| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0290/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/294 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/294
2019 10 16 2019/ШЦТ/294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,
Хохирогч Г.Сүхбаатар,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б Х Б-д холбогдох эрүүгийн 1934005220381 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б Х Б, 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 29 настай, эмэгтэй, яс үндэс буриад, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Багануур дүүргийн Насан туршийн боловсролын төвийн математик, мэдээлэл зүйн багш ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хот Багануур дүүрэг 4 дүгээр хороо 6-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 90030104 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Х.Б-гийн өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нөхөр Г.Сүхбаатарын хамт Улаанбаатар хот орохоор Багануур дүүргээс 8228 БРА улсын дугаартай Хондо инсайд /Honda insight/ маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд замдаа явж байгаад Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт ороод засмал зам дээр явж байсан ба 100 орчим км/цагийн хурдтай явж байсан. Тэгээд замын хотгор хэсгийг тойрч гарах гээд зүүн гар тал руугаа дарсан бөгөөд нэг мэдсэн замын баруун гар талд онхолдсон байсан. Тэгээд сэрээд хартал би машины хажууд гадаа хэвтэж байсан тэгээд Багануур дүүрэгт эмнэлэгт хэвтсэн юм. Бид хоёр өглөө 08 цагт гэрээсээ гараад осол 08:30 цагийн орчим гарсан байх гэж бодож байна. Эмнэлэгт 10 цагт хүргэгдэн очсон ба осол болсон газраа бага зэрэг удсан болов уу гэж бодож байна ямар ч байсан эхлээд Баяндэлгэр сумын цагдаа ирчихсэн байсан ба араас эмнэлэг ирсэн. Бид хоёр нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд хамт амьдраад жил гаран л болж байна. Одоогоор бол албан ёсоор гэр бүлийн баталгаа байхгүй байгаа. Би одоо 7 сартай жирэмсэн бөгөөд 5 сартай жирэмсэн байх үедээ аваарт орсон. Ашгүй хүүхэд маань хэвийн байгаа. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Зам тээврийн осол гэнэт л хүүе гэхийн завдалгүй л болчихдог аймаар зүйл байдаг юм байна." гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Сүхбаатарын өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 01-ний өглөө 8 цагийн үед Багануур дүүргээс Улаанбаатар хот руу хувийн ажлаар эхнэр Х.Б-гийн хамт Хонда инсайт /Hondo insight/ маркийн 8228 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй засмал замаар явж байгаад Төв аймгийн Баяндэлгэр сумын ойролцоо тээврийн хэрэгсэлтэйгээ замын хажуу руу онхолдсон. Тэгээд эхнэр бид хоёр машинаас гараад хэвтэж байх үед Баяндэлгэр сумын цагдаа, эмнэлэг ирж анхны тусламж үзүүлэн Багануур дүүрэг рүү явсан. Эхнэр Б автомашиныг барьж явсан бөгөөд чигээрээ явж байгаад зам дээрх замын хотгор хэсгийг тойруулах гэж байгаад замын хөвөө хэсэг рүү гараад жолоодлогогүй болсон. Ийм л зүйл болсон. Хонда инсайт /Hondо insight/ маркийн 8228 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай аав Ч.Ганбаатарын нэр дээр байдаг өмчлөгч нь байгаа юм. Тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явсныг хараагүй ээ. Эхнэр бид хоёр хоёулаа хамгаалах бүс зүүж явсан. Надад нурууны зөөлөн эдийн гэмтэл учирсан. Биеийн мөр, хөл хэсгээр зулгаралт үүссэн. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Иргэний нэхэмжлэгч Ч.Ганбаатарын өгсөн: 8228 БРА улсын дугаартай Хонда Инсайт /Honda insight/ маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг бичиг баримт дээр би хууль ёсны эзэмшигч нь юм. Би уг тээврийн хэрэгслийг 2017 онд худалдан аваад одоо хоёр жил болж байгаа бөгөөд би өөрийн хүү Г.Сүхбаатарт бэлэглэж байсан ба нэрээ шилжүүлж чадаагүй л өдийг хүрсэн. Би тухайн тээврийн хэрэгслийг анх 9 сая төгрөгөөр авч байсан бөгөөд аваад хоёр жил болсон огт юм хийгээгүй байгаа. Миний хувьд үнэлэх, үнэлүүлэх шаардлага байхгүй гэж бодож байна. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна гэх мэдүүлэг /хх 38/,
Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн №79 дугаартай дүгнэлт:
1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 8228 БРА улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. 2.Хонда Инсайт маркийн 8228 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болох үед ямар хурдтай явж байсныг тодорхойлох боломжгүй гэж үзэв. 3.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хонда Инсайт маркийн 82-28 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол болсон гэж үзэв. 4.Осол хэрэг болох үед замын нөхцөл байдал нь асфальтан, шулуун тэгш, суурингийн гаднах, зохицуулагддаггүй, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээтэй, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй зам байна. Иймд осол хэрэг болох үед замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв.” гэжээ /хх 26/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №459 дугаартай дүгнэлт:
“1.Г.Сүхбаатарын биед бүсэлхийн L1-р нугаламын хугарал, тархи доргилт, хуйханд шарх, зүүн мөр, бугалганд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх 22/,
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №458 дугаартай дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 08-09/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал /хх 10/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11, 14-19/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48/, шүүгдэгч Х.Б-гийн иргэний мэдээлэл, жолоочийн дэлгэрэнгүй мэдээлэл /хх 49-50/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өглөө Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг “Хэвтээ ухаа” гэх газар Хонда Инсайт /Honda insight/ маркийн 8228 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож улмаар тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Сүхбаатарын эрүүл мэндэд эрүүл мэндэд "бүсэлхийн L1-р нугаламын хугарал, тархи доргилт, хуйханд шарх, зүүн мөр бугалганд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт" бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Сүхбаатарын өгсөн мэдүүлэг, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн №79 дугаартай дүгнэлт /хх 26/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №459 дугаартай дүгнэлт /хх 22/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №458 дугаартай дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 08-09/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал /хх 10/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11, 14-19/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан." гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болохыг дурдав.
Хохирогч Г.Сүхбаатарын "Миний бие эхнэртэйгээ 7 дугаар сарын 01-ний өдөр хот руу ажлаар явж байгаад Төв аймгийн Баяндэлгэр сумын ойролцоо автомашинтайгаа замын налуу руу онхолдож унасан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өнгө үү. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд ирүүлсэн болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй.
Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан "Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн." эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Б, хохирогч Г.Сүхбаатар нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Х.Б-д 460 000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, дээрх торгуулын ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1934005220381 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б Х Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460 000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 460 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 153 300 /нэг зуун тавин гурван мянга гурван зуу/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 1934005220381 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ