Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 568

 

                                                     

                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

 

             Б.Батнаранд холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Бямбадагва,

Ялтан Б.Батнарангийн өмгөөлөгч Ц.Дарьжав,  

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Л.Оюун, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Батнарангийн өмгөөлөгч Ц.Дарьжавын гаргасан давж заалдах гомдлоор Б.Батнаранд холбогдох эрүүгийн 201726020132 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Хантайшир овогт Батбаатарын Батнаран, 1992 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөг эцэг, эмэг эх нарын хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23-б-19 тоотод оршин суудаг,

          2012 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 cap хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

          2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан 2 жил 6 cap 14 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэн суллагдсан, /РД: УШ92032674/,   

Б.Батнаран нь урьд нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа 4 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад 5.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн урьд нь энэ хэрэгт болон бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа 6 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч бусдад 5.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Батнаранд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.3, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Хантайшир овогт Батбаатарын Батнаранг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, урьд нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэгт болон бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, давтан үйлдлээр, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулж , бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Батнаранг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Батнаранд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 12 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаас заримыг буюу 1 жилийг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ялаас заримыг буюу 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж түүний биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Б.Батнаранг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Б.Батнаранд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөнжил, фудволк тус бүр 1 ширхэг, хугархай мод 11 ширхэгийг тус тус устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар дэвтэр 1 ширхэг болон СД 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Б.Батнарангийн цагдан хоригдсон 145 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шууд болон шууд бус хохиролд нийт 12.449.180 төгрөгийн хохирол учирснаас 3.070.000 төгрөгийн хохирлыг хасч, үлдэх 9.379.180 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Батнарангаас гаргуулж хохирогч Д.Нарантуяад 780.000 төгрөг, хохирогч Х.Бат-Явууд 2.000.000 төгрөг, хохирогч Б.Энхмаад 1.800.000 төгрөг, хохирогч О.Цэцэнд 800.000 төгрөг, хохирогч Э.Билгүүнд 1.100.000 төгрөг хохирогч Э.Наранмэгзэрт 320.000 төгрөг, хохирогч Б.Энхжинд 400.000 төгрөг хохирогч Э.Янжинлхамд 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Энхээд 450.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Лхагвасүрэнд 92.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Гэндэнсүрэнд 55.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Даваадагвад 275.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Д.Тогмаагийн эмчилгээтэй холбогдох 306.680 төгрөгийг түүний хууль ёсны төлөөлөгч Д.Гэндэнсүрэнд тус тус олгож, насанд хүрээгүй хохирогч Д.Тогмаагийн цаашид гарах эмчилгээний болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн түүний хууль ёсны төлөөлөгч Д.Гэндэнсүрэн Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Батнарангийн өмгөөлөгч Ц.Дарьжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Батнарангийн үйлдсэн “...дээрэмдэх гэмт хэргийн улмаас бусдын биед хүнд гэмтэл учирсан” хэмээн дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт түүнийг гэм буруутайд тооцон 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар “Онц аюултай гэмт хэрэгтэн”-ээр тооцож, хорих ялыг онцгой дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдаж байна. Б.Батнаранд оногдуулсан хорих ялыг багасгаж, ял болон хорих ялын дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. Хэргийн зүйлчлэлд анхаарч өгнө үү. Учир нь насанд хүрээгүй Д.Тогмааг жижиг өрөөнд нь байхад нь ганбанз модоор толгой руу нь цохиод, том өрөөнөөс телевизорыг нь авсан. Тухайн телевизорыг авахын тулд Д.Тогмаагийн эсэргүүцлийг дарах үүднээс цохьсон гэж үзэхэд эргэлзээтэй юм болов уу гэж үзэж байна. Бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, бас Д.Тогмааг мэдээгүй байхад нь телевизорыг авсан гэдгээр хулгайлах гэмт хэргээр зүйлчилж болох байх. Шинэ Эрүүгийн хуульд онц аюултай гэмт хэрэгтэн гэдэг ойлголт байхгүй болсонтой холбоотойгоор онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон шүүхийн тогтоолыг шинэ Эрүүгийн хуульд нийцүүлж хүчингүй болгож өгнө үү. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг нь шинэ Эрүүгийн хуулиар Б.Батнарангийн үйлдэлтэй холбоотой тэр үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн, зохион байгуулалттай гэмт хэрэг гэсэн энэ 3 үндэслэл байгаа учраас эдгээрээс хөнгөрүүлж зүйлчлэх үндэслэл байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд дээрэмдэх гэмт хэрэг гэж байгаа. Энэ зүйл ангид хамгийн хүнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэж орсон. Энд хуульчилсан тайлбар хэлэхдээ иртэй үзүүртэй зэвсгийн зүйлээс гадна тусгайлж засаж тохируулсан зүйлийг тусгайлан бэлтгэсэн зүйл гэдэгт, зэвсгийн чанартай зүйл гэдэгт ойлгохоор заасан учраас Д.Тогмааг ганбанз модоор цохиж телевизор авсан үйлдлийг дээрмийн гэмт хэрэг гэж үзэж байгаа тохиолдолд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэж үзэх үндэслэл байхгүй байгаа учраас хөнгөрүүлж зүйлчлэх үндэслэл бий болж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг нь орон байранд нэвтэрч хулгайлсан гэдгээр явж байгаа учраас ялын хувьд шинэ Эрүүгийн хуулиар зүйлчлэх нь зүйтэй байх. Б.Батнарангийн хувийн байдлын тухайд 6-7 настай байхад нь эх нь орхиж явсан. Бага байхад нь эцэг нь нас барсан. Өнчин хүүхэд өвөө эмээгийнхээ асрамжид өссөн. Иймд Б.Батнарангийн үйлдлийг шинэ эрүүгийн хуульд нийцүүлэн хөнгөрүүлэн зүйлчилж, ялын хэмжээ болон хорих ялын дэглэмийг бууруулж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч Ц.Дарьжав хэргийн зүйлчлэлийн талаар маргаж байна. Б.Батнаран нь тухайн гэрт эд зүйл авах гэж орсон. 10 настай охин хаалгаа түгжээд гэртээ байхад телевизорыг нь засах гэсэн юм аа гээд хаалгыг тогшиж гэрт нь орсон. Охин Б.Батнаранг өрөөнүүдээр явахаар нь дагаж явтал охины толгой руу ганбанз модоор цохиж юманд хүлээд Б.Батнаран өөрөө тухайн гэрт чөлөөтэй явах нөхцлийг бүрдүүлсэн. Б.Батнарангийн эцсийн зорилго нь эд зүйл авах байсан тул охиныг дээрэмдсэн гэж үзсэн. Тэгэхээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглээд биед нь хүнд гэмтэл учруулаад эд зүйлийг нь дээрэмдсэн учраас зүйлчлэлийн хувьд маргаангүй. Шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар ялтанд ашигтай гэж үзвэл түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 10-20 жилийн хорих ялтай. Шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг нь 10-12 жилийн хорих ялтай. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг нь 5-10 жилийн хорих ялтай. Урьд нь залилан мэхлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн учраас гээд энэ зүйл ангиар ялласан. Энэ зүйл ангид давтан нь байхгүй болохоор Шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” гээд эрх зүйн байдал нь дээрдэнэ. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь давтан гэдгээр зүйлчилсэн. Дандаа найзуудтайгаа уулзаж байгаад “гар утсаа өгөөч, эсхүл нөүтбүүкийг чинь хэрэглээд өгье” гээд хамт хоол идэж байгаад эсхүл гэрт нь байж байгаад тухайн эд зүйлийг авч явсан. Энэ зүйлийн анги 2-5 жилийн хорих ялтай. Шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” гээд хорих ялын доод хэмжээ нь 2 жил байсан бол шинэ хуулиар 6 сар болж эрх зүйн байдал нь дээрдэж байгаа учраас хэрэглэх боломжтой. Тэгэхээр онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон. Шинэ Эрүүгийн хуульд онц аюултай гэмт хэрэгтэн гэж байхгүй учраас ялтанд ашигтай байдал гэж үзэж байна” гэв. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.  

1. Б.Батнаран нь урьд нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа 2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны 2-57 тоотод оршин суух Д.Нарантуяагийн гэрээс ВИВО загварын зөөврийн компьютер, мөнгөн кулонтай чулуун шигтгээтэй гинж, нүдний шил, хүүхдийн бэлэг, биет 35.000 төгрөг зэргийг хулгайлж нийт 780.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Компьютер ланд төвийн 2-25 тоот лангуунд үйл ажиллагаа явуулж байсан иргэн Х.Бат-Явуугийн лангуунаас Canon 7D загварын зургийн аппарадыг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Эль хаус зочид буудлын 304 тоот өрөөнд Б.Энхмаатай хамт үйлчлүүлж байгаад LG-G3 загварын гар утас болон банкны виза карт зэргийг нь хулгайлан авч улмаар виза картыг уншуулж данснаас нь 1.500.000 төгрөгийг авч нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Шинэ-Өргөө хорооллын 603 дугаар байрны 15 тоотод оршин суух М.Азбилэгийн гэрээс Samsung T-800 загварын таблетыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулж, 4 удаагийн давтан үйлдлээр, бусдын орон байр агуулах саванд нэвтэрч бусдад нийт 5.080.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч хохирогч Д.Нарантуяагийн “...2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр надтай өмнө нь танилцсан Батнаран гэх залуу манайд ирсэн. Тэгээд манайд хоёр хоноод 2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 14 цагийн үед гэрээс дүү бид хоёртой хамт гарсан. Тэгээд дүүгийн үсийг засуулаад буцаад орж ирэхэд гэрт байсан нөүтбүүк, миний гинж, нүдний шил, хүүхдийн бэлэг аваад явсан байсан. Мөн ёолкон дээр байсан бэлэн 35.000 төгрөг авсан байсан...” /хх-53-II/,

Хохирогч Х.Бат-Явуугийн “...Миний бие 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Компьютер ланд” төвийн 25 тоот лангуун дээрээ ажлаа хийж байх үед 10 цагийн орчим манай хажуу талын айлд 10 орчим нас хүртлээ амьдарч байсан Батнаран хүрч ирээд “манай эмээ надад нөүтбүүк авч өгнө гэсэн юм, би Орост сурч байгаа” гэж хэлээд үзээд байсан. Тэгээд “би танайхаас өөр газар мэдэхгүй болохоор танайхаас авна” гээд байснаа дээр бас миний нэг танил байгаа гээд орж гараад яваад байсан. Тэгэж байгаад “надад бас зургийн аппарад бас хэрэгтэй байгаа юм, та эмээд сайн хэлээд өгөөрэй” гээд “Canon 7D” гэсэн аппарадыг авч үзээд буцааж байранд нь тавиад дахин аваад энд тэнд барьж яваад зураг дараад үзээд үнийг нь хүртэл асуугаад яваад байсан. Тэгээд эмээгээ хүлээж байна гээд 14 цаг өнгөртөл байж байгаад би орж гарч байтал гадуур хувцас болон өөрийн барьж явсан гар утсаа цэнэглэж байгаад орхиод нөгөө зургийн аппарадаа аваад яваад өгсөн байхаар нь би эмээ нь хөгшин хүн байдгийг нь мэдэх болохоор үзүүлэх гээд явсан юм болов уу гээд нэлээд хүлээтэл ирэхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн юм. Миний бие Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 16 дугаар байрны 4 тоотод амьдардаг байхад манай хөрш айл буюу 3 тоотод эмээ, өвөө, ээж, аавынхаа хамт амьдарч байсан бөгөөд аавыг нь Батбаатар гэдэг. Сүүлд буюу 2002, 2003 оны үед нүүсэн санагдаж байна. Сүүлд манай лангуун дээр 2011, 2012 оны үед эмээ Дархижавынхаа хамт Батнаран ирж манайхаас СӨХ-ны компьютер гээд 4-5 ширхэг компьютер худалдаж авч байсан юм. Одоо бол хаана юу хийдгийг нь мэдэхгүй. Сүүлд нь сураг сонсоход цагдаагаас хайгаад яваад байдаг гэсэн. ...Гомдолтой байна...” /хх-129-II/,

Хохирогч Б.Энхмаагийн “...Би 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ганцаараа Улаанбаатар их сургуулийн тэнд байдаг “Нам-Янжу” нэртэй саунд амарч байгаад Батнаран гэдэг залуутай танилцсан юм. Тэр залуу бас ганцаараа явж байсан болохоор надтай танилцаад миний утасны дугаарыг авсан юм. Тэр өдрөөс 2 хоногийн дараа буюу 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 18 цаг өнгөрч байхад над руу залгаад “уулзаж кино үзье” гээд бид хоёр Баянбүрдийн тэнд уулзаад “Тэнгис” кино театрт кино үзчихээд хорооллын эцсийн “Говь” саун руу 22 цагийн үед орсон. Тэндээ байж байгаад шөнө 02 цагийн үед саунаас гарч ирээд хорооллын эцэст байдаг “Эль хаус” нэртэй зочид буудалд өрөө аваад хамт хонохоор орсон. Буудал руу орохдоо Батнарангийн мөнгө нь саунд хүрэхгүй дутаж байсан болохоор би буудлын мөнгийг ресепшн дээр нь картаа уншуулаад төлсөн юм. Буудлын мөнгө өрөөний мөнгөнөөс гадна ундаа усны мөнгө ороод 38.500 төгрөг би уншуулахдаа ресепшнд нь өөрийн картны нууц дугаараа хэлж өгсөн. Тэгэхэд Батнаран миний хажууд зогсож байсан. Тэгээд буудалд ороод бид хоёр хамт хоночихоод өглөө 11 цагийн үед намайг сэрэхэд Батнаран хажууд байж байсан. Би усанд орох гээд 00-ын өрөө рүү орсон чинь зэвтэй ус гоожоод байхаар нь би 00-ын өрөөнөөс гараад ирсэн чинь тэр залуу хувцсаа өмсчихсөн зогсож байсан. Би “чи хаачих гэж байгаа юм бэ” гэсэн чинь “чамд шампунь авч ирье” гэхээр нь “надад шампунь хэрэггүй, 00-ын ус зэвтэй гойжоод байна” гэсэн чинь тэр залуу орж ирээд крантны усыг гойжуулж үзсэнээ “ингээд л гараа угаачихгүй юу даа” гээд би гараа угаачихаад ойролцоогоор ванны өрөөнд 5 орчим минут болчихоод гараад ирсэн чинь тэр залуу гараад явчихсан байсан. Тэгэхээр нь гайхаад юмаа үзсэн чинь ширээн дээр байсан миний утас болон цүнхэн дотор байсан карт алга байсан. Би тэр доороо ресепшн дээр очсон чинь “тэр залуу чинь гараад гүйж байсан шүү дээ” гэж хэлсэн. Би орж хувцсаа өмсчихөөд цагдаа дуудчихаад Өргөөгийн урд талын “Хаан” банк руу очоод картаа хаалгуулах гэсэн чинь аль хэдийн дансанд байсан мөнгийг татаад авчихсан байсан. Тэр дансанд байсан мөнгө нь би цагаан сарын бэлтгэл аав ээждээ юм авч өгөх гэж байсан мөнгө байсан юм. “LG-3” загварын гар утас байсан. Тэр утсыг аваад cap л болж байсан. Картанд 1.560.000 төгрөг байсны 1.500.000 төгрөгийг 1 удаа 800.000 төгрөгөөр, 1 удаа 700.000 төгрөгөөр уншуулж авсан байгаа юм...” /хх-76-II/,

Хохирогч М.Азбилэгийн “...2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 12 цагт манай ахын найз Б.Батнаран нь манай гэрт ирсэн бөгөөд ирэхдээ “ахыг маань хайж явна, энд ирээгүй юу” гэж асууж орж ирсэн юм. Тэгээд ахыг маань хүлээх зуураа миний “Самсунг Т-800” загварын таблетыг үзэж сонирхон хэдэн төгрөг байдаг талаар судлаад сууж байсан. Би гал тогооны өрөөнд хүүхдийн хоол хийж байхад Б.Батнаран “гадаа эгч ирсэн байна, би гарчихаад ирье” гэж хэлээд 30 гаруй минут болсон ч орж ирээгүй. Би тухайн үед өөрийн таблетаа хайгаад олоогүй. Б.Батнаран нь манай ах М.Бат-Эрдэнийн найз гэдгээр нь мэднэ ...манай гэрт 2-3 удаа ахтай хамт ирж байсан юм. Түүний эмээ нь Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23-19 тоотод оршин суудаг талаар мэднэ, түүний нэрийг санахгүй байна, ямартай ч Б.Батнаранг өмнө нь шоронд сууж байсан, өршөөлийн хуулиар суллагдсан талаар хэлэхийг нь сонсож байсан ер нь бүтэхгүй хүн байсан. Тухайн өдөр манай гэрт ирсэн шалтгаан нь ахыг маань хайж ирсэн гэх боловч манай ахыг гэрт байхгүйг мэдсээр байж ирсэн, тэгээд хүлээж байя гэхээр нь би оруулахгүй байж чадаагүй бөгөөд миний таблетыг үзээд сонирхоод үнийг нь асуугаад, “faсebook” ороод үзэж сонирхоод 00-ын өрөө орохдоо хүртэл хэд хэдэн удаа авч ороод байсан авч гарсан нь гарцаагүй. Анхнаасаа манайхаас мөнгө болох зүйл авах гэж л ирсэн байх. Тухайн авч гарсан таблетыг буцаагаад аваад ирэх юм байх гээд нэлээд удаан харсан боловч ирэхгүй байхаар нь би цагдаад өргөдөл өгч хандсан юм. Тухайн таблетыг 2016 оны 9 дүгээр сард Австрали улсаас хүнээр дамжуулан 650.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо зах зээлийн ханш нь 1.000.000 төгрөг байгаа, би авсан үнээр буюу 650.000 төгрөгөөр үнэлэх болно...” /хх-242-I/,

“...надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй угаасаа надад хохирол мөнгө барагдуулж чадахгүйгээс хойш би ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэл гаргахгүй...” /хх-244-I/,                              

Б.Батнарангийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “...Нарантуяатай би найз Есүйгээр дамжуулж танилцаж байсан найз юм. Би 2015 оны 12 сарын сүүлээр Нарантуяагийн гэр болох Сүлжмэлийн урд талд байрлах ногоон өнгийн байранд очиж Нарантуяатай хамт 2-3 хонож байсан. Энэ хугацаанд бид хоёр хамт гадуур явж байсан ба 2-3 хоногийн дараа дүү гэх нэрийг нь санахгүй эрэгтэй хүүхэд ирээд тэрэнтэй хамт гурвуулаа хамт байсан юм. Хэрэг үйлддэг өдөр Нарантуяа, түүний дүүгийн хамтаар гэрээс 12 цаг өнгөрч байхад гараад Нарантуяа ажил руугаа явна гээд дүүтэйгээ явсан. Би ганцаараа хороолол руу автобусанд суугаад явсан. Намайг автобусанд суугаад явахыг Нарантуяа өөрөө хүртэл харсан байгаа. Тэр өдрөөс хойш Нарантуяатай ахиж уулзаагүй ...Тэгээд би Нарантуяатай хамт гэрээс нь гарч яваад эргэж гэрт нь ороод зөөврийн компьютер, гинж, нүдний шил, ёлкан дээр нь байсан бэлэн 35.000 төгрөгийг авсан. Зөөврийн компьютерын тухайн үед ломбарданд тавьсан. Хаана ямар нэртэй ломбарданд, хэдэн төгрөгөөр тавьснаа санахгүй байна. Гинж, нүдний шилийг хаячихсан, хаана хаяснаа санахгүй байна. 35.000 төгрөгийг нь өөртөө хэрэглээд дуусгачихсан...” /хх-79-80-II/,

“...2016 оны 1 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Компьютер ланд” худалдааны төв дээр очсон чинь зүс таних Бат-Явуу сууж байсан. Тухайн үед Бат-Явуутай мэндлээд суу цай уух гээд ажил дээрээсээ гарсан. Тэгэхээр нь би лангуун байсан “Canon 7D” загварын зургийн аппарадыг нь авч сонирхож үзэж зогсож байгаад шууд аваад гараад явчихсан юм. Би “Компьютер ланд” худалдааны төв рүү Х.Бат-Явуутай уулзах санаа зорилготой ороогүй, миний танил Халиунаа гэдэг эмэгтэй тухайн худалдааны төвд ажилладаг тэрэнтэй уулзах санаа зорилготой орсон юм. Би дээрх “Canon 7D” загварын аппаратыг авч гараад баруун дөрвөн замд байрлах “Голомт” банкны хажууд явж байсан танихгүй хүнд 950.000 төгрөгөөр зарчихсан. Мөнгийг нь ойр зуур мөн өөртөө хэрэглээд дууссан...” /хх-180-II/,

“...2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эль Хаус” зочид буудлын 304 тоот өрөөнд хамт байсан Б.Энхмаагийн “LG-G3” загварын гар утас, виза карт зэргийг хулгайлан авч виза картнаас 1.500.000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ тухайн үед юу болсныг одоо сайн санахгүй байна. ...Энхмаагаас авсан “LG-G3” загварын гар утсыг тухайн үедээ зарчихсан. Яаж, хэдэн төгрөгөөр зарсан талаараа санахгүй байна. Виза картнаас 1.500.000 төгрөгийг авахдаа зочид буудалд орох тооцоо хийхэд нь кодыг хараад 2 удаагийн үйлдлээр 800.000 төгрөг, 700.000 төгрөгийг АТМ-ээс авсан. Харин аль хаанахын АТМ-ээс авснаа санахгүй байна. Уг авсан 1.500.000 төгрөгөөр ууж, идээд дуусгачихсан...” /хх-80-II/,

“...2016 оны 12 дугаар сард урьд хамт хоригдож байсан М.Бат-Эрдэнэтэй таарсан бөгөөд түүний Яармагт байрлах гэрт нь хамт 5-7 хоног байсан. Тэнд байх хугацаанд түүний дүү Азбилэгийн гэр болох “Вива сити” хороололд байрлах гэрт нь 3 удаа ирж байсан. Ихэвчлэн хүүхдийг нь харах гэж ирсэн. 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би М.Бат-Эрдэнэ байхгүй байхаар нь түүнийг хайж очиход байхгүй байсан тэгэхээр нь ирэхийг нь хүлээгээд сууж байхдаа М.Бат-Эрдэнийн дүү М.Азбилэгийн табаар нь интернэт орж байгаад түүнд явлаа гэж хэлээд гарахдаа тухайн алтлаг шаргал өнгөтэй табыг аваад гарсан юм. Тухайн табыг ломбарданд зарах гэж яваад унагааж дэлгэцийг нь хагалаад ашиглах ямар ч боломжгүй болгоод хаясан юм...” /хх-248-249-I/ гэх мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ 745.000 төгрөг, бэлэн 35.000 төгрөг /хх-50-II/, эд зүйлийн үнэлгээ 2.000.000 төгрөг /хх-126-II/, “LG-G3” загварын гар утас, үнэлгээгээр 300.000 төгрөг, бэлэн 1.500.000 төгрөг /хх-72-II/, эд зүйлийн үнэлгээ 500.000 төгрөг /хх-235-I/ зэрэг баримтуудаар,

 

2. Б.Батнаран урьд нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэгт болон бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа 2016 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галериа” нэртэй пабад О.Цэцэнгийн “Iphone-6” загварын гар утсыг ярьчихаад өгье гэж залилан мэхэлж авч 800.000 төгрөгийн,

2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Атимусын 48 дугаар байранд байх “Тяньши” ХХК-ийн ажлын байрнаас Э.Ган-Очирын “Dell” загварын “notebook” болон “LG” загварын гар утсыг залилан мэхлэн авч 1.920.000 төгрөгийн,

2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн 4 дүгээр давхарт Э.Билгүүний “Iphone-6” загварын гар утсыг “ярьчихаад өгье” гэж залилан мэхэлж авч 1.100.000 төгрөгийн,

2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ажиллагаа явуулдаг “Piano Lounge” нэртэй ресторанд Э.Наранмэгзэрийн “Galaxy S-5” загварын гар утсыг “ярьчихаад өгье” гэж залилан мэхэлж авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Шөмбөк” нэртэй пабад Б.Энхжингийн “Iphone-6” загварын гар утсыг “ярьчихаад өгье” гэж залилан мэхэлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Атласын 19-74 тоотод оршин суудаг Э.Янжинлхамын “Galaxy note-5” загварын rap утсыг “зураг дараад өгье” гэж хуурч мэхлэх аргаар залилан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулж нийт 6 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч бусдад 5.540.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч О.Цэцэнгийн “...миний бие 2016 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Теди” төвийн 1 дүгээр давхарт байх ажлын байрандаа ажлаа хийж байх үед 15 цагийн орчим 2002-2007 оны хооронд хамт 50 дугаар дунд сургуульд суралцаж байсан манай ангийн Б.Батнаран нь надтай ирж уулзаад “сим сэргээлгээд явж байна” гээд уулзсан юм. Тэгээд намайг “ажил чинь хэзээ тарах вэ, гадуур гарч нэг газар сууж юм яръя” гэхээр нь би “ажил тараад болъё” гэхэд Б.Батнаран “би явж байгаад ирье” гэсэн юм. Батнаран 17 цаг өнгөрөөгөөд ажил тарах үед хүрч ирээд, намайг хүлээж байгаад бид хоёр хамтдаа гараад урагшаа явж Улсын Их дэлгүүрийн хойд талд байх “Галериа” гэдэг пабад ороод хоол идээд, ганц хоёр пиво уугаад юм ярилцаад сууж байтал “утсаа өгч бай” гээд миний утсаар хүнтэй яриад байх шиг байсан. Тэр үед нь би 00 орчихоод эргээд гараад ирэхэд Батнаран хувцсаа өмсөөд миний утсыг аваад гараад явчихсан байсан. Би жаахан хүлээхэд эргэж орж ирээгүй. Тэгэхээр нь миний утсыг аваад явсныг мэдээд цагдаад хандаж өргөдөл гаргасан юм. Батнаран надад ярихдаа “одоогоор ажилгүй байгаа, ер нь Орост сурч байгаад саяхан Монголд ирсэн” гэсэн. ...Миний утас “Iphone-6” загварын хар өнгийн корпустай 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1.595.000 төгрөгөөр Мобикомоос худалдан авч байсан гар утас байгаа юм. Утасны имей код нь 355901062111356. Одоо 800.000 төгрөгөөр үнэлж байна...” /хх-115-II/,

 

Хохирогч Э.Ган-Очирын “...2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр барилгын коллежид хамт сурч байсан Батбаатарын Батнаран залгаад юу байна уулзах уу, хаана байна гэхээр нь ажил дээрээ байна гээд ажлын газраа зааж өгсөн. Тэгтэл манай ажил дээр 19 цагийн үед ирээд хэсэг юм ярьж байгаад гэрлүүгээ харилаа гээд явсан. Тэгтэл Батнаран найз нь юм цуглуулах ёстой гээд “Бөмбөгөр” худалдааны төв дээр үлдсэн. Тэгтэл орой 21 цагийн залгаад чи хаана байна гэхээр нь найз нь гэртээ байна гэтэл манайд хүрээд ирсэн. Манайд ирэхдээ сая “Бөмбөгөр” дээр юм авах гээд явж байхдаа бүх юмаа суйлуулчихлаа, хонох газар байхгүй гэхээр нь манайд хоночих гээд гэртээ хонуулсан. Тэгээд маргааш өдөр нь “Тяньши” ХХК-ийн төв оффис дээр Батнаранг дагуулж ирээд мэдээлэлд суулгахад энэ ажилд чинь оръё гээд хамтдаа бизнес төлөвлөгөө гаргахаар болж дахиад манай гэрт ажил төрөл ярьж хоносон. Тэгээд маргааш өдөр иь 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Батнаран ажил дээр ирээд юм ярьж байгаад би гадуур гарч ажил хөөцөлдөхөөр болоод хамт гарсан. Тэгтэл Батнаран замдаа найз нь өлсөөд байна өглөө танайхаас гарахдаа олигтой юм идэж чадаагүй гэхээр нь бид хоёр “Тэнгис” кино театрын ар талын цайны газар ороод хоол захиалаад сууж байтал Батнаран хоол гарч ирэх үед “надаа утсаа өгч бай ярьчихаад өгье” гэж хэлээд миний утсыг авч утсаар ярьж байгаад мөнгө авах юм болоод байсан. Тэгээд ярьж дууссаныхаа дараа “хүнээс мөнгө авах болчихлоо надад мөнгө өгөх хүн арын зам дээр явж байна гэнэ, би гараад мөнгө аваад ирье” гээд явсан. Ингээд би цайны газар Батнаранг нэг цаг шахам хүлээгээд ирэхгүй болохоор нь өөрийнхөө болон Батнарангийн дугаар руу залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь цайны газрын зөөгчийн гар утсыг гуйж аваад хамт ажилладаг Аянга руу залгахад “чи хаана байгаа юм бэ” гэхээр нь “хоолны газар Батнарантай хамт хоолонд орсон чинь алга болчихлоо, мөнгө байвал мобайлаар шилжүүлчих” гэхэд өөдөөс “чи чинь намайг бас хоолонд оръё гэж хэлсэн юм биш үү” гээд “notebook авсан юм бол хэлэхгүй яасан юм бэ” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ тийм зүйл огт болоогүй” гээд Аянгыг “над руу мөнгө шилжүүлчих” гэж хэлээд мөнгө аваад цайны газрын тооцоог хийчихээд оффис явж очиход Батнаран намайг хоолны газар үлдээчихээд манай ажил дээр очиж Аянгатай уулзаж “Ган-Очир чамайг хоолны газар хүлээж байна” гэж хэлээд Аянгыг дагуулж гараад бас нэг газар оруулаад хүлээлгэчихээд буцаж манай оффис дээр очиж оффис менежер Буянцэцэгт “Ган-Очир орж ирээгүй юу, Аянга доор хүлээгээд байна” гэж хэлээд Буянцэцэгийн сандал дээр байсан нөүтбүүкийг “Аянга нөүтбүүк аваад ир гэж байна” гэж хэлээд аваад гарсан байдаг...” /хх-173-II/,

Иргэний нэхэмжлэгч Г.Энхээгийн “...Би 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн “Мөнх Зэндмэнэ-Ундарга” ломбарданд ажиллаж байгаа. 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ажил дээрээ байхад үл таних /РД:УШ92022674/ Батбаатарын Батнаран “Делл”   загварын Ай-7  үзүүлэлттэй, нөүтбүүкийг 450.000 төгрөгийн барьцаанд 10 хоногийн хугацаатай тавьсан байсныг 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагаас цагдаа нар ирж нөүтбүүк хурааж авч явсан, 450.000 төгрөг нэхэмжилж байна...” /хх-176-II/,

 

Гэрч Э.Аянгын “...2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хамт ажилладаг Ган-Очир нь найз Батнарантай хамт ажил дээр байж байгаад 14 цагийн үед гадагшаа гарахдаа Ган-Очир “нөүтбүүкээ өгчих, юм хэвлүүлчихээд аваад ирье” гэхээр нь ажлын нөүтбүүк болохоор болохгүй, та хоёрт өөр нөүтбүүк өгч явуулъя” гэрээсээ нөүтбүүк аваад Ган-Очирт өгч явуулсан. Тэгээд ажил дээрээ ажлаа хийгээд сууж байтал 15 цагийн үед Ган-Очирын найз Батнаран орж ирээд “xoйд талын “Цэ” пабад Ган-Очир хоол захиалчихаад сууж байна, чамайг ирээд xoол идчих гэж байна” гэхээр нь Батнарантай хамт гараад Залуучууд зочид буудлын хажуу талын “Цэ” паб руу орсон. “Цэ” пабад ороход Ган-Очир байхгүй болохоор нь Батнарангаас “Ган-Очир хаана байгаа юм бэ” гэхэд “цаадах чинь ойрхон гарсан байх, тамхинд явсан юм болов уу” гэж хэлсэн. Тэгтэл Батнаран үйлчлэгчид хандаж гурван хоол захиалж байх хооронд Ган-Очирын дугаар руу өөрийнхөө дугаараас залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд Батнарантай хамт хоол захиалчихаад байж байтал Батнаран “би цаадахыг чинь олоод ирье” гэж хэлээд гарсан. Батнаранг гараад удаагүй байтал Ган-Очирын дугаараас Батнаран залгаад “Ган-Очир бид хоёр гадаа байна, одоо орлоо” гэхээр нь одоо ороод ирэх юм байхдаа гэж бодоод хүлээгээд сууж байсан. Тэгтэл хоол гарч ирээд нөгөө хоёрыг орж ирэхгүй болохоор нь гайхаад гадаа гартал Батнаран, Ган-Очир байхгүй байсан. Тэгэхээр нь Ган-Очирын гар утас руу нь залгахад холбогдох боломжгүй гэсэн хариуг өгөхөөр нь гайхаад пабаас гарах гэтэл “хоолны тооцоогоо хий” гэж хэлсэн. Мөнгө байхгүй байсан учраас гар утсаа барьцаанд үлдээгээд ажил дээрээ очиход оффис менежер Буянцэцэгийн сандал дээр үлдээсэн нөүтбүүк байхгүй болохоор нь эхэндээ тоогоогүй. Тэгээд ажил дээрээс мөнгө авчихаад “Цэ” паб дээр очиж хоолны тооцоог хийгээд ажил дээрээ ирээд Буянцэцэг эгчээс “энд байсан нөүтбүүк яасан бэ” гэхэд та хоёртой хамт явж байсан залуу “Аянга аваад ир гэж хэлсэн. Аянга бид хоёр доор цайны газар Ган-Очирыг хүлээж байгаа юм, Аянга нөүтбүүк аваад ир гэсэн юм гэж хэлээд аваад гарсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь Ган-Очир луу залгахад гap утас нь холбогдох боломжгүй болохоор нь гайхаад хүлээгээд сууж байтал Ган-Очир танихгүй дугаараас залгаад “хаана байгаа юм бэ” гэхээр нь би “чи өөрөө хаана байгаа юм бэ, Батнаран ажил дээр ирээд чамайг хоолонд оръё гэж дуудсан гээд намайг “Цэ” паб руу дагуулж явсан, тэгээд та хоёр алга болчихсон шүү дээ, дээрээс нь нөүтбүүк авч явсан бол хэлэхгүй яасан юм бэ” гэхэд Ган-Очир “чи юу яриад байгаа юм бэ, би “Тэнгис” кино театрын ард талд цайны газар Батнаранг хүлээгээд сууж байна” гэхээр нь “тэгвэл Батнаран нөүтбүүк аваад явчихсан байна” гэтэл “одоо удахгүй очлоо” гээд Ган-Очир ажил дээр ирсэн. Ингээд бид хоёр болсон үйл явдлыг яриад Батнаранд нөүтбүүкээ залилан мэхлүүлсэн болохоо мэдсэн...” /хх-177-II/,

 

Хохирогч Э.Билгүүний “...2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр манай төрийн бус байгууллагад өөрийгөө Батнаран гэж танилцуулах хүн орж ирээд би сая өршөөлөөр суллагдсан юм, хотод надад очих газар байхгүй. Би итгэгч болж байгаа. Сүмд явж байгаа гэж юм ярьж байсан. Тэгээд надтай танилцаж байгаадаа баяртай байна. Тусалж дэмжиж байгаад баярлалаа гэж ярьсан. Тэр өдөр оффис дээрээ бид цуг хоносон. Маргааш нь их дэлгүүрт цуг явж байгаад хувцасны өрөөнд орохдоо хувцсаа өлгүүрт өгөх гээд Батнаранд өгсөн, тэгээд гарч ирээд хувцсаа өмсөөд, зүүн талын дотор талын энгэрийн халаасанд хийсэн байсан гар утсаа үзтэл байхгүй байсан...” /хх-141-143-II/,

 

Хохирогч Э.Наранмэгзэрийн “...2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед эгч Насантогтохыг багын найз Ариунзаяагийн 50 дугаар сургуулийн хажуу талд байдаг байранд оруулж өгөх гээд явж байтал Ариунзаяа эгчийн гэрийн үүдэнд 10 жилийн нэг ангид сурч байсан Батнарантай таарсан. ...Тэгээд 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өглөө 09 цаг 30 минутын үед найз Зоригдаваа над руу залгаад “нэг ангид хамт сурч байсан Батнаран манай ажил дээр ирчихсэн байна, чи миний ажлыг зааж өгсөн юм уу” гэхээр нь “үгүй, чамайг “Метро молл” их дэлгүүрийн хажуу талд байдаг гэж хэлж өгсөн” гэхэд “Батнаран манай ажил дээр ирчихсэн уулзмаар байна гээд байна шүү дээ” гэж ярьсан. “Зоригдаваа Батнаранг ирчихсэн байна” гэж ярьснаас хойш дахиж хэд хэдэн удаа над руу залгаад “энэ чинь ямар нойтон хамуу шиг хүн бэ, ажил хийлгэхгүй байна, өөрийгөө ОХУ-д сурч байгаад ирсэн, удахгүй явна, намайг тоохгүй байна гээд байна шүү дээ, хоёулаа яаж ийж байгаад Батнарангаас аятайхан салъя” гээд намайг дуудсан. Б.Зоригдаваагийн ажил дээр орой 17 цаг 30 минутын үед очиход Батнаран “хэдүүлээ аятайхан газар орж суугаад юм яръя, ангийнхаа хүүхдүүдийг дуудъя” гэхээр нь Хүүхдийн 100 дугаар дэлгүүрт байрлалтай “Piano Lounge” гэдэг нэртэй ресторан ороод сууж байтал Батнаран “найз нь Орос улсад сурч байгаа удахгүй явлаа, хэдэн найзуудыгаа дуудъя” гээд миний утсаар Дөлгөөн гэх хамт сурч байсан охин руу залгаад байсан. Би тухайн үед нь нэг их юм тоолгүй гар утсаа өгч яриулж байсан. Батнаранг ярьж дууссаны дараа гар утсаа аваад далд хийтэл “найздаа дахиад утсаа өгч бай яриад өгье” гэж хэлээд авсан. Тэгээд Батнаран миний утсыг аваад “найз нь ариун цэврийн өрөө ороод ирье” гээд утсаар ярьж байгаа бололтой яваад өгсөн. Тэгтэл ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхгүй удаад байхаар нь утсаар ярьж байсан хүнээ тосох гэж гарсан юм байлгүй дээ, хувцас нь байгаа юм чинь гэж бодоод хүлээж байтал нэг цаг шахам хүлээгээд ирэхгүй болохоор нь “Зоригдаваа миний утас руу залга даа” гэхэд “гар утас чинь холбогдох боломжгүй байна” гэсэн. Тэгэхээр залгаад байсан Дөлгөөн гэх хүүхдийн гар утасны дугаар луу залгахад манай ангид сурч байсан Дөлгөөн байсан бөгөөд Батнаранг асуухад “Батнарантай уулзаагүй Батнаран бага ангийн багш Нарангаравын гэрт очиж хоноод бүх зүйлийг нь аваад явчихсан байна лээ. Сая дуудаад байхаар нь айгаад очоогүй юм” гэж хэлсэн. Дөлгөөнийг ингэж хэлэх үед нь гар утсаа залилан мэхлүүлсэн болохоо мэдсэн. Бага ангийн багш Нарангаравын гэрт цагаан сараар очиж золгохдоо “Батнаран ирээд хонох газаргүй байна гээд гэрт хоноод явахдаа манай гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, 3 хөөрөг зэрэг эд зүйл аваад явсан байна лээ гэж хэлсэн. ...миний гар утас “Samsung Galaxy S-5” загварын гap утас байсан. 380.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” /хх-24-II/,

Гэрч Г.Зоригдаваагийн “...2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн үед Б.Батнаран гэх дунд ангид хамт сурч байсан залуу залгаад “найз нь ажлын чинь үүдэнд байна ажил дээрээ хэзээ ирэх вэ” гэхээр нь “завгүй байна, ажлын цаг дуусчихсан, ажил дээрээ очихгүй” гэж хэлээд салгасан. Тэгтэл маргааш өдөр нь 12 цагийн үед залгаад “танай ажил дээр ирчихсэн байна, танайх хэдэн давхарт байдаг юм бэ” гээд байхаар нь “наанаа байж бай” гээд ажил руу ортол цахилгаан шатны үүдэн дээр Батнарантай таарсан. Тэгтэл Батнаран найз нь ОХУ-д сурч байгаад ирлээ, Монголд таних хүн алга, чамайг багын найз учраас сураг чинь гарахаар хүрээд ирлээ, хамт хоолонд оръё” гээд байсан. Тэгэхээр нь би “ажилтай байна” гээд ажил руугаа ортол “хамт оръё” гээд дагаж ороод ажил дээр ажил хийлгэхгүй хажууд харж зогсоод байсан. Тэгэж байгаад хамт хоолонд оръё гээд 14 цагийн үед хамт хоолонд ороод Наранмэгзэрийг дуудчих гээд яриад байсан. Тэгэж байгаад орой 17 цагийн үед Наранмэгзэртэй уулзаад бид гурав хамтдаа нэг газар орохоор болж “Цэ” паб орох уу гэхэд аятайхан газар орно гэж хэлээд бид хоёрыг дагуулж яваад Хүүхдийн 100 дугаар дэлгүүрт байрлалтай “Piano Lounge” гэдэг ресторанд орсон. Ресторанд ороод хоол унд захиалаад хүнтэй утсаар яриад байсан. Утсаар ярихдаа Наранмэгзэрийн утсыг авч яриад Дөлгөөн гэх ангийн охин руу залгаад байсан. Тэгэж байснаа Наранмэгзэрийг “утсаа өгч бай, ангийнхаа хүүхдүүдийг дуудъя” гэж аваад гараад явчихсан. Тэгэхээр нь бид хоёр гадуур хувцас нь байгаа юм чинь гайгүй байлгүй дээ гэж бодоод хүлээгээд сууж байтал орж ирэхгүй байсан. Тэгээд бид хоёр цаг шахам хүлээгээд ирэхгүй болохоор нь авч явсан Наранмэгзэрийн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд Батнаранг ресторан дотор хайж байгаад яриад байсан Дөлгөөн рүү залгаж “Батнарантай уулзсан уу” гэж асуухад “Батнаран гэдэг залуу чинь өдөржингөө над руу ярьсан, манай эмээ очсон байна лээ. Нарангарав багшийн гэрээс эд зүйлийг нь аваад явчихсан байна лээ дээрээс нь хэд хэдэн хүүхдийн утсыг залилж авсан” гэхээр нь “түрүүн хэлэхгүй яасан юм бэ” гэхэд “та нарыг хамсаатан нь юм болов уу гэж бодсон” гэсэн. “Батнаран чинь сая өршөөлийн хуулиар суллагдсан” гэж хэлэхээр нь гар утсаа залилан мэхлүүлснийг мэдсэн...” /хх-26-II/,

Хохирогч Б.Энхжингийн “...Би хувиараа Хан-Ууп дүүргийн 19 дүгээр хороололд байдаг “Шөмбөк” нэртэй пабад зөөгч хийдэг юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед намайг ажил дээр байж байтал зүс таних Батнаран гэдэг залуу ганцаараа орж ирээд зүгээр сууж байгаад удалгүй гараад явсан. Тэгсэн орой 16 цаг 30 минутын үед гаднаас ганцаараа орж ирээд нэг хоол идэж нэг шил пиво захиалж уучихаад над дээр ирээд “чи утсаараа нэг яриулаач, манай найз ирж байгаа гэсэн хаана явж байгааг нь асуух гэсэн юм, миний гар утас харин болохгүй байна” гэхээр нь би түүнд өөрийн гар утсаа өгтөл ярьж байгаа юм шиг болж байснаа гадагшаа гарч яваад эргэж орж ирээгүй. Ингээд тэрнийг уг нь ирэх болов уу гэж 1 цаг гаран хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд цагдаад дуудлага өгсөн Тэр залуу өмсөж явсан куртикээ тэр чигт нь үлдээгээд дан цамцтай гараад явсан байна лээ. Өмнө нь бас манайд ганц нэг удаа орж ирж үйлчлүүлж байсан болохоор нь би түүнд итгээд гар утсаа өгсөн. ...түүнийг Батнаран гэдэг юм байна лээ. Зургийг нь үзэхэд мөн байсан. “I phone” загварын гар утас байсан. 600.000 төгрөгөөр худалдан авч байсан. Дэлгэцэн дээрээ бага зэрэг цуурсан, том чихтэй гэртэй байсан...” /хх-212-I/,

Хохирогч Э.Янжинлхамын “...Би 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хичээлээ тараад гэртээ ирэхэд гэрт ээж, 2 дүү нар “нэг танихгүй залуу кабель янзлах гэж орж ирсэн” гэж ярьж байсан. Тэгээд байж байсан чинь ээж ажилдаа явлаа гээд гараад явахад нөгөө залуу бас ээжтэй хамт ээжийг дагаад гарсан. Тэгээд 30 гаран минутын дараа нөгөө залуу хаалга тогшиж орж ирээд “одоо ажлын хүмүүс 1 давхарт явж байна, удахгүй танайд орж ирнэ” гээд юм ярьж үүдэнд зогсож байгаад “намайг гар утсаа өгч байгаач, зураг дарж дарга руугаа явуулах гэсэн юм” гэж хэлж аваад надаар утасны код гаргуулж аваад коридор руу нилээн хэдэн удаа орж гараад яваад байсан. Тэгэхээр нь би хоол хийж  байсан болохоор нэг их анзаараагүй байж байсан чинь алга болчихсон байсан. Тэгээд утас руугаа залгасан чинь утас холбогдох боломжгүй болсон байхаар нь цагдаад хандсан. “Самсунг Галакси Нөте-5” загварын алтан шаргал өнгөтэй 4 сарын өмнө 1.300.000 төгрөгөөр авсан байсан, одоо тэр үнээрээ үнэлнэ. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан...” /хх-172-I/,

Б.Батнарангийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “...2016 оны 1 дүгээр сард О.Цэцэнтэй Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Теди” худалдааны төвийн гадаа тааралдсан юм. Ингээд бид 2 хальт тааралдчихаад уг өдрийнхөө орой нь уулзахаар болоод салсан юм. Дээрх өдрийн орой нь буюу 18 цагийн үед “Теди” худалдааны төв дээр Цэцэн бид хоёр уулзаад Улсын их дэлгүүрийн хажуу талд байрлах нэрийг нь мэдэхгүй байна. Нэг пабад орж пиво ууж суусан. Ингэж уулзахдаа би Цэцэнд өөрийгөө хэрэгт ороолцолдсон талаараа хэлэхэд намайг ойлгохгүй байр байдалтай суугаад байхаар нь ширээн дээр байсан Цэцэнгийн “I phone-6” загварын гар утсыг нь аваад шууд гараад явчихсан юм. Намайг түүний гар утсыг аваад гарах үед Цэцэн бие засах өрөө рүү орчихсон байсан юм. Дээрх утсыг нь би аваад “Монтел” гар утас худалдааны төв дээр очиж явуулын танихгүй хүнд 400.000 төгрөгөөр зарсан. Уг мөнгийг өөртөө ойр зуур хэрэглээд дууссан юм. Үүнээс хойш Цэцэнтэй уулзаагүй юм...” /хх-180-II/,

“...2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр найз Ган-Очирын хороололын “Модны 2”-т байрлах гэрт нь очиж уулзаад гэрт нь хамт хоносон юм. Маргааш нь буюу 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Ган-Очиртой хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ажил дээр нь очсон. Энэ өдөр өдрийн хоол идэхээр Ялалтын хажуу талын цайны газарт Ган-Очир бид хоёр орсон. Энэ үедээ би Ган-Очирт “би гараад хүнтэй уулзаад ирье, удахгүй байж байгаарай” гэж худлаа хэлээд түүний ажил дээр ганцаараа буцаж очоод ажлынх нь хүнд “Ган-Очир нөүтбүүк аваад ир гэж байна” гэж хэлээд нөүтбүүкийг нь аваад Сансарт байрлах ломбарданд 400.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөн өөртөө ойр зуур хэрэглээд дууссан юм...” /хх-180-II/,

“...2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” кино театрын “Амьд үг” гэдэг нэртэй есүсийн сүм дотор Билгүүн гэдэг залуутай танилцсан юм. Би яах гэж дээрх сүм рүү очсон юм гэхээр аавын найз Урт-Аялагч гэдэг ахтай уулзах гэж очсон юм. Энэ үед Урт-Аялагч байхгүй байсан тэгээд Билгүүнтэй танилцсан юм. Энэ өдрөө Билгүүний гэр болох Баянбүрдэд байрлах гэрт нь очиж хоносон юм. Үүний маргааш нь Билгүүн “Улсын Их дэлгүүр орж хувцас авч өмсье” гэж хэлэхээр нь хамт явсан. Улсын Их дэлгүүр дотор Билгүүн хувцас өмсөж үзээд хажуудаа өөрийнхөө “I phone-6” загварын гар утсаа тавьчихаар нь би гар утсыг нь шууд аваад гарчихсан юм. Ингээд тэр утсыг нь “Монтел” гар утас худалдааны төв дээр аваачиж танихгүй хүнд зарсан. Хэдэн төгөрөөр зарснаа санахгүй байна. Мөн өөртөө ойр зуур хэрэглээд дууссан юм...” /хх-180-II/,

“...2016 оны 1 дүгээр сарын үед манай 10 жилийн ангийн хүүхдүүд уулзаад сууж байгаад миний утасны цэнэг дууссан юм. Тэгэхээр нь би өөрийн найз Наранмэгзэрийн утасыг аваад найз Баяржаргал руу залгатал “яаралтай хүрээд ир” гэхээр нь би тэндээсээ шууд такси бариад явсан юм. Тэгээд Наранмэгзэрийн утасыг нь аваад явчихсан юм. Тэгээд би буцаж ирээд утасыг нь өгөх гэтэл байхгүй бид нарын сууж байсан газар нь хаасан байсан. Тэгээд утсаар ярих байлгүй гэтэл яриагүй. Тэгээд би удалгүй БНХАУ руу яваад тэнд хүмүүстэй муудалцаж маргалдаад 9 cap хоригдоод 2016 оны 11 дүгээр сард Монголд ирсэн...” /хх-29-II/,

“...Би 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10-11 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын “Шөмбөк” нэртэй пабад орж нэг аяга цай уучихаад гарсан. Тэгээд орой нь 16 цагийн орчим буцаж ороод 2 шил пиво авч уучихаад тооцоогоо хийчихээд зүс таних зөөгч охиноос “гар утсаа өгч байгаач би найз руугаа яриадахъя манай найз гадаа ирчихсэн юм шиг байна” гэж худлаа хэлээд тэр охины “I phone-6-gold” загварын rap утсыг нь аваад худлаа ярьж байгаа юм шиг болоод тэр пабаас гарч яваад тэр чигтээ 19 дүгээр хорооллоос таксинд суугаад “Монтел” худалдааны төв орж гадаа нь зогсож эрэгтэй ченжид 280.000 төгрөгөөр худалдсан. Тэр мөнгөө би үрээд дууссан. Ер нь би aнх зүгээр л орж пиво ууя гэж бодож байсан боловч сүүлдээ гар утас залилж авъя гэж бодсон. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би гар утас зарсан ченжээ одоо харвал танихгүй...” /хх-218-I/,

“...Би 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагт Атлас байрны 7 давхарт зүүн талын айлын хаалгыг тогшоод ортол 20-25 орчим насны хоёр бага насны хүүхдийн хамт байсан юм. Тэгэхээр нь “Скай медиа” ХХК-иас явж байна гэж ороод кабелийн утсыг нь янзалж байгаа дүр үзүүлээд гэр доторх эд зүйлийг нь ажиглаж хараад гарсан юм. Тэгээд буцаж ороод “утсаа өгөөч зураг дараад өгье” гэж хэлээд “Самсунг Нөте-5” загварын утсыг нь аваад зураг дарж байгаад гарсан. Тэгээд дээрх утсыг залилж авахаар шийдээд 18 цагийн үед ороод “утсаа өгч байгаад ажлынхаа газар руу зураг явуулах гэсэн юм” гэж хэлээд аваад тэр чигтээ гараад явсан юм. ...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Тэдигээс Улсын Их дэлгүүр явах замд “ОК” гэх ломбардны эсрэг талын ломбарданд 400.000 төгрөгөөр тавьсан юм. Тэр ломбарданд би өөрийнхөө бичиг баримтаар тавьсан юм. Тэгээд ломбардныхаа бичгийг хаячихсан юм...” /хх-190-I/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ 800.000 төгрөг /хх-102-II/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-164-II/, эд зүйлийн үнэлгээ 1.720.000 төгрөг /хх-169-170-II/, эд зүйлийн үнэлгээ 1.100.000 төгрөг /хх-140-II/, эд зүйлийн үнэлгээгээр 320.000 төгрөг /хх-22-II/, эд зүйлийн үнэлгээгээр 400.000 төгрөг /хх-207-I/, эд зүйлийн үнэлгээгээр 1.000.000 төгрөг /хх-169-I/ зэрэг баримтуудаар,

 

3. Б.Батнаран 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18 дугаар байрны өргөтгөлд байрлах Г.Лхагвасүрэнгийн “Борнуур” нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч Г.Дэлгэрмаа руу газ цацаж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 92.500 төгрөгийг дээрэмдсэн,

давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 70 дугаар байрны 134 тоотод нэвтрэн орж насанд хүрээгүй 10 настай Д.Тогмаагийн толгой руу модоор цохиж, утасны цэнэглэгч уяагаар гарыг нь хүлж, амьд биед нь аюултайгаар хүч хэрэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бие махбодид нь хүнд гэмтэл учруулж эд зүйлсийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Дэлгэрмаагийн “...2015 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үед Лхагвасүрэн эгч гадуур ажилтай гээд 12 цагийн үед гараад явсан. Намайг ганцаараа дэлгүүр дээрээ худалдагч хийгээд байж байхад гаднаас 13 цагийн үед хар малгайтай, синтфонон куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, хүрэн өнгийн өвлийн гуталтай, 170 см орчим өндөртэй, дунд зэргийн махлаг биетэй, 25-30 орчим насны, бордуу царайтай, өтгөн хөмсөгтэй, нүд нь давхраагүй, халимаг үстэй, дугуйдуу нүүртэй, зөөлөн дуу хоолойтой, удаандуу яриатай эрэгтэй хүн орж ирээд “8 кг төмс авъя” гээд уутанд хийлгээд лангуун дээр тавиулаад “мах авна” гээд 2 кг мах уутлуулаад, “мандарин авна” гээд уутлуулаад бас “чихэр авна” гээд уутанд хийлгээд мөнгөө өгөөгүй байхдаа утсаар нэг хүн рүү залгаад “жимс ногооны дэлгүүрт хүрээд ирээ, өөр юу юу авах вэ, би энд мах төмс ууталж тавьчихаад хүлээж байна, 40 дүгээр сургуулийн энд явж байгаа юм уу, за хурдал хурдал” гэж утсаа таслаад тэгээд хүлээж байхад нь би тооцоогоо бодчихоод байж байсан чинь нөгөө залуу дэлгүүрийн хаалгаар гараад хараад байх шиг байсан. Тэгээд утсаар яриад манай дэлгүүрийг цаад хүндээ зааж өгөөд байх шиг байсан. Тэгээд дэлгүүрт буцаж орж ирээд “одоо ирж байх шиг байна” гэж надад хэлээд бас “нэг чихэрнээс уутанд хийгээд өг” гэж хэлэхээр нь би тонгойгоод уутаа авах гэж байхад миний нүүр рүү хажуугаас газ нүд рүү цацахаар нь би шууд өндийсөн чинь ахиад нүд рүү чиглүүлээд газ цацахаар нь би нүдээ арчаад арагшаа ухарсан чинь тэр хооронд нөгөө залуу лангууны ард ил байсан хайрцагнаас бэлэн мөнгө бүгдийг нь атгаж аваад шууд хаалга руу гүйхээр нь би араас нь гүйгээд куртикнээс нь татаад би түрүүлээд гарах гэж оролдсон чинь намайг араас татаад газар унагаад тэр залуу “ахиад газдуулмаар байна уу” гэхээр нь би юм хэлээгүй хашгирсан чинь миний хөл рүү нэг удаа өшиглөчихөөд гүйгээд зугтаасан. Тэгээд би араас нь гараад үүдээр өнгөрч байсан хүмүүсээс “саяны хүн хаашаа гүйсэн бэ” гэж асуусан чинь “урагшаа явсан” гэж хэлсэн. ...Тэр залуу дэлгүүрээс 92.500 төгрөг аваад явсан байсан...” /хх-127-128-I/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Лхагвасүрэнгийн “...2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн үед Дэлгэрмаа бид хоёр хамт дэлгүүр дээр ирээд худалдаагаа хийж байсан чинь 12 цагийн үед би гадуур ажил хөөцөлдөх гээд гараад явсан. Гадуур явж байсан чинь хажуугийн дэлгүүрийн худалдагч Энхжаргал утсаар над руу яриад “хурдан ир охиныг чинь газдаад дэлгүүрийг чинь дээрэмдчихлээ” гэж хэлэхээр нь би буцаад дэлгүүр дээрээ ирсэн чинь Дэлгэрмаагийн нүд нь улайсан байдалтай цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Тэгээд Дэлгэрмаагаас юу болсон талаар асуусан чинь “нэг эрэгтэй хүн гаднаас орж ирээд их удаан эргэлдэж утсаар ярьж байгаад баахан юм уутанд хийлгээд гэнэт газ цацаж хайрцганд байсан бэлэн 92.500 төгрөгийг аваад явсан” гэж хэлсэн. ...92.500 төгрөгийг нэхэмжилнэ...” /хх-132-I/,

 

Гэрч Д.Чинзоригийн “...Батнаран нь “Хонгконг” зочид буудлын манай хамгаалалтын албаны хамгаалагчаас худлаа хэлээд цацдаг газ, цахилгаан бороохой аваад явсан гэсэн...” /хх-134-I/,

 

Насанд хүрээгүй  10 настай хохирогч Д.Тогмаагийн “...Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг 20 минутанд хичээлээсээ тараад 11 цаг 30 минут гээд ганцаараа гэртээ ирсэн. Гэртээ ирээд гэрийн даалгавраа хийж байсан чинь 1 цагийн орчим хүн хаалга тогшсон. Тэгэхээр нь би хаалган дээр очоод дурангаараа хараад “хэн бэ” гэсэн чинь “зурагт янзлах гэж байгаа хүн байна” гэсэн тэгэхээр нь би дурангаар харахад танихгүй хүн байхаар нь хаалгаа онгойлгоогүй. Тэгсэн чинь дахиад 2-3 минут орчим хаалга тогшоод л байсан тэгэхээр нь ахиад хэн бэ гэсэн чинь зурагтыг чинь янзлах гэсэн юм гээд байхаар нь би өөрөө хаалгаа онгойлгож өгсөн чинь нэг танихгүй ах орж ирээд том өрөөнд ороод зурагтны удирдлага бариад зурагт оролдож байгаад гарсан. Тэгээд ахиад удалгүй хаалга тогшсон тэгэхээр нь “хэн бэ” гэсэн чинь “саяны зурагт янзалдаг хүн байна, юмаа мартчихаж” гэсэн тэгэхээр нь хаалгаа онгойлгоод дотогшоо оруулсан чинь жижиг өрөө рүү ороод юм хайгаад байсан. Тэгэхээр нь би араас нь жижиг өрөөнд орсон чинь араас миний хоолойг боосон. Тэр үед нь би ухаан балартаад ухаан алдаад унаад жоохон сэргээд боссон чинь гал тогоонд хөргөгчин дээр байсан гамбанзны модоор шууд толгой руу цохисон. Тэгэхээр нь би унаад ахиад боссон чинь ямар овоо юм бэ гээд ахиад цохисон модоороо толгой руу цохисон. Тэгэхээр нь би шкафны хажууд очсон чинь намайг барьж аваад жижиг өрөөнд байсан ногоон өнгийн хөнжлөөр ороосон. Тэгэхдээ миний гар хөлийг гар утасны цэнэглэгч бас нэг уяагаар холбож уясан. Тэр ах нөгөө өрөөнүүдээр яваад байх шиг байсан тэгэж байгаад би ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь нөгөө ах гараад явчихсан байсан тэгэхээр нь би тэр уяатайгаа 2-3 цаг ноцолдож байгаад тайлаад босоод нөгөө өрөөндөө орсон чинь том өрөөнд байсан зурагт, ширээн дээр байсан гар утас, гэрийн түлхүүр байхгүй байсан. Тэгэхээр нь би гарах гэсэн чинь хаалга гаднаас нь цоожилсон байсан. Би тэгээд гадагшаагаа ямар нэгэн холбоо барих боломжгүй гэртээ байж байсан чинь ах Гэндэнсүрэн орой ажлаа тараад ирж цагдаад мэдэгдсэн. ...Ахыг орой ирэхээр нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд очиж толгойны зураг авахуулсан чинь тархи хавандсан, гавал ясны баруун хөмсөгний дээд талд цуурсан, хамарны баруун хэсгийн яс хугаралтай зэрэг гэмтлүүдтэй тул яаралтай хэвт гээд тус өдрөө хэвтэж эмчлүүлсэн. ...Би манай гэрт орж ирж намайг зодож, эд зүйлс дээрэмдсэн залууг харвал царайных нь төрх болон эрүүн дээрээ сахалтай байдлаар нь танина. ...Манай гэрээс зурагт, гар утас, гэрийн түлхүүр зэрэг эд зүйлсийг авч явсан. Үнэлгээг нь ах Гэндэнсүрэн мэднэ. ...Толгой хааяадаа эргэж өвдөх зовиуртай байгаа. ...Тус хэрэг болсноос хойш миний сэтгэл санаа маш их цочрон давчидсан, гэртээ ганцаараа байхаас болон тус гэрт байхаас айдастай байдаг болсон. Тэгээд ганцаараа сургуульдаа болон гэртээ явж чадахгүй болсон байнга ахынхаа aжил дээр өдрийг өнгөрөөдөг болсон. Би тус асуудлын талаар дахин дахин ярьж өөрийнхөө сэтгэл санааг дордуулмааргүй байна...” /хх-45-I/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Гэндэнсүрэнгийн “...20 цагийн үед охиноо цэцэрлэгээс нь авчихаад гэртээ орохдоо хаалгаа өөрийнхөө түлхүүрээр онгойлгох гэсэн чинь дотроосоо цоожилсон байхаар нь хаалгаа тогшсон чинь Тогмаа доторх цоожоо онгойлгоод би дотогшоо орсон чинь Тогмаа уйлаад “танихгүй хүн орж ирээд намайг зодож зурагт, гар утас зэрэг зүйлс дээрэмдээд явахдаа гаднаас цоожлоод явсан” гэж ярьсан. ...намайг гэрт орж ирэхэд баруун нүд нь хавдаж хөхөрсөн баруун шанаа, дух хэсэг нь зулгарагдсан зүүн гуяны дотор талд зулгарч урагдсан хүзүү нь улайсан ил харагдах гэмтэл харагдаж байсан. ...Манай гэрээс 2016 оны 3 дугаар сард 899.000 төгрөгөөр авч байсан хар өнгийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй “Самсунг” загварын 40 инчийн “Фулл Эйч Ди” ЛЕД зурагт одоо авч байсан үнээрээ үнэлнэ. Би дүүдээ 2016 оны 9 дүгээр сард 60.000 төгрөгөөр авч өгч байсан саарал хүрээтэй хар өнгийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Самсунг” загварын 2 симтэй гар утас одоо авч байсан үнээрээ үнэлнэ, цэнхэр өнгийн зуйвандуй хэлбэртэй арьсан оосортой 1 ширхэг бүргэд хаалганы түлхүүр хоёуланг нь хамтад нь 5.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Дээрх эд зүйлсийг би өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө худалдан авч байсан. ...алдагдсан эд зүйл болох дүү Тогмаагийн эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилж байна...” /хх-49-I/,

 

Иргэний нэхэмжлэгч Н.Даваадагвын “...Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн ажилуулдаг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 20 дугаар байрны өргөтгөлд байрлах “Ууган-Ананд” нэртэй ломбардандаа ажиллаж байсан чинь цагийг нь сайн санахгүй байна. Батбаатарын Батнаран нь /РД:УШ92032674/ “машинаа мөргөлдүүлчихлээ яаралтай мөнгө хэрэгтэй боллоо, зурагт барьцаалж мөнгө авах гэсэн юм” гэхээр нь барьцаанд тавих гэж байгаа зурагтыг нь үзэхэд “Самсунг” загварын 40 инчийн зурагт ажиллагаа хэвийн, удирдлага, хайрцагтайгаа байхаар нь 250.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай барьцаанд авсан. ...би Батнарангийн барьцаанд зурагт тавьж авсан 250.000 төгрөг болон хүүний мөнгө болох 25.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна...” /хх-52-I/,

 

Б.Батнарангийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 27-ны өглөө би Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18 дугаар байрны өргөтгөлд байсан “Борнуур” хүнсний дэлгүүрээс жимс авах гээд орсон бөгөөд тухайн үед эмэгтэй худалдагч байсан тэгэхээр нь би халааснаасаа нулимс асгаруулагч газ гаргаад худалдагчийн нүүр рүү цацчихаад орлогын мөнгийг нь аваад явсан. Дэлгүүр орж жимс авах гэж тавиур дээр мөнгө ил харагдсан тэгэхээр нь би шууд л мөнгийг авъя гэж бодоод худалдагч руу нь газ цацаж мөнгийг авсан. Урьдаас төлөвлөөгүй. Би тухайн үед “Мөнх тэнгэр ноёд” ХХК-д ажиллаж байсан ба компанийхаа хамгаалалтын албаны газыг нь авчихсан байсан...” /хх-150-I/,

“...Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найзуудтайгаа уулзахаар хорооллын байран дундуур явж байгаад нэг шинэ баригдсан байрны хойд тал буюу орцгүй талд дэлгүүрийн хаалга байхаар нь тус хаалгаар орж дэлгүүр дундуур дамжиж орц руу ороод лифтээр хамгийн дээд давхарт нь гараад айлуудын хаалгыг тогшоод явж байсан чинь нэг жоохон охин гэртээ ганцаараа байна том хүн байхгүй гэж хэлэхээр нь би хаалга тогшихдоо өөрийгөө кабелын засварчин байна гэж худал хэлж хаалгыг нь онгойлгуулж гэртээ ганцаараа байсан жоохон охины гэрт орсон. Тухайн үед би урьд өдөр нь жоохон виски уучихсан дотор нилээн муу явахад зүгээр мөртлөө дотор нэг л сонин байсан. Юу ч гэсэн миний санаж байгаагаар тэр жоохон охиныг жижиг өрөөнд нь гэрт нь байсан хавтгай гамбанз аваад толгой хэсэг рүү нь цохиж байсан. Тэгээд би тэр охиныг гэрт нь байсан нэг хөнжлөөр ороож орхиод том өрөөнд нь байсан суурьтай “Самсунг” загварын зурагт, гал тогооны ширээн дээр байсан “Самсунг” загварын гар утас зэргийг аваад гарахдаа дэлгүүрийн хаалгаар орж дэлгүүр дундуур дамжиж гадаа гараад замаас такси барьж зурагтыг нь “Бөмбөгөр” захын тэнд нэрийг нь санахгүй байна нэг ломбардад барьцаанд 250.000 төгрөгөөр өөрийнхөө бичиг баримтаар тавьсан. Харин гар утас нь би халаасалж явсан алга болсон байсан. Би зурагт барьцаанд тавьж олсон мөнгөөрөө ууж, идээд дуусгасан. ...Би шинжээч эмч Т.Амартүвшингийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр гаргасан 921 дугаар дүгнэлтийг уншиж танилцсан. Тус дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Тус дүгнэлтэнд тусгагдсан Д.Тогмаагийн биед учирсан гэмтлүүдийг би гар болон хавтгай модоор цохиж зодож учруулсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” /хх-85-I/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 921 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Д.Тогмаагийн биед дух ясны баруун тал, баруун нүдний ухархайн дээд, гадна ханын хугарал, дух зулай, нүд чамархайн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-64-I/ гэх дүгнэлт, эд зүйлийн үнэлгээгээр 905.000 төгрөг /хх-20-I/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-55-I/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-53-I/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-54-I/, СD бичлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12, 106-107, 165 166, 203-204-I, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-9, 163, 202-I/, насанд хүрээгүй хохирогч Д.Тогмаагийн өвчний түүхийн хуулбар /хх-35-41-I/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Прокурор болон анхан шатны шүүхээс Б.Батнарангийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуульд зааснаар зөв зүйлчилсэн байна.

           

            2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

         

            Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шүүгдэгч Б.Батнарангийн үйлдсэн “хулгайлах”, “дээрэмдэх”, “залилах” гэмт хэргийн тус бүрт оногдуулах хорих ялын хэмжээ нь хөнгөрөхөөр байгаа хэдий ч уг хуульд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хорих ялыг хүндэд нь хөнгөн ялыг багтаах заалт байхгүй ба хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж хооронд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохоор хуульчлагдсан тул шүүгдэгч Б.Батнарангийн эрх зүйн байдал дордохоор байна.

           

            Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасныг баримтлан Б.Батнаранд холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж хянан шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр байлгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

         

            Гэвч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлал, ялтны үйлдсэн гэмт хэргийн ял шийтгэл багассан зэрэгт нийцүүлэн 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй байна. Иймд Б.Батнаранд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг “100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 жилийн хорих ялаар” гэж хөнгөрүүлэн өөрчилж, түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ялуудыг тус тус багтааж, нийт 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж түүний биечлэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоохоор шийдвэрлэв.

           

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батнаранг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, хорих ял эдлүүлэх дэглэмийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар “нээлттэй эсхүл хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчлөн зохицуулсантай холбогдуулан ялтан Б.Батнаранд оногдуулсан хорих ялыг “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байна. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “Шүүгдэгч Б.Батнаранг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг  “Шүүгдэгч Б.Батнаранг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Батнаранд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 12 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаас заримыг буюу 1 жилийг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ялаас заримыг буюу 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 200000 төгрөгийн эд хөрөнгө хурааж түүний биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Батнаранд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ялуудыг тус тус багтааж, нийт 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж түүний биечлэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

- 5 дахь заалтын “Б.Батнаранд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батнаранд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. “Б.Батнаранг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.” гэсэн шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээн ялтан Б.Батнарангийн өмгөөлөгч Ц.Дарьжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

                                                                                              Д.МЯГМАРЖАВ