| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0313/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/325 |
| Огноо | 2019-11-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/325
2019 11 11 2019/ШЦТ/325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
Шүүгдэгч У Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б У Б-т холбогдох эрүүгийн 1934004630350 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б У Б, 1966 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 14-2а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж, тэнсэж хянан харгалзсан,
2.1997 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
3.1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 387 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, урьд эдлээгүй үлдсэн 2 жил 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 11 сар хорих ялаар,
4.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, 66032979 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч У Б ын өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Зуунмод сумын төвд танихгүй хүмүүстэй 2 шил 0,75 литрийн Хараа архи уучхаад нилээн халамцуу болоод дахиж архи уухаар болоод Зуунмод сумын 5 дугаар багийн нутгаар хаягдал төмөр олохоор зам дагаад алхаж явсан. Тэгээд Спорт хорооны урд талд байх Цэнгэлдэх хүрээлэнгийн дотор хаягдал төмөр байж байгаад хүлэмж байхаар нь очиж харахад хүн харагдахгүй байсан. Хүлэмж доторхыг харахад газар цахилгаан гагнуурын аппарат, шар өнгийн уртасгагч байсан. Тэгээд хүлэмж рүү ороод үүдэнд нь хэвтэж байсан уртасгагч, гагнуурын аппарат хоёрыг шуудайд хийгээд буцаж гараад зам дагаад алхаж байгаад жижиг тэрэг зогсоогоод бэр Рагчаасүрэнгийн гэр рүү явсан. Тэгээд Рагчаасүрэнгээс хүний эд байгаа юм түр харж байгаарай гэж хэлээд урьд өмнө зарсан байсан ямааны мөнгө болох 60 000 төгрөгөө гуйж аваад буцаад сумын төв рүү орсон. Тухайн үед би ямар хувцастай явснаа сайн мэдэхгүй байна, ой тогтоолт муутай, группт байдаг. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ганц удаа өршөөж үзээч. Дахиж ийм хэрэг хийхгүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Х.Баасандоржийн өгсөн: Би Атар шим ХХК-ыг хүлээж аваад 6 дахь жилдээ ажиллаж байна. Манай компани газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би байгууллагадаа ашигладаг багаж, техник хэрэгслээ БН Солонгос улсаас оруулж ирдэг. Манай байгууллагад ашигладаг байсан гагнуурын аппарат, уртасгагчийг Зуунмод суманд баригдаж байсан хүлэмжин дээр ажиллаж байсан солонгос хүмүүс надаас түр хэрэглэхээр гуйж авсан байсан. Тэгээд тэр хүмүүс ажлаа дууссаныхаа дараа надад өгөхөөсөө өмнө хулгайд алдсан байсан. Гагнуурын аппаратаа 2011 онд монгол мөнгөөр 350 000 төгрөгөөр авч байсан. Одоо би гагнуурын аппаратаа монгол мөнгөөр 847 000 төгрөгөөр үнэлнэ. Би эд зүйлээ бүрэн бүтнээр нь хүлээн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /хх 25/,
Гэрч Д.Пүрэвжавын өгсөн: Миний бие Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн Цэнгэлдэх хүрээлэн дотор баригдаж дууссан Хүлэмжний барилга дээр ажиллаж байсан. Уг хүлэмжийг Солонгос улс болон Төв аймгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд уг хүлэмжийг Солонгос улсын иргэд барьж байгуулсан. 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 13-14 цагийн үед хүлэмжид ажиллаж байсан солонгос хүмүүсээ дагуулаад цайнд оруулчхаад буцаад ирсэн. Тэгээд хүлэмж рүүгээ орох гэтэл зүүн урд талын гялгар цаасыг ураад хүн орсон шинжтэй байхаар нь хүлэмж дотроо ороод ашиглаж байсан эд зүйлээ бүртгэж үзэхэд Солонгос улсад үйлдвэрлэсэн 220 вольтоор ажилладаг ногоон өнгийн жижиг гагнуурын аппарат 1 ширхэг, 50 метрийн урттай уртасгагч хоёр алга болсон байхаар нь Цагдаагийн газар хандсан. Энэ эд зүйл нь Х.Баасандоржийнх. Бид түр хэрэглэхээр авсан байсан юм. Бид цайндаа явахдаа хүлэмжний хаалгыг цоожлоод гадуур нь байсан багаж, хэрэгслээ дотор нь хийгээд явцгаасан байсан. Тухайн хүлэмжний гялгар цаасыг шинэчилж хийгээгүй урагдсан хэсгийг нь скочоор наагаад орхисон гэх мэдүүлэг /хх 27-28/,
Гэрч Ч.Рагчаасүрэнгийн өгсөн: Б нь манай нөхөр Хатанбаатарын төрсөн дүү байгаа юм. У Б гаднаас нилээд согтуу цагаан өнгийн шуудайн дотор гагнуурын аппарат, шар өнгийн уртасгагч хоёр хийчихсэн орж ирсэн. Тэгээд Б манай нөхрөөс мөнгө өгчих гээд гуйгаад байсан. Тэгснээ би хүнээс мөнгө авах ёстой юм тэр хүн маань мөнгө өгсөнгүй. Эдгээр зүйлийг түр аваад байж бай мөнгөтэй болохоороо мөнгийг чинь өгөөд авъя гэж хэлээд 60 000 төгрөг аваад явсан гэх мэдүүлэг /хх 32/,
гэрч О.Цэцгээгийн мэдүүлэг /хх 29/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-15/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-22/, эд зүйлд үнэлгээ хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 33-42/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 60-72/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч У Б нь согтуугаар 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай Монгол-Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалтаар баригдаж буй хүлэмжний гялгар уутыг гаднаас нь урж нэвтэрч, хүлэмжид байсан 272 300 төгрөгийн үнэ бүхий SPARK маркийн DC ARC SDA-6160 дугаартай Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 200 вт-ын хүчин чадалтай гагнуурын аппарат 1 ширхэг, 79 300 төгрөгийн үнэ бүхий SSP 1550 маркийн 16 ампертай 50 метр урттай шар өнгийн уртасгагч 1 ширхэг тус бүрийг хууль бусаар авсан болох нь
хохирогч Х.Баасандоржийн өгсөн: "Манай байгууллагад ашигладаг байсан гагнуурын аппарат, уртасгагчийг Зуунмод суманд баригдаж байсан хүлэмжин дээр ажиллаж байсан солонгос хүмүүс надаас түр хэрэглэхээр гуйж авсан байсан. Тэгээд тэр хүмүүс ажлаа дууссаныхаа дараа надад өгөхөөсөө өмнө хулгайд алдсан байсан." гэх мэдүүлэг /хх 25/,
гэрч Д.Пүрэвжавын өгсөн: "2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 13-14 цагийн үед хүлэмжид ажиллаж байсан солонгос хүмүүсээ дагуулаад цайнд оруулчхаад буцаад ирсэн. Тэгээд хүлэмж рүүгээ орох гэтэл зүүн урд талын гялгар цаасыг ураад хүн орсон шинжтэй байхаар нь хүлэмж дотроо ороод ашиглаж байсан эд зүйлээ бүртгэж үзэхэд Солонгос улсад үйлдвэрлэсэн 220 вольтоор ажилладаг ногоон өнгийн жижиг гагнуурын аппарат 1 ширхэг, 50 метрийн урттай уртасгагч хоёр алга болсон байсан." гэх мэдүүлэг /хх 27-28/,
гэрч Ч.Рагчаасүрэнгийн өгсөн: "Б нь манай нөхөр Хатанбаатарын төрсөн дүү байгаа юм. У Б гаднаас нилээд согтуу цагаан өнгийн шуудайн дотор гагнуурын аппарат, шар өнгийн уртасгагч хоёр хийчихсэн орж ирсэн. Тэгээд Б манай нөхрөөс мөнгө өгчих гээд гуйгаад байсан." гэх мэдүүлэг /хх 32/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: "Уг хүлэмж нь хойноос урагш чиглэлтэй байрласан. Гялгар цагаан гадартай хүлэмж байх бөгөөд хүлэмжний зүүн урд хэсэгт гялгар цаас нь урагдсан хүн орж ирсэн байх боломжтой хөндлөн зураас үүсэж гутлын мөр үүссэн байв." гэжээ /хх 11-12/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "би хүлэмжийн хаалгаар нь орж тухайн эд зүйлийг авсан." гэх, мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Тухайн хүлэмжнээс эд зүйлийг би аваагүй. Цагаан футболктой, хар өмдтэй залуу намайг харж байгаарай гээд шуудайтай зүйл зам дээр орхиод явсан. Тэгээд ирэхгүй байсан. Тэгэхээр нь би аваад такси бариад явчихсан юм." зэргээр мэдүүлсэн нь дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн нотлох баримт шүүгдэгч У Б ын өгсөн: "тухайн өдөр би 0,75 литрийн 2 шил Хараа архи танихгүй хүнтэй хамт хувааж уусан, би өөрийгөө ямар хувцастай явснаа мэдэхгүй байна" гэх мэдүүлэг зэргээр няцаагдсан гэж үзлээ.
Иймд шүүгдэгч У Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хэрэгт гэрч Ч.Рагчаасүрэнгийн өгсөн: "...У Б гаднаас нилээд согтуу цагаан өнгийн шуудайн дотор гагнуурын аппарат, шар өнгийн уртасгагч хоёр хийчихсэн орж ирсэн. Тэгээд Б манай нөхрөөс мөнгө өгчих гээд гуйгаад байсан. Тэгснээ би хүнээс мөнгө авах ёстой юм тэр хүн маань мөнгө өгсөнгүй. Эдгээр зүйлийг түр аваад байж бай мөнгөтэй болохоороо мөнгийг чинь өгөөд авъя гэж хэлээд 60 000 төгрөг аваад явсан гэх /хх 32/,
шүүгдэгч У Б ын өгсөн: "Тэгээд Рагчаасүрэнгээс хүний эд байгаа юм түр харж байгаарай гэж хэлээд урьд өмнө зарсан байсан ямааны мөнгө болох 60 000 төгрөгөө гуйж аваад буцаад сумын төв рүү орсон." гэх зөрүүтэй мэдүүлгүүд авагдсан хэдий ч шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд дээрх нөхцөл байдал нөлөөлөхгүй, хавтаст хэргийн 76-р хуудсанд авагдсан гэрч Ч.Рагчаасүрэнгийн 60 000 төгрөгөө У Б аас эргүүлэн авсан гэх баримтаар түүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзсэн болохыг дурдав.
Шүүгдэгч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн болох нь хохирогч Х.Баасандоржийн өгсөн: "Би эд зүйлээ бүрэн бүтнээр нь хүлээн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй." гэх мэдүүлэг /хх 25/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 17/-ээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч У Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 10 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн оногдуулсан ялыг багасгаж өгөөч гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч У Б нь урьд
1.1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж, тэнсэж хянан харгалзсан,
2.1997 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
3.1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 387 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, урьд эдлээгүй үлдсэн 2 жил 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 11 сар хорих ялаар,
4.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байх бөгөөд,
Шүүгдэгч нь сүүлд буюу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаа дууссаны дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнийг тэнссэн хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй тул эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Гэсэн хэдий ч дээрх баримт түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын шүүгдэгчид оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар багасгаж өгөөч гэх дүгнэлтийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч У Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдад төлөх төлбөргүй, түүний эрүүл мэндийн байдал /шүүх хуралдаанд өгсөн эмнэлгийн магадлагаа/-ыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 11934004630350 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б У Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан бэлтгэсэн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч У Б-ыг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч У Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн 1934004630350 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ