Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2025/ХШТ/118

 

И.Я-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ц.Оч, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 61 дүгээр магадлалтай, И.Я-д холбогдох 2519000000181 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, И.Я

Шүүгдэгч И.Я нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт Toyota ..... загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч И.Я-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 944 дүгээр шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “... шүүгдэгч И.Я-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар оногдуулсан эрх хасах шийтгэлийг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөр байна. Учир нь, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж зааснаас үзэхэд Зөрчлийн тухай хуулиар оногдуулсан эрх хасах шийтгэлийг Эрүүгийн хуулиар оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялтай нэмж нэгтгэх, хугацааг тоолох хуулийн зохицуулалт байхгүй эрх хасах ялыг зөрчлийн шийтгэлийг эдэлж дууссан үеэс тоолох үндэслэлгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ба энэ талаар практикт нэгдмэл ойлголтод хүрээгүй байна гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх энэ талаар “... хууль зүйн үндэслэлтэй бөгөөд түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн...” гэж ерөнхийлөн дүгнэсэн нь хуулийн дээрх заалтыг хэрхэн ойлгох талаар эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Я-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай” гэсэн өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Ш.Сувд-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч И.Я нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ. Анхан шатны шүүх уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн боловч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг 2025 оны 944 дүгээр шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй. Учир нь, шүүгдэгч И.Я согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуулиар эрх хасаж, торгох шийтгэл хүлээсэн ба уг эрх хассан хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон буюу зөрчил давтагдсанаар гэмт хэргийн шинжтэй болж, хууль зүйн хариуцлага хүндэрч байгаа тул зөрчлөөр эрх хасагдсан шийтгэлийг давхардуулан гүйцэтгүүлэх үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулна гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 61 дүгээр магадлалд “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэсэн өөрчлөлт оруулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч И.Я-д холбогдох хэргийн талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын дагуу хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

2.Хэргийн хувьд шүүгдэгч И.Я нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 944 дүгээр шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, торгох шийтгэл хүлээсэн бөгөөд үүнээс 31 хоногийн дараа 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Архангай аймгийн чиглэлд Toyota …… загварын ...... улсын дугаартай автомашин жолоодож явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж Сайншанд сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт цагдаагийн байгууллагад саатуулагдсан талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт шийдэл, оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялын төрөл, хэмжээ нь хууль ёсны, үндэслэлтэй болжээ.   

3.Харин Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Я-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхдээ эрх хасах нэмэгдэл ялыг зөрчлийн шийтгэврээр хүлээлгэсэн эрх хасах шийтгэлийг биелүүлж дууссаны дараа эдлүүлэхээр тогтоож Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол … ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд хууль тогтоогчоос мөн зүйл, хэсгийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэдгийг согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж ойлгохоор тухайлан тайлбарлажээ.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд дээрх гэмт хэргийг үйлдсэн хүн өмнө нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3-т заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл хүлээсэн бөгөөд эрх нь хасагдсан хугацаанд тухайн төрлийн зөрчлийг давтан гаргасан бол гэмт хэрэгт тооцсон. Энэ тохиолдолд эхний үйлдэлд хүлээлгэсэн хариуцлага буюу зөрчлийн эрх хассан хуулийн хүчин төгөлдөр шийтгэврийн биелэлтийг хэрхэх, гэмт хэрэгт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагатай хамт, эсхүл тусад нь эдлүүлэх нь тодорхойгүй хууль зүйн асуудал үүссэн байна.

Эрүүгийн хариуцлага болон зөрчлийн шийтгэлийн аль аль нь нийтийн эрх зүйн хүрээнд хөндөгддөг боловч үндсэн зорилгоороо ялгаатайн гадна харилцан бие биеэ нөхөх шинжтэй. Тодруулбал, зөрчлийн хариуцлагын зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн тохиолдолд шийтгэл хүлээлгэх замаар нийтийн эрх ашигт эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэхэд чиглэдэг бол эрүүгийн хариуцлагын хувьд Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог тул эрүүгийн болон зөрчлийн хариуцлага нь үндсэн зорилгын хүрээнд хамт хэрэглэгдэхгүй.

Түүнчлэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, эдгээрийн шийдвэр гүйцэтгэх журмыг тусдаа бие даасан хуулиар зохицуулсан байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлийг хамтад нь биелүүлэхээр шийтгэх тогтоолоор заасан нь буруу болжээ.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийн хувьд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3-т заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл хүлээсэн хүн шүүхийн шийтгэвэр хүчин төгөлдөр болсны дараа, эрх хассан хугацаанд тухайн төрлийн зөрчлийг давтан гаргасан бол сүүлийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээх тул шийтгэврийн биелэлтийн талаар дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэл үүсэхгүй болно. Өөрөөр хэлбэл, эхний үйлдэлд хүлээлгэсэн зөрчлийн шийтгэврийн биелэлт нь давтан буюу хоёр дахь удаагийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамаарахгүй бөгөөд эдгээр хариуцлагууд нь тус тусдаа шийдвэр гүйцэтгэх журмын дагуу биелэгдэх ёстой.  

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно” гэж заасныг үндэслэн шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Я-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

ШҮҮГЧИД                                                   Б.АМАРБАЯСГАЛАН

Ц.ОЧ

М.ПҮРЭВСҮРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ