Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ХШТ/113

 

М.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар магадлалтай, М.М-т холбогдох 2235001930010 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.М,

Шүүгдэгч М.М  нь Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч М.М-ыг албан тушаалын байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход хүргэсэн, цэргийн дүрмийн бусаар харьцаж захирагдагчаа зодсон, гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял, мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх хорих ялын хэмжээг 5 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаас тусад нь эдлүүлэхээр, хязгаарлалтын бүсийг Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээр тус тус тогтоож, иргэний хариуцагч “Х” газраас 7,100,845 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 101,530,075 төгрөгийн, хохирогч П.Ч-ын 8,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Увс аймгийн прокурорын газраас М.М-т Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон, ял оногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож, 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Увс аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батзаяа хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүх ... байлдагч Б.С Хилийн цэргийн ... дугаар ангийн .... дугаар салбарын малын сууринд алба хааж байхдаа 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр амиа хорлосон нь 2022 оны 07 дугаар сард М.М-ын удаа дараа зодсонтой шалтгаант холбоогүй, шүүгдэгч М.М-ын энэ үйлдэл хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн объектив шинж болох “... байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн шинжийг агуулаагүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарласан.

Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн объектив шинж нь “... байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл ба үр дагаврын хооронд шалтгаант холбоотой байх ёстой. Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т зааснаас дүгнэхэд хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.С-ийн хувьд шүүгдэгч М.М нь дарга, захирагч нь байсан. Иймд байлдагч Б.С-ийн хувьд шүүгдэгч М.М-ын албан тушаалын улмаас эрхшээлд байсан хүн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч М.М-ын хувьд өөрийн албан тушаалын эрхшээлдээ байгаа байдлыг ашиглан хохирогч Б.С, түүнтэй хамт алба хааж байсан хугацаат цэргийн бусад албан хаагч нарыг 2022 оны 07 дугаар сард байнга загнаж, зодсон үйлдэл нь сэтгэл зүйн шаналал үүсгэсэн, мөн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байлдагч Б.С-ийн хариуцан маллаж байсан үхэр чононд хазуулсан нөхцөл байдлыг мэдсэн атлаа шүүгдэгч М.М нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Б.С-г үхэр хайлгахаар явуулсан. Хохирогч үхэр чононд хазуулан үхсэн тул шүүгдэгч М.М-т дахин зодуулахаас айж, өөрийнхөө амийг егүүтгэсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.М-ын хувьд байлдагч Б.С-г үхэр үрэгдүүлсэн, үхүүлсэн гэж түүнийг дарамталж, зодохоос өөр ямар нэгэн гарах гарцгүй болсон гэсэн субъектив төсөөллийг бий болгож, амь хохирогчийг амиа хорлоход хүргэсэн идэвхтэй үйлдэл, энэ үйлдлийн улмаас хохирогч нас барсан буюу амиа хорлосон үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Учир нь М.М  нь 2022 оны 07 дугаар сард бороонд осгосон ямааг хараад “ингэж мал хариулдаг юм уу... бороо орохоор буцаад малаа туугаад ирдэггүй юм уу” гэж, мөн хотонд хурга үхсэн байхыг хараад “ингэж мал хардаг юм уу” гэж, мөн хурга засаж байхад гурил, аарц хольсон зүйлийг асгалаа гэж, цагтаа боссонгүй гэх зэргээр байнга зодож цохиж байсан болох нь бусад хохирогч нарын мэдүүлгээр нотлогдсон. Мөн шүүгдэгч М.М  нь 2022 оны 08 дугаар сарын 03-аас 29-ний хооронд ээлжийн амралтаа аваад, ажилд ороод малын хашаа засах ажил дээр ажиллаж байгаад 2022 оны 09 дүгээр сарын дундуур малын суурийн ахлагчийн ажилдаа буцаж орсон нь 2022 оны 07 дугаар сард тус заставын малын суурьт хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нарыг тус тус цохиж зодсон үйл баримт нь амь хохирогч Б.С-г 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр амиа хорлоход гарцаагүй хүргэсэн нөхцөл байдалд шууд шалтгаант холбоотой.

Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас зөрүүтэй байдлаар дүгнэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч М.М-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь анхан шатны шүүхээс зөрүүтэй байдлаар хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.М-ыг хилийн цэргийн ангийн малын суурийн хэсэгт ахлагчаар ажиллаж байхдаа 2022 оны 07 дугаар сард хохирогч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нарыг нийт 6-7 удаа нүүр, хамар тус газарт нь цохих, алгадах, өшиглөх, эд зүйлээр шавхуурдаж ороолгох зэргээр зодсон нь тогтоогдсон гэж хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.М-т холбогдох цэргийн алба хаагч Б.С-г 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр амиа хорлох нөхцөл байдалд гарцаагүй хүргэсэн хэргийг бүрэн тогтоогдоогүй гэж дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан баримтуудыг няцаан үгүйсгэж буй үндэслэлээ тодорхой дурдаагүй буюу “гэмт хэрэг гарсан өдөр болон тухайн өдрөөс өмнө амь хохирогчийн сэтгэл санаа тогтвортой, хэвийн байсан” гэсэн 2 гэрчийн мэдүүлэгт үндэслэсэн нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн хохирогч, бусад гэрч нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэж чадаагүй байна. Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинжийг “байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн” гэж заасан бөгөөд нэг бус удаагийн хууль бус ажиллагаа нь хохирогчийн хууль ёсны эрх ашиг, сонирхолд бодитой хохирол учруулах шинж чанарыг агуулсан, хохирогч тухайн үйлдлийг ойлгож ухамсарласан байх нь энэ гэмт хэргийн үндсэн шинжид хамаарах талаар хууль хэрэглээний жишиг тогтоосон дүгнэлт байна. Тэгвэл шүүгдэгчийн амь хохирогчийг зодсон үйлдэл нь 3-аас дээш удаа буюу тодорхой давтамжтай болсон нь “байнга зодсон” шинжийг хангаж байхад давж заалдах шатны шүүх “эрүүл мэндэд нь ямар нэг гэмтэл учирсан, сэтгэл санааны хямралд орсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн өдөр амь хохирогчийг доромжилсон, айлган сүрдүүлсэн, зодсон үйл баримт тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Шүүгдэгчийн зүгээс байнгын шинжтэй нэг бус удаагийн айлган сүрдүүлсэн, зодсон үйлдэл нь хохирогчийн хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болох талаар хохирогч ухамсарласан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 180 дахь талд байх гэрч Б.Ж-ын “амь хохирогч С нь албаны мал алга болох үрэгдэх бол бид нар төлбөрийг хариуцна гэж 2 удаа надад хэлж байсан” гэсэн мэдүүлэг болон 4 дүгээр хавтаст хэргийн 119-121 дэх талд авагдсан “талийгаач үхэрт явахаасаа өмнө өөрийнх нь хариуцаж байсан үхрээс 1 тооны үхрийг чоно барьсныг мэдсэн байх, чононд үхэр хазуулсан гэдгийг М мэдчихээд С-г үхэрт явуулсан” гэсэн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 124 дэх талд байх гэрч Д.З-ийн “Ж-ыг явуулж нэг их удалгүй байлдагч Б.С ирсэн ба ахлагч М.М  түүнээс “Манай үхэр бүрэн байгаа юу? Нэг үхэр чононд хазуулсан байна” гэж асуухад Б.С “Манай үхэр бүрэн байгаа” гэж хэлээд үхэр авч ирэхээр явсан” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас зөрүүтэй байдлаар дүгнэсэн, шүүгдэгч нь амь хохирогчийг албан тушаалын байдлаар эрхшээлдээ байгаа гэдгийг мэдсээр байж байнга зодсон, айлган сүрдүүлсэн үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас эхэлж оролцож байна. Ингэхдээ цагаатгах талын байр суурийг баримталж оролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасныг үндэслэж прокурор эсэргүүцэл бичсэн ба хэргийн үйл баримтыг дурджээ.  Өмгөөлөгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд оролцсон байр суурь хэвээр байгаа. Давж заалдах шатны шүүх М.М-ын талаар өгсөн үнэлэлт дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Учир нь 7 дугаар сард болсон асуудал болон 9 дүгээр сард болсон асуудлын хооронд ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй. Тухайн үхэр алга болсон гэх өдөр амь хохирогч “мэдсэн, мэдээгүй” гэдэг асуудал яригддаг. Гэтэл амь хохирогчийн хувьд 7 дугаар сард зодуулж байсан үйл явдалтай холбоотойгоор сэтгэл санааны хүнд байдалд орж амиа хорлох нөхцөл байдал үүсээд байгаа юм уу, эсхүл тухайн үед малын суурийн хэсэгт хариуцаж байсан үхрийг алга болсон буюу нийт үхрээ алга болгосон асуудлаас болж, мөн анхан шатны шүүхийн шатанд дурдагдсан эцгийн захиснаас болж 3 нугалуулж төлүүлэх вий гэсэн тухайн офицеруудын үг үйлдэл зэргээс хамаарч сэтгэл зүйн байдал нь хямралтай байсан талаар маш тодорхой байсныг прокурорын зүгээс хяналтын шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбарлаж байгаатай санал нэг байна. Анхан шатны шүүх М.М-ыг гэм буруутайд тооцохдоо өмгөөлөгчийн гаргасан цагаатгах талын нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй, шийтгэх тогтоол гаргахдаа яллах дүгнэлтийг тэр чигт нь хуулж бичээд дүгнэлтээ өгсөн. Энэ нь анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нөхцөл үүсээгүй гэдэг талаар давж заалдах шатны шүүхэд илэрхийлсэн. Ийм учраас өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон цагаатгах талын баримтуудыг дурдаж гомдлоо тайлбарласан. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор М.М-ын үйлдлээс шалтгаалсан нөхцөл байгаа эсэхийг давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий цагаатгах талын нотлох баримтад суурилсан, сэтгэл зүйн байдал нь тухайн үед алба хааж байхдаа хэвийн байсан гэсэн олон гэрчүүдийн мэдүүлгүүдэд үндэслэж үнэлэлт дүгнэлт өгсөн нь хууль зүйн үндэстэй болсон. Иймээс прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн илтгэгч шүүгчийн танилцуулсантай холбоотойгоор тайлбар байна. Тухайн мэдүүлэгт албан тушаалтнууд нөлөөлсөн үү гэдэг асуудал дурдагдсан. Амь хохирогчийн эгч Эрдэнэтуяа нөлөөлсөн байж болзошгүй асуудал гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдсон. М.М нь тухайн үед уулзаад бичиг гаргуулж авсан асуудал байгаа болохоос биш түүний зүгээс нөлөөлсөн зүйлгүй. Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь, “Өчигдөр та нар эгчтэй нь уулзсан юм байна, ингэж ярьсан юм байна” гэж мөрдөгчийн асуулт эхэлдэг учраас нөлөөлсөн гэж үзэхгүй. Иймд энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн М.М-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Шүүгдэгч М.М нь Хилийн цэргийн ...... дугаар ангийн ..... дугаар салбарт малын суурийн ахлагчаар ажиллаж байхдаа 2022 оны 07 дугаар сард  алба хааж байсан цэргүүдийг “мал хорогдуулсан” болон бусад шалтгаанаар удаа дараа зодож, айлган сүрдүүлж цэргийн дүрмийн бус харьцсаны улмаас 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үхэр сүргээс нэг тооны бяруу чононд хазуулсан сургаар байлдагч Б.С үхэрт явна гэж гараад ..... аймгийн ...... сумын ...... дүгээр багийн нутаг, “Б” гэх газар амиа хорлосон,

мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарыг мэдүүлгээ өөрчлөх, худал мэдүүлэг өгөхийг ятгах, хүсэлт бичүүлж авах зэргээр гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн гэх Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогджээ.

3.Давж заалдах шатны шүүх хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн дүгнээгүй, Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан гэмт хэргийн шинжид хангалттай хууль зүйн тайлбар, дүгнэлт хийж чадаагүй, энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

4.Магадлалаас үзэхэд “... 2022 оны 07 дугаар сард тус заставын малын суурийн хэсэгт хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нарыг дээр дурдсан (магадлалын 3.1) шалтгаар тус тус цохиж зодсон ... нь амь хохирогч Б.С 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр амиа хорлоход гарцаагүй хүргэсэн нөхцөл болсон гэж дүгнэх үндэслэлгүй...” хэмээн дүгнэхдээ гэрч С.А, Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нарын “... Б.С-ийн сэтгэл санааны байдал хэвийн байсан ...” гэх агуулга бүхий мэдүүлгүүдийг үндэслэл болгожээ.

Гэтэл өмнө нь хүч хэрэглэж, айлган сүрдүүлсэн шалтаг, шалтгаан, болзол, шаардлага, үүний улмаас хохирогчийн сэтгэл зүйд үзүүлсэн нөлөөлөл, амиа хорлосон өдөр болсон үйл явдал зэрэг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой нөхцөл байдлуудыг хэрхэн үзэж байгаа нь тодорхойгүй, эрүүгийн эрх зүй дэх бодит хохирол шаардсан гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах шалтгаант холбооны онолыг тухайн хэргийн онцлогтой уялдуулан тодорхой тайлбар хийлгүй орхигдуулсны улмаас давж заалдах шатны шүүхийн магадлалд хийсэн дүгнэлт хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, нэг нотлох баримтыг нөгөөгөөс ач холбогдолтойд тооцох, доод шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулахыг урьдчилан заах эрхгүй тул дээрх асуудлыг нөхөн дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх хуулийн шаардлагатай бөгөөд энэ шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу ноцтой зөрчилд тооцогдож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдог.

Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч М.М-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тогтов.

Магадлалыг хүчингүй болгосон тул шүүгдэгч М.М-т анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгч М.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                                   Б.АМАРБАЯСГАЛАН

Б.БАТЦЭРЭН

Ц.ОЧ

М.ПҮРЭВСҮРЭН