| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2016/00148/И |
| Дугаар | 167 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 167
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө/57 тоотод байрлах Татварын хэлтэсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт оршин суух “Тарагона” ХХК-ний Боржигон овогт Чулуунбаатарын Ганбаатарт холбогдох татварын өр 5 292 476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “5482615 тоот регистрийн дугаартай “Тарагона” ХХК нь “Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2011 оны 05 дугаар сарын 23-нд тус татварын хэлтэст бүртгүүлсэн. Тус компаний нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл явуулсан үйл ажиллагаандаа хамаарах НӨАТ-ын тайлангийн 5 273 900 төгрөг, ААНОАТ-ын тайлангийн 18 576 төгрөгийн татварын өр төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж барагдуулалгүй өр үүсгэсэнтэй холбогдуулан хариуцсан Татварын улсын байцаагч нь “Татварын ерөнхий хуулий”-ийн “Наймдугаар бүлэг”-т заасны дагуу дараах ажиллагааг явуулсан болно. Үүнд ТЕХ-ийн 54-р зүйлд заасны дагуу хугацаандаа төлөөгүй татварын өр төлбөрийг барагдуулахыг шаардсан 240405112014/315 тоот мэдэгдэх хуудсыг гардуулсныг үндэслэн мөн хуулийн 63-р зүйлд заасны дагуу мэдэгдэх хуудсыг үндсэлэн тус хэлтэст бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банк дахь компаний харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан. ТЕХ-ийн 64-р зүйлд заасны дагуу хугацаандаа төлөөгүй татварын өр төлбөрийг барагдуулахаар эд хөрөнгө цалин хөлс, бусад орлогоос татварын өрийг гаргуулах талаар өмчийн харилцааны газар болон үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс лавлагаа авсан боловч ямар нэгэн бүртгэлтэй эд хөрөнөг гарч ирээгүй.
Иймд ТЕХ-ийн 62 дугаар зүйлийн 62.2-д дээрх ажиллагаа болон шүүхэд нэхэмжлэх ажиллагааг давхардуулан явуулж болно гэж заасан байх тул мөн хуулийн 70-р зүйлийн 70.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Хариуцагч “Тарагона” ХХК-ний захирал Ч.Ганбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай “Тарагона” ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст 5.2 сая төгрөгийн татварын өртэй нь үнэн болно. Одоохондоо төлөх бололцоо муу байгаа ба хэд хэдэн газраас тодорхой хэмжээний авлагатай юм. Боломжтой үедээ төлж барагдуулахаа гүнээ ойлгож буй болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч “Тарагона” ХХК-ний захирал Ч.Ганбаатарт холбогдуулан татварын үүрэг болох 5 292 476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тухайн зээлийг төлж барагдуулахаар тайлбараа бичгээр ирүүлсан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж 49 815 төгрөгийг хариуцагч “Тарагона” ХХК-ний захирал Ч.Ганбаатараас гаргуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 , 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Тарагона” ХХК-ний захирал Ч.Ганбаатарт холбогдох 5 292 476 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Тарагона” ХХК-ний захирал Ч.Ганбаатараас 49 815 төгрөг гаргуулж Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн орлогын Төрийн банк дахь 211000134959 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА