| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 144/2016/00160/И |
| Дугаар | 173 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 1 дүгээр баг, Их-Ус 1а-31 тоотод оршин суух, Боржгон овогт Эрдэнэбилэгийн Бадамсүрэн /РД:КН91050801/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 1 дүгээр баг Сийрстэд оршин суух, Тайж нар овогт Болдын Өнөржаргал /РД:КН85072777/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 2,188,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Бадамсүрэн, хариуцагч Б.Өнөржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Бадамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.Бадамсүрэн миний бие нь багын таньдаг байсан Б.Өнөржаргалтай 2008 онд гэр бүл болж 2009 оны 05 сарын 25-нд гэрлэлтийн 0147172 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 08 дугаар сарын 08-нд том хүү Азбилэг төрж, 2010 онд бага хүү Азбаяр нар төрсөн. Хамтран амьдрах хугацаандаа удаа дараа архи ууж миний биед хүнд гэмтэл учруулахаас гадна сэтгэл санааны хямралд оруулж байсан. Иймээс хоёр хүүгээ өөрийн асрамждаа авах хүсэлтэй байна. Бид 2013 оноос 2016 оны хооронд тус тусдаа амьдарч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Азбилэг, Азбаяр нарыг минь миний асрамжинд үлдээж өгнө үү. Болдын Өнөржаргалын зээл болох 2,068,600 төгрөг, мөн шатахууны төлбөр 119,700 төгрөг нийт 2,188,300 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Б.Өнөржаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ”...Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн иргэн Б.Өнөржаргал би Э.Бадамсүрэнтэй 2008 онд гэр бүл болж, 2009 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 2008 онд том хүү Ө.Азбилэг, 2010 онд бага хүү Ө.Азбаяр нар төрсөн. Бид хоёр 2013 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Нэхэмжлэгч Э.Бадамсүрэн нь зээлийн мөнгө 2,068,600 төгрөг, мөн шатахууны зардал 119,700 төгрөгийг нэхэмжилсэн байна. Би өөрийн биеэр Хасбанк”-нд 4.900.000 төгрөгийн зээлийг 2013 оны 07 дугаар сард авч 2016 оны 07 дугаар сард сар бүр зээлийн хүүг эргүүлэн төлж дуусгасан. Иймд Э.Бадамсүрэнгийн нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй гэжээ.
Нэхэмжлэгч Э.Бадамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 онд Болдын Өнөржаргалтай танилцаж гэр бүл болсон. Хамт амьдарч байх хугацаанд байнга архи ууж агсан тавьж өөрийгөө болон өрөөлийг гэмтээж байсан. 2014 оны 3 сараас эхлэн тусдаа амьдрах болсон. Миний зүгээс 2 хүүхэд нь уулзуулхаар очиход хүйтэн өвөл ах дүү нартай нь танилцуулна гэж Өвөрхангай руу авч явж гэмтээсэн байсан учир 2 хүүхдээ өөрийн асрамжид авч гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгож, мөн шатахууны зардал, зээлийн төлсөн төлбөрийн нөхөн гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Б.Өнөржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банкны зээлийн төлбөр болон шатахууны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Бадамсүрэн нь хариуцагч Б.Өнөржаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 2.118.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид болох Э.Бадамсүрэн, Б.Өнөржаргал нар нь 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсон нь гэрлэлтийн гэрчилгээгээр /хх-ийн 06 дугаар тал/, гэрлэгчдийн дундаас 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүү Ө.Азбилэг төрсөн болох нь 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №00000596860 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11 дүгээр тал/, 2010 оны 02 дугаар сарын 06-нд хүү Ө.Азбаяр төрсөн болох нь 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №0315147 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10 дугаар тал/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Э.Бадамсүрэн, Б.Өнөржаргал нар зан харьцааны таарамжгүй байдлын улмаас таарч тохирохгүй болж, 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлалд гаргасан хүсэлтийг шүүхээс хүлээн авч ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-ийн 32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогджээ.
Хариуцагч Б.Өнөржаргал нь хариу тайлбартаа тусдаа амьдрах болсноос хойш хоёр хүү маань эх Э.Бадамсүрэнгийн асрамжид амьдарч байгаа, хүүхдийн асрамжийн хувьд маргахгүй, гэрлэлт цуцалж өгнө үү гэсэн тайлбар ирүүлсэн нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нотлох баримтад дүгнэлт хийж үзэхэд гэрлэгчид гэр бүлийн маргаан, таарамжгүй харилцааны улмаас одоо тусдаа амьдарч байгаа, хүүхдийн асрамжийн хувьд маргахгүй гэсэн тайлбар зэргийг үндэслэн шүүхийн шатанд гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26 дугаар зүйлийн 26.2 болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ”..эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй”, хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Э.Бадамсүрэн, Б.Өнөржаргал нар нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоон эцгээр нь тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2008 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Ө.Азбилэг, 2010 оны 02 дугаар сарын 06-ны төрсөн хүү Ө.Азбаяр нарыг эх Э.Бадамсүрэнгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт тус тус зааснаар тэднийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Б.Өнөржаргалаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Б.Өнөржаргалаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /163,00х12=1,956,000 төгрөгт ногдох/ улсын тэмдэгтийн хураамжид 46,246 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулбал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Өнөржаргалаас 70.200 төгрөгийг гаргуулан Э.Бадамсүрэнд олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Э.Бадамсүрэн хариуцагч Б.Өнөржаргалын цалингийн зээл болох 2,068,600 төгрөг, шатахууны зардал 119,700 төгрөг нийт 2,188,300 төгрөг нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгчийн шатахууны зардал 119,700 төгрөг нэхэмжилсэн боловч үүнтэй холбоотой зардлын баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн боловч уг шатахууны зардлаар шүүхэд ирж очсон гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нотлож чадаагүй байна. Иймд шүүхэд ирж очсон замын зардал 119,700 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Өнөржаргалын цалингийн зээл, барьцааны гэрээний 4,900,000 төгрөгний үлдэгдэлээс 2,068,600 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэгч мэтгэлцэж байх боловч хэрэгт хавсаргасан баримтаар /хавтаст хэргийн 20-21, 23-30 дугаар хуудас/ 1.647.100 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэгч Э.Бадамсүрэн төлсөн байна. Иймд Э.Бадамсүрэнгийн нэхэмжилсэн 2.068.600 төгрөгөөс 1.647.100 төгрөгийг Б.Өнөржаргалаас гаргуулж, үлдэх 421.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Бадамсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123.220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Өнөржаргалаас 111.503 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Бадамсүрэнд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Боржгон овогт Эрдэнэбилэгийн Бадамсүрэн, Тайж нар овогт Болдын Өнөржаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Ө.Азбилэг, 2010 оны 02 дугаар сарын 06-ны төрсөн хүү Ө.Азбаяр нарыг эх Э.Бадамсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Ө.Азбилэг, 2010 оны 02 дугаар сарын 06-ны төрсөн хүү Ө.Азбаяр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Б.Өнөржаргалаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар Б.Өнөржаргалаас 1.647.100 төгрөг гаргуулан, Э.Бадамсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 541.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123.220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Өнөржаргалаас 111.503 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Бадамсүрэнд олгож,
мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /163,00х12=1,956,000 төгрөгт ногдох/ улсын тэмдэгтийн хураамжид 46,246 төгрөгийг хариуцагч Б.Өнөржаргалаас гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Өнөржаргал нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Э.Бадамсүрэн нь Б.Өнөржаргалыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО