Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 567

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Д.Мэндбаярт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Д.Мөнхцэцэг,

Яллагдагч Д.Мэндбаярын өмгөөлөгч О.Батжаргал,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаярын гаргасан 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 361 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Мөнхцэцэгийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 24 тоот прокурорын эсэргүүцлээр Д.Мэндбаярт холбогдох эрүүгийн 2014260002222 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Амгалан овогт Дүгэрээгийн Мэндбаяр, 1969 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, социологич мэргэжилтэй, “Монгол металл бирж” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Могойтын дэнжид оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ФА69080418/,

Д.Мэндбаяр нь “Оюу толгой” ХХК-иас хаягдал ган бөмбөлөг худалдаж аваад Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тушааж ашиг олох бизнес байна гэж, “Монгол металл бирж” ХХК-даа хөрөнгө оруулалт авах нэрийдлээр “Минметекс интернэйшнл ФЗЕ” ХХК-тай гэрээ хэлцэл хийх байдлаар халхавчлан залилан мэхэлж, мөнгийг хянахдаа өөрийн хянахдаа өөрийн компанийн хоёрдугаар гарын үсгийн эрхийг “Минметекс интернэйшнл ФЗЕ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгье, тэр хүний зөвшөөрөлгүйгээр мөнгийг захиран зарцуулахгүй гэж итгэл төрүүлэн төөрөгдүүлж, 130.000 америк долларыг буюу 222.379.300 төгрөгийг “Минметекс интернэйшнл ФЗЕ” ХХК-д мэдэгдэлгүйгээр компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Халиуны гарын үсгийг хүчингүй болгож, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 17-ны хооронд 130.000 ам.долларыг данснаасаа гарган авч, онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн “Монгол шар газар” ХХК-ийн захирал Юань Миао Жиныг “Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Шарын гол хэсэг” гэх нэртэй газарт байгаа 6676А дугаартай тусгай зөвшөөрлийг хамтран ашиглана” гэж өөрт байхгүй зүйлийг амлаж, залилан мэхэлж, 2015 оны 10-12 дугаар сард 294.406.260 төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Д.Мэндбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “…Яллагдагч Д.Мэндбаярт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд”-ыг бүрэн гүйцэд шалгаагүй мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцаах зүйтэй гэж үзлээ. Үндэслэл нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг шалгаж тогтоогоогүй. Тодруулбал: Гэмт хэргийн хохирогч хэн болох, гэмт хэрэг хаана, хэдийд гарсныг тогтоох ажиллагаа хийгээгүй байна. “Минметекс Интернейшнл ФЗЕ” ХХК-ийн ерөнхий захирал Алдис Натальи нь 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Ч.Амарсайханд олгосон “Итгэмжлэл”-ийг /1 дүгээр хавтаст хэргийн 5, 2 дугаар хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас/ үндэслэн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөр Ч.Амарсайханыг тогтоож /1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад удаа дараа мэдүүлэг авсан байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт “Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна” гэж заажээ. “Минметекс Интернейшнл ФЗЕ” ХХК-ийн ерөнхий захирал Алдис Натальигаас Ч.Амарсайханд олгосон “Итгэмжлэл”-д хугацаа заагаагүй байх тул олгосон өдрөөс буюу 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаанд итгэмжлэл хүчин төгөлдөр гэж үзэх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Минметекс Интернейшнл ФЗЕ” ХХК-ийг төлөөлөх эрх хуульд зааснаар дуусгавар болсон байна.

Хавтаст хэрэгт “Монгол металл бирж” ХХК, “Минметекс Интернейшнл ФЗЕ” ХХК-ийн хоорондын хамтын ажиллагааны гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/, 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 26-31, 16-17, 18-25 дугаар хуудас/ баримтаар авагдсан боловч гэрээний эх хувь байхгүй, гэрээг хаана байгуулсан нь тодорхойгүй, түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амарсайханы “...Масгутов Ильдар тус компанид худалдаа санхүү хариуцсан захирал гэж хэлсэн. Казакстан улсын иргэн гэсэн, хаана оршин суудгийг мэдэхгүй. Ильдартай хамтарч ажилладаг Халиун гэж хүн байдаг бөгөөд надад хэрэгт холбоотой баримтуудыг өгсөн. Болсон асуудлын талаар Халиун мэдээлэл өгсөн. “...Минметекс Интернейшнл ФЗЕ” ХХК Монгол Улсад бүртгэлгүй, гадаад улсад бүртгэлтэй гэсэн” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/, Масгутов Ильдар гэгч нь Монгол Улсад ирсэн эсэх тодорхойгүй, /Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 06/570 албан бичиг хавтаст 2 дугаар хавтаст хэргийн 76 дугаар хуудас/, “Минметекс Интернейшнл ФЗЕ” ХХК гэх хуулийн этгээд Монгол Улсад бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 115, 117 дугаар хуудас/ зэргээс үзэхэд гэмт хэргийн хохирогч нь аль улсад бүртгэлтэй, ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болох нь тодорхойгүй байна.

Хохирогч Юань Миао Жин /Yuan Miaozhen/ “...өөрт байсан мөнгөнөөс гадна охин болон дүү нараасаа мөнгө авч Д.Мэндбаярт нийт 294.406.260 төгрөгийг цувуулан өгсөн талаар мэдүүлсэн байна. /3 дугаар хавтаст хэргийн 79-81, 82-83 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 237-238 дугаар хуудас/. Гэтэл яллах дүгнэлтэд яллагдагч Д.Мэндбаяр нь 2015 оны 10-аас 12 дугаар сард хөрөнгө оруулалт нэрээр “Монгол шар газар” ХХК-иас 294.406.260 төгрөгийг залилан мэхэлж хохирол учруулсан гэж дүгнэжээ. Дээрх байдлаас үзэхэд гэмт хэргийн улмаас “Монгол шар газар” ХХК-д хохирол учирсан уу эсхүл Юань Миао Жин /Yuan Miaozhen/-д хохирол учирсан аль нь болох нь тодорхойгүй байна.

Гэмт хэрэг хаана, хэдийд гарсан болохыг шалгаагүй талаар:

Прокурорын яллах дүгнэлтэнд “гэрээ, хэлцэл хийх байдлаар халхавчлан залилан мэхэлж, компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Халиуны гарын үсгийг хүчингүй болгож, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд 130.000 ам.долларын буюу 222.379.300 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэсэн боловч гэмт хэрэг гарсан газар тодорхойгүй өөрөөр хэлбэл хохирогчийг хуурч мэхлэх, итгэлийг эвдэх аргаар эд хөрөнгийг залилан мэхлэж авахдаа Монгол Улсын нутаг дэвсгэрт эсхүл гадаад улсад үйлдсэн аль нь болох, түүнчлэн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулснаар эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Халиуны 2 дугаар гарын үсэг зурах эрхийг 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр цуцалж мөнгийг захиран зарцуулснаар гэмт хэрэг гарсан уу гэдгийг шалгаж тогтоогоогүй нь гэмт хэрэг гарсан газар, цаг хугацааг тогтоогоогүй гэж үзнэ. Иймд гэмт хэрэг гарсан байдлыг тогтооход “Минметекс Интернейшнл ФЗЕ” компани нь аль улсад бүртгэлтэй, ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь хэн болох, Масгутов Ильдар нь компанийг төлөөлөх эрхтэй эсэх зэргийг шалгаж тогтоох ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенц болон тухайн улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд заасан журмын дагуу “Минметекс Интернейшнл ФЗЕ” компанитай холбоотой баримтыг гадаад улсаас гаргуулан авах, шаардлагатай этгээдүүдээс мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай байна. Мөн “Монгол шар газар” ХХК гэх хуулийн этгээд үү эсхүл Юань Миао Жин /Yuan Miaozhen/ гэгч иргэний аль нь хохирогч болохыг зөв тогтоох нь гэмт хэргийн улмаас хохирсон этгээдийн хуульд заасан эрх, ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой юм.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн сэдэлт”-ийг бүрэн шалгаж тогтоогоогүй.

Яллагдагч Д.Мэндбаяр нь “Минметекс Интернейшнл ФЗЕ” ХХК-ийн Масгутов Ильдар, болон “Монгол шар газар” ХХК-ийн захирал Юань Миао Жин нартай тус тус гэрээ байгуулах замаар анхнаасаа эд хөрөнгийг залилан мэхэлж авах субьектив санаа зорилготой байсан эсэх эсхүл гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглан эд хөрөнгийг нь шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, хуурч мэхэлсэн эсэх зэрэг гэмт хэргийн сэдэлтийг нарийвчлан шалгаж тогтоох нь зүйтэй байна.

Дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчихгүйн тулд эрүүгийн 2014260002222 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв. ...Яллагдагч Д.Мэндбаярт холбогдох 2014260002222 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Мэндбаярт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж…” шийдвэрлэжээ.

Прокурор Д.Мөнхцэцэг бичсэн прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Эрүүгийн 2014260002222 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг гарсан байдал”-ыг шалгаж тогтоогоогүй гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй болох талаар “Минметекс интернэйшнэл ФЗЕ” ХХК-ийн ерөнхий захирал Алдис Натальи нь 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Ч.Амарсайханд олгосон “Итгэмжлэл”-ийг /1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас/ үндэслэн 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөр Ч.Амарсайханыг тогтоож /1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудас/, мөрдөн байцаалтаар удаа дараа мэдүүлэг авсан байна. Энэ нь тухайн цаг хугацаандаа буюу олгосон итгэмжлэлийн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон шалгасан байх бөгөөд итгэмжлэлийн хугацаа дуусмагц хугацааг сунгуулна, дахин итгэмжлэл хийнэ гэсэн зохицуулалт, ойлголт хуульд байхгүй байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын хугацааг тухай бүрт нь түдгэлзүүлж байсан тул хугацаа дуусаагүй байх үндэслэлтэй. Итгэмжлэлийг шүүхийн шатанд шинээр гаргуулан авч, нөхөн гүйцээх боломжтой юм.

Гэмт хэргийн хохирогч нь аль улсад бүртгэлтэй ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болох нь тодорхойгүй гэсэн нь нэгэнт яллагдагч Д.Мэндбаяр залилан мэхэлж бусдын онц их хэмжээний мөнгийг авсан нь нотлогдсон, тухайн мөнгөө залилуулж алдсан этгээд нь өөрөө гадаадад амьдардаг тул итгэмжлэлээр Ч.Амарсайханд эрх олгож, өөрийгөө төлөөлүүлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч буюу хэргийн оролцогчоор оролцуулсан нь хуульд заасан үндэслэл журмаар ажиллагааг явуулсан тул хохирогч байгууллага ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг нь Д.Мэндбаярт холбогдох хэрэгт ач холбогдолгүй байна. Гэрээний эх хувь хохирогчид байгаа бөгөөд хуулбарыг нотариатаар батлуулсан хувь хэрэгт авагдсан, шүүхийн шатанд эх хувийг үзэж судлах боломжтой байгаа гэрээг хаана хийсэн нь хэргийн эхлэл, төгсгөлийг тодорхойлохгүй, уг гэрээг гэмт хэрэг үйлдэх арга хэрэгсэл болгосон, гэрээг иргэний эрх зүйн харилцааны талаас үнэлэх үндэслэлгүй, гэмт хэрэг үйлдэх халхавч бөгөөд гэрээг нотариатаар батлуулаагүй юм. “Минметекс интернэйшнэл ФЗЕ” ХХК-ийн мэдээллийн тухай асуудал нь шүүхээс хэрэг шийдвэрлэхэд саад болохгүй, тухайн компани нь Монгол Улсад бүртгэлгүй болох нь яллагдагч Д.Мэндбаярын гэмт бурууг шийдвэрлэхэд хамааралгүй, мөн компани мөнгө угаасан уу, үгүй юу гэдэг нь энэ хэрэгт огт хамааралгүй гэж үзэж байна.

 

2. Хохирогч Юань Миао Жин нь өөрт байсан мөнгөнөөс гадна охин болон дүү нараасаа мөнгө авч Д.Мэндбаярт нийт 294.406.260 төгрөгийг цувуулан өгсөн талаар мэдүүлсэн /3 дугаар хавтаст хэргийн 79-81, 82-83 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 237-238 дугаар хуудас/ боловч тухайн мөнгийг тэдгээр нь Юань Миао жинд зээлдүүлсэн учир тооцоо нь тусдаа яваа болох нь хохирогч Юань Миао Жиний болон дээрх хүмүүсийн мэдүүлэгт дурдсан байна. Мөн “Монгол шар газар” ХХК гэх хуулийн этгээд үү эсхүл Юань Миао Жин гэгч иргэний аль нь хохирогч болохыг зөв тоггоох гэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “Монгол шар газар” ХХК-ийн захирал нь Юань Миао Жин бөгөөд тухайн компани ердөө ганц гишүүнтэй, түүний эзэн Юань Миао Жин, түүний хохирсон талаар хохирогчийн мэдүүлэгт тодорхой байгаа.

Прокурорын яллах дүгнэлтэд “гэрээ, хэлцэл хийх байдлаар халхавчлан залилан мэхэлж, компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Халиуны гарын үсгийг хүчингүй болгож, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд 130.000 ам.долларын буюу 222.379.300 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэсэн боловч гэмт хэрэг гарсан газар тодорхойгүй, өөрөөр хэлбэл хохирогчийг хуурч мэхлэх, итгэлийг эвдэх аргаар эд хөрөнгийг залилан мэхэлж авахдаа Монгол Улсын нутаг дэвсгэрт эсхүл гадаад улсад үйлдсэн аль нь болох, түүнчлэн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулснаар эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Халиуны 2 дугаар гарын үсэг зурах эрхийг 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр цуцалж мөнгийг захиран зарцуулснаар гэмт хэрэг гарсан уу гэдгийг шалгаж тогтоогоогүй нь гэмт хэрэг гарсан газар, цаг хугацааг тогтоогоогүй гэж үзнэ гэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь эдгээрийг нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт “тэмдэглэх хэсэгт яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана” гэж заасан бөгөөд энэ дагуу прокурорын яллах дүгнэлтийг бичсэн байна. Гэмт хэрэг гарсан газар тодорхой буюу Д.Мэндбаяр нь Хан-Уул дүүргийн Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан мөнгийг шилжүүлж, тэндээс мөнгийг гаргаж, авч завшсан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон болно.

3. Яллагдагч Д.Мэндбаяр нь “Минметекс интернэйшнэл ФЗЕ” ХХК-ийн Масгутов Ильдар болон “Монгол шар газар” ХХК-ийн захирал Юань Миао Жин нартай тус тус гэрээ байгуулах замаар анхнаасаа эд хөрөнгийг залилан мэхэлж авах субъектив санаа зорилготой байсан эсэх, эсхүл гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглан эд хөрөнгийг нь шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, хуурч мэхэлсэн эсэх зэрэг гэмт хэргийн сэдэлтийг нарийвчлан шалгаж тогтоох нь зүйтэй байна гэжээ. Энэ тухай хавтаст хэрэгт шалгаж тогтоосон, прокурор өөрийн дүгнэлтийг бичсэн, гэмт хэргийн сэдэлтийг хангалттай шалгаж тогтоосон гэж үзэж байгаа учир мөрдөн байцаалтаар шалгаж тогтоосон нотлох баримтууд дээр үндэслэн шүүх дүгнэлт хийх боломжтой гэж үзэж байна. Тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгавал зохих бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 361 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн…” гэв.

Яллагдагч Д.Мэндбаярын өмгөөлөгч О.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй. Гол яригдаж байгаа зүйл бол 2 хуулийн этгээд, 2 иргэнтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлттэй холбоотой асуудал. “Монгол шар газар” ХХК-тай байгуулсан гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэнд үнэхээр залилан мэхлэх гэмт хэрэг байсан уу, гэрээний үүргийн биелэлт нь ямар шалтгаанаар биелэгдээгүй юм бэ гэдэг тал дээр яллагдагч өөрөө тодорхой мэдүүлгүүдийг өгсөн. Мөн гэрээний үүргийг биелүүлэх гээд явж байгаа талаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлэг өгсөн. Холбогдох бичиг баримтууд улсын бүртгэлийн гэрчилгээ, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүний мэргэжлийн байгууллагын дүгнэлт зэрэг төрийн захиргааны байгууллагаас шалтгаалсан ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанд хамтран ажиллах гэрээний тухай оруулсан хөрөнгө оруулалтын тал дээр тодорхой тайлбаруудыг өгсөн. Энэ дээр мөрдөн байцаах байгууллага, прокурор тодорхой шалгах ажиллагааг хийж бүрэн нягталж чадаагүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан” гэв. 

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Мэндбаярт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх нөхцөл байдал тогтоогдсон болно.   

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д.Мэндбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв.

Иймд шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар… дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Д.Мэндбаярт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 361 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Д.Мэндбаярт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Д.Мэндбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ