Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/312

 

 

 

 

 

 

 

 

2019           10             30                                         2019/ШЦТ/312

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сайнболд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нэргүй,

Шүүгдэгч Б Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б Б Т холбогдох эрүүгийн 1934008970390 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б Б Т, 1987 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, жолооч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 52-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 87020713 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б Т нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 2-5 тоот хашааны гадаа 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Э.Уранцоожийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б Т-ын өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд байрлах Нийтийн цагаан байр гэх газар өөрийн гэрийн хаалгыг сольсон. Тэгээд Дивизийн байранд очтол Уранцоож гадаа нь байж байсан. Би очоод найз нь хаалга суулгах гэж байгаа юмаа багажаа байвал өгөөч гэхэд Уранцоож надад багаж байгаа 10 000 төгрөг өгчих гэхээр нь өгсөн. Уранцоож Дивизийн байрны хажууд байх дэлгүүр орсон бөгөөд дэлгүүрээс 1 ширхэг тамхи, Морьт хангай нэртэй 0,5 гр архи барьчихсан гарч ирсэн. Орцонд ороод авсан архинаасаа хоёр хоёр удаа нэг удаагийн цагаан аягаар уусан. Уранцоож бид хоёр 5 дугаар хороо руу тамхи татах гэж явсан. Тэгээд 2-5 тоот хашааны өмнө маргалдаад байсан. Би Уранцоожийг цохих шиг болсон. Тухайн үед ухаан санаа орж гараад байсан болохоор сайн санахгүй байна гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Э.Уранцоожийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б Т ирээд бид хоёр хажуу талын орцон дотор 0.5 гр-ын Морьтхангай гэх архинаас дутуу уугаад Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багт байрлах Нийтийн байранд байх Б Т-ын гэрт очоод хаалгыг нь солиод буцаад Дивизийн байранд ирж 0.75 гр-ын Морьтхангай гэх архи уугаад дууссан. Дараа нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар хорооны Ар-Урт гэх дэлгүүрийн урд талын гудамжинд байх худгийн тэр хавьд явж байхдаа муудалцаад зодолдсон юм шиг байна би сайн санахгүй байна. Тухайн үед согтуу байсан болохоор ухаан санаа орж гараад байсан. Нэг мэдэхэд намайг цохиж унагаад байх шиг байсан. Би Б Т-тай багын найзууд байсан. Бид хоёрт ямар нэг өс хонзонгийн зүйл байхгүй. Бид хоёр юунаас болж муудсан талаараа сайн санахгүй байна. Миний биеийн толгой болон цээж хэсэгт хөндүүрлэж байсан одоо гайгүй. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 4-5, 7/,

 

Гэрч Ө.Уянгийн өгсөн: Манай нөхөр 2019 оны 10-р сарын 08-ны өглөө 08:40 цагт гэрээсээ гараад 10 цаг өнгөрч байхад ирээд айлд хаалга суулгах боллоо гээд явсан. Гэтэл 13 цаг өнгөрч байхад эднийд хаалга суулгана гээд Б Т-тай хамт жоохон халамцуу орж ирсэн. Тэгээд гэрт 0.75 литрийн Морьтхангай гэдэг архи барьж ирээд уусан. Архиа ууж дуусаад Б Т явах гээд боссоноо манай нөхөр Уранцоожийг гаргаад өгөөч гээд дагуулаад гарсан. Б Т мотоциклтой явж байсан, манай нөхөр сундлаад 5 дугаар хороо руу явсан. Би араас нь санаа зовоод цонхоор харж байтал 5 дугаар хорооны 2-5 тоотод очиж харагдсан. Тэгээд харж байтал Лхагва-Очир гуайнх руу ороод 2 минут орчим болоод гарч ирсэн. Тэгээд гэнэт шороо бужигнаад явчихаар нь хартал манай нөхөр цагаан цамцтай байсан болохоор содон харагдаж байсан, газарт уначихсан байхаар нь би сандраад гүйгээд иртэл нүүр ам нь аймаар болчихсон байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх 6, 14/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 725 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Э.Уранцоожийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, завьжны дотор салстанд шарх, духанд зулгаралт, баруун гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ /хх 17-18/,

 

           урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 31/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 42-43/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 44/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

  Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б Т нь хууль зүйн хувьд шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр, хохирогч Э.Уранцоожийн биед санаатай үйлдлээр, Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б Т нь архидан согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 2-5 тоот хашааны гадаа иргэн Э.Уранцоожийг шалтаг шалтгаангүйгээр эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь "зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, завьжны дотор салстанд шарх, духанд зулгаралт, баруун гуяанд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 725 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ.

 

 Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

          Иймд шүүгдэгч Б Т-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Уранцоож нь эмчилгээний зардал болон бусад хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

 Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

 Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б Т, хохирогч Э.Уранцоож нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б Тт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Б Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 166 700 /нэг зуун жаран зургаан мянга долоон зуу/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Б Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1934008970390 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Б Т-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Т-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б Тт оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 166 700 /нэг зуун жаран зургаан мянга долоон зуу/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 1934008970390 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б Т нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ