| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0330/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/350 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/350
2019 11 28 2019/ШЦТ/350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У С М-д холбогдох эрүүгийн 1934007010361 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, У С М , 1973 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, малчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,
2.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, 73021015 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.М-ийн өгсөн: Би Төв аймгийн Эрдэнэсант суманд мал маллан амьдардаг. Одоогоор эхнэр Жамганбазарын Отгон болон хүүхдүүдийнхээ хамт хөдөө мал маллан амьдарч байна. Би 2017 оны 11 дүгээр сарын дундуур цастай үед 14 настай хонгор зүсмийн морьтой Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаар өөрийнхөө хэдэн тооны адууг хайгаад явж байгаад Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Угалзат 4 дүгээр багийн Дэндгэрийн энгэр гэх газар явж байхад миний унаж явсан хонгор зүсмийн морь маань эцээд явахаа байхаар нь тухайн үед яг тэр Дэндгэрийн энгэр гэдэг газар хэдэн адуу бэлчиж байхаар нь тухайн үед хэнийх нь мэдэлгүй нэг бор зүсмийн нас гүйцсэн бүдүүн морийг уургалж барьж унаад өөрийнхөө эцсэн морийг хөтлөөд гэртээ харьсан. Тэр үед манайх сумын төвөөс зүүн урд зүгт 8 орчим километр зайд Дэндгэрийн ар гэдэг газар нутаглаж байсан. Намайг гэртээ харихад 15 цаг хавьцаа л болж байсан. Манай гэрт эхнэр ганцаараа байсан. Надад мөнгөний хэрэг байсан болохоор тэгээд бас хүн амьтан хараагүй болохоор би тэр бор зүсмийн адууг гэрийнхээ үүдэнд амийг нь тасалж унагаагаад ганцаараа хийж байтал манай сумын Өнөржаргал гэдэг залуу манай гэрт ирээд миний хийж байгаа адуу хараад “наад бор морь чинь миний морь байна яаж байгаа юм” гэхээр уучлалт гуйгаад “би хохирлыг чинь барагдуулчихъя цагдаад хэлэлгүй эндээ тохиръё” гэж хэлээд тухайн үед бид хоорондоо тохиролцож байсан. Би одоо тамгыг нь мэдэхгүй мартсан байна. Ямар ч байсан нас гүйцсэн бор зүсмийн номхон адуу байсан. Би тухайн үед ганцаараа адуу хийсэн. Манай эхнэр огт оролцоогүй. Би тэр адууны махыг нь зараагүй өөрөө идшиндээ хэрэглэсэн. Бид хоёр нэг нутгийн хүмүүс болохоор бие биенийгээ танихаас цаашгүй таархаараа мэнд устай явдаг хүмүүс. Би тэр үед Өнөржаргалд хохирлын мөнгө болох 1 800 000 төгрөг өгч хохирлыг нь барагдуулсан гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Т.Өнөржаргалын өгсөн: 2017 оны өвөл манайх сумын төвөөс холгүй өвөлжсөн. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчим адуугаа бөөгнүүлээд адуун дотроос маань нас гүйцсэн нэг тооны цагаан бор зүсний морь алга болчихсон байхаар нь салах ёсгүй дээ гээд адуугаа хайгаад олоогүй. Анх адуугаа бөөгнүүлсэн газар очиж үзэхэд хоёр ширхэг адуу явсан мөр цасан дээр тодоос тод гарсан байхаар нь мөрөөр нь явж үзтэл манай сумын Мөнхгэрэл гэдэг малчны гэрийн үүдэнд яваад очтол Мөнхгэрэл миний адууны амийг тасалчихсан махалж байсан. Мөнхгэрэл миний адууг морьтой хөтөлж гэрийнхээ үүдэнд аваачсан байсан. Тухайн үед Мөнхгэрэл надад цагдаад битгий хэлээрэй би тэнсэнтэй байгаа хохирлыг чинь барагдуулж өгнө гээд гуйгаад байсан. Надад хохирлын мөнгө өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 5-7, 37-38/,
гэрч Ж.Отгоны мэдүүлэг /хх 52-53/, хохирогч Т.Өнөржаргалын адууг 1 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх 16/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 24-34/, шүүгдэгч С.М ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх адууг 466 700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх 56-60/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч С.М нь хууль зүйн хувьд шунахай сэдэлтээр, санаатай үйлдлээр бусдын 1 тооны адууг бэлчээр дээрээс нь хууль бусаар авч иргэнд 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан Бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.М нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг Дэндгэрийн өвөр гэх газраас иргэн Т.Өнөржаргалын 1 тооны адууг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгч С.М-ийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.М нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч С.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүгдэгчийн хувийн байдал, бусдад учруулсан хохирлын нөхөн төлсөн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан энэ тогтоолоор 6 сар хорих ял оногдуулж, нийт 2 жил 6 сар хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгч урьд 1.Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан талаарх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 24-34/, /хх 70/ зэрэг баримтууд авагджээ.
Шүүгдэгч С.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын энэ тогтоолоор хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах санал оруулсныг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хүлээн авах боломжгүй гэж үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтооно." заасныг журамлан сүүлд буюу 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 466 700 төгрөгийн үнэ бүхий 1 тооны адууг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У С М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ийг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ийн цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.М-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 466 700 /дөрвөн зуун жаран зургаан мянга долоон зуу/ төгрөгийн үнэ бүхий 1 тооны адууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын төсөвт оруулсугай.
7.Эрүүгийн 1934007010361 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ
2019 10 30 2019/ШЦТ/313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нэргүй,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон Баянжаргалын Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1934002130338 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Боржигон Баянжаргалын Мөнх-Эрдэнэ, 1990 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 13 дугаар гудамжны 344 тоотод оршин суух хаягтай, Төв аймгийн Баянчадмань сумын Замт багийн Илтийн ам гэх газар хувиараа мал аж ахуй эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УУ90030377 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сард Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн Илтийн ам гэх газарт бэлчиж байсан адуунаас 2 тооны адуу барьж авсан. Өөрийн нагац эгч Намжилмаагийн хашаанд аваачаад Хишигжаргал гэдэг хүнийг гуйгаад адуугаа нядлуулсан. Таксины зогсоолд таксинд явдаг Т.Ганбат ахыг гуйгаад Улаанбаатар хот оруулж Хархорин зах орж махаа 950 000 төгрөгөөр борлуулаад Ганбатад 30 000 төгрөг өгсөн. Сартай хээр морь, сартай хүрэн морь байсан. Хохирогч Д.Ганзоригт 1 600 000 төгрөг төлж барагдуулсан. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.
2018 оны 6 дугаар сард бэр эгчийн дүү Л.Жавхлантөгс рүү утсаар яриад бор үрээгээ надад өгөөч яаралтай мөнгөний хэрэг гараад байна оронд нь унагалах гүү өгье гэж тохиролцсон. Тэгтэл Жавхлантөгс надад манай ах, дүү нарт хэлэлгүй авчихаарай. Манай адуу Илтийн аманд байгаа гэж хэлсэн. Тэгээд би Баянчмандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Илтийн ам гэх газраас бэлчиж байсан адуунаас 1 тооны шүдлэн бор үрээг барьж аваад Баянчандмань сумын Замт 2 дугаар багт байх нагац эгчийнхээ хашаанд нядалсан. Замын унаа гуйж мөнгөө тохироод Эмээлт зах дээр аваачиж 400 000 төгрөгөөр зарсан. Л.Жавхлантөгсийн адууны оронд унагатай гүү өгсөн гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Д.Ганзоригийн өгсөн: Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг Илтийн ам гэх газар амьдардаг малчин Батсүх гэх айл дээр 2018 онд 14 тооны адуу маллуулахаар хүлээлгэн өгсөн. Гэтэл 2018 оны 1 дүгээр сарын 15-ний үеэр манай малчин над руу утсаар залгаж таны сартай хээр морь, сартай хүрэн морь хоёр чинь адуунаас алга болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос ирж ойр хавийн газраар баахан хайж явсан. Тэгээд сураг гарахгүй болохоор нь дүү Шинэбаярт захиад хайж байгаарай гэж хэлээд явсан. Би тухайн үед адуугаа алдаад өргөдөл гомдол гаргаагүй. Харин сумын хэсгийн төлөөлөгч Батсайханд мэдэгдэж бүртгүүлээд орхисон. Миний алдсан адуу сартай хээр морь зөв гуяндаа дэгрээ тамгатай, сартай хүрэн морь нь оодон сүүлтэй зөв гуяндаа цагаан үсэн саран дэвсгэртэй зуузай тамгатай байсан. Би адуугаа 2017, 2018 онуудад Төв аймгийн Баянчандмань сумын харъяа малчин Батсүхийн нэр дээр тоолуулсан. Би алдсан 2 адуугаа нэгийг нь 1 сая төгрөг нийтэд нь 2 сая төгрөгөөр үнэлж байна. Миний адууг Төв аймгийн Баянчандмань сумын Б.Мөнх-Эрдэнэ хулгайлсан байсан гэх мэдүүлэг /хх 9-10/,
Хохирогч Л.Жавхлантөгсийн өгсөн: Би 2017 оны 12 дугаар сард Баянчандмань сумын иргэн Д.Ганболд гэх хүнээс бор зүсмийн шүдлэн үрээ 800 000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд адуугаа хүргэн ах Бат-Эрдэний адуунд тавиад 2018 оны 4 дүгээр сард Дархан-Уул аймгийн Шарын гол сум руу ажилдаа явсан. Тэгээд 2018 оны 6 дугаар сард хүргэн ах Бат-Эрдэнэ над руу бор үрээ чинь алга болчихлоо гэж утсаар хэлсэн. Хэсгийн төлөөлөгчид тэмдэглүүлсэн гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Эрдэнэ, Бат-Эрдэнэ нараар ойр хавийн айлуудын адуу малаар хайлгасан боловч сураг чимээ гараагүй. Тэгээд би өөрөө 2018 оны 7 дугаар сарын эхээр наадмын өмнө ажлаасаа чөлөө аваад Баянчандмань суманд ирээд мотоциклтой хоёр өдөр хайсан боловч олдоогүй. Тэгтэл Мөнх-Эрдэнэ 2018 оны 6 дугаар сард Илтийн ам гэх газраас миний бор зүсмийн засмал дэлтэй, шүдлэн насны морийг аваад явсан байсан бөгөөд сүүлд надад үнэнээ хэлж миний адууны хохирол төлбөрийн бүрэн төлж, надаас уучлалт гуйгаад байхаар нь хамаатан садан юм байна хохирлоо төлчихсөн юм чинь гээд наймаа хийсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 45-49/,
Гэрч Г.Шинэбаярын өгсөн: Би төв аймгийн Баянчандмань сумын Замт 3 дугаар багт малчин хийдэг. 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдөр манай найз Мөнх-Эрдэнэ манай хөдөө гэрт ирж би чиний хулгайд алдагдсан хоёр тооны морийг чинь хулгайлсан. Чам дээр маргааш цагдаа нар ирэх байх чи гомдол санал байхгүй гээд хэлээд найздаа тус болчих гэхээр нь “Би мэдэхгүй шүү дээ. Тэглээч би цагдаагаар шийдүүлмээр байна.” гэж хэлсэн. Тэгэхэд чи надаа Ганзоригийн дугаарыг өгчих гэж хэлээд манай гэрээс гараад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 11/,
Гэрч Ж.Батсүхийн өгсөн: Би туслах малчин хийдэг. 2018 оны 01 дүгээр сард Илтийн амны модноос 2 тооны морио алдсан. Тухайн үедээ эрэл, хайгуул гээд явсан боловч олдоогүй. Малын эзэн Ганзориг гэх хүнд утсаар хоёр тооны адуу чинь алга болчихлоо гэж хэлээд Цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй гэсэн. Мөнх-Эрдэнэ намайг адуугаа алдсаныг мэдсэн гэх мэдүүлэг /хх 12/,
Гэрч Т.Намжилмаагийн өгсөн: Би Б.Мөнх-Эрдэнэ гэх хүнийг танина. Миний төрсөн эгч Нямаагийн хүүхэд байгаа юм. 2018 оны зун ойролцоогоор 6 дугаар сард өдрийн 15 цагт манай хашаанд бор зүсмийн 1 тооны адуу авчраад нядалж байсан. Би тэр үед сумын захиргаан дээр ажилтай байсан учир явчихсан. Тэгээд ажлаа хөөцөлдөж дуусаад гэртээ ирэхэд тарзаан хочит Сайхнаа гэх залуугийн машинд адуугаа ачаад явсан. 2018 оны өвөл цас ороод удаагүй байхад Мөнх-Эрдэнэ шөнө 22 цаг өнгөрч байхад манай хашаанд 2 тооны адуу авчраад эгч танай хашаанд гаргачихъя гэсэн. Тэгэхээр нь би тэг тэг гэсэн чинь Хишигээ, Бадарч гэх хүмүүсээр хийлгүүлээд, би гэдсийг нь арилгаж өгсөн. Өглөө нь манай төрсөн ах Ганбат ахын машинд ачуулаад Улаанбаатар хот руу явсан. Өөрөөр манай хашаанд дахин адуу нядлаагүй гэх мэдүүлэг /хх 13/,
Гэрч Т.Ганбатын өгсөн: Би Төв аймгийн Баянчандмань суманд амьдардаг бөгөөд Улаанбаатар Баянчандмань сумын хооронд хүн тээвэрлэдэг. 2018 оны өвөл гадаа нилээн хүйтэн байхад Мөнх-Эрдэнэ над руу 07 цагийн үед ярьж ахаа хоёр адуу ачиж хот орох гэсэн юм гэхээр нь би өөдөөс нь малын бичиг баримт байгаа биз дээ гэхэд байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг манай төрсөн дүү Намжилмаагийнд яваад ир гэхээр нь би яваад очсон. Тэгээд очиход хоёр тооны адууны мах, арьсны хамт ачиж Мөнх-Эрдэнэ бид хоёр Улаанбаатар хотын Эмээлт зах орж ченжид махыг зараад Мөнх-Эрдэнэ нь Улаанбаатар хотын Хархорин зах дээр буугаад яваад өгсөн. Тухайн үед хоёр адууны махыг хулгайн мах гэж мэдээгүй. Бараан зүсмийн адуунууд байсан. Тамга тэмдгийг нь ч бас мэдэхгүй байна. Мөнх-Эрдэнэ надад тухайн үед 30 000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч С.Мөнхсайханы өгсөн: 2018 оны 5 сар билүү 6 сарын хооронд манай сумын Мөнх-Эрдэнэ гэх залуу орой над руу утасдаж ах нэг адууны мах ачаад Эмээлт хүргээд өгчих мөнгийг нь өгнө гэсэн. Би Төв аймгийн Баянчандмань сумын 4 дүгээр хороонд байдаг хаягийг нь мэдэхгүй байна Мөнх-Эрдэний эгчийнх гэх айлд очоод нэг тооны адууны махыг ачаад Улаанбаатар хотын Эмээлт захад очиж тус махыг зарсан. Тэгээд бид хоёр буцаад Төв аймгийн Баянчандманьд ирсэн гэх мэдүүлэг /хх 15/,
Гэрч Д.Хишигжаргалын өгсөн: Мөнх-Эрдэний эгч нь Баянчандмань сумын Замт 2 дугаар багт оршин суудаг. 2018 онд манай нутгийн дүү Мөнх-Эрдэнэ гэх залуу манай гэрт ганцаараа ирж Хишгээ ахаа нэг адуу хийгээд өгөөч гэхээр нь би “Ах нь нэг адууг 10 000 төгрөгөөр хийдэг шүү дээ” гэхэд Мөнх-Эрдэнэ "хамаагүй ах хөлс мөнгийг нь өгнө” гэж хэлээд намайг Төв аймгийн Баянчандмань сумын 4 дүгээр хороонд байх эгчийндээ авч очсон. Тухайн айлд очиход хоёр тооны бараан зүсмийн адуу байсан. Би тухайн хоёр тооны адууг нядлаад байж байтал манай сумын Сайхнаа гэх залуу ирж намайг гэрт хүргэж өгсөн. Мөнх-Эрдэнэ надад хэлэхдээ тухайн хоёр адуу минийх л гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ надад 20 000 төгрөг болон нэг хайрцаг Улаан шонхор гэсэн бичигтэй тамхины хамт өгсөн. Би тухайн хоёр адууны тамга тэмдгийг нь сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хх 16/,
эд зүйлийн үнэлгээ /хх 20, 54/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29/, прокурорын эрүүгийн хэргийг нэгтгэсэн тогтоол /хх 31/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь хууль зүйн хувьд шунахай сэдэлтээр, хоёр удаагийн санаатай үйлдлээр бусдын 3 тооны адууг бэлчээр дээрээс нь хууль бусаар авч иргэдэд нийт 2 800 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан Бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийн бүрэн хангасан гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2018 оны 01 дүгээр 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Илтийн ам гэх газраас иргэн Д.Ганзоригийн 2 тооны адууг хулгайлж 2 000 000 төгрөгийн, 2018 оны 6 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Илтийн ам гэх газраас иргэн Л.Жавхвантөгсийн 1 тооны адгуулж хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч нарын зүгээс Л.Жавхлантөгсийн нэг тооны адууг хууль бусаар аваагүй, түүнд хэлж тохиролцсоны улмаас авсан тул хулгайн гэмт хэргийн шинжийг агуулахгүй гэсэн нь хэрэгт авагдсан хохирогч Л.Жавхлантөгсийн өгсөн: "...2018 оны 6 дугаар сард хүргэн ах Бат-Эрдэнэ над руу бор үрээ чинь алга болчихлоо гэж утсаар хэлсэн. Хэсгийн төлөөлөгчид тэмдэглүүлсэн гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Эрдэнэ, Бат-Эрдэнэ нараар ойр хавийн айлуудын адуу малаар хайлгасан боловч сураг чимээ гараагүй. Тэгээд би өөрөө 2018 оны 7 дугаар сарын эхээр наадмын өмнө ажлаасаа чөлөө аваад Баянчандмань суманд ирээд мотоциклтой хоёр өдөр хайсан боловч олдоогүй. Сүүлд Мөнх-Эрдэнэ надад үнэнээ хэлж миний адууны хохирол төлбөрийг бүрэн төлж, надаас уучлалт гуйгаад байхаар нь хамаатан садан юм байна хохирлоо төлчихсөн юм чинь гээд наймаа хийсэн гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх 49/ -ээр үгүйсгэгдсэн гэж үзэв.
Аймгийн Прокурорын байгууллагын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг хоёр удаагийн санаатай үйлдлээр бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч нараас ирүүлсэн тодорхойлолт, мөн хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирлоо бүрэн барагдуулж авсан, шүүх хуралдаанд суухгүй гэсэн хариу тайлбараар тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Бат-Эрдэнэ шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, бусдад учруулсан хохирлын нөхөн төлсөн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын "Миний үйлчлүүлэгч Б.Мөнх-Эрдэнэ нь гэрчээр болон яллагдагчаар өөрийн гэм буруугийн асуудлаа тогтвортой хүлээн зөвшөөрсөн, гэм буруудаа гэмшсэн нөхцөл байдал харагдаж байна. Гэхдээ нөхцөл байдлыг тайлбарлаж байгаа асуудал дээр шүүх бүрэлдэхүүн хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсантай холбоотойгоор гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тайлбарлах гэж оролдож байна. Өмнө нь ярьж хэлж байсан ойлголцож байсан гэдэг итгэл үнэмшилдээ автаад гэмт хэрэг үйлдсэн. Гэхдээ энэ авсан адуу мал надтай тохирсон хүмүүсийн адуу мал биш байсан учраас өнөөдөр хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээхдээ ийм агуулгаар хүлээсэн байна гэж ойлгогдохоор тайлбарлаж байгааг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авна уу." гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг иргэн Л.Жавхлантөгсийн нэг тооны адууг авахдаа нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас авсан байна гэж үзэх нөхцөл байдал хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлгээр түүнийг өөрийн гэм буруутай үйлдлээ бүгдийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул түүний өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан тэнсэж үүрэг хүлээлгэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзсэн тул дээрх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн 1934002140339 дугаартай хэргийг эрүүгийн 1934002130338 дугаартай хэрэгт нэгтгэсэн Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019.9.10-ны өдрийн 71 дугаартай тогтоол /хх 31/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон Баянжаргалын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан “Бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5.4-т зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 1934002130338 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ