Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2020/0325/З |
Дугаар | 221/МА2020/0531 |
Огноо | 2020-09-09 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2020/0531
“М ш л т” ХХК,
“К п э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн М.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 480 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Үүрийнтуяагийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “М ш л т” ХХК, “К П Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Эрдэнэставан толгой” ХК-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 480 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 39 дүгээр зүйлийн 39.3, 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсгийн 55.3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М ш л т” ХХК, “К П Э” ХХК-иудаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон “Эрдэнэставан толгой” ХК-д холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/1786 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “Эрдэнэставан толгой” ХК-иас зарласан ЭТТ/201905361/02 дугаартай тендерийн захиалагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хэлцэл хийхийг захиалагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ү давж заалдах гомдолдоо: “... Захиалагч “Эрдэнэставан толгой” ХК нь үнэлгээний хороог 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/370 дугаартай тушаалаар байгуулсан бөгөөд тендер шалгаруулалтыг уламжлалт аргаар зохион байгуулж болох эсэх талаар Сангийн яамнаас зөвшөөрөл авч, уламжлалт аргаар зохион байгуулсан. Сангийн яамны ийнхүү зөвшөөрсөн хариу нь тендерийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2, 52.1.12 дахь заалтуудад нийцсэн байна.
Түүнчлэн захиалагч нь маргаан бүхий тендерийг зохион байгуулахдаа өөрийн цахим хуудас болон үндэсний хэмжээний хэд хэдэн сонин, сэтгүүлд зарыг байрлуулсан байдаг.
“С А Э С” ХХК, Ш У Т и с-ийн Г, у у с, “Э Э А г” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн техникийн саналд оноо өгөх боломжгүй байсан талаар хариуцагч шүүх хуралдаанд мэдүүлсэн байх бөгөөд тендерийн хуульд заасны дагуу доод оноо аваагүй зөвлөхийн саналыг нээлгүй буцаана гэх зохицуулалтыг хэрэгжүүлсэн байтал зохих байдлаар үнэлэлгүй алдаатай дүгнэсэн.
Тендерийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “Тендерт шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана”, 54.2-т “Захиалагч гомдлын агуулгыг бүх тендерт оролцогчид мэдэгдэж, холбогдох шийдвэрээр эрх ашиг нь хөндөгдөж болох тендерт оролцогчийг гомдол барагдуулах ажиллагаанд оролцохыг урина гэж зааснаар захиалагчид гомдол гаргах байсан, уг гомдлыг тендерт оролцогч нар мэдэгдэх ёстой гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд учир нь хуулийн 54 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь захиалагч шийдвэр гаргахаас өмнө түүний захиалагчийн үйл ажиллагаатай холбоотой аливаа гомдол гаргах зохицуулалт юм” хэмээн тайлбарласан нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий хэрэгт оролцсон гуравдагч этгээд гомдлоо Сангийн яаманд бус захиалагч буюу “Эрдэнэставан толгой” ХК-нд гаргаж захиалагч байгууллага хуулийн 54.2-т заасан ажиллагааг хийн шийдвэрлэх түүнийг эс зөвшөөрвөл Сангийн яаманд гомдлоо гаргаж болох талаар хуульчилжээ.
Ийнхүү хуульчилж өгсөн маргаан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчиж хянасан Сангийн яамны шийдвэрийг үндэслэлтэй гэх байдлаар зөрүүтэй дүгнэсэн нь алдаатай болсон.
Мөн хариуцагч Сангийн яам болон шүүх маргаан бүхий “С А Э С” ХХК, Ш У Т и с-ийн Г, у у с-ийн тийг төлөөлөх эрхтэй этгээд нь “С А Э С” ХХК мөн болох, түншлэлийг төлөөлж, хэрэг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Төрийн захиргааны байгууллага болон шүүхэд хэд хэдэн хуулийн этгээдийг төлөөлөн эрх зүйн харилцаанд оролцоход ямар эрх үүрэгтэй оролцох тухай гэрээнд эсхүл итгэмжлэл өгч тухайлан зааж өгөх ёстой.
Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дүгээр сарын 23-ны өдрийн 480 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Анхан шатны шүүх “М ш л т” ХХК, “К П Э” ХХК-иас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Эрдэнэставан толгой” ХК-д холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/1786 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “Эрдэнэставан толгой” ХК-иас зарласан ЭТТ201905361/02 дугаартай тендерийн захиалагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хэлцэл хийхийг захиалагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
“Эрдэнэставан толгой” ХК-иас ЭТТ/201905361/02 дугаартай конвейерийн системийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг явуулахаар зарласан байна.
Тендер шалгаруулалтын үйл ажиллагааны явцад “М ш л т” ХХК, “К п э” ХХК-ийн түншлэлийн тендер нь техникийн болон санхүүгийн саналд хамгийн өндөр оноо авсан тул “Эрдэнэставан толгой” ХК-иас 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 13/580 дугаартай албан бичгээр[1] хэлэлцээ хийх болсон тухайн мэдэгджээ.
Харин “С А Э С” ХХК, “Э Э А г” ХХК, “Ш у т и с-ийн Г, у у с-ийн т-ээс Сангийн яаманд хандаж захиалагчийн шийдвэрт гомдол гаргасны дагуу тус яамны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 6-1/1786 дугаартай[2] албан бичгээр тендерийг дахин зарлахыг хариуцагчид даалган шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар маргахдаа “... Захиалагч нь маргаан бүхий тендерийг уламжлалт аргаар зохион байгуулахдаа өөрийн цахим хуудас болон үндэсний хэмжээний хэд хэдэн сонин сэтгүүлд зарыг байршуулсан” гэж тайлбарладаг.
Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “... 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тендерийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу тендерийн урилгыг заавал худалдан авах ажиллагааны цахим системд байршуулдаг болсон” гэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Эрдэнэставан толгой” ХХК-иас 07/1949 дугаартай албан бичгээр[3] “...тендерийг уламжлалт аргаар зохион байгуулах” тухай Сангийн яаманд хандаж зөвлөмж хүссэний дагуу, тус яамны 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/5659 дугаар албан бичгээр[4] “...Татгалзах зүйлгүй” гэх хариу, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр захиалагч “Эрдэнэставан толгой” ХК нь Өнөөдөр сонинд уг тендерийг урилгыг нийтэлсэн[5] байх бөгөөд уг урилгын дагуу нэхэмжлэгч “М ш л т” ХХК, “К п э” ХХК-ийн түншлэл, гуравдагч этгээд “С А Э С” ХХК, “Э Э А г” ХХК, “Ш у т и с-ийн Г, у у с-ийн т болон бусад компани оролцжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж заасан.
Эндээс үзвэл Сангийн яам нь тендерийг уламжлалт аргаар зохион байгуулахыг татгалзаагүй ч хуульд зааснаар захиалагч нь тендерийн урилгыг худалдан авах ажиллагааны цахим системд байршуулан зарлаагүй нь хууль зөрчсөн байх тул энэ талаар дүгнэсэн Сангийн яамны албан бичиг болон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Мөн нэхэмжлэгч нь “... “С А Э С” ХХК, “Э Э А г” ХХК, “Ш у т и с-ийн Г, у у с-ийн т тендер шалгаруулалттай холбоотой гомдлоо захиалагчид гаргах ёстой байсан боловч Сангийн яаманд гомдол гаргасан нь үндэслэлгүй” гэж маргаж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлд “Захиалагчид гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана”, 55 дугаар зүйлд “Захиалагчийн шийдвэрт гомдол гаргах”, 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж тус тус заасан.
Тодруулбал, тендерт оролцогч нь тендер шалгаруулалттай холбоотой үйл ажиллагаа, хуулиар хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл захиалагчид, захиалагчаас гаргасан шийдвэр нь хууль зөрчсөн гэж үзвэл Сангийн яаманд гомдол гаргах хуулийн зохицуулалттай байна.
Манай тохиолдолд “С А Э С” ХХК, “Э Э А г” ХХК, “Ш у т и с-ийн Г, у у с--ийн т нь “Эрдэнэставан толгой” ХК-ийн тендер шалгаруулалтын явцад хуульд заасан холбогдох үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр бус, “М ш л т” ХХК, “К П Э” ХХК-ийг тендерт шалгаруулж, хэлэлцээ хийх болсон тухай шийдвэрт гомдол гаргасан байх тул энэ талаар шууд Сангийн яаманд хандсан нь хуульд нийцэж байна.
Мөн “С А Э С” ХХК, “Э Э А г” ХХК, “Ш у т и с-ийн Г, у у с-ийн т-ийг төлөөлөх эрхтэй этгээд нь “С А Э С” ХХК мөн болох талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй гэж нэхэмжлэгч маргаж байх боловч “Түншлэлийн гэрээний 6.1-д “Түншлэлийн хамтын үйл ажиллагааг гэрээний хугацаанд “С А Э С” ХХК толгойлон ажиллах”, 6.2-т “Түншлэлийн удирдлага нь захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын хүрээнд түншлэлийг бүрэн төлөөлөх эрхтэй ба захиалагчтай гэрээ байгуулсан нөхцөлд түншлэлийг төлөөлөн гэрээ хэлцэлд гарын үсэг зурах бүрэн эрхтэй” байхаар заасан.
Эндээс үзвэл анхан шатны шүүх дээрх заалтыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “С А Э С” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцуулсныг буруутгах үндэслэлгүй, нөгөө талаас түншлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “С А Э С” ХХК төлөөлснөөр бусад компани гомдол гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт болох Сангийн яамны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/1786 дугаар албан бичигт “... Тендерийн баримт бичгийг илэрхий алдаатай боловсруулсан” гэж дүгнэжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл захиалагч нь тендерийн баримт бичиг бэлтгэхдээ Сангийн сайдын тушаалаар батлагдсан жишиг баримт бичиг буюу “Зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”-т нийцүүлэх бэлтгэх ёстой.
Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар “Зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”-ийг баталсан байх бөгөөд уг хавсралтын 4.10-т “Санхүүгийн санал нь түүнийг хүлээн авах эцсийн хугацаанаас хойш [30] хоног буюу [он, сар, өдөр] хүртэл хүчинтэй байна” гэж тусгасан байх боловч “Эрдэнэставан толгой” ХК-иас зарласан тендерийн баримт бичгийн 4.10-т[6] “Санхүүгийн санал нь түүнийг нээснээс хойш 30 хоног хүчинтэй байна” гэж өөрчилсөн, Санхүүгийн санал ирүүлэх маягтад[7] “... Саналын хүчинтэй байх хугацаа нь санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 45 гэж” тусгасан, мөн журамд зааснаар техникийн санал ирүүлэх маягтад “Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч байна ...” гэж тусгах заалтыг захиалагч тендерийн баримт бичигт тусгаагүй[8] болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Сангийн яам нь захиалагчийг тендерийн баримт бичгийг алдаатай боловсруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн маргаан бүхий захиргааны актад “... Техникийн саналд холбогдох оноог өгч үнэлгээг хийдэг” болохыг хариуцагчид анхааруулсан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т “Техникийн саналд авбал зохих доод буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхүүдэд санхүүгийн саналыг нээх хугацааг мэдэгдэж, доод оноо аваагүй бусад зөвлөхийн санхүүгийн саналыг нээлгүй буцаана” гэж заажээ.
Хариуцагч “Эрдэнэставан толгой” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “... гуравдагч этгээдийн баримтад доод оноо өгөх боломжгүй, үндсэн шаардлагыг хангахгүй байсан” гэж тайлбарлаж байх боловч хуулийн дээрх заалтаас үзвэл техникийн саналыг зохих оноогоор дүгнэхээр хуульчилсан байх тул гуравдагч этгээдийг зохих оноогоор дүгнээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Мөн маргаан бүхий захиргааны актад “... “С А Э С” ХХК, “Э Э А г” ХХК, “Ш у т и с-ийн Г, у у с-ийн т-ийг хураангуй жагсаалтад тендерийн шалгуур үзүүлэлтийг хангасан гэх боловч Тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ 4.1-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж зөрүүтэй дүгнэсэн, төслийн менежер Жу Жиэн Шинийн сертификатын хүчинтэй хугацаа дууссан талаар дүгнэж тендерийн баримт бичигт тусгаагүй шалгуур үзүүлэлтээр үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “С А Э С” ХХК, “Э Э А г” ХХК, “Ш у т и с-ийн Г, у у с-ийн т-ийн ирүүлсэн гэрээний заалтууд нь хятад хэл дээр, нүүр нь монгол хэл дээр, мөн төслийн менежерийн сертификатийн хугацаа 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дууссан болох нь тогтоогдож байна.
Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ 4.1-д “Саналыг Монгол хэлээр ирүүлнэ. Гадаад хуулийн этгээд тендер ирүүлэх бол Англи хэлээр давхар ирүүлнэ”, ТӨЗ 4.4.4-т “... Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээс санал болгосон төслийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын дипломын хуулбар, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар зэргийг хавсаргах ирүүлнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс ““С А Э С” ХХК, “Э Э А г” ХХК, “Ш у т и с-ийн Г, у у с-ийн т-ийн тендерийн баримт бичгийн холбогдох баримтыг захиалагч буруу үнэлсэн гэсэн Сангийн яамны шийдвэр нь хуульд нийцээгүй” гэж дүгнэсэн нь зөв болжээ.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл, шүүх Сангийн яамны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/1786 дугаар албан бичгээр “...Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ 4.1-д заасан шалгуур үзүүлэлт, төслийн менежерийн сертификатын хүчинтэй хугацаа дууссан” тухай үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзсэн боловч энэ нь уг актыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.
Өөрөөр хэлбэл Сангийн яамны албан бичгийн бусад үндэслэлүүд зөв байх тул хариуцагчаас дахин тендер зарлахыг даалгасан шийдвэр гаргасныг буруутгах боломжгүй юм.
Иймд Сангийн яамны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/1786 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, мөн уг актыг хүчингүй болгох үндэслэлгүй тул хэлэлцэх хийхийг захиалагчид даалгах боломжгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М ш л т” ХХК, “К п э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 480 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М ш л т” ХХК, “К п э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтас 18 хуудас
[2] 1 хавтас 20 хуудас
[3] 1 хавтас 231 хуудас
[4] 1 хавтас 232 хуудас
[5] Нотлох баримт, өнөөдөр сонин
[6] 1 хавтас 74 хуудас
[7] 1 хавтаст 88 х уудас
[8] 1 хавтас 81 хуудас