Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Манлай сум, Жаргалант багт оршин суух Лог овогт Ишдоржийн Оюуннэмэх /РД:КЕ65012402/-ийн нэхэмжлэлтэй

            Б.Мөнхтүвшингийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Оюуннэмэх, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч И.Оюуннэмэх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...И.Оюуннэмэх би 1965 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн. 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Бадамгэрэлийн Мөнхтүвшинтэй гэр бүл болж улмаар 4 хүүхдийн эцэг эх болсон. Миний хань  Б.Мөнхтүвшин нь 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Манлай сумын Жаргалант багийн нутагт автын ослоор нас барсан учир түүний эзэмшлийн газар болох Г-1107000142 бүртгэлийн дугаартай, 150700498 нэгж талбарын дугаартай 900 м2  газрыг эхнэр И.Оюуннэмэх би өөрийн эзэмшилд шилжүүлэн авах хүсэлтэй байгаа тул энэхүү газрыг өвлөн авах эрхийн хугацааг сунгаж өгнө үү .” гэжээ.

            Нэхэмжлэгч И.Оюуннэмэх шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 1988 онд ханьтайгаа ханилсан бөгөөд 2015 оны 05 дугаар сард манай нөхөр нас барсан. Манай нөхрийн нэр дээрх газар Манлай суманд байдаг. Тэрхүү газрыг өвлөж авах гэсэн боловч хугацаа нь дууссан байсан. Иймээс өвлөх эрхийн хугацааг сунгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтэй байгаа. Би нөхрөө нас барснаас хойш 3 сарын дотор газар шилжүүлэх талаар холбогдох байгууллагад хандсан боловч 1 жилийн дараа өвлөх эрх үүснэ гэсэн хариу өгсөн. 1 жилийн дараа хандахад 3 сарын дотор хүсэлт өгөх ёстой байсан. Өвлөх эрхийн хугацаа дууссан байна гэсэн. Би хөдөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ амьдардаг. Сумын төв рүү суурьших санаатай байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон иргэний үнэмлэхний хуулбар, Б.Мөнхтүвшингийн нас барсны бүртгэлийн 182-рт  бүртгэж олгосон гэрчилгээний хуулбар, Б.Мөнхтүвшин, И.Оюуннэмэх нарын гэрлэгчдийн №004 дугаартай гэрлэлтийн баталгааны хуулбар, Өмнөговь аймгийн Манлай сумын 3 дугаар багийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №145 дугаартай тодорхойлолт, №000147570 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, З.Хүүхэн, М.Мандалмаа нарыг гэрчээр өгсөн тайлбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Оюуннэмэх нь Б.Мөнхтүвшингийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Манлай сумын төв Амгалантын 5-4 тоот хаягтай Г-1107000142 улсын бүртгэлийн дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч И.Оюуннэмэх нь Бадамгэрэлийн Мөнхтүвшинтэй 1988 онд гэр бүл болсон бөгөөд нөхөр Б.Мөнхтүвшин нь 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрлэгчдийн №004 дугаартай гэрлэлтийн баталгааны хуулбар, Өмнөговь аймгийн Манлай сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч З.Хүүхэнгийн “Мөнхтүвшингийн эхнэр Оюуннэмэх нь өв залгамжлагч гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн”, М.Мандалмаагийн “Оюуннэмэх эгч манай ахтай 1988 онд гэр бүл болсон, талийгаач ахын нэр дээрх газрыг өвлөх талаар ямар нэг маргаан байхгүй” гэсэн тайлбарууд зэрэг баримтаар нотлогдож байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор тухайн баг, сумын Засаг дарга, нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргах тухайгаа мэдэлгүй хугацааг өнгөрүүлсэнээр шүүхэд хандах болжээ.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч И.Оюуннэмэх нь Б.Мөнхтүвшингийн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгч мөн тул түүний хүсэлтийг бүрэн хангах зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Лог овогт Ишдоржийн Оюуннэмэхийг Бадамгэрэлийн Мөнхтүвшингийн өмчлөлийн Г-1107000142 улсын бүртгэлийн дугаартай, 900 м.кв бүхий хэмжээтэй Өмнөговь аймгийн Манлай сумын төв Амгалантын 5-4 тоотод байршилтай газрын хууль ёсны өвлөгч мөн бөгөөд өөр өвлөгч байхгүй болохыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА