Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 172

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тух

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг, Гоёот 15-3 тоотод оршин суух Ногоонууд овогт Тогоогийн Гансүх /РД:КЙ87062873/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2 дугаар баг, Гавилуудад оршин суух Цахар овогт Амьтангийн Улам-Ундрах /КЗ59121419/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Т.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2015 оны 06 сард
Ханбогд сумаас 25 километрт Ханангийн хөндийд 4х6 харьцаатай сэндвичэн барилгын дөрвөн тал хүрээг босгосон. Энэ хугацаанд хариуцагчийн буруугаас болж материал дутуу шалтгаанаар 5 удаа би өөрийн зардлаар ирж очсон билээ. Иймээс миний ажлын хөлс болон шатахууны зардал 400,000 төгрөгийг олгож өгнө үү” гэжээ.”  гэжээ.

            Хариуцагч А.Улам-Ундрах шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:   “...Т.Гансүхийн гаргасан нэхэмжлэлийн хүлээн авч доорх тайлбарыг гаргаж байна. Өмчийн эзэн “Их ногоон гурвалжин” хоршоо тул нэхэмжлэлээ тус хоршооны нэр дээр гаргана уу, үүний тань дагуу манай хоршоо төлөөлөгчөө томилж оролцуулах болно. Манай хоршооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийн дагуу эвлэрч эс чадваас иргэн А.Улам-Ундрах би шатаасан багажнуудын үнэ болох 285,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж болно. Иргэн Т.Гансүх нь нэхэмжлэл гаргах сувъект мөн үү. Анх хэлцэл хийж эрх зүйн харилцаанд орсон хүн бол Ууганаа гэдэг залуу байгаа. Ажлын хөлсөнд хэдэн төгрөг гарсныг Т.Гансүх авчихаад дараа нь Ууганаа ажлын хөлс нэхэмжилбэл бид яах билээ. Энэ тал дээр хуулийн тайлбар хийж өгнө үү. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтын дагуу эвлэрвэл, улсын тэмдэгтийн хураамж болон ажлын хөлс 105,250 төгрөгийг манай хоршоо бэлнээр олгох болно. Манай хоршоо энэ хоёр залуутай эрх зүйн харилцаанд орсон, үйл явдал хэрхэн өрнөснийг хоршооны тэргүүлэгчдийн хурлын протоколоос харна уу.” гэжээ.

            Нэхэмжлэгч Т.Гансүх шүүхэд ирүүлсэн тайлартаа: “...Т.Гансүх би А.Улам-Ундрахад холбогдуулан 400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 105,250 төгрөгт тогтож байна. Нэхэмжлэлийн шаардлагын 294,750 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч А.Улам-Ундрах нь 105,250 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Зохигч талуудаас шүүхэд ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-нд:

            “...Нэхэмжлэгч Ногоонууд овогт Тогоогийн Гансүх /РД:КЙ87062873/, хариуцагч Цахар овогт Амьтангийн Улам-Ундрах /РД:КЗ59121419/ нар 2015 оны 06 дугаар сарын 10-ний өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд А.Улам-Ундрах нь Т.Гансүхээр “Их ногоон гурвалжин” хоршооны жижиг сэндвичин барилгын хүрээг босгуулсан. Барилгын ажлын хөлс болох 105,250 төгрөгийг төлөөгүй болно. Тус төлбөр болох 105,250 төгрөгийн хохирлыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Гансүх нь хариуцагч А.Улам-Ундрах холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 400,000 төгрөг шүүхэд гаргажээ. 

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч Т.Гансүх нэхэмжлэлийн шаардлагын 294,750 төгрөгөөс татгалзаж, зохигч талууд 105,250 төгрөг дээр эвлэрч хариуцагч А.Улам-Ундрах нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Т.Гансүхийн нэхэмжлэлтэй, А.Улам-Ундрахад холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 400,000 төгрөг гаргуулах иргэний хэргийн нэхэмжлэгч Т.Гансүх нэхэмжлэлийн шаардлагын 294,750 төгрөгөөс татгалзаж, хариуцагч А.Улам-Ундрах нь 105,250 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлж барагдуулах нөхцөлтэй эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,650 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн банкны 211000134959 тоот данснаас 6,325 төгрөгийг, мөн хариуцагч А.Улам-Ундрахаас 6,325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Гансүхэд, олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО