| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2016/00152/И |
| Дугаар | 168 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 168
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Баруун үйлдвэр 133-т байрлах “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК / улсын бүртгэлийн дугаар 9019001129, регистрийн дугаар 2077361/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одонжавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сумын төв, “Эрхэс” зочид буудалд байрлах “Уужим Од” ХХК /улсын бүртгэлийн дугаар 1111001041, регистрийн дугаар 2697807/ -нд холбогдох
Түрээсийн гэрээний үүрэг 106,229,585.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одонжав, Ц.Хатантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одонжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
”Уужим-Од” ХХК нь “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-иас цахилгаан үүсгүүр түрээслэн авах захиалга өгснөөр 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тоног төхөөрөмж түрээсийн RC-PWS-14/08-18 дугаартай гэрээг байгуулсан. Түрээсийн гэрээний үндсэн нөхцөлийн дагуу цахилгаан үүсгүүрийн төлбөрт:
- Барьцаа төлбөрт 19,864,900 төгрөг нийт 44,715,000 төгрөгийн төлбөрийг 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлснээр түрээсийн гэрээ баталгаажиж JSJO2474 серийн дугаартай С32 цахилгаан үүсгүүрийг (генератор) түрээслүүлэгч тал Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Оюу толгойгоос хойш 4 км зайд байрлах “Уужим-Од” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй талбайд тээвэрлэн хүргүүлж 2 техникчийг ажиллуулан тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн. Техник гарсан өдрөөс хойш 4 долоо хоногийн түрээсийн хугацаа дуусах бүрд цахилгаан үүсгүүрийг үргэлжлүүлэн ашиглах хүсэлтэйгээр түрээслэгч тал илэрхийлснээр талууд харилцан тохиролцож техникийн түрээсийн хугацааг дараах байдлаар тус бүр 4 долоо хоногийн хугацаагаар сунгасан байдаг. 2014 оны 09 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл (4 долоо хоног) 19,864,900 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл (4 долоо хоног) 19,864,900 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 22-ноос 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл (4 долоо хоног) 19,864,900 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл (7 хоног) 6,621,633 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 27-ноос 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл (буцаан таталтын зардал) 22,686,290 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр (техникийн бүрэн бүтэн байдлын зардал) 1,782,000 төгрөг нийт 90,684,623 төгрөг болсон. Талууд тоног төхөөрөмжийг түрээслэх явцад ажиглалтын хугацаа, түрээсийн төлбөрийн тухайд аливаа маргаангүй харилцан ойлголцож ирсэн бөгөөд түрээслэгч тал холбогдох нэхэмжлэхүүдийг хүлээн авч баталгаажуулж ирсэн ба төлнө гэж амласаар ирсэн. Энэ хугацаанд түрээслэгч цахилгаан үүсгүүрийг зорилгодоо нийцүүлэн ашигласаар байх боловч түрээсийн сүүлийн саруудын төлбөрийг төлөхгүй байсан тул түрээслэгч тал 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр арга буюу өөрийн зардлаар тоног төхөөрөмжөө буцаан татсан. Өнөөдрийг хүртэл түрээслэгч талд удаа дараа мэдэгдэл хүргүүлэн түрээсийн холбогдох төлбөрийг төлөхийг шаардсан боловч төлөлгүй бидний бизнест их хэмжээний хохирол учруулсаар байна. Иймд “Уужим-Од” ХХК-иас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох цахилгаан үүсгүүрийг 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд түрээслэн ашигласны төлбөр 70,819,723.70 төгрөг болон хоног тутамд тооцогдох алданги 50 хувиар тооцож 35,409,861.85, нийт 106,229,585.55 төгрөг /зуун зургаан сая хоёр зуун хорин есөн мянга таван зуун наян таван төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Уужим Од” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Манай компани “Оюу Толгой” компанитай ханган нийлүүлэлтийн гэрээ хийж зуурмагийн чулуулаг нийлүүлэхээр үйл ажиллагаа эхэлсэн боловч Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох” тухай хуулийг дагаж мөрдөхтэй холбоотойгоор манай үйл ажиллагааг зогсоосон. Дээрх хууль тогтоомжуудын хуулийн үйлчлэл, дагаж мөрдөх асуудал тодорхойгүй байсаар түрээсэлсэн тоног төхөөрөмжөө буцааж өгөлгүй нилээд цаг хугацаа алдсан. “Оюу толгой” орон нутгийн компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээгээр, хууль тогтоомжууд тухай бүр гарч асуудал хурдан цэгцэрнэ гэдэгт итгэн бидний гэрээг цуцлаагүй. Бид ч мөн адил 2 жил гаруй асуудал шийдвэрлэгдэхгүй хүлээгдэнэ гэж бодоогүй. Гэрээний урьдчилгаа төлбөр барьцаа болох 44,715,000 төгрөгийг хугацаанд нь төлсөн.
1. Гэрээний нөхцөлийг 1 сард 160 мот цаг байхаар тусгасан байдаг. Бид цахилгаан үүсгүүрийг нэг хоног буюу 5 мот цаг ажиллуулж нээлт хийсэн. Цахилгаан үүсгүүрийг үргэлжлүүлэн ажиллуулах гэж байтал ашиглалтын лицензийг цуцалсан тул дахин ашиглаагүй.
2. Гэрээнд хүргэлтийн зардал нэг талдаа 4.332.000 байхаар заасан боловч буцаан татан авалтын зардалд 22.686.290 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ нь гэрээнд заасан үнэлгээнээс даруй 5 дахин их байх тул 4.332.000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй.
3. 5 мот цаг ажилласан цахилгаан үүсгүүрийн техникийн бүрэн бүтэн байдлын зардалд 1,782,000 төгрөг гарсан нь тухайн компаний өөрсдийн дотоод үйл ажиллагааны зардал төдийгүй масло сольсон нь хэвийн элэгдэл хорогдлын зардал тул энэ төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй.
4. Хууль тогтоомжийн тодорхойгүй байдал, төрийн байгууллагын үйл ажиллагаанаас гэрээ хэрэгжүүлэх нөхцөлгүй болсон байдлыг өөрсдийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй давтагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон нөхцөл байдал гэж үзэж болох тул дээрх хугацааны алдангийг төлөхгүй” гэжээ
Шүүх хуралдаанд зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэх боломжтой гэж үзэж нэхэмжлэгч алдангийн дүнг хасаж, нийт 70,819,723.70 төгрөгийн буюу үндсэн төлбөрийн хэмжээнд эвлэрч, хариуцагч энэхүү төлбөрийг 2016 оны 11 сарын 25-ны өдөр 35,409,381.85 төгрөг, 2016 оны 12 сарын 25-ны өдөр 35,409,381.85 төгрөгөөр буюу 2 хуваан төлж дуусгах нөхцөлтэйгээр хүлээн зөвшөөрч, эвлэрч байна. Энэхүү төлбөрийг төлөхдөө “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн 9131003004 тоот дансанд тушаана гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одонжав нь хариуцагч “Уужим Од” ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг болох 106,229,585.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх үе шатанд зохигч талууд дараах нөхцөлтэй эвлэрсэн болно. Үүнд:
Нэхэмжлэгч “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатантуул нэхэмжлэлийн шаардлага болгох 106,229,585.55 төгрөгөөс алданги 35,409,861.85 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 70,819,723.70 төгрөгийн төлбөрийг хариуцагч “Уужим Од” ХХК-иас 2016 оны 11 сарын 25-ны өдөр 35,409,861.85 төгрөгийг, 2016 оны 12 сарын 25-ны өдөр 35,409,861.85 төгрөгийг тус тус төлүүлж дуусгах нөхцөлтэй эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул энэхүү эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдвал зохино.
Зохигч талууд улсын тэмдэгтийн хураамжийн хувьд харилцан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 689,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас тал хувь болох 344,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК 35,409,861.85 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч “Уужим Од” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагийн 70,819,723.70 төгрөгийн төлбөрийг 2016 оны 11 сарын 25-ны өдөр 35,409,381.85 төгрөг, 2016 оны 12 сарын 25-ны өдөр 2016 оны 11 сарын 25-ны өдөр 35,409,381.85 төгрөгөөр тус тус төлж дуусгах нөхцөлтэй эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 689,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тал хувь болох 344,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд ирүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар Анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэх гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА