Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/357

 

 

 

 

2019             12            02                                           2019/ШЦТ/357  

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

Хохирогч М.Балжир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга,

Шүүгдэгч Р.П   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Р П-д  холбогдох эрүүгийн 1934008810393 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б Р П , 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 502-120 тоотод оршин суух хаягтай, Төмөр замын 2 дугаар ангид замчин ажилтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй Үүнд:

1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3, 62 дугаар зүйлийн 621 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 7 жил 8 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээний буюу 345 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 7 жил 8 сар хорих ялаар тогтоосон,

2.Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд багтааж бүгд 5 жил 1 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 9 жил 1 сар хорих ялаар тогтоосон, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1 жил 15 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  хэрэг хариуцах чадвартай, 91120553 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Р.П  ийн өгсөн: Би Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Замын 2 дугаар ангийн 1 дүгээр хэсэг буюу Шатанга зөрлөг дээр ажилладаг. Намайг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр томилолтоор дуудаж дунд засварын ажилд явуулсан. Бид нар 2019 оны 9 дүгээр сарын 16-наас Хангай зөрлөг буюу 12 дугаар хэсэг дээр замын ажил хийх болсон. Уг ажилд бусад газраас ажилчид дуудсан байсан. Бид 2019 оны 10 дугаар сарын 04-нийг хүртэл томилолтоор ажиллах ёстой байсан. Бид нар ажлаа хийгээд явж байхад 2019 оны 9 дүгээр сарын 20-ны орой хамт ажилладаг Балжиртай ор засах байрлалаас болж муудалцсан. Балжир надад уураласан. Уурлаад над руу гутал шидэж намайг доромжилсон. Над руу дайрах үед тэнд байсан хүмүүс Балжирыг салгаад бид хоёрыг унтуулсан. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ажлаа хийж байгаад орой 19:00 цагийн орчим ажил дуусаад амрах байрандаа ирсэн. Амрах байрандаа ирээд зарим нэгэн хүмүүс Ганбаатар мастераас мөнгө аваад дэлгүүр явсан. Дэлгүүрээс ирэхдээ явсан хүмүүс 2 шил архи авчирсан. Авчирсан архийг 6 хүн хувааж уучхаад бүгд унтахаар хэвтсэн. Балжир, Энхбат бид 3 орондоо  оролгүй сууж байхад Балжир өчигдөр болсон хэрүүлийг үргэлжлүүлэн хийсэн. Ингээд бид 2 маргалдаж байгаад гарахаар болж хамт гэрээс гарсан. Гадаа гараад бид 2 тамхи татангаа маргаанаа үргэлжлүүлсэн. Маргаан хийж байхад Балжир над руу дайраад байхаар нь би хөлөнд чулуу тээгэлдэхээр нь газраас чулуу аваад гартаа барьсан байсан. Балжир намайг заамдаж авах гээд зүүн гараа явуулахаар би зүүн гарыг нь зүүн гараараа түлхэж холдуулаад баруун гартаа барьсан байсан чулуугаар толгойн тус газар нэг удаа цохисон. Энэ үед Балжир шууд газар унасан. Би Балжирыг цохисныхоо  дараа гартаа барьсан чулуугаа гэрийн баруун талаар гараад төмөр замын торон хашаа давуулаад шидчихсэн. Чулуугаа шидчхээд амрах байр руу шууд орсон. Намайг амрах байранд ороход хамт ажилладаг Энхбат яаж байгаа юм гэж хэлсэн. Би Энхбатыг дуугүй унт гэж хэлээд сууж байгаад Балжир орж ирэхгүй болохоор нь Энхбатыг гараад Балжирыг хараач гэж хэлтэл Энхбат би чадахгүй гэж хэлсэн.  Тэгж хэлэхээр нь би өөрөө гадаа гараад Балжирыг хартал цохиулж унаад шууд газар хэвтсэн байрлалтайгаа байсан. Зүүн талын чих орчим цус гараад, таталт өгөөд байгаа юм шиг байдалтай байхаар нь мастер Ганбаатар ах руу ороод Балжир ухаан алдаад уначихсан бололтой чихнээс цус гараад гадаа хэвтэж байна, түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн. Мастер Ганбаатар босоод бусад хүмүүсийг сэрээгээд түргэн дуудсан. Түргэн ирээд Балжирыг аваад явсан. Бид хоёрын үйл явдлыг харсан хүн гэвэл Энхбат. Би гэр рүү ороход Энхбат яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Намайг цохихыг харсан болохоороо тэгж хэлсэн гэж би бодож байна. Өөр хүн хараагүй. Тухайн цаг үед болсон үйл явдлыг би сайн санаж байна. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч өөрийгөө хянах чадвартай хийж байгаа үйлдлээ бүрэн ойлгохоор байсан. Би Балжирыг чулуугаар цохиж гэмтээсэн гэхдээ тэр шөнө харанхуй байсан болохоор ямар чулуу байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Би чулууны хэлбэр дүрс, өнгийг нь хараагүй. Маргааш өглөө төмөр замын цагдаа ирээд хамт чулууг хайсан боловч олж чадаагүй. Намайг анх төмөр замд ороход Балжир ажилладаг байсан. Хэсэг дээр дадлага хийсэн тэгэхдээ таньдаг болсон.  Бид 2-н дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би Балжирт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна. Би өөрийн буруутай үйлдлээс болж Балжирт гэмтэл учруулсандаа харамсаж байна. Дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй гэх мэдүүлэг,

Хохирогч М.Балжирын өгсөн:  2019 оны 9 дүгээр  сарын 21-ны өдөр  би ажлын газрын хүмүүстэй “Цагаан хяр” зөрлөг дээр энэ өдрийн ажлаа дуусгаад 18:00 цагт дуусгаад зарим ажилчдын томилолтын мөнгө болох 5-6 хүний 20 000 төгрөг өгсөн. Ингээд зарим ажилчид хоол хүнс цуглуулна гээд Баян зөрлөгийн дэлгүүр явж ирэхдээ 3 шил 0.75 гр-ын архи авчирсан. Уг архийг 11-үүлээ хувааж уусан. Архиа хувааж уугаад ажилтай юм чинь гээд унтахаар болоход би бие засахаар гэрээс гараад 00 явж байхад миний араас толгой хэсэгт  хатуу зүйлээр цохисон. Намайг цохихоос өмнөх явдлыг санаж байна цохисоноос хойших явдлыг санахгүй байна. Намайг бие засахаар гэрээс гарахад манай ажлын газрын Пүүжээ гэх залуу миний араас гарсан гэсэн. Би яг хэн юугаар цохисон гэдгийг мэдэхгүй байна. Миний толгой өвдөөд зүүн талын чих юм сонсох нь муу байна. Муудалцсан асуудал гараагүй Би гомдолтой байна. Хэдэн жилийн дараа миний толгой яахыг мэдэхгүй. 2-3 жилийн дараа өөрчлөлт ордог гэсэн. Төмөр замын эмнэлгийн хяналтад байгаа. Шүүгдэгч надад 2 300 000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Гэрч Д.Энхбатын өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ажлын цаг дуусахад манай ажлын Лхагва, Шижирээ, Чинзориг нар Шижирээгийн машинтай Баян зөрлөгийн дэлгүүр орж тамхи авахаар яваад ирэхдээ 2 шил 0.75 гр-ын QUALY нэртэй архи авчирсан. Ингээд авчирсан архийг мастер Ганбаатарыг унтсан хойно ойролцоогоор 21:00 цагийн хооронд гэр дотор П , Балжир Чинзориг, Лхагважав, Ариунбаатар нар хувааж уусан. Архиа дуусгаад Балжир, П , Энхтөр бид дөрвөөс бусад нь унтаад өгсөн. Балжир, П  бид 3 тамхи татахаар гэрээс гарч би тамхиа татангаа бие засхаар явсан хойгуур Балжир, П  хоёр юм яриад гэрийн үүдэнд үлдсэн. Намайг бие засах хойгуур гэнэт “пүд” хийх чимээ гарч би гэр лүү орох үед Балжир газар уначихсан байсан. Ингээд би орондоо ороод унтах гэтэл унтаж чадахгүй байсан. Замчин Билгүүнээ, Ганзориг нар Балжирыг хот руу машинаар авч явсан. ...Би юугаар цохисныг хараагүй. Өөр хүн Балжирыг цохиж зодсон асуудал байхгүй. Гадаа өөр хүн байгаагүй. Гэр дотор унтаагүй байсан нь Энхтөр байсан. Намайг орондоо хэвтэж байхад П   гаднаас орж ирээд Энхтөр, Энхбат хоёр хараагүй, унтаарай гэж хэлээд өөрөө орондоо хэвтэж байснаа үхэж гай болох вий дээ гэж амандаа хэлээд гараад явсан. Ингээд П  өөрөө мастерийг очиж сэрээсэн гэх мэдүүлэг /хх 11/,

            Гэрч Ц.Энхтөрийн өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 21-ний орой 19:00 цагийн орчим ажил дуусаад бид нар амрахаар байрандаа ирсэн. Амрах байрандаа хоол ундаа идчихээд хөзөр тоглосон. Энэ үед мастер Ганбаатарыг ирэхээр нь бид нар томилолтын мөнгө авч тамхи авахаар болоод хүн тус бүр 20 000 төгрөг авсан. Дэлгүүр явсан хүмүүс ирэхдээ 2 шил архи авчирсан. Архийг 6 хүн хувааж уусан. Архиа ууж дуусаад бүгд унтсан ба намайг орондоо хэвтэж байхад эхлээд Энхбат ах бие засах гээд гарсан. Араас нь Балжир ах одоо хэвтчихвэл дахиж бие засах гэж ядаргаа гэж хэлээд гарсан. Тэр үед сууж байсан П  ах гарсан. Би бие засах гэж байна гэж бодсон. Тэгсэн удалгүй Энхбат ах гаднаас орж ирээд шууд орондоо орсон. Энхбат ах яг амрах байрны хаалга татаж байхад гадаа юм цохих чимээ гарсан. ...Балжир ах П той орны байрлалын асуудлаас болоод маргалдсан өөр хэн нэгэнтэй маргалдаагүй. Тухайн үед архи уусан байсан гэх мэдүүлэг /хх 18-19/,

 

            Гэрч Ц.Ганбаатарын өгсөн: Би хүмүүсийг дэлгүүр явуулсны дараа өөрийн амрах байранд хүн орж ирээд мастераа гэрийн үүдэнд Балжир унасан байна гэж хэлсэн. Би уг хүнийг дуугаар нь П  байна гэж танисан. Би гэрлээ асаагаад хувцсаа өмсөөд гартал Балжир барьсан гэрийн хаалганаас 2 метр орчим зайд хажуу тийш харсан байдалтай, зүүн талын чихнээс нь цус нилээн гарчихсан хэвтэж байсан. Би шууд эмнэлэг дуудаад Балжирыг байсан байрнаас нь хөдөлгөлгүй хэвтүүлсэн. Балжир зүүн гар тал нь газар, зүүн чихнээс нь цус гарчихсан хэвтэж байсан. Миний харснаар өөр гэмтэл байгаагүй гэх мэдүүлэг /хх 20-21/,    

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №11524 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.М.Балжирын биед суурь ясны хугарал, хацар ясны хугарал, тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 29/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 36-43/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:  

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Р.П нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан “танхайн” сэдэлтээр, М.Балжирын эрүүл мэндэд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.П  нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 23 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “Цагаан хяр” гэх газар дунд засварын ажилд томилолтоор ажиллаж байхдаа архидан согтуурсан үедээ ор засах байрнаас болж хохирогч М.Балжиртай маргалдан улмаар хохирогчийг шүүгдэгчид уурлан гутал шидэж доромжилсон гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдаж толгой тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь "суурь ясны хугарал, хацар ясны хугарал, тархины эдийн няцрал" бүхий хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч Р.П-ийн өгсөн: "Хамт ажилладаг Балжиртай ор засах байрлалаас болж муудалцсан. Балжир надад ууралсан. Уурлаад над руу гутал шидэж намайг доромжилсон. Над руу дайрах үед тэнд байсан хүмүүс Балжирыг салгаад бид хоёрыг унтуулсан. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ажлаа хийж байгаад орой 19:00 цагийн орчим ажил дуусаад амрах байрандаа ирсэн. Амрах байрандаа ирээд зарим нэгэн хүмүүс Ганбаатар мастераас мөнгө аваад дэлгүүр явсан. Дэлгүүрээс ирэхдээ явсан хүмүүс 2 шил архи авчирсан. Авчирсан архийг 6 хүн хувааж уучхаад бүгд унтахаар хэвтсэн. Балжир, Энхбат бид 3 орондоо  оролгүй сууж байхад Балжир өчигдөр болсон хэрүүлийг үргэлжлүүлэн хийсэн. Ингээд бид 2 маргалдаж байгаад гарахаар болж хамт гэрээс гарсан. Гадаа гараад бид 2 тамхи татангаа маргаанаа үргэлжлүүлсэн. Маргаан хийж байхад Балжир над руу дайраад байхаар нь би хөлөнд чулуу тээгэлдэхээр нь газраас чулуу аваад гартаа барьсан байсан. Балжир намайг заамдаж авах гээд зүүн гараа явуулахаар би зүүн гарыг нь зүүн гараараа түлхэж холдуулаад баруун гартаа барьсан байсан чулуугаар толгойн тус газар нэг удаа цохисон. Энэ үед Балжир шууд газар унасан. Балжир ухаан алдаад уначихсан бололтой чихнээс цус гараад гадаа хэвтэж байна, түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн. Бид 2-н дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би Балжирт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна. Би өөрийн буруутай үйлдлээс болж Балжирт гэмтэл учруулсандаа харамсаж байна. Дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй." гэх мэдүүлэг,

хохирогч М.Балжирын өгсөн:  "Гараад 00 явж байхад миний араас толгой хэсэгт  хатуу зүйлээр цохисон. Намайг цохихоос өмнөх явдлыг санаж байна цохисоноос хойших явдлыг санахгүй байна. Намайг бие засхаар гэрээс гарахад манай ажлын газрын Пүүжээ гэх залуу миний араас гарсан гэсэн. Би яг хэн юугаар цохисон гэдгийг мэдэхгүй байна. Миний толгой өвдөөд зүүн талын чих юм сонсох нь муу байна. Муудалцсан асуудал гараагүй. Би гомдолтой байна. Хэдэн жилийн дараа миний толгой яахыг мэдэхгүй. 2-3 жилийн дараа өөрчлөлт ордог гэсэн. Төмөр замын эмнэлгийн хяналтад байгаа. Шүүгдэгч надад 2 300 000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ" гэх мэдүүлэг,

гэрч Д.Энхбатын өгсөн: "Балжир, П бид 3 тамхи татхаар гэрээс гарч би тамхиа татангаа бие засхаар явсан хойгуур Балжир, П  хоёр юм яриад гэрийн үүдэнд үлдсэн. Намайг бие засах хойгуур гэнэт “пүд” хийх чимээ гарч би гэр лүү орох үед Балжир газар уначихсан байсан." гэх мэдүүлэг /хх 11/,

            Гэрч Ц.Энхтөрийн өгсөн: "Архийг 6 хүн хувааж уусан. Архиа ууж дуусаад бүгд унтсан ба намайг орондоо хэвтэж байхад эхлээд Энхбат ах бие засах гээд гарсан. Араас нь Балжир ах одоо хэвтчихвэл дахиж бие засах гэж ядаргаа гэж хэлээд гарсан. Тэр үед сууж байсан П  ах гарсан. Би бие засах гэж байна гэж бодсон. Тэгсэн удалгүй Энхбат ах гаднаас орж ирээд шууд орондоо орсон. Энхбат ах яг амрах байрны хаалга татаж байхад гадаа юм цохих чимээ гарсан. ...Балжир ах П той орны байрлалын асуудлаас болоод маргалдсан өөр хэн нэгэнтэй маргалдаагүй. Тухайн үед архи уусан байсан" гэх мэдүүлэг /хх 18-19/,

            Гэрч Ц.Ганбаатарын өгсөн: "Би гэрлээ асаагаад хувцсаа өмсөөд гартал Балжир барьсан гэрийн хаалганаас 2 метр орчим зайд хажуу тийш харсан байдалтай, зүүн талын чихнээс нь цус нилээн гарчихсан хэвтэж байсан. Би шууд эмнэлэг дуудаад Балжирыг байсан байрнаас нь хөдөлгөлгүй хэвтүүлсэн. Балжир зүүн гар тал нь газар, зүүн чихнээс нь цус гарчихсан хэвтэж байсан." гэх мэдүүлэг /хх 20-21/,    

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №11524 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.М.Балжирын биед суурь ясны хугарал, хацар ясны хугарал, тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд” зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, гэжээ /хх 29/ бичгийн нотлох баримтаар  нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Р.П-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Балжир нь 2 237 983 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нийгмийн даатгалын сангаас төлөгдсөн 445 810 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хохирлыг гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч хохирогчид нийт 2 300 000 төгрөгийн хохирол төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Хохирогч М.Балжир нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн бөгөөд хэрэгт үүнтэй холбоотой нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон листийн хэдэн төгрөг авсан зэрэг нь тодорхойгүй байх тул дээрх нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахтай холбоотой гэм хорын хохирлын нотлох баримтаа хангалттай ирүүлээгүй байна.

 

Иймд хохирогч М.Балжирын ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Р.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 2 жил 1 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгаас шүүгдэгч Р.П   нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж өгөөч, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жил хорих ял оногдуулж өгнө үү,

Шүүгдэгч Р.П хөнгөн ял оногдуулж, хамт олонтойгоо үргэлжлүүлэн ажиллах боломж олгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Гэрч Р.Ууганбилэгийн өгсөн: “Би доороо ганц дүүтэй. Миний дүү П нь зөөлөн сэтгэлтэй, тусархаг, нэг юманд тууштай. Одоо эцэг, эхийгээ тэжээж байгаа айлын сайн хүүхэд. Миний дүү П нь жоохон зөрүүд зантай, согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг.” гэх мэдүүлэг /хх 23/, түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, дансны хуулга /хх 65-76/, шүүгдэгч урьд 2 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1 жил 15 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 36-43/ зэрэг баримт авагджээ.

 

Шүүгдэгч урьд 2 удаагийн ял шийтгэлтэй ч 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1 жил 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд сүүлд үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэгдсэн байх тул эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм. Шүүгдэгч хугацааны өмнө тэнсэн суллагдсан тэнсэнгийн хугацаанд эрүүгийн хэрэг болон захиргааны зөрчилд холбогдож байгаагүй байна.       

  

Шүүгдэгч Р.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн" эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Р.П-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал түүний шүүх хуралдаанд гаргасан "хамт олонтойгоо үргэлжлүүлэн ажиллах боломж олгож өгнө үү" гэх хүсэлт, дээрх хөнгөрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн торгох ялын доод хэмжээгээр оногдуулж, түүний хөрөнгө орлогын байдлыг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Ийнхүү шүүгдэгч Р.П-ийг нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын хүнлэг бус, хэрцгий шинжгүй байх зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Шүүгдэгч Р.П  нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн 1934008810393 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б Р П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.П  ийг 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Р.П-д оногдуулсан 10 000 000 төгрөгийн торгох ялыг гурван жилийн хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 278 000 /хоёр зуун далан найман мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Р.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 1934008810393 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.Хохирогч М.Балжир нь ажилгүй байсан хугацааны цалин болон эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ