| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0889/Э |
| Дугаар | 906 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 906
2019 11 25 2019/ШЦТ/906
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч: Г.Ууганбаатар,
Шүүгдэгч: Г.А, Ц.Б, тэдгээрийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогтой Г А Монгол овогтой Ц Б нарт холбогдох эрүүгийн “1911025581123” дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ШУТИС-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ангийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, ээж, эгч, дүүгийн хамт Хөвсгөл аймаг Мөрөн 7 дугаар баг 17-23 тоотод оршин суудаг боловч одоогоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Спортын төв ордны ард байрлах спорт цогцолборын 2 давхарт 03 тоотод түр оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, Галбаа данжин овогт Г А/РД:/,
2. Монгол улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Сам Юүк” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Хөвсгөл аймаг Мөрөн 9 дүгээр баг 9-8 тоотод оршин суудаг боловч одоогоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Спортын төв ордны ард байрлах спорт цогцолборын 2 давхарт 03 тоотод түр оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, Монгол овогт Ц Б/РД:РЖ/,
Шүүгдэгч Г.А, Ц.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б, Г.А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Билэгбаатарыг зодолдож байгаа хүмүүсийг салгах гэж байхад нь Ц.Б нь гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа, Г.А нь гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж Б.Билэгбаатарын биед “тархи доргилт, баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны баруун хажуу хана, гайморовын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...09 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед болсон. Хэсэг залуучуудад зодуулаад байж байгаад босож ирсэн чинь нэг нь манай найзыг барьж байсан. Тэгээд би тэр ахыг цохисон...” гэв
Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн урдуур гараад явж байтал урдаас гэнэт бүлэг хүүхдүүд гарч ирээд найз Балжинням бид хоёрыг бүлэглэн зодсон. Тэгээд тэд явсны дараа нэг ах гарч ирээд намайг цохисон. Тэгээд манай найз тэр ахыг нэг удаа цохисон. Тэгээд цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан...” гэх /хх-ийн 14х/,
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...09 дүгээр сарын 23-ны орой бид гэртээ харих гэж байгаад нэг хүн салгах гэж байхад бид андуураад зодох гэж байна гэж бодоод андуураад цохисон. Миний хийсэн хэргийг хөнгөн шийдэж өгнө үү...” гэв
Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ харих гээд явж байхад баахан банди нар учир зүггүй бид хоёрыг зодоод байсан. Тэгээд нэг эгч та нар болиоч гэж орилоод байсан. би хажуу талаас нь нэг удаа баруун гараараа нүүрэн тус газар нь цохисон гэтэл нөгөө залуу хүн та хоёрыг өмөөрч байхад чи намайг цохилоо гээд цагдаа дуудсан тэгээд цагдаа ирээд бид хоёрыг эрүүлжүүлсэн...” гэх /хх-ийн 14х/,
Хохирогч Б.Билэгбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 09 дүгээр сарын 23-ны орой 22:00 цаг өнгөрч байхад гэр бүлийн хамт хоол идчихээд гэрлүүгээ алхаж явахад манай хорооны хэсгийн хажуугийн савлуурны орчимд хэсэг залуучууд гэнэт хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь 102-руу залгаад дуудлага өгөх гэж байхдаа тэнд уначихсан байсан залууг хамгаалаад тэнд байсан залуучуудыг холдуулах үед газар хэвтэж байсан өндөр залуу босч ирээд миний баруун талруу хамар оролцуулаад нэг удаа цохисон тэгэхээр нь тухайн залууд “буруу хүнээ цохиод байна” гэж хэлэхэд нөгөө залуу уучлал гуйгаад зогсож байхад түүнтэй хамт явсан жижиг биетэй залуу миний нөгөө өндөр залууд цохиулсан газар нэг удаа гараараа цохиод авахаар нь нөгөө жижиг залууг цааш түлхээд гарыг нь барих гэж оролдох үед өөдөөс дайраад дахиад нөгөө газраа гурав дахь удаагаа
цохиулсан. Тэгсэн л миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Энэ үед өндөр
нь надад арай илүү хохирол учруулж магадгүй гэсэн үүднээс өндөр биетэй залууг
нь барьж аваад хашлаганд шахаж аюулгүй болгох үед цагдаа нар ирээд нөгөө
хоёр залууг аваад явсан өөр болсон зүйлгүй. Балжинням нь нэг удаа Аминдаваа
нь хоёр удаа нийлээд гурван удаа миний хамар руу гараараа цохиж дээрх
гэмтлийг үүсгэсэн. Гомдолтой байна. Эрүүл болмоор байна. “...Аминдаваа нь хамар болон зүүн шанаа орчим нэг удаа цохьсон, харин Балжинням нь миний хамар хэсэгт 2 удаа цохьсон. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардал болох 6,805,000 төгрөгийг бүрэн барагдуулсан ” гэх /хх-н 38-39х, 41х/,
Гэрч Б.Нандин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн орчим гэр бүлийнхэнтэйгээ хоол идчихээд харих гээд явж байхад 5 дугаар хорооны хэсгийн цагдаагийн байрны хажууд хэсэг залуучууд нөхөр бид хоёрын нүдэн дээр гэнэт зодолдоод эхэлсэн нэг өндөр залууг газар унагаачихсан зодож байхаар нь манай нөхөр зодож байсан хүнийг татаад холдуултал, нөгөө газар хэвтэж байсан өндөр залуу босч ирэнгүүтээ манай нөхрийн нүүрэн хэсэгт 1 удаа цохисон. Тэгсэн тухайн өндөр залуутай хамт явсан жижиг залуу нь манай нөхөр дээр хүрч ирээд нүүрэн хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон тэгсэн манай хүүхдүүд уйлаад цагдаа дуудаарай гээд орилоход хэсгийн байрнаас цагдаа гарч ирээд нөгөө хоёр залуу болон манай нөхрийг аваад орсон өөр болсон зүйлгүй” гэх /хх-47/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №11575 дугаар дүгнэлт:
Б.Билэгбаатарын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны баруун хажуу хана, гайморовын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх /хх-49/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-32х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.
Иймд Ц.Быг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Атай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Билэгбаатарыг зодолдож байгаа хүмүүсийг салгах гэж байхад нь гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж Б.Билэгбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдлийг,
Шүүгдэгч Г.Аг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Бтай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Билэгбаатарыг зодолдож байгаа хүмүүсийг салгах гэж байхад нь гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж Б.Билэгбаатарын биед эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж мөн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Билэгбаатар “ нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй” шүүгдэгч Г.А, Ц.Б нар баримтаар нэхэмжилсэн төлбөрийг төлсөн боловч энэ хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх тул хохирогч Б.Билэгбаатарыг цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Галбаа данжин овогт Гомбодоржийн Аминдаваа, Монгол овогт Цэрэндоржийн Балжинням нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.А, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож шүүгдэгч нарт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Хохирогч Б.Билэгбаатар нь цаашид эмчлүүлэхэд гарсан зардалаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД