Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/311

 

 

 

 

 

 

 

 

  2019         10            30                                         2019/ШЦТ/311

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сайнболд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нэргүй,

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А Г М-т  холбогдох эрүүгийн 1934008310391 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, А Г М-т , 1993 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, механикийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах дүүгийн хамт Улаанбаатар хот Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаантын 2-20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 93110312 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар баг “Суварган булаг” гэх газар иргэн Г.Мөнхтүвшинг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Г.М-ын өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруу дээр маргахгүй үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж ухаарч байгаа учраас дахин мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Шүүгдэгч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө 11 цагийн орчим Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2-р баг Суварган булаг гэх газар манайх намарждаг юм. Тэгээд өглөө 11 цагийн орчим манай гэрийн зүүн хойно айлын хонь бэлчиж байсан. Уг хонь хариулж байсан хүн дээр очоод манай намаржааны өвсийг идээд байна одоо доошоогоо хонио бэлчээчихээ гэхэд “үгүй би идүүлнэ, танай юм гэж юу байдгийн" гээд доромжлоод байхаар нь мориноосоо бууцгааж нэг нэгнээ заамдаад би Г.Мөнхтүвшинг нэг алгадсан. Бид хоёр хоорондоо боолцоод тэгээд салсан.” гэх мэдүүлэг /хх 10-11/,

 

Хохирогч Г.Мөнхтүвшингийн өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 12 цагийн орчим Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар баг Суварганы булгын хойд энгэрт хонь хариулаад явж байсан саахалт айлын М  морьтой давхиж ирээд яагаад манай өвөлжөөний дэргэд хонио хариулаад байгаа юм гээд мориноос бууж ирээд намайг мориноос татаж буулгаад толгой руу 4-5 удаа цохисон. Тэгээд чамайг ална гээд боогоод нүүр рүү 1 удаа мөргөөд ухаан алдаж унасан бөгөөд босоод ирэхэд чулуу шидсэн. Тэгээд би морио унаад гэрийн зүг зугтаасан. Миний дээд үүдэн шүд унаж, зүүн нүд хөхөрч хавдсан, тархи хөдөлсөн. Намайг зүгээр байхад зодсон учраас гомдол, саналтай байна. Шүүх хуралд суухгүй. ...М  надаас уучлалт гуйсан, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 06-08/,

 

Гэрч Ж.Ган-Эрдэний өгсөн: “...Би Мөнхтүвшинд хандан бэлчээрээс болоод нэгнийгээ гэмтээлээ гэж загнасан. Тухайн үед манай хүү Мөнхтүвшингийн хамарнаас цус гарчихсан хоолойг нь боочихсон урд талын үүдэн шүд нь хугарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх 9/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 690 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Г.Мөнхтүвшингийн биед 22, 36-р шүдний титэм хэсгийн хугарал, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх 13/,

 

Хохирогчийн биед анхны үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 23/, хохирол нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талуудын хүсэлт /хх 29, 34/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 35/ зэрэг болно.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Г.М нь хууль зүйн хувьд үл ялих зүйлээр /өвөлжөөний дэргэд хонио хариуллаа/ шалтаглан “танхайн” сэдэлтээр, хохирогч Г.Мөнхтүвшингийн биед санаатай үйлдлээр, Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.М нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар багийн нутаг "Суварган булаг" гэх газар иргэн Г.Мөнхтүвшинг "өвөлжөөний газар малаа хариуллаа" гэх шалтгаанаар уурлаж эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь "22, 36-р шүдний титэм хэсгийн хугарал, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мөнхтүвшин, гэрч Ж.Ган-Эрдэнэ, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 690 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ.

 

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Г.М-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мөнхтүвшин нь эмчилгээний зардал 600 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн болох нь хавтаст хэргийн 29-р хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.М-ыг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

          Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

    Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.М, хохирогч Г.Мөнхтүвшин нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Г.Мт оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасныг баримталсан байна.

 

      Шүүгдэгч Г.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

      Шүүгдэгч Г.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

      Эрүүгийн 1934008310391 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

      Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

      1.Шүүгдэгч А Г М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

      2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

      3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.М-т оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

      4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

     5.Эрүүгийн 1934008310391 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ