Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 261

 

Д.Амгаланд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Мөнхзаяа,

Шүүгдэгч Д.Амгалан,

Нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02А дугаар шийтгэх тогтоол,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар магадлалтай 201513010014 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1971 онд төрсөн, эмэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Суурь бодонгууд овогт Даваасамбуугийн Амгалан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Д.Амгаланг хуурч мэхлэн төөрөгдүүлэх аргаар залилан мэхлэж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 19.200.000 /арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийн нэг хоногийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлэн хасаж, нийт эдлэх торгох ялыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 11.520.000 төгрөгөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Амгалангаас 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Содбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Амгаланд оногдуулсан 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 11.520.000 /арван нэгэн сая таван зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялаас тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Монголчууд шашин шүтлэгтэй ард түмэн төдийгүй түүндээ зориулж, өргөл барьц, хандив буюу бэлэг өгдөг байсан уламжлалт зан заншилтай. Өөрөөр хэлбэл өргөл барьц өгсөн болон авсныг хууль зүйн хувьд буруутгах боломжгүй юм. Бөө мөргөлийн нэгдсэн холбоо удирдлага хэлбэрт ороогүй бөгөөд өөрийн өргөл барьцын хэмжээг тодорхойлж байгаа нь буддын болон христийн сүм хийдүүд тодорхой тарифтайгаар үйлчилж иргэдээс хандив авч буйтай адил ойлголт юм. Өргөл барьц буюу хандив нь хууль зүйн хувьд Иргэний хуулийн 23 дугаар бүлэгт ерөнхийд нь бэлэглэлийн гэрээ гэх хууль зүйн ухагдахуунаар журамлан зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл өргөл барьц буюу хандив нь хариу төлбөргүй, өөрийн дотоод итгэл үнэмшлийн үндсэн дээр хийгддэг үйлдэл юм. Д.Амгалан нь олон жил бөөгийн шашныг дэлгэрүүлэх хийгээд сүсэгтэн олонд шашны зан үйл хийж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой нотлогддог бөгөөд түүний шашны зан үйл хийснийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан хууран мэхлэх арга гэж үзэж болохгүй юм. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51-р тогтоолд дурдсанаар “Хуурч мэхлэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг, факс, дүрс болон дуу бичлэг, техник хэрэгсэл, компьютерийн мэдээлэл, сүлжээ ашиглах буюу тусгай албаны хувцас, хэрэгсэл, цол, тэмдэг, хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх... зэргээр илэрнэ” гэсэнд шашны зан үйл хамаарахгүй юм. Гэтэл дээрх үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хууран мэхлэх аргаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн явдал юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Хохирогч нь шүүгдэгч Д.Амгалангийн хэлж, ярьж байгаа зүйлд итгэн төөрөлдөж, 11.000.000 төгрөгийг залилан мэхлүүлж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт тохирсон ял шийтгэлийг шүүх оногдуулсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Д.Амгалан нь Б.Гансүхийн охин Г.Ичинхорлоог 2-3 хоногийн нас байна, 11.000.000 төгрөгөөр засал хийлгэхгүй бол үхнэ гэж хуурч мэхлэн төөрөгдүүлэх аргаар залилан мэхлэж иргэн Ш.Содбаяраас 11.000.000 төгрөгийг авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгө болон түүнийг эзэмших эрхээ сайн дураараа шилжүүлэн өгсөн байх нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд “Хуурч мэхлэх” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших ашиглах эрхийг хууль бусаар олж авах үйлдлийг багтаадаг ойлголт юм.

Д.Амгалан нь хохирогчийн өвчин зовлонг өөрийн шунахай зорилгодоо ашиглах үүднээс хувь хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшлийг далимдуулан, “засал хийлгэхгүй бол охин Г.Ичинхорлоог үхэх болно” хэмээн хохирогч болон түүний ар гэрийхэнд айдас төрүүлж, удаа дараа шаардан 11.000.000 төгрөг авсан үйл баримтыг бөөгийн зан үйлд зориулж сайн дураараа өгдөг өргөл барьц, бэлэг сэлттэй адилтган дүгнэх үндэслэлгүй юм.   

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдалд үндэслэл бүхий  дүгнэлт хийж, Д.Амгаланг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, мөн түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн “шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02А дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн хяналтын шатны шүүхэд хандаж гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН