| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0126/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2019-12-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 126
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Хохирогч М.Б
Шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Дт холбогдох 1916001600130 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ... өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Бид анд нар” компанид жолооч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэх, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгүүлж байсан, ... регистрийн дугаартай, И овогт Э-н Д гэв.
Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 2-22 тоот Ц-н гэрт Ц, У, А, М, М.Б нарын хамт архи сонтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад М.Бн эзэмшлийн самсунг галакси маркын А/6 гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 797.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
2.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Э.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 2-22 тоот Ц-н гэрт Ц, У, А, М, М.Б нарын хамт архи сонтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад М.Бн эзэмшлийн самсунг галакси маркын А/6 гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч түүнд 797.050 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.Д гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Э.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...04 дүгээр сарын 16-нд би хотоос ирээд манай дүү баар ажиллуулдаг хүрээд ир гэхээр нь очиход энэ хүмүүс уугаад сууж байсан. Би хамт суусан. Харзатын ... тоотод очиж бид нар нэг шил архи уусан. Миний утасны цэнэг дууссан болохоор Бн утсаар мессеж бичиж байгаад Б унтлаа гээд унтсан. Би архиндаа согтоод утсыг авч явж байгаагаа анзаараагүй. Замдаа явж байгаад унаж куртикээ урчихсан юм. Маргааш нь би 11 цагийн автобусаар явах байсан болохоор куртикээ торонд хийгээд авч явсан. Замд Б над руу залгаж утас байна уу, гэхэд би куртиктээ үзээгүй болохоор байхгүй гэсэн. Куртикээ оёулах гээд гаргаж ирэхэд халаасанд нь байсан. Нэгэнт байхгүй гэж хэлсэн гээд ломбардад 350.000 төгрөгөөр тавьсан. Ломбардны эзэн Бат 390.000 төгрөгний хохирол төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Б, миний буруу намайг уучлаарай. Тухайн үед архи хэтрүүлж ийм зүйл хийсэндээ гэмшиж байна. 15 хоногийн өмнө манай найз охин хотод төрсөн. Хүүхэдтэй болсон. Одоо болтол энэ хэргээс болоод хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй. Миний хэргийн үнэн байдлаар шийдэж өгнө үү? Миний буруу...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч М.Бгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2019 оны 04 дүгээр сарын 16-нд би найзуудтайгаа эргэн дурсахуйд сууж байтал Д ах ирсэн. Бид нар хамт сууж байгаад Цогтбаатарынд очоод бид 3 нэг шил архи уугаад би унтсан. Өглөө босоход миний утас байхгүй байсан. Мобикомоос сериалыг аваад цагдаа дээр очсон. Д ахын утас руу нь залгаад утсаа аваагүй нэг залгахад би хот руу гарах гэж байна. Би чиний утсыг аваагүй. Найзуудаасаа асуу гэсэн... Утсаа буцааж авсан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.У-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Б сэрээд утсаа хайсан. Д утсаа авахгүй байж байгаад 11 цаг өнгөрч байхад утсаа аваад хот явж байна. Хамгийн сүүлд би чамд утсыг нь өгсөн ш дээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх14-рт/,
Гэрч Х.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2019 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө Б ах надруу залгаад миний утас алга болсон байна гэж хэлсэн. Самсунг А/6 маркийн гар утастай байсан. Тухайн гар утсыг мобикомоос худалдаж аваад удаагүй, зээлээр авсан талаар надад хэлж байсан. Тооний буюу Д ах тухайн үед Б ахын гар утсаар мессеж бичээдхье гэж хэлээд авч байсан. Д ах явахдаа аваад явсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /хх34-рт/,
3.
Гэрч Д.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод намайг байхад манай найз Д таараад бид 2 хамт явж байгаад Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансар хорооллын нэг ломбардад хамт орсон. Тэгээд манай найз Д гар утас гаргаж ирээд тухайн ломбардад шалгуулж үзүүлээд барьцаанд үлдээхээр болоод иргэний үнэмлэх нь байхгүй байсан бөгөөд миний иргэний үнэмлэхээр үлдээсэн...” гэсэн мэдүүлэг /хх37-рт/,
Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Говь-Алтай аймгийн Цагдаагаас Ц руу ярьсан байсан. Тухайн цагдаа нар хулгайнх гэхээр нь ломбарднаас би өөр дээрээ авч ломбардны найз Баээс ямар хүн утсыг тавьсан талаар асуухад Д овогтой А гэх ... регистрийн дугаартай, ... гэх дугаар тэмдэглүүлсэн ломбардны баримтын зураг надад үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх42-рт/,
Гэрч Ч.Ц-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2019 оны 06 дугаар сарын 22-ний өдрөөс өмнө самсунг галакси А/6 маркийн гар утас найз болох Б-с 400.000 төгрөгөөр худалдаж авсан... Тухайн үед би имэй кодыг нь Д гэдэг байцаагч руу мессежээр явуултал хулгайд алдагдсан гар утас байна. Та зарж болон бусдад шилжүүлж болохгүй шүү гэсэн. Тэгэхээр нь хулгайн утас байна өөрсдөө учраа олог гэж бодоод найз Б-т тухайн гар утсыг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан чигт нь эргүүлэн 2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх44-рт/ болон эд зүйлийн үнэлгээний дүгнэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Э.Дийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний нэхэмжлэгч Н.Б нь 390.000 төгрөгний хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Э.Д 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 350.000 төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 40.000 төгрөгийг тус тус иргэний нэхэмжлэгч Н.Бийн данс руу шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн, хохирогч М.Б утсаа буцааж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлж байх тул шүүгдэгч Э.Дийг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон ам бүл хоёулаа, ээжийн хамт амьдардаг. Хот хоорондын тээвэрт “Бид Анд” компанид туслах жолоочоор ажилладаг. Одоогийн байдлаар эхнэр нь төрсөн. Энэ жил хурим найраа хийх гэж байгаа. Аав болсон боловч хүүхэд дээрээ очиж чадаагүй хувийн байдлыг харгалзан тухайн хэрэг нь сонгох санкцтай учраас энэ хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү?...” гэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасныг хангах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ дурьдсан үндэслэлийн талаарх хувийн байдлыг тогтоосон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн шүүгдэгч Э.Д нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан талаарх нотлох баримтыг үнэлэхэд урьд нь шүүхээс 2 удаагийн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулж тэнссэн байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд шүүх Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх тул шүүхээс шүүгдэгч Э.Дт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Дийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч Э.Д нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Д нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ... овгийн Э-н Дийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дийг 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дт оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өдөрт дөрвөн цагаас хэтрүүлэхгүйгээр эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Дт танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч Э.Д нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА