хэлсэн. Тэгээд би Баянчмандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Илтийн ам гэх газраас бэлчиж байсан адуунаас 1 тооны шүдлэн бор үрээг барьж аваад Баянчандмань сумын Замт 2 дугаар багт байх нагац эгчийнхээ хашаанд нядалсан. Замын унаа гуйж мөнгөө тохироод Эмээлт зах дээр аваачиж 400 000 төгрөгөөр зарсан. Л.Жавхлантөгсийн адууны оронд унагатай гүү өгсөн гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Д.Ганзоригийн өгсөн: Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг Илтийн ам гэх газар амьдардаг малчин Батсүх гэх айл дээр 2018 онд 14 тооны адуу маллуулахаар хүлээлгэн өгсөн. Гэтэл 2018 оны 1 дүгээр сарын 15-ний үеэр манай малчин над руу утсаар залгаж таны сартай хээр морь, сартай хүрэн морь хоёр чинь адуунаас алга болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос ирж ойр хавийн газраар баахан хайж явсан. Тэгээд сураг гарахгүй болохоор нь дүү Шинэбаярт захиад хайж байгаарай гэж хэлээд явсан. Би тухайн үед адуугаа алдаад өргөдөл гомдол гаргаагүй. Харин сумын хэсгийн төлөөлөгч Батсайханд мэдэгдэж бүртгүүлээд орхисон. Миний алдсан адуу сартай хээр морь зөв гуяндаа дэгрээ тамгатай, сартай хүрэн морь нь оодон сүүлтэй зөв гуяндаа цагаан үсэн саран дэвсгэртэй зуузай тамгатай байсан. Би адуугаа 2017, 2018 онуудад Төв аймгийн Баянчандмань сумын харъяа малчин Батсүхийн нэр дээр тоолуулсан. Би алдсан 2 адуугаа нэгийг нь 1 сая төгрөг нийтэд нь 2 сая төгрөгөөр үнэлж байна. Миний адууг Төв аймгийн Баянчандмань сумын Б.Мхулгайлсан байсан гэх мэдүүлэг /хх 9-10/,
Хохирогч Л.Жавхлантөгсийн өгсөн: Би 2017 оны 12 дугаар сард Баянчандмань сумын иргэн Д.Ганболд гэх хүнээс бор зүсмийн шүдлэн үрээ 800 000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд адуугаа хүргэн ах Бат-Эрдэний адуунд тавиад 2018 оны 4 дүгээр сард Дархан-Уул аймгийн Шарын гол сум руу ажилдаа явсан. Тэгээд 2018 оны 6 дугаар сард хүргэн ах Бат-Эрдэнэ над руу бор үрээ чинь алга болчихлоо гэж утсаар хэлсэн. Хэсгийн төлөөлөгчид тэмдэглүүлсэн гэж хэлсэн. Тэгээд М, Бат-Эрдэнэ нараар ойр хавийн айлуудын адуу малаар хайлгасан боловч сураг чимээ гараагүй. Тэгээд би өөрөө 2018 оны 7 дугаар сарын эхээр наадмын өмнө ажлаасаа чөлөө аваад Баянчандмань суманд ирээд мотоциклтой хоёр өдөр хайсан боловч олдоогүй. Тэгтэл М 2018 оны 6 дугаар сард Илтийн ам гэх газраас миний бор зүсмийн засмал дэлтэй, шүдлэн насны морийг аваад явсан байсан бөгөөд сүүлд надад үнэнээ хэлж миний адууны хохирол төлбөрийн бүрэн төлж, надаас уучлалт гуйгаад байхаар нь хамаатан садан юм байна хохирлоо төлчихсөн юм чинь гээд наймаа хийсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 45-49/,
Гэрч Г.Шинэбаярын өгсөн: Би төв аймгийн Баянчандмань сумын Замт 3 дугаар багт малчин хийдэг. 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдөр манай найз М манай хөдөө гэрт ирж би чиний хулгайд алдагдсан хоёр тооны морийг чинь хулгайлсан. Чам дээр маргааш цагдаа нар ирэх байх чи гомдол санал байхгүй гээд хэлээд найздаа тус болчих гэхээр нь “Би мэдэхгүй шүү дээ. Тэглээч би цагдаагаар шийдүүлмээр байна.” гэж хэлсэн. Тэгэхэд чи надаа Ганзоригийн дугаарыг өгчих гэж хэлээд манай гэрээс гараад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 11/,
Гэрч Ж.Батсүхийн өгсөн: Би туслах малчин хийдэг. 2018 оны 01 дүгээр сард Илтийн амны модноос 2 тооны морио алдсан. Тухайн үедээ эрэл, хайгуул гээд явсан боловч олдоогүй. Малын эзэн Ганзориг гэх хүнд утсаар хоёр тооны адуу чинь алга болчихлоо гэж хэлээд Цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй гэсэн. М намайг адуугаа алдсаныг мэдсэн гэх мэдүүлэг /хх 12/,
Гэрч Т.Намжилмаагийн өгсөн: Би Б.М гэх хүнийг танина. Миний төрсөн эгч Нямаагийн хүүхэд байгаа юм. 2018 оны зун ойролцоогоор 6 дугаар сард өдрийн 15 цагт манай хашаанд бор зүсмийн 1 тооны адуу авчраад нядалж байсан. Би тэр үед сумын захиргаан дээр ажилтай байсан учир явчихсан. Тэгээд ажлаа хөөцөлдөж дуусаад гэртээ ирэхэд тарзаан хочит Сайхнаа гэх залуугийн машинд адуугаа ачаад явсан. 2018 оны өвөл цас ороод удаагүй байхад М шөнө 22 цаг өнгөрч байхад манай хашаанд 2 тооны адуу авчраад эгч танай хашаанд гаргачихъя гэсэн. Тэгэхээр нь би тэг тэг гэсэн чинь Хишигээ, Бадарч гэх хүмүүсээр хийлгүүлээд, би гэдсийг нь арилгаж өгсөн. Өглөө нь манай төрсөн ах Ганбат ахын машинд ачуулаад Улаанбаатар хот руу явсан. Өөрөөр манай хашаанд дахин адуу нядлаагүй гэх мэдүүлэг /хх 13/,
Гэрч Т.Ганбатын өгсөн: Би Төв аймгийн Баянчандмань суманд амьдардаг бөгөөд Улаанбаатар Баянчандмань сумын хооронд хүн тээвэрлэдэг. 2018 оны өвөл гадаа нилээн хүйтэн байхад М над руу 07 цагийн үед ярьж ахаа хоёр адуу ачиж хот орох гэсэн юм гэхээр нь би өөдөөс нь малын бичиг баримт байгаа биз дээ гэхэд байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг манай төрсөн дүү Намжилмаагийнд яваад ир гэхээр нь би яваад очсон. Тэгээд очиход хоёр тооны адууны мах, арьсны хамт ачиж М бид хоёр Улаанбаатар хотын Эмээлт зах орж ченжид махыг зараад М нь Улаанбаатар хотын Хархорин зах дээр буугаад яваад өгсөн. Тухайн үед хоёр адууны махыг хулгайн мах гэж мэдээгүй. Бараан зүсмийн адуунууд байсан. Тамга тэмдгийг нь ч бас мэдэхгүй байна. М надад тухайн үед 30 000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч С.Мөнхсайханы өгсөн: 2018 оны 5 сар билүү 6 сарын хооронд манай сумын М гэх залуу орой над руу утасдаж ах нэг адууны мах ачаад Эмээлт хүргээд өгчих мөнгийг нь өгнө гэсэн. Би Төв аймгийн Баянчандмань сумын 4 дүгээр хороонд байдаг хаягийг нь мэдэхгүй байна М-н эгчийнх гэх айлд очоод нэг тооны адууны махыг ачаад Улаанбаатар хотын Эмээлт захад очиж тус махыг зарсан. Тэгээд бид хоёр буцаад Төв аймгийн Баянчандманьд ирсэн гэх мэдүүлэг /хх 15/,
Гэрч Д.Хишигжаргалын өгсөн: М-н эгч нь Баянчандмань сумын Замт 2 дугаар багт оршин суудаг. 2018 онд манай нутгийн дүү М гэх залуу манай гэрт ганцаараа ирж Хишгээ ахаа нэг адуу хийгээд өгөөч гэхээр нь би “Ах нь нэг адууг 10 000 төгрөгөөр хийдэг шүү дээ” гэхэд М "хамаагүй ах хөлс мөнгийг нь өгнө” гэж хэлээд намайг Төв аймгийн Баянчандмань сумын 4 дүгээр хороонд байх эгчийндээ авч очсон. Тухайн айлд очиход хоёр тооны бараан зүсмийн адуу байсан. Би тухайн хоёр тооны адууг нядлаад байж байтал манай сумын Сайхнаа гэх залуу ирж намайг гэрт хүргэж өгсөн. М надад хэлэхдээ тухайн хоёр адуу минийх л гэж хэлсэн. М надад 20 000 төгрөг болон нэг хайрцаг Улаан шонхор гэсэн бичигтэй тамхины хамт өгсөн. Би тухайн хоёр адууны тамга тэмдгийг нь сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хх 16/,
эд зүйлийн үнэлгээ /хх 20, 54/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29/, прокурорын эрүүгийн хэргийг нэгтгэсэн тогтоол /хх 31/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Мнь хууль зүйн хувьд шунахай сэдэлтээр, хоёр удаагийн санаатай үйлдлээр бусдын 3 тооны адууг бэлчээр дээрээс нь хууль бусаар авч иргэдэд нийт 2 800 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан Бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийн бүрэн хангасан гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Мнь 2018 оны 01 дүгээр 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Илтийн ам гэх газраас иргэн Д.Ганзоригийн 2 тооны адууг хулгайлж 2 000 000 төгрөгийн, 2018 оны 6 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Илтийн ам гэх газраас иргэн Л.Жавхвантөгсийн 1 тооны адгуулж хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч нарын зүгээс Л.Жавхлантөгсийн нэг тооны адууг хууль бусаар аваагүй, түүнд хэлж тохиролцсоны улмаас авсан тул хулгайн гэмт хэргийн шинжийг агуулахгүй гэсэн нь хэрэгт авагдсан хохирогч Л.Жавхлантөгсийн өгсөн: "...2018 оны 6 дугаар сард хүргэн ах Бат-Эрдэнэ над руу бор үрээ чинь алга болчихлоо гэж утсаар хэлсэн. Хэсгийн төлөөлөгчид тэмдэглүүлсэн гэж хэлсэн. Тэгээд М , Бат-Эрдэнэ нараар ойр хавийн айлуудын адуу малаар хайлгасан боловч сураг чимээ гараагүй. Тэгээд би өөрөө 2018 оны 7 дугаар сарын эхээр наадмын өмнө ажлаасаа чөлөө аваад Баянчандмань суманд ирээд мотоциклтой хоёр өдөр хайсан боловч олдоогүй. Сүүлд М надад үнэнээ хэлж миний адууны хохирол төлбөрийг бүрэн төлж, надаас уучлалт гуйгаад байхаар нь хамаатан садан юм байна хохирлоо төлчихсөн юм чинь гээд наймаа хийсэн гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх 49/ -ээр үгүйсгэгдсэн гэж үзэв.
Аймгийн Прокурорын байгууллагын хяналтын прокуророос шүүгдэгч Б М-г хоёр удаагийн санаатай үйлдлээр бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутай тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч нараас ирүүлсэн тодорхойлолт, мөн хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирлоо бүрэн барагдуулж авсан, шүүх хуралдаанд суухгүй гэсэн хариу тайлбараар тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Бат-Эрдэнэ шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, бусдад учруулсан хохирлын нөхөн төлсөн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын "Миний үйлчлүүлэгч Б.М нь гэрчээр болон яллагдагчаар өөрийн гэм буруугийн асуудлаа тогтвортой хүлээн зөвшөөрсөн, гэм буруудаа гэмшсэн нөхцөл байдал харагдаж байна. Гэхдээ нөхцөл байдлыг тайлбарлаж байгаа асуудал дээр шүүх бүрэлдэхүүн хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсантай холбоотойгоор гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тайлбарлах гэж оролдож байна. Өмнө нь ярьж хэлж байсан ойлголцож байсан гэдэг итгэл үнэмшилдээ автаад гэмт хэрэг үйлдсэн. Гэхдээ энэ авсан адуу мал надтай тохирсон хүмүүсийн адуу мал биш байсан учраас өнөөдөр хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээхдээ ийм агуулгаар хүлээсэн байна гэж ойлгогдохоор тайлбарлаж байгааг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авна уу." гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б М-г иргэн Л.Жавхлантөгсийн нэг тооны адууг авахдаа нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас авсан байна гэж үзэх нөхцөл байдал хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б М нь өгсөн мэдүүлгээр түүнийг өөрийн гэм буруутай үйлдлээ бүгдийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул түүний өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан тэнсэж үүрэг хүлээлгэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзсэн тул дээрх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн 1934002140339 дугаартай хэргийг эрүүгийн 1934002130338 дугаартай хэрэгт нэгтгэсэн Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019.9.10-ны өдрийн 71 дугаартай тогтоол /хх 31/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б Б М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан “Бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б М-г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5.4-т зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 1934002130338 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ