| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0351/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/358 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/358
2019 12 03 2019/ШЦТ/358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,
Шүүгдэгч Ч.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б Ч Ц-д холбогдох эрүүгийн 1934009870463 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б Ч Ц, 1984 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сум Нацагдоржийн 5 дугаар багийн 4-7 тоотод оршин суух, хувиараа мал аж ахуй эрхлэх, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 84111110 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ч.Ц-н өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчимд Сэргэлэн, Улаанаа, Тайван, Цэнгэл бид нар “EDEN” нэртэй архи, хэдэн пиво аваад ууж суусан. Тэгээд гарч ирээд тооцоо хийгээд гарахдаа 1 хроп 0,5 литрийн Нийслэл нэртэй пиво авсан байсан. Тэгээд 16 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас Оюун Улаанаа, Жагардулам нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын төв орохоор явсан. Бид нар Төв аймгийн Зуунмод суманд ирээд “Алтан ураг” зоогийн газарт хоол идсэн. Бид нар тэндээс хоол идчихээд гараад MD нэртэй бааранд ороод тэнд 0.75 гр-тай “EDEN” нэртэй нэг шил архи хувааж уугаад тэгээд бас 10 ширхэг шилтэй нийслэл нэртэй пиво авч уугаад караокед нь дуулж байгаад оройн 22 цаг өнгөрч байхад уг өрөөнөөс гарсан. Гараад зааланд орж тооцоо хийж байсан. Тэгсэн хамт явсан Заяа уг баарны зааланд сууж байсан Довдонцэрэн гэх хүнтэй уулзаад байж байсан. Тэгэхээр нь би явъя гэсэн Заяаг явуулахгүй байхаар нь Довдонцэрэн гэх хүний нүүр лүү нь 1 удаа цохиод тэгээд Заяаг аваад гарсан.Тэгээд бид нар гадаа гараад машин руугаа явж байтал Довдонцэрэн бас хамт явсан залуугийн хамт гарч ирээд араас дуудаад орилоод байсан. Тэгэхээр нь би буцаж очоод Довдонцэрэнг цохисон тэгтэл газарт унасан. Гэтэл хамт явсан залуу нь ирээд надтай маргалдаад байхаар нь би бас 1 цохьсон. Гэтэл нөгөө залуу миний хувцаснаас зуураад тавихгүй байж байгаад миний ам руу гараа оруулсан байгаа тэр үед би хазсан. Тэгсэн надыг тавихаар нь би салаад машиндаа суугаад яваад өгсөн. Намайг боосон юм шиг байна лээ. Тэгээд л боолт ороод боож байсан гарын эрхий хуруу миний аманд орсон юм болов уу би сайн санахгүй байна. Маргалдаж байх үед миний ам руу 1 хуруу орж ирсэн тэгэхээр нь би хазчихсан. тэгээд байж байтал Энхтайван ирж надыг салгаад тэгээд би яваад өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлж барагдуулсан. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон тул бага хэмжээгээр торгож өгнө үү.” гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Ц.Ууганбаатарын өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 22:45 цагийн үед найз Довдонцэрэнтэйгээ уулзаад МД бааранд ороод пиво ууж байтал цаад талын вип өрөөнөөс Довдонцэрэнгийн 10 жилийн охин гарч ирээд юм яриад зогсож байтал цаанаас нэг залуу гарч ирээд манай найзыг цохиод авсан. Бид нарыг гадаа гараад иртэл нөгөө залуучуудын 2 эрэгтэй, 2 эмэгтэй нь гадаа байж байсан. Манай найз эр хүний замын хүзүү урт эр хүмүүс муудалцаад яахав танилцая гэж хэлтэл жижиг биетэй залуу нь Довдонцэрэнг өшиглөөд цохиод газар унагаад дэвсээд байхаар нь би салгах гээд очтол намайг цохиод баруун гарын эрхий хурууг хазаад цусыг нь гаргачихсан. Миний зүүн шанаа хэсэгт цохиход миний харааны хамелион шил газарт унаж гэмтсэн, мөн зууралдсанаас болж миний куритик урагдсан. Миний хувьд гомдолтой, эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх 8-9/,
Хохирогч Б.Довдонцэрэнгийн өгсөн: “...Баарны VIP өрөөнөөс манай ангийн хүүхэд болох Ариунзаяа гарч ирсэн. Тэгэхээр нь Ариунзаяатай мэндлээд юм ярьж байтал цаанаас 1 залуу ирээд миний зүүн нүдний хөмсөг рүү цохисон. Тэгтэл Ариунзаяа салаад аваад гараад явсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа хүлээгээд байж байтал 20 орчим минутын дараа “МД” рестораны ажилтан ирээд манайх хаах боллоо та нар гараарай гэж хэлсэн. Тэгээд гадагшаа гарахад нөгөө залуу хамт явсан хүмүүсийн хамт зам дээр зогсож байсан. Тэгээд би замын хажуугаар явж байтал нөгөө залуу ахиж ирээд миний хүзүү хэсэг рүү гараараа цохих шиг болсон. Тэгээд би газарт унатал надыг хөлөөрөө өшиглөж байгаад больсон. Миний цээжний зүүн талын 4 дүгээр 1 хавирга хугарсан байгаа мөн хамар хавдаж нүд хөхөрсөн байгаа. Би зодуулсандаа гомдолтой байна. Эмнэлгээр явж үзүүлсэн зардлаа гаргуулж авна. Би эмнэлгээр явсан зардалдаа 190 000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 12-13/,
Гэрч Б.Ариунзаяагийн өгсөн: “...Тэнд манай ангийн хүүхэд Довдонцэрэн бас манай нөгөө ангид байсан Ууганбаатар гэх 2 залуу байхаар нь би уулзаад мэндлээд юм яриад байж байтал Ц ирээд Довдонцэрэнг цохиод авсан. Тэгэхээр нь яаж байгаа юм бэ наадах чинь манай ангийн хүүхэд байгаа юм гээд салгаад баарнаас гартал гадаа Ц, Довдон нар зууралдаад байж байхаар нь Энхтайван ирж надыг салгасан. Тэгээд би яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх 19/,
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 751 дугаартай дүгнэлт: “1.Ц.Ууганбаатарын биед баруун хурууны 1-р үений хазагдсан шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх /хх 25-26/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн шинжээчийн 758 дугаартай дүгнэлт: “1.Б.Довдонцэрэнгийн биед зүүн 4-р хавирганы хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зүүн 1-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх /хх 42/,
Гэрч Г.Энхтайван /хх 21-22/, Д.Ширмэнтогтоо /хх 23/, З.Оюун /хх 15-16/ нарын мэдүүлэг, “Хан Үнэлэмж” ХХК-ийн Ц.Ууганбаатарын нэхэмжилсэн харааны шил, курткны үнэлгээг 235 000 төгрөгөөр гаргасан тайлан /хх 32-35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 63/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай талуудын хүсэлт /хх 74-75/, прокурорын тогтоол /хх 80/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ч.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг MD баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдан, зодолдож хохирогч Ц.Ууганбаатарын эрүүл мэндэд нь " баруун хурууны 1-р үений хазагдсан шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцралт" бүхий хөнгөн хохирол, хохирогч Б.Довдонцэрэнгийн эрүүл мэндэд “зүүн 4-р хавирганы хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зүүн 1-р хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Ц-н дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Ч.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нар нь хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Ч.Ц-д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 800 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 267 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Ч.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1934009870463 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б Ч Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Ц-д оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 267 000 /хоёр жаран долоон мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ч.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн 1934009870463 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Ц нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч Ц.Ууганбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ