| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0129/э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2019-12-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Н.Мөнхбат
Шүүгдэгч З.Б
Хохирогч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Бт холбогдох 1916002710142 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын зүтгүүрийн инженер мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт ... тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ... регистрийн дугаартай, З овогт З-н Б гэв.
Шүүгдэгч З.Б нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух О.Нгийн гэрээс 3 ширхэг мөнгөн аяга нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч З.Б нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... тоотод оршин суух О.Нгийн гэрээс хохирогч О.Нг хот явсан хойгуур 3 ширхэг мөнгөн аягыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 400.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч З.Б гэм буруутай болох нь:
Шүүгдэгч З.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Н эгч намайг хот руу дуудаж байсан. Хот явах явахгүй нь шийдэгдээгүй байсан. Хот явахаар бол эд зүйлээ далд хийгээрэй, ээж ганцаараа үлдэнэ, чи өөрөө мэд гэсэн. Би lend.mn апликешнээс хэдэн төгрөг зээлж авах гээд өмнөх зээлийн үлдэгдлээ төлөөд нэмж авах шаардлагатай болсон. Нараа эгч рүү залгасан утас нь болоогүй. Өглөө нь эгчээс хэдэн төгрөг хэрэгтэй байна гэхэд битгий дэмий юм яриад бай гараад алга болчихно, ээж ганцаараа байгаа гээд надад хэлж байсан. Би санаа нь зовчих байх гээд тухайн үедээ мөнгөн аяга авахдаа хэлээгүй нь миний буруу болсон. Нөгөөдөр нь мөнгөө зээлээд тухайн үед цагдаа дуудсан гэдгийг мэдсэн. Ломбардад тавьсан. Хохирогчийг ирэхээр энэ асуудлыг шийднэ гэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ цагаас хойш би дахиж хэзээ ч хөнгөн, гэнэн, хувийн ашиг сонирхол харсан хууль бус зүйл хийхгүй гэж амлаж байна. Ажиллаж байх хугацаандаа банкнаас зээл авсан. Сүүлийн 3, 4 сар ажил хийгээгүй. Ажил хийх нөхцөл боломжоор хангаж өгнө үү? нийтэд тустай ажил хийлгэх ялыг тэнсэн харгалзах ял болгож өгнө үү?...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч О.Нгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Надад ямар нэгэн асуудал байхгүй. Хурдан хэргийг шийдэж өгөхгүй бол 8 сараас хойш ажлаа хийгээгүй. Аль болохоор болох талаас нь шийдэж өгөхийг хүсэж байна... Авдар дотор аягаа хийгээрэй. Наадах чинь явах сурагтай байна. Явбал та ганцаараа үлдэнэ. Гэрээ эзгүйд сайн харж байгаа гэхэд мөнгөн аяга чинь байхгүй байна гэсэн. Яагаад байдаггүй юм та авдар дотроо сайн хар гэхэд байхгүй байна гэхээр нь тэгвэл цагдаа дуудаж өг гээд цагдаа дуудсан. Надад мөнгөн аяга авна гэж хэлээгүй…” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ч.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Өлзий нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2019 оны 08 дугаар сарын 12-нд манай нөхөр Д.Ч ажиллаж байхад Зоригтбаатарын Б РД:... дугаартай ... дугаартай хүн үйлдвэрийн сэвтэй 3 ширхэг мөнгөн аягыг 150.000 төгрөгний барьцаанд тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх23-рт/,
Гэрч А.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр авдар дотор байсан 3 ширхэг мөнгөн аяга байхгүй, авдар цоожгүй байсан. Хулгайд алдсан гэж бодсон. Гэтэл З.Б авсаныг дараа мэдсэн. Тухайн үед Бтай холбогдож чадаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх25-рт/,
Гэрч Ч.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 13 цагаас 15 цаг 30 минутын хооронд манай аав Ч барьцаанд нийт 3 ширхэг мөнгөн аягыг 150.000 төгрөгний барьцаанд үлдээсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх29-рт/ болон эд зүйлийн үнэлгээний дүгнэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч О.Н нь “…мөнгөн аягаа буцааж авна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж шүүх хуралдаанд мэдүүлж байх тул шүүгдэгч З.Быг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч З.Бт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч З.Быг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч З овгийн З-н Быг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Быг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өдөрт дөрвөн цагаас хэтрүүлэхгүйгээр эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Бт танилцуулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг мөнгөн аягыг хохирогч О.Нд олгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА