| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2016/00169/И |
| Дугаар | 170 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1961 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, “Цог Өрнөх” ОНӨААТҮГ-т захирал, ам бүл 3, нөхөр, хүүгийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст багт оршин суух Банди нар овогт Цэмбэлдоржийн Оюунцэцэг /РД:КН61091162/-ийн нэхэмжлэлтэй,
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг, нэхэмжлэгч Ц.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“...Ц.Оюунцэцэг миний бие нь 1961 оны 09 дүгээр сарын 11-нд төрсөн, эмэгтэй, ам бүл 3-уул, нөхөр хүүгийн хамт амьдардаг, дээд боловсролтой, одоогоор Цог Өрнөх ОНӨААТҮГ-т захирлаар ажилладаг. Миний бие 1981 онд Улаанбаатар хотын Барилга угсралтын 2-р конторт ажиллаж байхдаа хөдөлмөрийн дэвтэр нээлгэж авсан боловч энэ дэвтэр дээр миний овгийг зөв бичээд нэрийг Оюунаа гэж буруу бичсэн зөрчилтэй болсон. Би энэ 2016 онд 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйгөөс тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Аймгийн архивын газраас холбогдох тушаалыг эрсэн боловч 2 тушаал олдож бусад нь байхгүй байна гэсэн хариу өгсөн. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Н.Өлзийсүрэн, М.Дэмбэрэл нарыг гэрчээр асууж Ц.Оюунцэцэг миний хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Ц.Оюунцэцэгийн иргэний үнэмлэхний лавлагаа, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай захирамж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай захирамж гэрч Н.Өлзийсүрэн, Ж.Дэмбэрэл нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюунцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь нэхэмжлэгч Ц.Оюунцэцэг нь 1981 оноос 1993 он хүртэл Улаанбаатар хотын барилга угсралтын 2-р конторт ажиллаж байсан бөгөөд түүний ажиллаж байх хугацаанд хөтөлсөн 1981 оны хөдөлмөрийн дэвтэрт Цэмбэлдоржийн Оюунаа гэж нэрийг нь буруу бичсэн болох нь 1981 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай захирамжийн хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай захирамжийн хуулбар, гэрч Н.Өлзийнсүрэнгийн “...Ц.Оюунцэцэгийг 1981 оноос сумын ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд бичгийн машины арван хурууны бичээчээр ажиллаж байсан, би тухай үед сумын ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд нарийн бичиг хийж байсан”, гэрч Ж.Дэмбэрэлийн “...1980 онд Ц.Оюунцэцэгийг сумын ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд бичгийн машины арван хурууны бичээчээр ажиллаж байсныг мэднэ, тухайн үед би өөрөө сумын ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан” мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд 1981 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн /Цэмбэлдоржийн Оюунаа гэсэн/ жинхэнэ эзэмшигч Ц.Оюунцэцэг мөн болохыг тогтоох үндэслэлтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1981 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн /Цэмбэлдоржийн Оюунаа гэсэн/ жинхэнэ эзэмшигч нь Банди нар овогт Цэмбэлдоржийн Оюунцэцэгийг мөн болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА