Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2020/0515

 

"М ч и э" ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 449 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ы гаргасан давж заалдах гомдлын дагуу  "М ч и э" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 449 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 46 дугаар зүйлийн 46.1, 48 дугаар зүйлийн 48.1, Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11, 14, 15 дугаар зүйлийн 15.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.10, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М ч и э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/14 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “ Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн A/425 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “М ч и э” ХХК-ийн эзэмшдэг хайгуулын тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар 56.1.5, Өмнөговь аймгийн Засаг даргын “Санал хүргүүлэх тухай” 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, Гурван тэс сумын Засаг даргын санал зэргийг үндэслэн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргасан байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д “... Төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална...” гэж заасан ба “... 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан...” бол Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай байна.

 Тухайн орон нутагтаа Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөрдүүлэх эрх бүхий байгууллага буюу нутгийн захиргааны байгууллагаас дээрх хуулийн дагуу саналаа ирүүлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хяналт, шалгалтын байгууллага биш бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “... Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ...” гэж заасан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-д “... Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” гэж заасан бөгөөд 16.2.4-д “... нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...” гэж, 16.2.10-д “... байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах...” гэж тус тус заасан.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-д “... Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” гэж заасан бөгөөд 17.2.4-т “... нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх...” гэж 17.2.8-д “... байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах...” гэж тус тус заасан.

Эдгээр зохицуулалтыг шүүгч судалж хараагүй, орон нутгийн удирдлага байгаль орчны талаар ямар эрх, үүрэгтэй нь тодорхой байгаа төдийгүй шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг эдлүүлээгүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Өмнөговь аймгийн Засаг дарга санал дүгнэлтээ ирүүлсэн. Гол нь нутгийн иргэдийг төлөөлж байгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж байгаа, төрийн нэрийн өмнөөс ажиллаж, байгаль орчны хууль тогтоомжийг биечлэн газар дээр нь хэрэгжүүлж байгаа субьектүүд албан ёсны байр сууриа илэрхийлж байхад яам дүгнэлт гаргахгүй байх хуулийн зохицуулалт байхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх “М ч и э” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/14 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг ханган” шийдвэрлэсэн байна.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа “Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгүүдийг” үндэслэн “М ч и э” ХХК-ийг MV-019137 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж дүгнэжээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичигт “... Шинээр уурхай нээгдэхтэй холбоотой аж ахуйн нэгж, иргэдийн дунд үл ойлголцох байдал үүсч зарим нэг зөрчил гарч байгаагийн дээр компани үйл ажиллагаа эхэлсэнээр Гурвантэс, Номгон сумдын нутаг дэвсгэрт байгаль орчны тулгамдсан асуудлууд үүсэх эрсдэлтэй байна. Тус аймгийн нутаг дэвсгэр дэх стратегийн 3 ордод явагдаж буй уул уурхайн үйл ажиллагаа нь энэ цаг үед хангалттай, өөр уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхгүй байх талаар аймгийн нийт иргэд санал бодлоо илэрхийлж байгаа бөгөөд энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газрын тэргүүнтэй аймгийн төр захиргааны байгууллага ч мөн адил байр суурьтай байна. Иймд үйл ажиллагаа эхлээгүй байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, ирээдүйд бодлого төлөвлөлттэйгөөр ашиглуулах шийдвэр гаргах хүсэлтийг хүргүүлж байна”, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 дугаар албан бичигт “... Нэг сумын нутаг дэвсгэрт 20-25 ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр нэгэн зэрэг уул уурхайн олборлолт явуулж байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж, бэлчээрийн хомсдол бий болж, нутгийн иргэдийг ихээр бухимдуулж байгаа учир цаашид шинээр уурхай нээх гэж буй болон хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, ирээдүйд ашиглалт болох магадлалтай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хуулийн хүрээнд судалж цуцлах шийдвэр гаргах саналыг хүргүүлж байна” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.5 “Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “Байгаль орчинд хортой нөлөөлөх” гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна”, 16 дугаар зүйлд “... аймгийн Засаг даргын бүрэн эрх”, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т “... тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх”, 17 дугаар зүйлд “... сумын Засаг даргын бүрэн эрх”, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т “... тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж заасан.

Дээрх хуулийн заалтаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа буюу тухайн орчин, баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тохиолдолд аймаг, сумын Засаг дарга эрх бүхий байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх бөгөөд уг саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргахаар хуульчилжээ.  

Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/302 тоот албан бичгүүдээс үзвэл тусгай зөвшөөрөл бүхий газарт дахин уул уурхайн олборлолт нэмэгдүүлэхгүй байх, энэ талаарх ард иргэдийн санал,  тусгай зөвшөөрөл эзэмшигч болон иргэдийн хоорондын үл ойлголцлын талаар эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдсэн байна.   

Түүнчлэн нэхэмжлэгч “М ч и э” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий талбай дээрээ үйл ажиллагаа явуулаагүй байгаа тухай шүүх хуралдаанд дээр тайлбарласан байдаг.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөл бүхий талбай дээрээ үйл ажиллагаа явуулан байгаль орчинд хэрхэн хортой нөлөөлсөн талаар шалгалгүйгээр зөвхөн аймаг, сумын Засаг даргын албан бичгийг үндэслэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болжээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчийг ямар зөрчил гаргасан, мөн бодит нөхцөл байдлыг шалган тогтоолгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... нутгийн иргэдийг төлөөлж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалж байгаа, хууль тогтоомжийг газар дээр нь хэрэгжүүлж байгаа субьектүүд албан ёсны байр сууриа илэрхийлж байхад яам дүгнэлт гаргахгүй байх хуулийн зохицуулалт байхгүй, нутгийн удирдлагын эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг шүүх эдлүүлээгүй” гэж тайлбарлаж байх боловч захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх зарчмыг хангасан байх ёстой.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.

Эндээс үзвэл маргаан бүхий захиргааны актын улмаас Өмнөговь аймгийн Засаг дарга, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ хэрэгт хамааралгүй хуулийн заалт баримтлан шийдвэрлэсэн байх тул өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 449 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М ч и э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2019/14 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                    

 

 

ШҮҮГЧ                                                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                             Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                             Ц.САЙХАНТУЯА